Арав.мн

Гэзэгний түүх (өгүүллэг) - Лү Синь

Гэзэгний түүх (өгүүллэг) - Лү Синь

Энэ өгүүллэг анх Шанхайн Эрдмийн гэрэл сонины 1920 оны арван сарын аравны дугаарт хэвлэгджээ. Жоу Зүожэнь судлаачийн батлан хэлж буйгаар өгүүллэгт гарч буй N эрхэм бол Лү Сүнийг гэгээрлийн яаманд ажиллаж байх үед түүний дарга асан Ся Зиэнгүо аж. Ся Зиэнгүо нь Хятадын түүхийн сурах бичгийг бичсэн бөгөөд өөрчлөлт шинэчлэлийн хөдөлгөөнд оролцож, үеийнхнээ тэргүүлж явжээ. Гэвч Умардын цэргийн бүлэглэл засгийн эрхэнд гарахад хувьсгалд гутарч, хүнд итгэх итгэлээ алдаад архинд толгой мэдүүлсэн гэдэг.

ГЭЗЭГНИЙ ТҮҮХ

Ням гаригийн өглөө би хуанлийн хуудсыг ураад өнөөдрийн он сарыг олж хармагцаа:

- Үгүй энэ чинь арван сарын арван, хувьсгалын баяр (Чин гүрнийг унагасан хувьсгалын баяр) юм байна шүү дээ. Гэтэл хуанли дээр тэр тухай ер тэмдэглээгүй байна! гэж дуу алдвал манайд мэнд мэдэхээр орж ирсэн N найз минь:

- Тэмдэглээгүй бол тэр л биз. Тэр нь ч зөв байж мэднэ. Чи энэ тухай саналаа гээд ямар нэмэр байх вэ дээ? гэж янз муутайхан хариулав.

Эрхэм N болбоос этгээд зантай нэгэн. Үглээ, дээр нь хэрэггүй зүйл ярих нь элбэг. Би түүний үгийг тасалдаггүй учир ярьж ярьж ханаад дуугаа хураана.

- Бээжинд бол энэ өдрийг сүр дуулиантай тэмдэглэнэ шүү дээ. Өглөөнөөс авахуулаад л үүдэнд цагдаа ирж “Далбаагаа мандуул” гэж тушаана. Тэгмэгц маажигнасан эр гарч ирээд “Мандуулъя аа” гээд лүрчийж гандсан даавуу гаргаж шонд хатгана. Орой хашаа хорооныхоо хаалгыг түгжээд далбаагаа буулгана. Мартсан нэг нь маргааш өглөө нь л буулгаж авна гэж өгүүлэхэд би:

- Хүмүүс ч тэр бүхнийг мартаж дээ. Биднийг ч бас ялгаагүй мартаж гэлээ.

- Би ч энэ өдрийг мартах байсан биз. Хувьсгалын өмнө, хойч үеийг санах бүрийд сэтгэл тогтохгүй шаналах юм гэсэнд:

- Эрхэмлэж хайрлаж явсан олон хүн одоо болтол нүдэнд харагддаг. Залуусын зарим нь олон жил тэнүүчилж явсаар суманд оногдож өнгөрсөн. Зарим нь баригдаж, шорон оронд орж эрүүдүүлсэн. Үлдсэн хэсэг нь ор сураггүй алга болсон доо гэж залгуулан хэлэв. Найз минь:

- Насаараа гадуурхагдсан тэд хаа л явна доромжлуулж, зүхүүлж байсан ч одоо бол булш нь тэгширч, бүгдэд мартагдаж дээ хэмээхэд:

- Энэ тухай санахаас өр өвдөх юм гэлээ. Тэгж байтал:

- Таатай юм ярья... гэсээр манай хүн инээмсэглэж гэзгээ илээд, - Чи аан гээ. Би юунд их баярладаг гээч. Хувьсгалын маргаашаас эхлээд л гудамж талбайгаар нүүр бардам алхах боломжтой болсондоо гэж олзуурхсанд би:

- Хятад хүний хувьд гэзэг ямар учиртайг чи мэднэ дээ. Гэзгэнд аз хийморь, зовлон зүдгүүр шингэсэн гэж үздэг. Цагтаа гэзэг тавиагүй хэд хичнээн хүн хилсдэж өнгөрлөө дөө. Манай өвөг дээдсийн хууль цаазыг сөхөөд үзвэл гэзгийг тэгтлээ анхаарч үзэж байгаагүй мэт. Толгойгоо л чухалчилдаг байж. Толгойгоо авахуулах нь цаазын ял болно. Хөнгөлүүлэх ч түүнээс дутахгүй ялд тооцогддог байж. Түүнтэй харьцуулахад гэзгээ хусуулах нь ял гэж тооцогддоггүй байсан бололтой. Гэтэл нийгэм маань халзан толгойтой хэд хичнээн хүнийг хилсдүүллээ дээ! гэж хариуллаа.

- Хувьсгалын тухай ярихад Зядиний самуун, Янжоугийн арав хоног л санаанд орох юм. Нарийн ярьвал тухайн үед хятадууд дайсанд эзлэгдэхээс илүүтэй гэзэг тавих хуулийг ширүүн эсэргүүцсэн шүү.

- Тэр үед урваж мэднэ гэсэн бүхнийг хороож, улсаа хамгаалсан бүхэн нь амиа зольж, гэзэг тавих ч заншил болсон доо. Хун Сюцюань, Ян Сюцин хоёрыг босоход эмээгийн ярьснаар ард олон их зовсон гэдэг. Үсээ хусаж, тав гэзэг тавьбал босогчид хорооно, гэзэг тавихгүй бол төр цээрлүүлнэ гэхэд N эрхэм:

- Гэзэгнээс болж хичнээн мянган хүн амиа алдсаныг тоолж баршгүй. Бид мэдэхгүй шүү дээ. Би тэр зовлонг толгойгоороо амсана гэж яаж санах вэ? гэсээр нэгийг дурссан аятай дээш харлаа.

- Би гадаадад сурахаар очмогцоо л гэзгээ тайрсан. Гэзэггүй байх нь хавьгүй амар болохоор л тайрсан. Гэтэл гэзгээ ороож, малгайндаа нуудаг байсан зарим оюутан намайг үзэхээ байсан даа. Тэр байтугай хариуцагч жигтэйхэн уурлаж, тэтгэмжийг минь хасаж, нутаг буцаана гэж дарамталсан шүү гэвэл:

- Тэгээд удалгүй хариуцагчийн гэзгийг тайрахад сураггүй алга болсныг нь санаж байна уу? Тэр хэрэг Зоу Жунаас гарцаагүй. Хувьсгалын арми-ийг бичсэн нөхөр шүү дээ. Түүнээсээ болж сургуулиас хөөгдсөн. Шанхайд эргэж ирээд шоронд бие барсан гэнэ билээ. Чи ч мартсан биз дээ хэмээв.

- Хэдэн жилийн дараа ар гэр маань боломжгүй болсонд би ажил хайж эхэлсэн юм. Адаг сүүлд нь нутагтаа эргэж ирсэн. Шанхайд ирмэгцээ хоёр юаниар хиймэл гэзэг авч наагаад харьсан. Ээж юм хэлээгүй ч хөршүүд гэзгэнд минь нүд унагаастай. Хиймэл гэдгийг нь олж мэдээд цаазын ял заагдсан хэрэгтэн шиг бүр үзэхээ байж билээ. Нэг хамаатан маань намайг матах санаатай байсан ч хувьсгалчид ялж мэдэхээр байсан тул больсон доо.

- Харин би хиймэл гэзэг зүүснээс зүүгээгүй нь дээр гэж сэтгээд тэр үед нэг европ хослол олж авсан шүү.

- Гэлээ гээд гудамжаар явахад чинь элдвээр хэлж, “Сүрлэн мануухай!”, “Гадаадын хуурамч чөтгөр!” гэж шоглож байсан шүү дээ.

- Тэгэлгүй хаачих вэ. Тэгмэгц нь би хослолоо тайлж, хятад тэрлэг өмсөөд бүр ч нүд үзүүрлэгдсэн. Тэсэхээ байгаад муна олж аваад, хэд хэдэн удаа хэргийг нь гаргаад авсан шүү. Хүмүүс ч намайг хоргоохоо больсон. Гэсэн ч өөр дүүрэгт очвол аанай л гадуурхаж дайрдагсан... Японд байхдаа Хятад, зүүн өмнөд Азиар аялж байсан Хонда эмчийн тухай уншсан юмдаг. Тэр хүн хятад, малай хэлгүй. “Тийм байж та яаж аялав?” гэж асуухад ташуур үзүүлээд “Үүний хэлийг бол хаа ч ойлгодог” гэж хариулсан байдаг. Уурлаж бухимдсандаа болоод өөрөө хожим тэр хэлээр нь ярина гэж санаагүй явж дээ...

- Хэвт ёсны эхний жил би төрсөн хотынхоо дунд сургуулийн хариуцагчаар ажиллаж байлаа. Сургуулийнхан надаас дөлнө, захиргаа ч хатуу хянахын учир нимгэн мөсөн дээр явах аятай л эвгүй шүү. Тэр нь ердөө гэзэг тавиагүйтэй минь холбоотой. Ингээд нэг өдөр сурагчид хүрээд ирлээ. “Багш аа, бид гэзгээ тайрахаар шийдлээ” гэж хэлэхэд нь би “Хэрэггүй ээ” гэв. “Гэзэггүй нь дээр биш үү?” гэж асуухад нь “Дээр ээ” гэлээ. “Тэгээд яагаад тайрч хэрэггүй гэсэн юм бэ?” гэж шалгаавал нь “Байж л байг. Түрдээ хүлээж бай” гэж хариулбал дургүйхэн тарцгаалаа. Гэсэн ч тэд гэзгээ тайрцгаасан. Ямар том хэрэг дэгдсэн гэж санана? Хэл ам нь ч дийлдэхгүй. Би яах вэ, юу ч болоогүй юм шиг тэдгээр сурагчийг хичээлд нь явуулж байлаа. Гэзгээ тайрах моод дэлгэрч, гурав хоногийн дараа багшийн сургуулийн зургаан оюутан гэзгээ тайрч, тэр оройдоо сургуулиасаа хөөгдөв. Гэлээ гээд тэдгээр оюутан харьж зүрхэлсэнгүй. Сарын дараа хувьсгал мандаж, гэмт этгээд гэсэн нэр зүүхээ больцгоосон доо.

- Би хүртэл тэр жилийн өвөл л Бээжинд очих боломжтой болсон юмдаг. Ирээд багагүй доромжлуулсан. Дараа нь цагдаа нар тэдний гэзгийг тайрч хаяхад аргагүйн эрхэнд амаа хамхицгаасан. Тэгсэн ч төрсөн тосгондоо очиж зүрхлэхгүй л байлаа гэх N эрхэм гэнэтхэн барайж, 

- Одоо та хэд эмс охидын гэзгийг хүртэл тайрах хэрэгтэй гэцгээх болж. Тэгж тэднийг хохироож яах нь вэ? Гэзгээ тайрсан хэдэн охин сургуулиасаа хасагдаж, шалгантандаа орж чадаагүй бол? Та нар хувьсгал гэж хөөрөх ч зэвсэг хаанаас авах вэ? Ажил, сурлагыг хослуулж болно гэж уриалах ч ажиллах үйлдвэр нь хаана байна? Эмэгтэйчүүд гэзэгтэйгээ үлдэж, нөхөрт гарцгааг. Бүхнийг мартах нь нэг төрлийн зол жаргал шүү дээ. Эм хүн тэгш эрх, эрх чөлөө гээд ярихаараа л буруудна! Арцыбашев “Үр хойчид нь амлаж буй гялалзсан ирээдүйн төлөө энэ хүмүүст та нар юу өгөх вэ?” гэж асуудаг даа. Тийм ээ. Тэнгэр бурхан Хятадыг ташуурдахаас нааш Хятад энэ чигээрээ л үлдэнэ. Та хэд хортой шүдгүй хойно өөрсөддөө Хорт могой гэсэн пайз зүүж яах нь вэ? Ядуусын бай болох гэж тэр үү? Амиа алдахыг хүссэндээ тэр үү?.. хэмээн бухимдахыг нь би төдий л тоосонгүй. 

Намайг дуугаа хураачихыг анзаараад тэрээр босож малгайгаа авахад:

- Явах нь уу? гэж асуувал:

- Тэгье дээ. Бороо орох нь... гээд манайхаас гарав.

Би түүнийг хашааны үүд хүртэл гаргаж өгөхөд малгайгаа өмсөөд:

- Баяртай. Саад болсонд өршөөгөөрэй. Хувьсгал мандсаны ойн баяр аз болж удахгүй дуусч, маргааш энэ бүхнийг мартаж болох нь гэж билээ.

1920 оны аравдугаар сар


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+3
хятад өгүүллэгүүд нь гоё юмаа
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд