Арав.мн

Таван сарын тавны баяр (өгүүллэг) - Лү Синь

Таван сарын тавны баяр (өгүүллэг) - Лү Синь

"Таван сарын тавны баяр"

Лү Синь


Сүүлийн үед Фан Сюаньчүо “бараг л мөн дөө, ялгаагүй дээ” гэх үгэнд дуртай болжээ. Ам нээмэгцээ л энэ үгийг унагахаас гадна ганцаараа байхдаа л энэ тухай эргэцүүлж, амандаа бувтнана. Урьд нь “адилхан даа” гэдэг байсан ч арай л энгийн санагдаад, энэ үгээ “бараг л мөн дөө, ялгаагүй дээ” гэдгээр сольж, амны уншлага болгов.

Энэ энгийн үг заримдаа Фанд гунигт бодол төрүүлэх ч тайвшруулж тайтгаруулах нь олонтаа. Урьд нь хөгшид, залуусыг дарахад эгдүүцэж дургүйцэж асан бол өнөө тайвширчээ. Залуус цагийн аясаар нас нэмж, үр ач нараа сургана. Тэгэхээр бүх зүйл шударга байна. Өмнө нь цэрэг тэрэгчийг цохиж байхад бухимддаг байсан бол одоо болив. Тэрэгч цэрэг, цэрэг тэрэгч байсан бол тэрэгч байгаад цэрэг болсон энэ хүн цэрэг байгаад тэрэгч болсон нөгөөхөө цохихоос зайлахгүй. Тэгэхээр санаа зовох хэрэг ер үгүй билээ.

Гэлээ ч шинэ санаа төрөх бүрийд Фан эргэлзээнд автана. “Өөрийгөө хуурч байгаа нь энэ биш байгаа? Илжирсэн нийгэмтэй тэмцэх чадалгүйдээ ингэж ухарч байгаа бус уу? Энэ маягаар сайн мууг ялгахаа болих вий. Ер нь ингэж бодож болохгүй нь.” Гэсэн хэдий ч шинэ санаа ой ухаанд нь батжин үндсээ дэлгэсээр байх аж.

Анх Бээжингийн Тэргүүн буян сургуульд лекц уншихдаа эл санаагаа дурджээ. Түүхэн баримт сэлт сөхөхдөө тэрээр “Орчин үеийнхэн эртний хүмүүсээс төдий л холдож хөгжсөн зүйлгүй” гээд “Хүмүүс байгалиасаа хэн хэндээ ойр” хэмээн эцэст нь одоогийн оюутан, түшмэдийн талаар ярьсан юмдаг.

“Одоо нийгэмд түшмэдийг хараах хандлага давамгайлж байна. Ялангуяа оюутнууд тэднийг харааж зүхэх нь элбэгшлээ. Түшмэл тусдаа овог аймгийн улс биш, эгэл жирийн хүмүүс. Түшмэдийн олонх нь оюутан байсан. Гэвч хуучны түшмэдээс ялгагдаж байна уу? Нэр нь өөрчлөгдсөн ч бусад нь янзандаа гэдэг л энэ байх. Тэдний үзэл санаа, үг хэл, үйл хэрэг, зан байдал нь огтхон ч ялгаагүй... Дашрамд хэлэхэд, оюутны байгууллагууд ч буруу зөрүү зүйл хийдэг. Галыг унтрааж, утааг сарниадаг бил үү, тэд? Бараг л үгүй дээ. Гэхдээ энэ нь чухамдаа ирээдүйн Хятадын хувьд аюул түгшүүр болж байна...” гэж илтгэхэд танхимд тарж суусан хорь гаруй сурагч түүнийг дор бүрнээ өөр өөрийнхөөрөө ойлгов.

Зарим нь гонсойж, зарим нь дэмжсэн бол хэсэг нь залуус руу дайрч давшлаа, үлдсэн нь Фанг багш, түшмэлийн албыг давхар залгуулдгийн хувьд амиа хоохойллоо гэж үзжээ.

Үнэнийг хэлэхэд тэд бүгд эндүүрчээ. Фан Сюаньчүо энэ өдөр ахиад л үймэрсэн төдий. Сэтгэл үймэрсэн тухай эргэцүүлэхдээ хувь заяандаа ханана. Залхуу хойрго зангаа хүлээн зөвшөөрдөггүй энэ хүн өөрийгөө ер нь үйл хэрэг бүтээх хүн биш гэдэгтэй хэдийн эвлэрчээ. Сургуулийн захирал түүнийг сэтгэлийн өвчтэй гэж сэрдэхэд суудлаасаа ховхрох вий гэж эмээсэндээ дуу ч гаргаагүй. Багш нарын цалинг хагас жил гаруй тавиагүйд Фангийн хувьд түшмэлийн цалингаараа амь зууж, энэ тухай мөн ажил албан дээрээ ам нээгээгүй аж. Гэхдээ зүгээр ч дуугүй байсангүй. Багш нар цалингаа нэхэхэд байдлыг ойлгохгүй дэндүү шавдуулж хашгиралдах юм гэж бодсонсон. Түшмэд багш нарыг бөөрөлхөхөд бас бухимдсан. Тэгэвч “Түшмэдийн цалин нь бас амь зуулганд хүрэлцдэггүй биз дээ. Тэд ямар над шиг багшилдаг биш” гэж сэтгэлээ зогоосон.

Мөнгөний хэрэгцээ гарсан тул Фан ямартаа ч багш нартай нэгдсэнгүй. Гэлээ гээд ажил хаялтын үеэр лекцээ ороогүй.

“Хичээлээ заавал цалин олгоно” гэх засгийн мэдэгдэлд Фан дургүйцсэн нь үнэн. Багш нарыг сармагчинд гадил харуулж хуурдагтай л ижил хуурч байна шүү дээ. Нэгэн сурган хүмүүжүүлэгч “Нэг гартаа ном барьж буй багш хүн нөгөө гараараа мөнгө авах нь зүйд нийцэхгүй” гэж хэлсэн юмдаг. Ингээд багтаж ядсан уураа эхнэртээ гаргажээ.

- Хүүе, хоёрхон хоол бэлдээ юу? гэсээр ширээн дээр тавьсан будаа, ногоо руу хялавхийжээ.

Эхнэр, нөхөр Фан орчин үеийн сургуульд сурч байсангүй. Эхнэр нь сургуулийн нэр ч үгүй (тэр үед охидыг сургуульд ороход нэр өгдөг байжээ) учир нөхөр нь түүнийг хэн гэж дуудахаа мэдэхгүй, арга буюу “Хүүе” гэж л дээ. Хуучин ёсоор эхнэр гэж дуудаж болох ч хуучинсаг байхыг хүссэнгүй. Чингээд “Хүүе” гэж дуудах болжээ. Эхнэрийн хувьд нөхрөө “Хүүе” ч гэж дуудахгүй тул Фан өөдөөс нь харж хэлсэн үгийг нь л анзааран сонсоно.

- Өнгөрсөн сард авсан арван таван хувь дууслаа... Будаа өчигдөр дууссан. Арай гэж зээлж авсан шүү дээ гэж хэлэхэд:

- Тэгээд бас багш хүн цалин нэхэх ёсгүй гэж сурталдаад байгаа. Хүн болсон хойно идэж уух ёстойг мэддэггүй юм байх даа? Идэж уух юм авахад мөнгө хэрэгтэй. Үгүй, ийм наад захын юм мэдэхгүй улс байдаг аа... хэмээн үглэв.

- Харин тийм ээ. Мөнгөгүй бол яаж будаа авах вэ. Будаагүй ямар хоол хийх вэ...

Фан, эхнэр нь түүний санасныг аман дээрээ гаргахыг дуулаад илт уурсав. Эхнэр нь “ялгаагүй дээ” гэх түүний бодлыг яв цав хэлжээ.

Фан зангаараа буруу харснаар яриа дууссаныг илэрхийлэв.

Багш нар жихүүн салхи, хүйтэн бороонд цалингаа нэхэмжилсээр засгийн газрын байрны үүдэнд жагсан ирэхэд багашаархан мөнгө олгожээ.

Цагдаа нар жагсагчдыг Синьхуа хаалган тушаа хөөж тараахад заримынх нь толгой хагарчээ. Ингэхэд Фан хуруугаа ч хөдөлгөөгүй атлаа мөнгө авав. Хуучин өрийнхөө хэсгийг дарахыг хүссэн ч нэлээн дутаж буй. Түшмэдийн цалинг ч өгөлгүй уджээ. Номхон дөлгөөн хэн ч болов босохоор нөхцөл бүрдэв. Тэгмэгц Фан багшийн хувиар багш нарыг энэрэн харж үзэх учиртайг сануулж, хэдийгээр жирийн үед хурал цуглаанд оролцож, ажил хаяхаар шийдэхэд эзгүй байсан ч шийдвэрийг дуртайяа дагаж, хичээлээ заасангүй. 

Засгийн газраас цалин тавьсанд хичээл хэвийн үргэлжлэв. Гэвч хэдэн өдрийн өмнө оюутны холбооноос засгийн газарт “Багш нар хичээлээ орохгүй бол олгоогүй цалинг нь бүү олго” гэсэн хүсэлт хүргүүлжээ. Уг хүсэлтийг засгийн газар авч хэлэлцээгүй ч Фан “Хичээлээ орвол цалин олгоно” гэсэн засгийн газрын урьдын мэдэгдлийг санаж, “бараг л ялгаагүй дээ” хэмээх үг сүүдэр мэт өмнө нь сүүтэгнэв. Үүнийгээ ч лекцэн дээр дуулгасан билээ.

Бараг л ялгаагүй ээ гэдэг энэ үгийг төмөр хайлуулдаг шиг халуулан, ухаж бодвол, өөрөөр хэлбэл хууль журмын үүднээс тунгаавал Фан угтаа амин хувиа хичээсэндээ гундуу явааг ойлгож болно. Гэвч дан ганц түшмэлийн нэр төрөө хоохойлохын тулд ийм үзэлтэй болсон гэвэл алдас билээ. Өдгөө Хятадын ирээдүйн талаар хэл амаа билүүдэн цэцэрхэх болсон Фан төрсөн нутгаа гэсэн эх орончийн дүрд хувилж “Хүмүүс ухамсаргүйдээ зовж шаналсаар ирсэн” гэж номлож эхлэв.

“Бараг л ялгаагүй дээ” гэх үзэл нь удаа дараа батлагдана. Засгийн газар толгойн өвчин болсон багш нарыг хаясантай л ижил тэдэнтэй ямар ч хамаагүй түшмэдийг түлхэв. Түшмэдийн цалинг олгохгүй удсанд мөнгө нэхэх нь гутамшиг гэж үздэг номхон дөлгөөн түшмэдийн сэтгэл ч эргэжээ. Тэд хурал хийж, цалингаа нэхэх мэдэгдэл гаргалаа. Зарим сонин тэднийг шоглосон ч Фан гайхаж балмагдсангүй. Бараг л ялгаагүй гэх үзэлдээ бат суурилан, сонингийнхон цалинтайдаа сагсалзаж байна гэж дүгнэлээ. Засгийн газар, чинээлэг иргэд тэднийг тэтгэхээ зогсоовол даруй хурал хуй хийх нь мэдээж.

Өдгөө Фан цагтаа багш нарыг өрөвдөж явсан шигээ түшмэдийг өрөвдөнө. Тэглээ ч контортоо суусан хэвээр, засгийн газраас цалин нэхэх жагсаалд оролцсонгүй. Сэхүүн зантай гэж сэрдэхэд нь эндүүрч гээд “Хүмүүс өрөө байнга л нэхдэг. Би харин зээлсэн мөнгөө хэзээ ч нэхэж байгаагүй. Нэхэж чадах ч үгүй. Тэгээд ч эдийн засгийн эрх мэдэлтэй хүмүүстэй нүүр тулах зориг хүрэхгүй” гэж мэдэгдлээ.

Тэд эрх мэдлээ алдаж, Их хөлгөний итгэл үнэмшлийн суурь судар барин бурханы шашныг сурталчилваас дуртайяа уулзахсан. Харин хаан ширээнд залрах байх ахуйдаа тэд бусадтай Эрлэгийн хаан лугаа адил хандах нь ойлгомжтой. Иймээс Фан тэдэнтэй уулзахыг хүссэнгүй. Заримдаа ийн сэтгэдэгтээ өөрийгөө бусдаас дээгүүр тавих ч эргэлзэх нь давамгайлна.

Тал талаас цалин шаардсан улс очоогүй хүрээгүй газар нэгээхэн ч үгүй. Фан үүн шиг ацан шалаанд орж байсан удаагүй. Зарц хөвгүүн, гудамжны наймаачдаас гадна эхнэр нь хүртэл түүнд эгдүүцэх мэт. Сүүлийн үед зөрж, үс сөргөх хандлагатай болоод ёс бус аашлах нь энүүхэнд. Таван сарын дөрөвний өглөө ирэхэд багц цаас бариад угтав. Урьд нь ийм явдал болж байгаагүй билээ.

- Мөнгө өгсөн үү? Зуун наян юанийн өртэй байна шүү дээ гэх хэлэхдээ өөдөөс нь ч харсангүй.

- Хм. Маргааш ажлаасаа гарна аа. Засгийн газар чек тараасан гэсэн ч зөвлөлийнхөн бидэнд өгөөгүй. Жагсаагүй хүмүүст олгохгүй гэсэн ч дараа нь өөрсдөө ирж ав гэсэн. Мөнгөний бараа хармагцаа л Эрлэг Номун хааны зан суудаг улс юм. Би үнэнийг хэлэхэд тэдэнтэй уулзахаас халгаад л байна. Тэр мөнгийг нь ч авахгүй, ингэж доромжлуулснаас ажлаасаа гарах минь... гэж уурсахад нөхрөө ийм байдалтайг тэр бүр хараагүй Фан эхнэр анхандаа айсан ч удалгүй тайвширч, нөхрийнхөө нүүр өөд ширтээд:

- Очиж уулзаад мөнгөө авчихсан нь дээр биш үү гэж намуухан өгүүллээ.

- Больё доо. Ямар гуйлга гуйж байгаа биш. Ном ёсоороо бол санхүүгээс авах ёстой цалин шүү дээ хэмээв.

- Өгөхгүй бол яах билээ? Хүүхдүүд сургалтын төлбөр нэхсэн гэж өчигдөр хэлснийг би бүр мартчихаж. Хэд хэдэн удаа нэхсэн гэнэ. Төлөхгүй бол...

- Дэмийрэх юм! Аав нь цалингаа авч чадахгүй байхад яаж сургалтын төлбөр төлөх вэ. Тэгээд ч хэдхэн үг сурсан төдий байгаа хүүхэд шүү дээ.

Эхнэр нь түүнийг бухимдуу бөгөөд яриа эвгүйрхэж байгааг мэдрээд дуугаа хураав.

Хоолны ширээнд суугаад дуугарсангүй. Нөхөр нь хоолоо идээд хэсэг бодол болж, төдхөн гараад явчихлаа.

Сүүлийн жилүүдэд таван сарын тавны баяр, эс бөгөөс шинэ жилийн өмнө Фан шөнө дунд харьж ирэхдээ:

- За, аваарай гэсээр эхнэртээ Хятадын банк, эс бөгөөс Холбоо харилцааны банкны боодол шинэхэн дэвсгэрт өгдөг заншил тогтжээ.

Гэтэл энэ жилийн таван сарын дөрвөнд долоо ч болоогүй байхад эргээд ирнэ гэж хэн санах вэ.

Фан эхнэр түүнийг ажлаас гарах өргөдлөө өгчихөж гэж сандарсан ч царай нь амгалан.

- Юу болоо вэ? Эрт хүрээд ирэх чинь... гэж асуувал:

- Авч чадсангүй ээ. Банк хаачихаж, найман хүртэл хүлээх нь дээ гэлээ.

- Очиж уулзсан нь дээр байжээ дээ гэхэд:

- Тэгэх шаардлагагүй болсон. Урьдын адил санхүүгээр тавина гэсэн. Харин банк баярын гурав хоног ажиллахгүй гэнэ. Найман хүртэл хүлээе дээ гээд сууж цай оочлоод, - Азаар мөнгө ороод ирж. Авахад юу байх вэ... Найман гэхэд олгоно гэнэ. Хамаатнаасаа мөнгө зээлэх гэж байгаа биш юундаа зовох вэ. Би Зинь Юншэнтэй уулзаад ирлээ. жаал ярьж суулаа. Эхлээд цалин нэхсэн хүмүүстэй нэгдэлгүй, цалингаа уулзаж авахаас татгалзсаныг минь магтан сайшааж, ёс төртэй, үнэ хүндтэй хүн ийм л байх учиртай гэж саймширсан ч тавин юань зээлье гэмэгц атга давс үмхсэн аятай ярвайгаад, түрээсийн төлбөрөө авч чадахгүй байна, наймаа нь алдагдалтай байна гэж гомдол мэдүүлээд... адаг сүүлд нь хамт ажилладаг зөвлөлийнхөнтэй уулзаж цалингаа авахад юу нь болохгүй байна гээд гаргалаа гэсээр санаа алдав.

- Баярын өмнө мөнгө зээлэх хүн олдохгүй шүү дээ гэж эхнэрээ үг хавчуулахад Фан толгой гудайн, Зинь Юншэнтэй төдий л дотночилж яваагүйгээ бодлоо.

Өнгөрсөн жилийн хуучдаар нутгийнх нь хүн арван юань зээлүүлэхийг гуйсанд Фан хэдий цалингийн чекээ авсан байсан ч зээлүүлэхээс эмээгээд, мөнгөний боломж тааруу, сургууль, байгууллагаас цалингаа аваагүй, тусалж чадахгүй нь гээд гаргасан юмсанж. Фан өөрийгөө хараагүй ч тун эвгүйрхэж, уруул нь чичигнээд, толгой сэгсэрсэн.

Дараа нь Фан зарц хөвгүүнээ лангуунаас шишийн дарс зээлээр авч ир гэж явуулав. Лангууныхан баярын өмнө өрөө төлөх байх гээд зээлэх нь мэдээж. Зээлэхгүй бол маргааш өрөө төлөхгүй юм шүү гэж сэтгэв.

Хөвгүүн шишийн дарс авчирсанд Фан хоёр тагш уугаад халж улаа бутарлаа. Оройн хоолны дараа халамцаж, Хадэмэн тамхи сорон, Ху Шигийн шүлгийн түүврийг бариад хажуулав. Эхнэр нь дөхөж ирээд:

- Маргааш лангууны өрөө яаж төлдөг билээ? гэж асуухад:

- Лангууны өр гэнэ ээ. Наймны үдээс хойш ир гээ гэж хэллээ.

- Итгэхгүй шүү дээ.

- Юу гэсэн үг вэ? Байгууллагаас ганц ч хүн цалингаа аваагүй байгаа. Бүгд наймныг хүлээж байхад итгэхгүй гэж юу гэсэн үг вэ? гэж унтууцах Фан агаар тал дугуй зураад, номоо эргүүлсэнд эхнэр нь яриад нэмэргүйг ухаарав.

- Ингэж амьдрах арга алга... Нэг юм бодохгүй бол ч болохгүй нь шүү дээ гэж огт өөр сэдэв сөхвөл:

- Юу бодох вэ дээ? Юу хийх вэ? Түшмэл хүн бичээч болох биш, цэрэг эр гал унтраах биш гэж үг бий хэмээв.

- Чи Шанхайн номын дэлгүүрт юм бичиж өгдөг байсан даа.

- Шанхайн номын дэлгүүрт үү? Тэд чинь ханз бүрийн тоогоор мөнгө өгдөг улс. Миний бичсэн шүлгийг чи харсан. Хэдхээн үгтэй. Түүврийг маань ихдээ л гурван зуун юаниар авна. Зохиогчийн эрхийн талаар бичсэн ч хагас жил хариу өгсөнгүй. Ийм байхад хэн тэдэнтэй ажиллах вэ? Түүгээр байгаа гайг үүгээр дуудаад хэрэггүй.

- Тэгвэл эндхийн сонинд өгвөл ямар вэ?

- Сонинд оо? Хамгийн том сонин ч мянган ханзыг хэдхэн зоосоор үнэлдэг. Юм бичдэг манай нэг оюутан тэгж хэлнэ билээ. Өглөө үдэшгүй бийр бэх нийлэн суусан ч хэдэн зоосоор та нарыг яаж тэжээх вэ? Тэгээд ч юу бичих вэ?

- Баярын дараа яах вэ? гэж Фан эхнэрийг санаа зовоход:

- Баярын дараа юу? Ажилдаа явна даа... Лангууныхан маргааш ирвэл наймны үдээс хойш өрөө төлнө гээрэй гээд номоо ширтсэнд эхнэр нь:

- Баярын дараа... найманд... ерөөсөө сугалаа авдаг юм бил үү... гэж зориглон өгүүлэхэд:

- Дэмийрэх юм! Эрдэм номгүй хүн биш дээ, ийм юм ярьж явдаг... гэж бухимдсан ч гэнэтхэн Зинь Юншэнийхээс гараад толгой гудайн гэлдрэхдээ Таосянцунь дэлгүүрт орсноо саналаа.

Дэлгүүрийн үүдэнд “Гол хонжвор арван мянган юань” гэсэн томоос том зарлал байхыг хараад зүрх дэлсэж, алхаа удаарширсан шүү дээ. Гэвч байгаа жаран есөн фэнээ үрж чадалгүй бие барин дэргэдүүр нь өнгөрсөн.

Эхнэр нь түүнийг дургүйцэв гэж эндүүрэн санаад холдоход Фан, Ху Шигийн шүлгийн түүврийг чанга дуугаар дуудан хэвтлээ.

1922 оны зургадугаар сар


9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Bilguun
01Bilguun Buuwuu
98,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд