Арав.мн

Спортын цуутай хараалууд

Спортын цуутай хараалууд

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д болж, дэлхий даяар сая сая үзэгчдийг байлдан дагуулж байна. 2014 оны Дэлхийн аварга, үе үеийн ДАШТ-д ялах хамгийн өндөр магадлалтай багуудын нэг Германы шигшээ баг хэсгээсээ ч шалгарч чадсангүй.

Энэ удаа 1934 оноос хойш дэлхийн аваргын тэмцээнүүдэд үргэлж хэсгээсээ гарч байсан төдийгүй дөрвөн алтан медаль, дөрвөн мөнгөн медаль, дөрвөн хүрэл медальт “Герман машинууд” өмнөх гурван аваргын азгүйтлийн буухиаг үргэлжлүүлсэн нь хөлбөмбөг сонирхогчдын гайхшралыг төрүүлээд байна.

Зарим хүмүүс 1998 оноос хойш Европын тивийн улс Дэлхийн аварга болох юм бол дараагийн тэмцээндээ шөвгийн 16-д гардаггүй гэсэн “хараал” бий болжээ гэх нь ч сонсогдох болов. Учир нь сүүлийн 5 ДАШТ-ий дөрөвт нь Европын улс ялсан боловч бүгд дараагийн ДАШТ-ий хэсгийн тоглолтоос гарч чадаагүй байна. Тодруулбал, 1998 онд дэлхийн аварга болсон Франц, 2006 оны аварга Итали, 2010 оны аварга Испани, 2014 оны аварга Герман улс дараагийн ДАШТ-д шөвгийн 16-д ч шалгарч чадаагүй гэсэн хачирхалтай баримт бий болоод байна.

Мухар сүсэгт итгэдэг хүмүүсийн хувьд энэ тайлбар үнэхээр байж болох магадлалтай зүйл. Харин бусдынх нь хувьд энэ зүгээр л “бөмбөг бөөрөнхий”-г харуулсан хачирхалтай тохиолдол. Тэгвэл ийм төрлийн “хараал” спортын ертөнцөд хэр олон байдаг бол?

Магадгүй та энэ жагсаалтад буй хачирхалтай явдлуудыг үзээд үнэхээр спортын хараал гэж байдагт итгэдэг болж магадгүй юм.


11

Хурандаагийн хараал

Японы мэргэжлийн бэйсболын лигийн доод багуудын нэг “Hanshin Tigers” 1985 оны Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, спорт сонирхогчдыг бүрэн цочирдуулсан юм. Багийн амжилтад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол АНУ-ын тоглогч Рэнди Басс байв.

Ямартай ч баяраа тэмдэглэж байсан фэнүүд гудамжаар жагсан Осакагийн гүүр даган алхаж байжээ. Эх сурвалжаас харахад хөгжөөн дэмжигчид багийн тоглогчидтой адилхан царайтай хүмүүсийг Дотонбори суваг руу үсрүүлж, усанд шумбуулан тоглож байсан байна. Гэтэл Рэнди Басстай адилхан хүн ерөөсөө олдсонгүй. Тэгэхээр нь хажууханд байсан KFC (Kentucky Fried Chicken)-гийн гадаа байсан Хурандаа Сандерсын хөшөөг зөөж ирээд, гүүрнээс шиджээ. KFC-гийн үүсгэн байгуулагч Сандерс цагаан арьстай, дээр нь Рэндитэй ижилхэн сахалтай байж л дээ.

Гэтэл энэ цагаас хойш Ханшин Тайгерс хожихоо болив. Тэдний азгүйтэл маш удаан үргэлжилж, энэ азгүйтлийг хүмүүс гүүрнээс Хурандаа Сандерсын хөшөөг шидсэнээс болсон ба түүнийг голоос гаргаж авахаас нааш хожихгүй юм байна гэж итгэж эхэлсэн байна.

2003 онд буюу 18 жилийн дараа уг баг Төв лигт эргэн ирэхэд хүмүүс Хурандаа Сандерсын хараал дуусч гэж бодож байлаа. Тэд маш сайн тоглож байсан тул Кобе болон Осака хотод үйл ажиллагаа явуулж байсан KFC түргэн хоолны газрууд гадаа байрлуулсан хурандаагийн хөшөөнүүдээ нуусан байдаг.

Хөшөөг 2009 оны 3 дугаар сарын 10-ны өдөр сувагт засвар хийж байсан барилгын ажилчид гарган авсан боловч нүдний шил,  зүүн гарыг нь олоогүй юм. Өдгөө уг хөшөөг Ёкохама дахь KFC-гийн төв байранд үзмэр болгон хадгалж байдаг ба зөвхөн ажилчид нь л орж харах боломжтой байдаг болжээ.

Ханшин Тайгерсын аз одоо хүртэл эргэн ирээгүй байгаа бөгөөд хөшөөг бүрэн бүтэн болгох хүртэл хараал дуусахгүй гэж хөгжөөн дэмжигчид үздэг билээ. 


10

Derby County-гийн хараал

Сэр Фрэнцис Лэйн бэйсболын талбайг 1895 онд Дерби Каунтигийн хөлбөмбөгийн клубын стадион болгох хүртэл энэ талбайд маш олон тэмцээн уралдаан зохион байгуулдаг байжээ. Өмнө нь бэйсбол, крикетийн тэмцээнүүд болж байсан энэ талбайг стадион болгох ажил эхлэх үед тухайн үед ойр хавьд нь амьдарч байсан Румыны цыгануудыг албадан нүүлгэсэн байна. Цыганууд үүнд маш их уурлаж, эсэргүүцэж байсан боловч хүчин мөхөсдөн нүүсэн билээ. Гэвч тэд Дэрби Каунтигийн хөлбөмбөгийн багийг хэзээ ч аварга болохгүй гэсэн хараал хийсэн юм. Үүнийг спорт клубынхэн шоолж, утгагүй хэрэг хэмээн хүлээн авсан боловч хэзээ ч ялагдахгүй мэт харагдаж байсан шилдэг залуу тоглогчдоос бүрдсэн уг баг нэг ч удаа хөлбөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээнд финалд шалгарч чадахгүй байлаа.

Хамгийн хүчтэй бүрэлдэхүүнээрээ хүртэл Дэрби Каунти 1898, 1899, 1903 онд финалын шатанд нийт гурвантаа шалгарсан ч мөн л аварга болж чадсангүй. Үүнээс хойш хараагдсан клуб бүтэн 40 жилийн турш финалд шалгараагүй билээ.

Харин 1946 онд тус клуб дахин нэг удаа финалын шатанд шалгарлаа. Энэ удаа клубын зүгээс хараалыг арилгах нь зөв юм байна гэж шийдсэн бололтой. Тэд анх хөлбөмбөгийн стадионы барилгын ажил хийж эхэлж байхад албадан нүүсэн цыганчуудын үр удмыг нь эрэн сурвалжилсаар хайж олоод өршөөл хүртэл хүссэн юм. “Бид Дэрби клубын хөгжөөн дэмжигчид. Бид хангалттай зовоогүй гэж үү?”

Тоглолтын үндсэн цаг дуусах үед Дэрбичүүд 1-1 харьцаатай тэнцээд байв. Найдвар байхгүй мэт энэ үед тоглогчдод ямар нэг гайхамшиг хэрэгтэй болжээ. Хараал арилсан гэдгийг харуулах ямар нэг бурхнаас өгсөн тэмдэг.

Гэнэт бөмбөг хагарах нь тэр!

Тоглогчдын хүсэн хүлээж байсан тэмдэг нь чухам энэ байв. Цыганчуудын уур хилэн арилж, хараал үгүй болжээ. Ингээд Дэрби Каунти нэмэлт цаг дуусах үед өрсөлдөгчөө 4-1 харьцаатай буулган авснаар анх удаагаа аварга болсон нь энэ юм.

Харамсалтай нь цыганчуудын өршөөл ганцхан тоглолтод хүчинтэй байсан бололтой. Учир нь тус баг дахиж хэзээ ч холбооны аварга шалгаруулах тэмцээний финалд шалгараагүй байна. 


09

Madden NFL-ийн нүүрний хараал

“ЕА Sports” компаниас эрхлэн гаргадаг америк хөлбөмбөгийн “Madden NFL” видео тоглоом тоглогчдод маш халтай юм. Хөлбөмбөгийн алдарт дасгалжуулагч, тайлбарлагч Жон Маддены нэртэй уг тоглоом 1993 онд анх “John Madden Football” нэрээр гарч байлаа. Тоглоомны хавтас дээр үргэлж Маддены зураг тавигддаг байв. Гэтэл 1998 оноос нэрээ “Madden NFL” болгон өөрчилж, алдарт тайлбарлагчийн оронд тухайн үеийн шилдэг тоглогч Гаррисон Хэрстийн зургийг тавих шийдвэр гарсан юм. Цаашид ч жил бүр шинэчлэгдэн гарахдаа өнгөрсөн оныхоо шилдэг тоглогчийг нүүрэндээ залах болсон юм. Үүнийг Мадден эсэргүүцэж байсан гэдэг.

Гэтэл Гаррисон Хэрст удалгүй шагайгаа хугалсан юм. Зөвхөн Гаррисон төдийгүй дараахь жилүүдэд нь зургаа тавиулсан тоглогчдын үзүүлэлт огцом буурч, ихэвчлэн ямар нэг байдлаар гэмтэж бэртдэг болжээ. Ийнхүү “Madden NFL” тоглоомын нүүрэнд гарсан тоглогчдыг хараасан гэсэн яриа дэгдсэн юм. Үнэхээр хараал байдаг байж магадгүй. Учир нь Гаррисоноос хойш зургаа тавиулсан 20 тоглогчийн 17-д нь төд удалгүй ямар нэг муу явдал тохиосон байдаг.

Хэдийгээр EA Sports-ын зүгээс энэ хараал бол “утгагүй зүйл, тоглогчид ч үүнд итгэдэггүй” гэж хэлдэг ч үүнд нь итгэдэг хүмүүс маш олон. Зарим хүмүүс хайртай тоглогчоо хавтас дээр тавиулахгүйн тулд лоббидох тохиолдол элбэг байдаг. Тухайлбал “Madden NFL”-ын 2008 оны хавтас дээр зураг нь тавигдах нь бараг тодорхой болоод байсан ЛаДаиниан Томлинсоныг “аврах”-ын тулд “SaveLTfromMadden.com” вэб сайтыг хүртэл фэнүүд нь ажиллуулсан байдаг.

Харин энэ "хараал" үйлчилдэггүй нэг хүн бий. Тэр бол домогт тоглогч Том Брэйди юм. 2018 оны тоглоомын хавтас дээр зургаа тавиулсан уг тамирчин хараалыг утгагүй зүйл хэмээн инээж байсан төдийгүй 4500 яард гүйж, 32 точдаун дамжуулалт хийж, 13-3 амжилтаар улирлыг дуусган, оны шилдэг тоглогчийн шагналыг хүртээд байгаа юм. 


08

Бамбиногийн хараал

Тухайн цаг үеийнхээ хамгийн амжилттай багуудын нэг болох Бостоны “Red Sox”-ын эзэн Харри Фрэйзий “Broadway”-д нэгэн мюзиклийг санхүүжүүлэх зорилгоор 1919 оны улирал эхлэхийн өмнө Нью Йорк “Yankees” багт хамгийн шилдэг тоглогчоо буюу бүх цаг үеийн шилдэг бэйсболчин, домогт Бэйб Рутыг худалдсан юм. “Бамбино” хочит Бэйб Рут бол 714 удаагийн home run хийж байсан АНУ-ын спортын домог, үндэсний хэмжээний баатар болсон тамирчин билээ. 1936 онд Бэйсболлын Алдрын танхимын анхны таван тамирчны нэг болон орсон Рут шинэ багтаа 15 жил зүтгэхдээ багаа 7 удаа АНУ-ын Лигийн аварга, 4 удаагийн дэлхийн аварга болгосон юм.

Харин шилдэг тамирчнаа тавьж явуулсан “Red Sox”-ын хувьд бүх зүйл орвонгоороо эргэсэн байлаа. World Series-ийн анхны аварга, нийт таван удаагийн аварга болоод байсан“Red Sox” харин Бамбиногүйгээр 1918 оноос хойш нэг ч удаа World Series тэмцээнд ялаагүй юм. Тэд 1946 он хүртэл World Series-т шалгарч чадаагүй бөгөөд удаах жилүүдэд энэ тэмцээнд шалгарсан ч гэсэн үргэлж ямар нэг байдлаар азгүйтэн аварга болж чадахгүй байсан юм. Тэд лигийн тэмцээнүүдийг тэргүүлж байгаад л “Yankees”-д маш богино хугацаанд гүйцэгдэж, эсвэл сүүлийн тоглолтдоо ямар нэг азгүй явдал, буруу шийдвэрээс болж хожигдсоор байв.

Тэгвэл өмнө нь World Series-т шалгарч ч байгаагүй “New York Yankees” 39 удаа шалгарч, 26 удаа аварга болсон байдаг.

Хараалыг үгүй хийх оролдлого энэ хугацаанд маш олон хэлбэрээр хийгдэв. Бостоны багийн малгайг дэлхийн оргил Эверест ууланд залж, “Yankees”-ийн малгайг доор шатааж, "мэргэжлийн" экзорхист хөлсөлж, ариутгал үйлдэж байлаа. Тэр бүү хэл багийн шидэгч Билл Лий 1994 оны баримтат кинонд Бэйб Рутын булшийг ухан, Фенвэйд эргүүлэн авчирч, “Yankees”-д зарсанд уучлалт хүсэхийг санал болгож байгаа нь хүртэл харагддаг юм. Ерөнхийдөө бол Бамбиногийн хараал Бостон хотын соёлын нэг хэсэг болсон гэж болно. Үүний нэг илрэл нь хөгжөөн дэмжигчид “Reverse Curve” гэсэн гудамжны чиглэл заасан тэмдгийг “Reverse the Curse” /Хараалыг арилга/ болгон шүршдэг будгаар өөрчлөхөд хотын захиргаа үүнийг тэр хэвээр нь үлдээсэн байдаг.

Ингээд 2004 он болж Америкийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд дахин “Yankees”-ийн эсрэг тоглон, ялалт байгуулснаар Бамбиногийн хараал арилсан юм. Харин гудамжны бичгийг “Curse Reversed” буюу “Хараал арилав” болгон өөрчилсөн билээ. 


07

Билли ямааны хараал

Энэ бол спортын түүхэн дэх хамгийн алдартай хараалуудын нэг. “Chicago Cubs” тэртээ 1908 оноос хойш нэг ч удаа аварга болж байгаагүй бөгөөд 1945 оны “World Series” тэмцээнд түрүүлэх магадлал маш өндөр байсан гэдэг.

Chicago Cubs багийн дөрөв дэх тоглолтод тус багийн хөгжөөн дэмжигч, “Billy Goat Tavern”-ы эзэн Уильямс Сианис өөрийнхөө тэжээвэр ямаа Мурфиг авчирчээ. Гэтэл ямааны үнэр эргэн тойрны хөгжөөн дэмжигчдийг тавгүйцүүлж байсан тул Сианисыг ямаагаа цэнгэлдэхээс гаргахыг шаардсан байна. Үүнд бухимдсан Сианис гарах замдаа “Наад Кабууд (Cubs) чинь дахиж хожихгүй дээ” гэж хэлсэн байдаг. Гэтэл энэ үг нь Cubs хэзээ ч Үндэсний Лигт болон World Series-д ялахгүй гэсэн хараал болчихно гэж хэн бодох билээ?

Тус баг 1945 оны аваргаа Детройт Тайгерст алдсан цагаас хойш хараал бүтэн 71 жил үргэлжилсэн юм. Энэ хугацаанд хараалыг арилгах оролдлого хэд хэд гарав. Тухайлбал, 1970 оны 10-р сарын 22-нд Билли Сианис нас барахынхаа өмнө өөрөө энэ хараалыг болиулах гэж оролдсон бол 1984 болон 1989 онд түүний үеэл дүү Сэм Сианис тэмцээнд ямаа авч орж байсан байна. Баг энэ жилүүдэд хэсгийн аварга болсон ч цаашид төдийлөн амжилттай явсангүй. 2003 онд хөгжөөн дэмжигчид мөн ямаа аван Хьюстон хотод ирээд үүднээс буцахын өмнө “хараалыг тайлж байгаа” тухай мэдэгдэл хийв. Энэ удаа Cubs мөн л хэсэгтээ түрүүлсэн ч “World Series”-т орж чадаагүй байдаг.

Энэ мэтчилэн Билли ямааны хараалыг олон удаа арилгах гэж оролдсон ч амжилт олоогүй бол хамгийн хачирхалтай нь 2016 оны 10-р сарын 22-ны өдөр буюу Сианисын нас барсан өдөр “Chicago Cubs” баг Вригли талбайд LA Dodgers-ыг буулган авснаар World Series-т орсон юм. Хараал ч арилж, тус баг “Cleveland Indians”-ыг 7 тоглолтоор ялснаар 1908 оноос хойш анх удаагаа аварга болсон билээ.



06

Билли Пенний хараал

Филадельфийн спорт багууд 1987 оноос хойш томоохон тэмцээнүүдэд ялж чаддаггүйн шалтгааныг Билли Пенний хараалаар тайлбарладаг. Учир нь Филадельфийн спортын багууд энэ үе хүртэл тун амжилттай байсан юм. Тухайлбал, Бэйсболлын лигт 1980, 1983 оны аварга болж, мөсний хоккейн лигт 1974, 1975 онд аваргалж, 1976, 1980, 1985, 1987 онд финалд шалгарч байв. Мөн хөлбөмбөгийн Super Bowl-д Филадельфийн бүргэдүүд амжилттай тоглосон төдийгүй, NBA-д сагсан бөмбөгийн “76ers” 1983 оны аварга болоод байсан билээ.

Гэтэл яагаад ч юм 1987 оноос хойш тус хотын спорт багуудыг азгүйтэл дагах болжээ. Энэ бүх азгүйтэл хотыг үүсгэн байгуулсан Уильям Пеннтэй "холбоотой байсныг" хөгжөөн дэмжигчид сүүлд ойлгосон гэдэг.

Тодруулбал, Филадельфийн “City Hall” барилга дээр тус хотыг байгуулсан Уильям Пенний хөшөө сүндэрлэдэг билээ. Тухайн үед “жентельменүүдийн тохиролцоо”-ны дагуу уг хотод энэ хөшөөнөөс өндөр болох ямар ч барилгад барилгын зөвшөөрөл өгөхгүй гэж амласан байна. Гэтэл 1987 оны 3 дугаар сард “One Liberty Place” гэх шилэн цамхаг холгүй баригдаж, нээлтээ хийжээ. City Hall дээрх Пеннийн малгайны орой 167 метрт байдаг бол One Liberty 288 метр өндөр байлаа. Үүний дараа 1990 онд Two Liberty Place цамхаг мөн сүндэрлэв. Амлалтаасаа ухарсан хотын удирдлагыг Билли Пенн хараасан бололтой.

Филадельфчууд сагсан бөмбөг, хоккей, бэйсболл, хөлбөмбөг гээд бүх л спортоор аварга болж чадахаа болив. Хачирхалтай нь 1987 оноос хойшхи жилүүдэд зөвхөн АНУ-ын шинэ ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөсөн жилүүдэд л багууд нь  аваргын төлөөх өрсөлдөж байжээ (Билли Пенний сүнс энэ үеэр магадгүй бага зэрэг улстөржиж, спорт руу анхаарал хандуулдаггүй байсан байх).

Үүний дараа 2001 онд Comcast Center барилга баригдах болсон тухай зарлалаа. Өмнөх хоёр цамхагаас илүү өндөрт сүндэрлэх уг шилэн цамхагийн барилгын ажил 2005 онд эхэлсэн билээ. Тус барилга дээр ажиллаж байсан ажилчид Билли Пенни хараалыг арилгахаар шийдэн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хотын үүсгэн байгуулагч Уильямын жижигхэн дүрсийг АНУ-ын далбаа, мөнх ногоон модны хамт шинэ барилгын орой дээр байрлуулсан юм. Гэвч энэ нь хулгайд алдагдахад тэд дахин 4 инчийн хэмжээтэй Биллигийн баримлыг байрлуулсан байдаг.

Ийнхүү хараал арилжээ. 2008 оны 10 дугаар сарын 29-нд Филадельфийн Филлийс баг World Series-ийн аварга болов. Хот даяараа баяраа тэмдэглэсэн төдийгүй, барилгын орой дээр байрлуулсан жижиг хөшөөг зурагтаар харуулан, талархсанаа илэрхийлж байсан гэдэг.

2017 онд Comcast Technology Center гэх шинэ барилга баригдсан нь Comcast Center-ээс ч өндөр болоход Билли Пеннийн хараалыг дахин сэргээхгүй гэсэндээ мөн л Уильям Пенний хөшөөг байрлуулсан байна. 2018 онд Бүргэдүүд Super Bowl-ын аварга болсон билээ. 


05

Австраличуудад тавьсан шулмын хараал

Австралийн шигшээ баг 2006 оны Хөлбөмбөгийн ДАШТ-д тоглох 32 багийн нэгээр шалгарсан нь үндэсний хэмжээний баярт үйл явдал болсон билээ. 1969 оноос хойш тохиогоогүй энэ түүхэн үйл явдалд Жон Алойси, Марк Шварзер, Гуус Хиддинк, Фрэнк Лови гээд хүмүүсийн ач гавьяа их.

Гэхдээ тэднээс илүү алдар хүртэх ёстой нэг эрхэм бол хошин шогч, телевизийн хөтлөгч, зохиолч Жон Сафран юм. Учир нь тэрбээр тус улсын шигшээ багийг 30 гаруй жилийн турш ДАШТ-д оруулаагүй гэгдэх хараалыг тайлсан билээ. Сафрон Мозамбикээс шулам авчирч, тус багт шүглэсэн чөтгөрийг зайлуулсан гэдэг.

Энэ түүх 1969 оноос эхтэй. Тухайн үед Зимбабве болон Родезийн эсрэг Мозамбикт ДАШТ-д оролцох эрхээ авахаар тоглож байсан Австралийн шигшээ багт нэгэн мэдээлэл ирсэн байдаг. Энэ нь нутгийн шулам багахан мөнгөөр Родезийн багийг харааж, Соккерунуудыг шалгаруулж чадна гэсэн явдал байлаа. Тэд ч шулмыг хөлсөлсөн ба шулам талбайд яс булах зэргээр ёслол үйлдэн үүргээ гүйцэтгэсэн байдаг. Үүний "ачаар" соккеручууд Родезийг 3-1 харьцаатай буулган авсан юм. Харин хараал үйлдсэн шулмыг төлбөрөө авахаар ирэхэд хэн ч мөнгө өгөөгүй юм. Үүнд уурласан шулам хараалыг австраличууд руу чиглүүлж орхив.

Ингээд 1974 оны ДАШТ-ээс хойш Австралийн шигшээ 30 жилийн турш азгүйтсэн байдаг. Тэд тэмцээнд оролцох эрхээ авах тоглолтуудад 1997 онд Иран, 2001 онд Уругвайн шигшээд золгүйгээр хожигдов. Австралийн домогт хөлбөмбөгчин агуу Жонни Уоррен хүртэл энэ бүх азгүйтлийг шулмын хараалтай холбон тайлбарлаж, таалал төгсөхийнхөө өмнө бичсэн номондоо хараалыг хийсэн шулмыг олж, гомдлыг нь тайлах хэрэгтэй тухай дурдсан байдаг.

Гэвч эрх баригчдын зүгээс энэ асуудал дээр хөдөлж өгөхгүй байсан тул хөтлөгч Жон Сафрон санаачлагыг гартаа авч, Африк тивийг зорихоор шийджээ. Өөрийнхөө “John Safran Vs God” шоуныхаа хүрээнд тэрбээр Мозамбик улсад ирж, таалал төгссөн шуламтай холбоотой хүмүүсийг эрэн сурвалжилж олоод, нутгийн шулмын хамт анх хараал хийсэн талбайд ирж, тахиа алж, цусаар нь өөрийгөө будуулах зэргээр ёслол үйлджээ. Үүний дараа Австралид эргэн ирж, Сидней хотын Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд дахин ёслол үйлдүүлэв.

Хамгийн хачирхалтай нь үүний дараа буюу 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Мозамбикийн шулмын хараал арилж, Австралийн шигшээ баг Уругвайг торгуулийн цохилтоор ялснаар 2006 оны ДАШТ-д оролцох эрхээ авсан билээ. 


04

Андреттигийн хараал

Спортын хараалууд мотоспортыг ч орхиогүй байна. Тухайлбал, Талладегагийн уралдааны замыг чөтгөртэй гэдэг. 1973 оны уралдаанд залуу жолооч амиа алдсанаас хэдхэн тойргийн дараа зам дээр уралдаж байсан Бобби Исаакт янз бүрийн дуу чимээ, хоолой сонсогдож, цаашид уралдахаас татгалзан, уралдааныг орхив. Хэд хэдэн машины дугуй хутгаар сийчүүүлсэн мэт хагарч, жигтэй ослоос болж зураглаач хөлгүй болов. 1987 онд Бобби Аллисон тус зам дээр осолдож, хүү нь хэдэн жилийн дараа нисдэг тэрэгтэй явж байгаад мөн энэ талбай дээр унаж, нас барсан байдаг.

Тэгвэл мотоспортын төрөлд бас нэгэн хараал тун алдартай. Энэ бол гурван үеэрээ хараагдсан Андреттигийн гэр бүл юм. 1969 онд Indy 500 тэмцээнд ялсан алдарт Марио Андретти тухайн цагийнхаа хамгийн шилдэг нисгэгчдийн нэг байв. Гэтэл тэр цагаас хойш Марио үргэлж азгүйтсэн байдаг. Уралдааныг тэргүүлж байсан ч сүүлийн тойргуудад хачин жигтэй механик гэмтлээс болж ялж чаддаггүй байх тохиолдол олон давтагдав. Олон улсын мотоспортын Алдрын танхимд нэрээ бичүүлсэн домогт тамирчны гайхамшигтай спортын замнал 1994 онд дуусах хүртэл дахин нэг ч удаа ялаагүй билээ.

Гэтэл аавынхаа замаар явсан түүний хүү Майкл ижил хувь тавилантай байлаа. Их спортод хөл тавьсан цагаасаа Indy 500-д ялах хамгийн өндөр магадлалтай нисгэгчдийн нэг байсаар ирсэн Майкл Андретти огт түрүүлээгүй юм. Тухайлбал, 1992 оны уралдаанд 189 тойргийн 160-ыг нь тэргүүлж байсан түүний автомашин уралдаан дуусахаас ердөө 11 тойргийн өмнө эвдэрснээр 13 дугаар байрт орж байжээ. Хэдийгээр түрүүлээгүй ч Indy 500-д “хамгийн олон тойргийг тэргүүлсэн нисгэгч” гэсэн нэрээс өөр алдар түүнд ирсэнгүй.

Майклын хүү Марког ч хараал тойрч гарсангүй. Өвөөгөөсөө 40 жилийн дараа уралдаж эхэлсэн тэрбээр харамсалтайгаар ялагдсаар иржээ.

Тус гэр бүлийн хамгийн золгүй тохиолдол нь 2006 онд Майкл, Марко хоёр хоёулаа уралдахад болсон юм. Аав хүү хоёрын аль аль нь тэмцээнд түрүүлэх өндөр магадлалтай харагдаж байлаа. Барианд орохоос дөрвөн тойргийн өмнө уралдааныг өнгөлж байсан Майкл хүү Маркодоо гүйцэгдэв. Харин 200 дахь тойрог буюу хамгийн сүүлийн тойрогт Марког Сэм Хорниш гүйцэн ирж, ердөө .0635 секундын өмнө барианд орсон юм. Аав хүү хоёр ийнхүү гэр бүлийн хараалыг арилгаж чадалгүй, хоёр болон гуравдугаар байрт оржээ. 


03

Рамзигийн хараал

Магадгүй энэ жагсаалтад буй “хамгийн утгагүй, хамгийн үнэмшилгүй” хараал.

Арсенал клубын шилдэг тоглогч Аарон Рамзигийн амжилт үргэлж ямар нэг золгүй явдал дагуулж байдаг хачирхалтай явдал бий. Өдгөө 27 настай тамирчны оруулсан гоол бүрийг дэлхийн хэмжээний томоохон оддын үхэл дагадаг гэдэг. Хагас хамгаалагч клубтээ 60 гоол оруулсан байдаг ба эдгээрийн 19-т нь гоол оруулснаас 24 цагийн дотор ямар нэг алдартан нас барж, дэлхий нийтийг цочирдуулсан байдаг юм. Дурдвал,

  • Тэд Кеннеди, АНУ-ын сенатор (Portsmouth-ын эсрэг тоглолт) 2009-08-25
  • Осама бин Ладен, террорист (Manchester United-ын эсрэг тоглолт) 2011-05-02
  • Стив Жобс, Apple-ын үүсгэн байгуулагч (Tottenham-ын эсрэг тоглолт) 2011-10-05
  • Муаммар Гаддафи, Либи улсын тэргүүн (Marseille-ын эсрэг тоглолт) 2011-10-20
  • Уитни Хьюстон, дуучин (Sunderland-ын эсрэг тоглолт) 2012-02-11
  • Рэй Уильямс, сагсчин (Шотландын эсрэг тоглолт) 2013-03-22
  • Ken Norton, боксчин (Marseille-ын эсрэг тоглолт)
  • Пол Уолкер, жүжигчин (Cardiff-ын эсрэг тоглолт) 2013-11-30
  • Робин Уильямс, жүжигчин (Manchester United-ын эсрэг тоглолт) 2014-08-11
  • Дэвид Бөүви, дуучин (Sunderland-ын эсрэг тоглолт) 2016-01-10
  • Аллан Рикман, жүжигчин (Liverpool-ын эсрэг тоглолт) 2016-01-14
  • Силвестер Поттс, дуучин (Preston NE-гийн эсрэг тоглолт)
  • Жим Буннинг, тамирчин, улстөрч (Chelsea-гийн эсрэг тоглолт)
  • Грегг Аллман, хөгжимчин (Chelsea-гийн эсрэг тоглолт)
  • Ёсрал Кристал,Нацист Германы хорих ангиас амьд үлдсэн хамгийн настай хүн (Leicester-ийн эсрэг тоглолт)
  • Скотт Путески, хөгжимчин (Everton-ы эсрэг тоглолт)
  • Нэнси Рийган, АНУ-ын тэргүүн хатагтай асан, жүжигчин (Tottenham-ын эсрэг тоглолт)
  • Кен Додд, дуучин, жүжигчин (AC Milan-ы эрсэг тоглолт)
  • Эрик Бристов, дартсын тамирчин (CSKA Moscow-ын эсрэг тоглолт)

Гэхдээ үүнийг хараал гэхэд хэцүү. Учир нь өдөр бүр л хэн нэгэн алдартан хорвоог орхидог шүү дээ. 


02

Sports Illustrated-ын нүүрний хараал

Спортын хамгийн алдартай сэтгүүлүүдийн нэг болох “Sports Illustrated”-ын хавтсанд зургаа тавиулсан хүмүүс, тамирчид, багуудыг золгүй явдал дагадаг гэдэг. Тэдний асар амжилттай явсан карьер зогсох төдийгүй бэртэж гэмтэх, тэр бүү хэл амиа алддаг аж.

1954 оноос хойш гарч буй уг сэтгүүлийг дэлхий даяар 3 сая хүн захиалан уншдаг ба дугаар бүрийг 23 сая хүн уншдаг гэсэн судалгаа бий. Ийм хэмжээний сэтгүүлийн нүүрэнд зургаа тавиулна гэдэг хэний ч хувьд нэр төрийн хэрэг атал зураг нь гарсан маш олон хүнд золгүй явдал тохиож байснаас харахад энэ хараал бас оргүй зүйл биш гэмээр. Тухайлбал,

  • Анхны дугаарын нүүрэнд заларсан Эдди Матьюсын есөн тоглолт дараалсан ялалт зогсож, долоон тоглолт өнжихөд хүргэсэн гэмтэл авсан.
  • 1955 онд цаначин Жилл Кинмонт осолдож, амиа алдах дөхсөн ба цээжнээсээ доош мэдээ алдсан.
  • 1956 оны 5 дугаар сарын 28-нд гарсан Indy 500-гийн нисгэгч Боб Свэйкерт удалгүй автомашины ослоор нас барсан.
  • 1957 оны 2 дугаар сарын 18-нд гарсан бэйсболчин Жим Кребс 29 насандаа шуурганаас болж үндсээрээ сугарсан модонд даруулж нас барсан.
  • 1960 оны 12-р сарын 26-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди эхнэрийнхээ хамт сэтгүүлийн нүүрэнд гарсан ба 3 жилийн дараа мэргэн буучийн суманд оногдон нас барсан.

Энэ мэт золгүй явдлууд тус сэтгүүлийн 64 жилийн түүхэнд маш олон байх ба одоо хүртэл үргэлжилж буй энэ хараалд өртөгсдийн жагсаалтыг бүтнээр нь ЭНД дарж үзэх боломжтой. Сэтгүүлийн зүгээс ч 2002 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартаа хар муурны зураг тавьж “Хэний ч гарахыг хүсдэггүй сэтгүүлийн нүүр, SI-ын хараал жинхэнэ үү?” гэж бичсэн байдаг.

Хэдийгээр “Sports Illustrated”-ын хараалд өртсөн хүний жагсаалт асар урт ч хараал үйлчлээгүй хүмүүс ч олон бий. Тэдний хамгийн алдартай нэгэн бол домогт Майкл Жордан юм. Ганцаараа тус сэтгүүлийн нүүрэнд 50 удаа гарсан “Нисдэг Жордан” үргэлж амжилтаа ахиулсаар ирсэн билээ. 


01

51 оны аваргуудын хараал

1951 онд Бүх Ирландын аварга шалгаруулах тэмцээнд ялсан “Mayo GAA” баг тэр үеэс хойш нэг ч удаа аварга болоогүй байна. Тус баг үүний дараа бүр 1989 онд финалын шатанд дахин шалгарсан ч мөн л хожиж чадаагүй. Өдгөө дахин долоон удаа финалын тэмцээнд орсон ч цомыг авч чадаагүй хэвээр. Хамгийн сүүлд гэхэд 2017 онд финалын шатанд ялагдсан юм. Энэ бүх азгүйтэл тус багийн чадваргүйгээс болоогүй ба гол шалтгаан нь 1951 оны аварга багт тавьсан хараал гэж тайлбарлах нь бий.

Түүхийг сөхвөл, Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Бүх Ирландын аварга шалгаруулах тэмцээнд “Meath”-ыг буулган авч аварга болоод буцаж явсан “Mayo” багийнхан Фоксфорд хотын оршуулгын газрын хажуугаар өнгөрчээ. Гэвч ялалтандаа баярласан тамирчид энэ үеэр талийгаачийг хөдөөлүүлэх ёслолд зам тавьж өгөөгүйгээр барахгүй, зогсож, зохих хүндэтгэлийг үзүүлээгүйгээс болж ёслол үйлдэж байсан ламтанд хараагдсан гэдэг. Номлогч тус багийн бүх гишүүн амьсгал хураах хүртэл дахин хэзээ ч Бүх Ирландын аварга болохгүй гэж хараасан гэх нь бий. Та үүнд итгэхгүй байж болох ч Майочууд одоо хүртэл түрүүлээгүй л байгаа нь гайхалтай.

Сонирхуулахад 1951 онд аварга болсон багийн гишүүдээс өдгөө хоёр нь амьд байгаа юм. Тэдний нэг нь АНУ-д амьдардаг 1928 онд төрсөн Др.Падрэйг Карни бол нөгөөх нь Пэдди Предергаст аж. “Mayo GAA” багийн хөгжөөн дэмжигчид битүүхэндээ энэ хоёр эрхэмийг нас барахыг хүлээсээр...



9.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (7)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Benfica
Ёстой сонирхолтой юм
+1
Энд Португалын Бенфика багийн хараалыг оруулсан бол. 1960аад онд Европын тэмцээнд аварга болгосон дасгалжуулагчаа халаад нөгөөх нь дахиж хэзээ ч түрүүлэхгүй гэж хэлснээс хойш өнөөг хүртэл 7,8 финалдаал ялагдсан гэдэг
+4
medeegee unen chanartai gargadag shuu
+4
Goy medee ve?
+4
Ихэнх нь азаар нэг аварга болоод чадваргүйгээсээ болоод амжилт нь гаццан гарууд байна өө
+4
марзан юм
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Zandaa
01Zandaa Goosh
110,600 оноо
Мөнхсайхан
02Мөнхсайхан Б.
59,800 оноо
Буянбадрал
03Буянбадрал Гантулга
17,900 оноо
Oki
04Oki Baynzvrkh
1,100 оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд