Арав.мн

Дулаарал болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай

Дулаарал болон уур амьсгалын өөрчлөлтийн тухай

Дэлхийн дулаарал бол хэдэн мянган жил үргэлжилж байгаа байгалийн үзэгдэл бөгөөд жам ёсны хувирал, шат дарааллын дагуу дэлхийн температур өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл юм. Үүнд хүний нөлөөлөл хэдийнээс л байсан. Өөрөөр хэлбэл, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хий нь цоо шинэ үзэгдэл биш юм. 


04

Жам ёсны ба жам бус өөрчлөлт

Нарны илч дулааны далайн давалгаа адил үл тасрах хөврөл нь дэлхийн агаар мандалд нэвтэрч, буцаж ойн дэлхийн гадаргад шингэлгүй замхрах ёстой атал нүүрстөрөгчийн хий тэргүүтэй халуун хадгалагч хийтэй нэгдэн шим мандалд үлдэх нь дулаарлыг хурдасгадаг байна. Жам ёсны дулаарлын явцыг түргэсгэсэн жам ёсны бус энэ үзэгдлийг харин уур амьсгалын өөрчлөлт гэнэ. Уур амьсгалын өөрчлөлтөд цаг агаарын хэт хэлбэлзэл, чийг, хур тунадас, салхи, шуурганы эрс тэс үзэгдлүүд багтана. Хэдийгээр олон нийт уур амьсгалын дулаарал, өөрчлөлтийг нэг зүйл гэж ойлгодог ч эл хоёр үзэгдлийн гариг дэлхийд үзүүлж байгаа нөлөөлөл нь өөр өөр юм. 


03

Дулаарлын нөлөө

Өнөө цагт дулаарлыг бий болгож байгаа гол шалтгаан нь хүн амын хэт өсөлт, хүний үл багасах хэрэглээ юм. Эдгээр нь метан их хэмжээгээр ялгаруулдаг хог хаягдал, озоны давхаргад хамгийн их сөргөөр нөлөөлдөг шатахууны хязгааргүй хэрэглээ, асар олон цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл, агаар мандлын тэнцвэртэй байдалд нэн чухаг хүчилтөрөгч ялгаруулагч ой ширэнгийн сүйтгэл зэргийг дагуулж байна.  

Мөн хөрс, агаар, далай тэнгисийн бохирдол дулаарлыг нэмэгдүүлж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болов. Бохирдол нь мөн биологийн олон талт байдалд заналхийлж ургамал, амьтны олон төрөл зүйлийг мөхлийн ирмэгт аваачаад байгаа билээ. Эдгээр сөрөг хүчин зүйлсийн байгаль, амьд организмд нөлөөлөх хурд жилд 1.4 хувиар нэмэгдэж байна гэсэн судалгаа саяхан гарчээ. Үүний дүнд XX зууны сүүлийн хоёр арван жил өнгөрөгч 400 жилийн хамгийн халуун, мөн хамгийн олон байгалийн гамшиг тохиосон жилүүд байсныг эрдэмтэд онцолж байна. 


02

Дулаарал уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх нь

Агаар мандалд нэгэнт тогтсон хүлэмжийн хий хэдэн арван жил нэг төлөвтөө байдаг байна. Өөрөөр хэлбэл, аюул заналхийлэл нь нэмэгдэнэ үү гэхээс буурах юм уу өөрчлөгдөх нь үгүй. Дулаарлаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь юуны өмнө далай тэнгисийн температурыг нэмдэг. Энэ нь хар салхи, шуурга, торнадо, цунами зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамжийг ойртуулна. Мөн Африк зэрэг угаас хур тунадас багатай халуун, хуурай газруудыг бүр ч халуун болгож ган гачигт хүргэнэ. Харин далай тэнгистэй хил залгаа нутгуудад хур бороо элбэгшиж, үер усны аюул нүүрлэнэ. Өнгөрөгч зууны эхэн үеэс хойш далайн түвшин хэдийнээ 15-20 см-ээр нэмэгдсэн. Уур амьсгалын өөрчлөлт энэ хэвээр үргэлжилбэл далайн түвшинг дунджаар 250 метрээр нэмнэ гэсэн тооцоо бий. Энэ нь дэлхийн экосистемийг хэрхэн сүйтгэж, эрэг дагуух хэчнээн хот, хэдэн арлыг хүн суурьших аргагүй болгохыг өнөө ч бүрэн тооцоолох аргагүй байна. 


01

Дулааралтай тэмцэхэд таны оруулах хувь нэмэр

Дулаарлын хор уршиг, байгаль эхийн сүйрлийн тухай байнга шахам ярьж, бичих болсон энэ үед гэрэл цахилгаан, усаа хэмнэ, мод тарь, цахилгаан тэрэг хөлөглө, хогоо дахин ашигла, байгалийн гаралтай хоол хүнс, хувцар хунар хэрэглэ гэх зэрэг олон ч зөвлөгөөг та сонссон биз. Эх дэлхийнхээ сайн сайхны төлөө эдгээрийг хэрэгжүүлдэг хүмүүс ч цөөнгүй байх. Харин энэ удаад байгаль орчныг хамгаалахад тустай гэх зөвлөгөөнд тэр бүр дурддаггүй цөөн хэдэн зөвлөмжийг хүргэе. 

Хаягдал болохоос нь өмнө хандивла 

Хэрэггүй муу сайн хувцас, хүүхдийн тоглоом, ашиглагдахаа больсон цахилгаан хэрэгсэл зэргийг хог дээр хаяхаас өөр аргагүй болтол муудахаас нь өмнө хуучин юмс худалдаж авдаг газарт тушаа. Тийм газрууд ямар ч хогийг хэрхэхээ мэдэх бөгөөд та бага ч гэсэн бэлэн мөнгөтэй болоод авна.  

Угаалгын машиныхаа хэмийг багасга 

Гэртээ угаалгын машин ашигладаг бол ямар ч зүйлийг хэзээ ч бүү халуун усаар угаа. Энэ нь таны хувцас хунар, орны даавуу, бүтээлэг зэрэг машинаар угааж болох бүхний эдэлгээг богиносгоод зогсохгүй угаалгын машин, цахилгаан зарцуулалт гээд таны бүх юманд сөрөг нөлөөтэй. Хамгийн гол нь халуун устай эргэлдэж байгаа угаалгын машинаас ялгарах, үл анзаарагдам хий яг л хөргөгч, хөлдөөгчөөс ялгардаг хорт хийн адил озоны давхаргыг гэмтээдэг байна.  

Цахим хэлбэрээр төл 

Байгалийг асар хурдацтай сүйтгэсэн өнгөрөгч зууны сүүл үеийнхнээс ялгаатай хийгээд азтай нь бид цахим эринд аж төрж байна. Банкны тооцоо, орон байрны төлбөр, цалин хөлсөө бид цахим хэлбэрээр хүлээж авах, төлөх боломжтой болсон. Хэдэн мянган хуудас номыг ч хэвлэж цаас үрэлгүйгээр цахим уншуураас уншиж болж байна. Тэгэхээр ирээдүйгээ аврахын тулд яагаад эдгээр энгийн аргыг хэвшүүлж болохгүй гэж?  

Химийн найрлагат цэвэрлэгчээс зайлсхий 

Мебель өнгөлөгч, шил арчигч, угаалтуур зүлгэгч зэрэг эхүүн хурц үнэртэй цэвэрлэгч шингэн, нунтаг олон бий. Тэдгээрээс аль болох татгалзах нь зүйтэй. Учир нь тэдгээр химийн найрлагат цэвэрлэгч бодисууд бараг бүгд агаарт ууршиж, эргээд таны болон гэр бүлийнхний тань эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Ялангуяа, бага насны хүүхдийн амьсгалын замд хэчнээн харш байх талаар дурдах нь илүүц биз. Тэдгээрийн оронд уксус, ургамлын тос, хүнсний хөөлгөгч сода, нимбэгний шүүс, хийжүүлсэн ус зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг цэвэрлэгч болгон ашиглаж болно.



9.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
109,300 оноо
Г.
02Г. Орхоо
20,000 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд