Арав.мн

Дэлхийг цөмийн дайнаас аварсан хурандаа

Дэлхийг цөмийн дайнаас аварсан хурандаа

1983 оны есдүгээр сарын 26-ны өдөр түүхэнд онцгойлон тэмдэглэгдээгүй. Аугаа нээлт юм уу, шинжлэх ухаан, соёл урлагийн ямар нэгэн чухал үйл явдал энэ өдөр болоогүй. Энэ өдрийг олон жилийн турш Америкийн цомын тэмцээнд австраличууд америкчуудыг ялсан өдөр л гэж тэмдэглэсээр иржээ. Гэтэл энэ өдөр хүн төрөлхтөн түүхэнд байж болох хамгийн аймшигтай дайн дажнаас аврагдсан байна. 

1983 он бол Хүйтэн дайны оргил үеүдийн нэг байлаа. Коммунист оросууд, капиталист америкчууд далайн хоёр эрэгт бие биеийнхээ эсрэг юу ч хийхэд бэлэн зогсож байв. Олон арван жил дайсагналцсан хоёр их гүрний харилцаа Өмнөд Солонгосын 007 дугаарын зорчигч тээврийн онгоц сүйрсний дараа, угтаа бол оросуудад оногдсоны дараа улам хурцаджээ. Оросууд 1983 оны есдүгээр сарын 1-нд 269 хүнтэй явсан дээрх онгоцыг устгасан байна. Амь үрэгдэгсдийн дунд Америкийн Сенатын гишүүн хүртэл байлаа. Голдуу америк тагнуулчдын хяналтад байдаг бүсэд нисэж явсан мөнөөх онгоц агаарын зурвас ялимгүй нэвтэрмэгцээ эргэн нисчээ. Харин үүнийг нь цэргийн үйл ажиллагаа байж магадгүй хэмээн сэжиглэсэн оросууд шуудхан пуужин харваж онгоцыг хэдэн мянган метрийн өндрөөс тэнгис рүү унагачихаж.

Дэлхий нийт цочирдож, АНУ уг үйлдлийг аллага, харгислал хэмээн нэрийдэв. Улс төрийн уур амьсгал гэнэтхэн л түгшүүртэй болж, Америкийн агаарын хүчин гэнэтийн цохилтод бэлтгэж эхэллээ. Энэ үед Москва хотын захад байрлах нууц албаны хурандаа Станислав Евграфович Петров АНУ Орос руу халдсан тохиолдолд дайсанд хариу барих нууц ажиллагааг хянаж байв. Түүний урд бүх цаг үеийн хамгийн аюултай цөмийн зэвсгийн удирдлага байлаа. Гэтэл 1983 оны есдүгээр сарын 26-ны өдөр түүний урдах дэлгэцэн дээр гэнэтхэн “Асаа” гэсэн том улаан гэрэл анивчиж эхэлжээ. Энэ нь Америк Орос руу халдлаа, хариу цохилт өг гэсэн дохио боловч хурандаа хүлээхээр шийдэж. Тусгай албаныхан бүгд цочирдож, хурандаагийн шийдвэрийг амьсгаа даран хүлээв. Эхний дохиоллын дараа мөнөөх гэрэл дахин дөрвөн ч удаа асчээ. Хурандаа Петровын тооцоолон бодох машин дээр Оросын газар нутгийг чиглэн Америкийн цөмийн таван ч пуужин ирж яваа гэх ослын гэрэл анивчив. Түүнд шийдвэр гаргах 2-3-хан минутын л хугацаа байлаа. Хэрэв Станислав Евграфович гол товчлуурыг дарсан бол зөвлөлт засгийн тэргүүн болоод жил ч болоогүй байсан КГБ-ийн тэргүүн асан Юрий Андропов олон зуун сая хүнийг хэдхэн хормын дотор хөнөөх цөмийн пуужинг харвах тушаалыг үг дуугүй буулгах байв. 

Харин туршлагатай хурандаа мэдлэгтээ бус мэдрэмждээ найджээ. Юуны өмнө тэрээр цөмийн пуужингууд нэг баазаас бус, харин дайсны бүхий л хүчнээс зэрэг ирэхийг тооцоолсон байна. Мөн тооцоолох төхөөрөмж ташаа мэдээлэл дамжуулсан байж мэднэ гэж таамаглажээ. Хэсэг тээнэгэлзсэний эцэст хурандаа Петров мэдсэн сурсан бүхнийхээ эсрэг, өөрийнхөө хөтөлсөн протоколын эсрэг шийдвэр гаргаж гол товчлуурыг дарсангүй. Уг явдлын дараа хэргийг шалгах хороо мэдээлэл дамжуулагч сансрын хиймэл дагуул бүрэн чадлаараа ажиллаагүйг тогтоосон гэдэг. Ердөө цаг уурын тогтворгүй байдал цөмийн пуужин мэдрэгчийг хэлбэлзүүлсэн аж. Хэргийг шалгах хороо Петровыг ялласангүй, шагнасан ч үгүй.

Хожим хурандаагийн хэлснээр түүнийг гавьяа байгуулсан хэмээн өргөмжилсөн бол цөмийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг үл хүндэтгэсэн хэрэг болох байв. Станислав Евграфович дэлхий ертөнцийг санаандгүй шахам аварснаасаа хэдэн сарын дараа цэргийн албаа орхиж мод бэлтгэгч болжээ. Зарим хүн түүнийг халагдсан гэдэг ч тэрээр өөрөө цэргийн амьдралаас залхсан гэж даруухан өгүүлж байлаа. Гэхдээ нууц албаныхан түүнийг байцааж, үүргээ умартсан хэмээн яллаж хэсэг хугацаанд хорьсон гэх баримт бий. Дээрх хэргийн дараа сэтгэцийн гүн хямралд хүртэл орсон тэрээр эхнэрээ хорт хавдраар өвдөхөд ажлаа орхиж, Москва хотын захад орших Фрязино сууринд эхнэрээ асрах болжээ. Тэрээр нам гүмхэн амьдарсаар 2017 оны тавдугаар сарын 19-нд 77 насандаа таалал төгссөн байна. Харин 1990-ээд оны эхэн хүртэл улсын нууцад тооцогдож байсан хурандаа Петровын түүхийг түүнтэй мөр зэрэгцэн алба хааж явсан хурандаа генерал Юрий Вотинцев анх нийтэд дэлгэсэн гэдэг. Түүнийг Хүйтэн дайн дуусгавар болсны дараа буюу 1990-ээд оны сүүлч, 2000-гаад оны эхээр л дэлхий дахиныг аварсан баатар хэмээх болж, умгар гэрт нь сэтгүүлчдийн хөл тасрахаа больжээ. Хурандааг зорьж очсон олон зуун сэтгүүлчийн нэрийн хуудас нэг томхон хайрцаг дүүрэн байсан гэдэг. Гэтэл тэдний ердөө гурав нь л орос сэтгүүлчийнх байлаа.  

Станислав Евграфович 2004 оны тавдугаар сарын 21-нд Сан Франциско хотод төвтэй Дэлхийн иргэдийн холбооноос дэлхийн хүндэт иргэн цомоор шагнагдаж, 2013 онд Германы Засгийн газраас Дрездений энхтайвны шагнал хүртжээ. Хүн төрөлхтнийг аварсан энэхүү эгэл хүний амьдрал, 1983 оны мөнөөх явдлыг өгүүлсэн “Ертөнцийг аварсан хүн” нэртэй баримтат кино 2014 онд дэлгэцэнд гарсан байна. Хурандаа Петров уг кинонд зориулан өгсөн ярилцлагадаа “Би ердөө байх ёстой газраа, зөв цагтаа байж, ажил үүргээ гүйцэтгэсэн төдий. Ийм явдалтай холбоотойг минь эхнэр маань ч мэдэлгүй 10-аад жил болсон. Эхнэрээ "Чи яг юу хийсэн юм бэ?"  гэж асуухад би "Юу ч хийгээгүй ээ" гэж л хариулсан. Заримдаа юу ч хийхгүй байх нь муу зүйл хийхээс хамаагүй дээр” хэмээн ярьсан байдаг. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+6
уйлах гэж байна
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
138,900 оноо
Mujak
02Mujak Seegii
2,400 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд