Арав.мн

Түрэмгий “ногоон”-ы түйвээн

Түрэмгий “ногоон”-ы түйвээн

Нууцлаг ногоон “эд” дэлхийгээр нэг тарж, томоохон гол, нууруудыг бохирдуулах болоод удаж байна. Ердийн залхаг, замаг шиг харагдах энэ зүйл Канадын нутагт анх үүсэж, хэдхэн сарын дотор сэглийсэн зузаан ширдэгэрхүү болон ойролцоох гол, нуурууд руу халджээ. Харин 20 гаруй жилийн дараа дэлхийн хаа сайгүй хүрч, одоо Өмнөд Америк, Европ, Австралазийн бүс нутагт хүртэл халдварлаад байна.


05

Бичил хиг

Өнөө ч хурдтай өсөж үржин байгаа уг организм Didymosphenia geminata нэрээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн бичил хиг замаг юм. Мэргэжилтнүүдийн дидимо хэмээн товчлон нэрлэж буй энэ “идэгч” ургамал загасчдын уурга болоод бусад тоноглол, мөн ердийн модон завь юм уу, модны их биеийг зорж хийсэн уралдааны хөнгөн завь зэргээр дамжин нэг голоос нөгөөд “нүүдэллэж” гол, нууруудын тэнцвэрт байдлыг алдагдуулан, байгаль хамгаалагчдыг барьц алдуулах болов. Дидимогийн харагдах байдал бус, хувирамтгай шинж, хэнд ч үл анзаарагдам явагддаг түрэмгийлэл нь судлаачдын анхаарлыг татаж буй гэнэ. Дэлхийн цэвэр усны сан дахь экосистемийн далд өөрчлөлтийг ч энэ нь илтгэж байж болох юм.

Байгаль хамгаалагчид дидимог анх 1988 онд нээжээ. Канадын баруун захад орших Британийн Колумб мужийн Ванкувер арлын Хебер мөрөнд анх үзэгдсэн их хэмжээний хиг замаг 1989 оны зун гэхэд олон км газар үргэлжлэн тогтож, яваандаа бусад гол, мөрөнд үүссэнээр одоо Канадын Кэбэк, АНУ-ын Колорадо, Өмнөд Дакота муж, Европын орнуудаас Польш, Норвеги, Исланд, Өмнөд Америкийн Чили, цаашлаад Шинэ Зеландад хүртэл бүртгэгдээд байна. Ердийн тохиолдолд усан дахь эрдэс бодисын хэмжээ өсөхөд замаг түрэмгий шинжтэй болж, огцом нэмэгддэг. Харин ерийн бус тохиолдлоор ийнхүү гэнэт их хэмжээгээр ургаж, тэр хэрээрээ үхэх нь бохирдол үүсгэж, усан ай сав дахь хүчилтөрөгчийг үгүй хийдэг байна. Ингэснээр усны шавж хорхойноос эхлээд холтсон болон хавч хэлбэртний аймагт багтах амьтад, загас, жараахай олноороо үхэж үрэгддэг.

Усан дахь хогийн ургамал, залхаг, замаг дайсагнасан шинжтэй болно гэдэг ерөөс усан ертөнцийн мөхөл, сүйрэл юм.


04

Хорон санаагүй хортон

Гэхдээ дидимогийн эзэгнэл тун хачирхалтай. Судлаачдын тогтоосноор энэ нь бусад замагны адил нөхөн үржиж байгаа хэрэг биш бөгөөд ердөө “гэм хоргүй” хувьсан өөрчлөгдөж буй нь энэ гэнэ. Шинэ Зеландын Ус, агаар мандал судлалын үндэсний хүрээлэнгийн экологич Кэти Килрогийн хэлснээр дидимо бусад төрлийн замгаас ялгаатай нь эсийн түвшинд хурдан хуваагддаг. Мөн усан дахь эрдэс бодис нэмэгдэхэд биш, харин ч багадахад хариу үйлдэл үзүүлж, ургадаг гэнэ. АНУ-ын Колорадо муж дахь Геологийн судалгааны төвийн мэргэжилтэн Сара Сполдингийн онцолсноор энэ нь их хэмжээний замаг эрдэс бодис илүүдсэнээс бус, дутуудсанаас үүссэн, мэргэжилтнүүдийн мэдэх анхны тохиолдол юм.

Усан дахь эрдэс бодисыг хэвийн хэмжээнд байлгаж, түүний дотор фосфорын хэмжээг бууруулан, гол мөрний бохирдлыг багасгах гэж эрх баригчид олон жил мэрийсэн. Гэтэл мөнөөх фосфор багадсан нь дидимо хурдтай ургах гол шалтгаан болжээ. Сполдинг нарын мэргэжилтнүүд гайхаш тасарсан, арга мухардсан өнгөөр “Энэ нь экологичдын өнгөрсөн 50-иад жил итгэж, баримталж ирсэн болгоныг няцаасан үзэгдэл юм” хэмээн өгүүлж байна.


03

Хуучин танил уу

Үүнээс гадна бас нэгэн “сюрприз”-ийг дидимо эрдэмтэн, судлаачдад зэхжээ. Дидимо шиг диатом буюу хоёр атомт замгийг хүмүүс л өөрсдөө мэдэлгүй тараадаг гэж мэргэжилтнүүд үздэг байж. Тиймээс ч аялагч, загасчдыг замаг ихтэй газраар явсныхаа дараа эд зүйлс, хувцас хунараа цэвэрлэж байхыг анхааруулдаг байлаа. Гэтэл дидимог хэн ч, юу ч тараагаагүй, харин энэ дээрэнгүй организм анхнаасаа л дэлхийн хаа сайгүй байжээ гэж үзэх эрдэмтэд байна. Тэдний нэг нь Канадын Нанаймогийн Номхон далай судлалын хүрээлэнгийн байгаль судлаач Макс Ботуэл юм. Тэрээр Америкийн эрдэмтэдтэй хамтран хоёр атомт замаг судалсан тухайгаа саяхан “BioScience” сэтгүүлд нийтэлжээ. Түүний үзэж байгаагаар хувирамтгай, өсөж үржихдээ хурдан дидимо Африк, Антарктид, Австралиас бусад тивд балар эртний үеэс байж. Европ, Ази, Хойд болон Өмнөд Америкийн 11 орны нутаг дэвсгэрээс олдсон чулуужсан үлдэгдлүүд үүнийг гэрчлэх гэнэ. Шаргал ногоон туяатай, нус шиг харагдах хүлэрлэг, муухай лаг хигийн эзлэн түрэмгийлсэн ганц газар нь Шинэ Зеланд гэж Ботуэл үзэж байна.

Тус улсын нутагт анх 10-аад жилийн өмнө дидимо үзэгдсэн гэх. Гэтэл одоо Шинэ Зеландын Өмнөд арлын томоохон гол, нуурууд бүгд ногоон “адгуус”-т баригдаж, ул мөр нь гол, мөрний бэлчир нутаг, намгархаг газруудад хүртэл харагдах болжээ. Шинэ зеландчууд 2004 оноос хойш дидимотой “дайтаж” байна. Түүнээс өмнө байсан үгүйг нь хэн ч мэдэхгүй. Гэхдээ хэдхэн жилийн дотор нэн ховроос нэн түгээмэл болсон хиг замгийг аялал жуулчлал хөгжсөнтэй холбон тайлбарлаж байгаа аж. Албаны хүмүүсийн хичээл зүтгэлийн дүнд тус улсын Умард аралд одоогоор дидимо хүрээгүй байна. Үүнд тус арлын галт уулын чулуулаг ихтэй, фосфороор баялаг хөрс мөн нөлөөлж байж болох юм. Үүнээс үүдэн дидимо үнэхээр Шинэ Зеландыг эзэлсэн үү, эсвэл нуугдмал байсаар ирсэн үү гэдгийг гол, нууруудын ёроол дахь хиг замагны чулуужсан үлдэгдлийг судалж тогтоож болох гэнэ. Гэвч энэ нь дэндүү өртөг зардал ихтэй.


02

"Алуурчин" биш

Аялагч, загасчдаас эхлээд энгийн иргэдэд энэ бүхэн харин сонин биш. Их хэмжээний хиг замаг байгаль орчныг хэрхэн сүйтгэхийг мэдэж байх нь л тэдэнд чухал. Энэ тал дээр ч гэсэн дидимо эрдэмтдийг гайхшируулж байна. Судалгаанаас үзвэл хоёр атомт замаг дэлэнч, мухар шумуул зэрэг жижиг шавж хорхойн үржилд эерэг нөлөөтэй хэрнээ ялаа, хэдгэнэ зэрэг арай том биетэй шавжны тоо толгойг бууруулдаг гэнэ. Цэнгэг усны загасны идэш тэжээлийг судалдаг Америкийн Өмнөд Дакотагийн Блэк Хиллс судалгааны төвийн загас судлаач, профессор Даниэль Жеймсийн тогтоосноор дидимо одоогоор загасны хоол тэжээлд сүрхий нөлөөлөөгүйн дээр цэнгэг усны загаснууд том шавж хорхой хорогдохын хэрээр жижиг шавж идэх нь нэмэгджээ. Гэхдээ энэ нь харилцан адилгүй байна. Тухайлбал, Шинэ Зеландад дидимогоос болж цэнгэг усны жижиг загас олноороо үхсэн тохиолдол бүртгэгджээ.

Гэсэн ч профессор Жеймсийн хэлснээр дидимо нь гэмт хэрэгтэнтэй зүйрлэвээс үймээн дэгдээгч, түйвээнч этгээд болохоос алуурчин, хөнөөгч биш гэнэ. Бусад хоёр атомт замаг шиг өсөж үрждэггүйнхээ адилаар дидимо усны амьтан, ургамлыг үй олноор нь устгахгүй, ердөө гол, мөрний өнгө төрхийг өөрчилж, усны бүтцэд нөлөөлнө гэж үзэх эрдэмтэн олон байна.


01

Жинхэнэ түрэмгийлэгчид

Дидимо чухам юунаас болж гэнэт их хэмжээгээр ургаж, түрэмгий болов? Үүнд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл нь цэнгэг усны экосистемийн тэнцвэрт байдал сүүлийн хэдхэн жилд хүний зүй зохисгүй үйлдлээс болж алдагдсан явдал юм. Судлаачдын тогтоосноор хүмүүс хатуу түлш их хэмжээгээр хэрэглэдэг нь агаар мандал дахь азотын хэмжээг нэмж, энэ нь хөрсний организмын фосфорын хэрэгцээг өсгөснөөс усан дахь байгалийн гаралтай фосфор багасчээ. Ингэснээр фосфоргүй усанд “дуртай” дидимод эзэрхэг болох таатай орчин бүрдүүлж өгсөн хэрэг. Хоёрт ой хөвч болоод ногоон байгууламжийн хэмжээ хумигдсан нь фосфоргүй ус булаалдах өрсөлдөгчийг нь цөөрүүлж, дидимод өсөж үржих нөхцөл болсон байна. Харин удаах хүчин зүйл нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дулаарал юм. Дэлхий нийтийн “үйлдвэрлэдэг” хүлэмжийн хийнээс болж цас эрт хайлж, дөрвөн улирлын үе мөчлөг алдагдсан нь цэнгэг усны экосистем, гүний усны нөөцөд нөлөөлсөн гэнэ. Хур тунадсаар сэлбэгдэх учиртай томоохон гол, нууруудын байгалийн эргэлт ийнхүү хэвийн бус болсноор усан дахь эрдэс бодисын зохист хэмжээ алдагдаж, түрэмгий замаг усан ертөнцийг түйвээх болжээ.    

1988 оноос хойш дидимогийн эзлэн түрэмгийлсэн газруудад очиж, тэр бүрт учраа олохгүй, толгойгоо маажлан байсан судлаачид ийнхүү “хэргийн эзэд”-ийг олсон нь хүмүүс бид өөрсдөө юм.



9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-1
qqqq
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
109,300 оноо
Г.
02Г. Орхоо
20,000 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд