Арав.мн

Шпигель сэтгүүлд өгсөн Мо Янь-ийн ярилцлага

Шпигель сэтгүүлд өгсөн Мо Янь-ийн ярилцлага

“Би буруутай” 

Сурв: - Мо Янь гуай, Мо Янь гэдэг нь таны жинхэнэ нэр биш. Чимээгүй бай гэсэн утгатай үг шүү дээ. Тэгэхээр та ийм нэртэй учраас тэр болгон ярилцлага өгөхөөс цааргалдаг юм аа даа?

Мо Янь: - Би ер нь улс төрийн тухай ярих дургүй л дээ. Зохиол бүтээлээ удаан хугацаанд бодож боловсруулж явдаг ч богино хугацаанд бичиж дуусгадаг. Олны өмнө үг хэлснийхээ дараа би ер нь зөв юм хэлэв үү гэж бодох нь олонтаа. Гэхдээ л миний үзэл бодол тодорхой. Миний уран бүтээлд туссан бий.

Сурв: - Таныг Нобелийн шагнал авсны дараа Мэлхий хэмээх романыг тань олон хэлнээ хөрвүүлсэн. Энэ романд Хятад гэр бүл нэг хүүхэдтэй байх ёстой гэсэн нөхөн үржихүйн бодлогын тухай гардаг. Та энэ бодлогын тухай юу гэж боддог вэ?

М.Я: -  Эцэг хүний хувьд би хүн болгон хэдэн хүүхэдтэй болохыг хүснэ төдий тооны хүүхэдтэй болох эрхтэй гэж үздэг. Гэхдээ төрийн албаны хүний хувьд хууль журмаа дагаж мөрдөх ёстой. Ер нь Хятадын хүн амын асуудлыг тийм ч амархан шийдэх боломжгүй л дээ. Хамгийн гол нь хэдэн хүүхэдтэй болохыг нь хуульчилж зааж болохгүй гэж л санадаг юм.

Сурв: - Мэлхий романд яг энэ асуудлыг хөнддөг шүү дээ. Та өөрийнхөө үзэл бодлыг романдаа тусгасан уу?

М.Я: - Энэ романд миний нагац эгчийн амьдрал тусгалаа олсон юм. Эгч маань миний төрж өссөн Гаоми сууринд насаараа эх барих эмчээр ажиллахдаа элдвийг л үзсэн гэдэг. Тэгээд би тэр бүхнийг нь буулгах ёстой юм гэж бодсон доо.

Сурв: - Романы гол баатар Ван эмч нэг бодлын аймшигтай хүн шиг санагддаг. Эгч тань энэ романыг уншаад юу гэж хэлсэн бэ?

М.Я: - Эгч маань уншаагүй. Би унших хэрэггүй гэдгийг түүнд ойлгуулсан л даа. Түүнээс гадна романд бичсэн бүхэн эгчид минь тохиолдсон үйл явдал биш. Миний сонсож дуулсан зүйлс бас орсон.

Сурв: - Таны ном зохиолд хэлэхээс ч зүрхшээмээр үйл явдлууд өрнөдөг. Жишээ нь Сармисны түүх-энд дуншиж буй хөл хүнд эмэгтэй өөрийгөө дүүжилдэг. Мэлхий роман таны бичсэн хамгийн дүнсгэр роман шиг санагддаг. Та энэ романаа хэдий хугацаанд бичиж дуусгасан бэ?

М.Я: - Ер нь богино хугацаанд бичсэн шүү. Гэхдээ санааг нь их удаан тээсэн. Романаа бичиж суухдаа ч дарамтанд орсон мэт эвгүй санагдаж байлаа. Энэ романаараа би өөрийгөө шүүмжлэх гэж бас оролдсон юм.

Сурв: - Өөрийгөө шүүмжилнэ гэж яг яаж шүүмжилнэ гэсэн үг вэ?

М.Я: - Хятад улс сүүлийн хэдэн арван жил маш их өөрчлөгдсөн. Иймдээ ч бидний үеийнхэн өөрсдийгөө золиос болжээ гэж ярих нь элбэг. Зарим хүмүүс энэ бүхэнд би буруутай юу гэж асуудаг л даа. Би Мэлхий романаараа дамжуулж үүнд хариу өгөх гэж оролдсон. Хэдийгээр би тухайн үед 11 настай сурагч байсан ч улаан цэрэг буюу хунбин-д нэгдэж багшийгаа шүүмжилж явлаа. Бусдын амжилт бүтээлд атаархаж явсан үе ч бий. Өөрийнхөө ирээдүйн төлөө эхнэрээ үр хөндүүлж байсан нүгэлтэй хүн. Тэгэхээр би буруутай л гэж хэлэх байна.

Сурв: - Таны ном зохиолыг уншихад Хятадын нийгмийн ялзрал, болж бүтэхгүй бүхэн нүднээ ил болдог. Ингэж бодоход улс орон, ард иргэд тань ерөөс өсөн дэвжих хүсэлгүй мэт санагддаг.

М.Я: - Зохиолч хүний хувьд намайг хятад зохиолч гэж хэлэхэд хэцүү л дээ. Хятад зохиолуудын дийлэнх нь аз жаргалтайгаар төгсдөг. Гэтэл миний зохиолууд эмгэнэлтэйгээр өндөрлөдөг шүү дээ. Гэлээ ч үүний цаана итгэл найдвар, эрч хүч бий шүү гэсэн үзэл санааг агуулдаг.

Сурв: - Таны зарим зохиолыг уншихад кино үзэж байгаа шиг сэтгэгдэл төрдөг л дөө. Та зохиолын баатрынхаа сэтгэл рүү хэт их өнгийхөөс зайлсхийдэг шиг санагдах юм. Жишээ нь Ван эмч намын бодлого буруу гэдгийг сайн мэдэх атлаа түүнийг баримталсаар байдаг шүү дээ.

М.Я: - Ерөөсөө миний үеийнхэн бүгд тийм. Зарим хүмүүс соёлын хувьсгал алдаа байсныг ойлгосны зэрэгцээ нам үүнийг засаж залруулсныг ч бас ухаарсан юм.

Сурв: - Хятадын зохиолч Ляо Иу-д Германы номын шагнал гардуулахад тэрээр манай сэтгүүлд таныг шүүмжилж, улстөржсөн зохиолч гэж нэрлэсэн л дээ.

М.Я: - Би тэр тухай уншсан. Шагналаа гардаад хэлсэн үгийг нь ч сонссон. Тэр хүн Хятад үндэстнийг задлахад уриална билээ. Би түүнтэй санаа нийлж чадахгүй нь. Түүний төрсөн нутаг Сычуанийнхан ч мужаа Хятадаас тусгаарлуулахыг дэмжихгүй биз. Эцэг эх нь ч түүнтэй санал нийлэх нь юу бол. Ний нуугүй хэлэхэд тэр өөрөө ч ийм үзэл санаатай эвлэрч чадахгүй л яваа болов уу. Тэр надад атаархдагийг би мэднэ ээ. Миний хувьд түүний хэлсэн шүүмж байндаа оносонгүй дээ л гэж бодож байна.

Сурв: - Үүнээс гадна таныг 1942 онд Мао Зэдүний тогтоосон уран зохиолын үзэл суртлын тухай өгүүлсэн номыг бичихэд оролцсон гэж шүүмжилдэг.

М.Я: - Тийм ээ. Үнэнийг хэлэхэд би тэр төсөлд өгсөн мөнгөнд нь болж оролцсон юм. Уг номыг гаргах гэж байсан хэвлэлийн газрынхан зуугаад зохиолчтой тохиролцож, хурал хийсэн л дээ. Би ч тэр хуралд нь оролцоод эднээс дутахгүй юм шүү гэсэндээ ном бичихэд нь оролцсон.

Сурв: - Үйлийн үр романы нэг баатар Маогийн зурагтай энгэрийн тэмдгээ жорлонд санамсаргүй унагачихдаг, Өөрчлөлт-өд та Маогийн цээж баримлаар хархнуудыг устгадаг. Та зохиолдоо ийм шийдэмгий үйл явдлын тухай бичих атлаа өөрөө бол тэгтлээ шийдэмгий үг хэллэг хэрэглэхгүй юм.

М.Я: - Би хэлэх үгэндээ анхаарал болгоомжтой ханддаг байсан бол ярилцлага өгөхгүй л байлаа. Би чинь зохиолч хүн шүү дээ. Гэлээ гээд бусдын бичээгүйг бичье, тогтсон журмыг зөрчье гэж санасангүй. Хүмүүс зохиол бүтээлийг минь уншаад Мао чинь бурхан биш, бидэнтэй л ижил хүн байж гэж санавал тэр л биз гэж бодох юм.

Сурв: - Өнөөдөр та Хятадын зохиолчдын эвлэлийн дэд даргын албан тушаалд ажиллаж байгаа. Тийм болохоор төр засгийн нөлөөнд автдаг гэж үзэх хүн бишгүй л байна.

М.Я: - Энэ бол их хариуцлагатай албан тушаал. Намайг Нобелийн шагнал авахаас өмнө энэ мэтийн шүүмжлэл сонсогддоггүй байсан л даа. Түүнээс гадна төр засагтай зөрчилдсөн хүнд л Нобелийн шагналыг өгөх ёстой гэж үздэг хүмүүс ч бий. Гэтэл миний ойлгосноор энэ хүндтэй шагналыг уран бүтээлд нь өгдөг гэж бодох юм.

Сурв: - Германы зохиолч Мартин Вальзэр таныг их магтдаг шүү дээ. Таны романуудыг гоо сайхан, харгис хэрцгий байдлыг яв цав дүрсэлсэн суут бүтээлүүд гэж хэлдэг.

М.Я: - Би Вальзэрийн бүтээлүүдийг уншсан. Надад таалагдсан шүү. Дэлхийн хоёрдугаар дайны дараах герман хүмүүсийн сэтгэл санааг маш оновчтой дүрсэлсэн байна лээ. Нобель авах хамгийн их магадлалтай герман зохиолч гэвэл тэр. Түүнээс гадна Нобелийн шагналт Гюнтер Грассын уран бүтээлд ч би дуртай.

Сурв: - Грасс танаас ялгаатай нь улс төртэй хутгалдах дуртай хүн дээ.

М.Я: - Тийм ээ. Олон нийттэй мэтгэлцэж сурсан хүмүүсийг би хүндэлдэг юм. Харамсалтай нь надад тийм авьяас заяасангүй дээ. Олны өмнө гарах дургүй хүн шүү дээ, би чинь.

Сурв: - Тэгэхээр та Стокгольмд болсон ёслолын үеэр жаахан эвгүйрхжээ дээ.

М.Я: - Тийм шүү. Жижигхэн модон тоглоом оролдонгоо лекцээ уншиж дуусгасан. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start