Арав.мн

Гангаар бүтсэн эрчүүд буюу Татагийнхны түүх

Гангаар бүтсэн эрчүүд буюу Татагийнхны түүх

1890-ээд оны хаврын нэг өдөр Энэтхэгийн бизнесмэн Жамсэтжи Тата өнөөгийн Мумбай, хуучнаар Бомбей хотын хамгийн тансаг зочид буудлын нэг рүү зориг гарган оржээ. Гэтэл яг өөрийнх нь таамаглаж байснаар түүнийг нутгийн иргэн, өнгөт арьстан хэмээн зочид буудлаас хөөсөн байна. Өнөө ч энэтхэгчүүдийн дунд ам дамжин яригддаг нэгэн яриагаар Жамсэтжи буудлаас хөөгдсөндөө ихэд цухалдаж “Хэн ч байсан үйлчилдэг, өөрийн гэсэн зочид буудалтай болно доо” гэж өөртөө амласан гэдэг.

Энэ явдлаас хэдхэн жилийн дараа буюу 1903 онд тэрээр “Таж Махал” зочид буудлаа нээжээ. Мумбайн төвд орших энэ буудал хотын цахилгаан, эрчим хүчтэй анхны барилгаар тогтохгүй америк сэнс, герман цахилгаан шат, англи тогоочтой, Энэтхэгийн анхны дээд зэрэглэлийн зочид буудал байлаа. “Таж Махал” өдгөө Мумбайн төдийгүй Энэтхэгийн гол нэрийн хуудсын нэг билээ. Энэ бол хэнээс ч юу ч гуйхгүй, хүссэн зүйл нь байхгүй бол бусдын гар харалгүй өөрөө хийж бүтээнэ гэсэн зарчимтай байсан Жамсэтжи Татагийн олон гайхамшигтай түүхийн нэг юм.


05

Жамсэтжи Тата

Жамсэтжи Тата 1839 онд хойд Энэтхэгийн Гужарат мужид парси гэр бүлд мэндэлжээ. Түүний өндөр өвөг, элэнц, хуланц нь эрдэмд шамдсан жирийн харц ард, парси үндэстний гол шашин болох зороастерийн шашны лам хуврагууд байлаа. Харин аав нь шашин номын мөр хөөлгүй, худалдаа наймаа эрхэлсэн, удмынхаа анхны эр хүн байв. Жамсэтжи 14 настайгаасаа эцгийнхээ ажилд тусалж, хөвөн худалдаалж эхэлжээ. Татагийнхан яваандаа арилжаа наймааныхаа хүрээг тэлж, овсгоотой Жамсэтжи хүүгийн санаачилгаар хөвөнгөөс гадна цай, зэс, гууль, бүр хар тамхи хүртэл борлуулах болов. Энэ бүхнийг тэрээр зээлээр авч, тухайн үед наймаалахад ямар нэг хориггүй байсан хар тамхи дамлаж байгаад зээлээ төлчихнө гэж тооцоолсон байна. Үнэхээр ч түүний зөв байлаа. Нэг дор их хэмжээгээр биш ч тасралтгүй зарагдаж байсан хар тамхинаас олсон ашгаараа Жамсэтжи өр зээлээ барагдуулаад зогсохгүй нэлээд мөнгө хуримтлуулсан тул хилийн дээс алхаж юм үзэж, нүд тайлъя гэж шийджээ. Тэгээд ч 1857 онд дэгдсэн энэтхэгчүүдийн тусгаар тогтнолын төлөөх бослого тэмцлээс болж Энэтхэгийн юм бүхэн нэг хэсэгтээ л хөл, толгой нь олдохоо болиод байлаа. Тийм үед ямар нэг том наймаа эрхэлж, аль нэг салбарт их хэмжээний хөрөнгө оруулах нь дэндүү эрсдэлтэй байв.

Ингээд дөнгөж 20 хүрч байсан Жамсэтжи Англи, Америк, эх газрын Европоор хэдэн жил аялжээ. Мөн Хонконг, Хятад, Японд хөл тавьж, Зүүн Азиас бараа татах боломжийг судлав. Колони улс аж үйлдвэрлэлээ л хөгжүүлэхгүй бол хэзээд бусдын эрхшээлд байна гэдгийг тэрээр энэ урт аяллынхаа эцэст юу юунаас илүү ойлгосон гэдэг. Жамсэтжи нутагтаа эргэж ирээд хэдэн жилийн дараа эцгийнхээ бизнесээс өрх тусгаарлалаа. Тэр үед залуу Тата 29 настай байв. Улс орноо тусгаар тогтнуулъя гэвэл энэтхэгчүүд юуны түрүүнд үндсэн хэрэглээ болох бөс бараагаа дотооддоо үйлдвэрлэх ёстой гэж үзсэн тул тэрээр Английн Ланкаширт харсантайгаа төстэй хөвөнгийн үйлдвэртэй болохоор шийджээ. Тэгээд бүтэн есөн жил хөдөлмөрлөж байж 1877 онд Энэтхэгийн анхны 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай хөвөн, бөс даавууны үйлдвэрийг байгуулав. Татагийн “Empress Mills” үйлдвэр Виктория хатныг Энэтхэгийн хатан хаанаар өргөмжлөгдсөн өдөр буюу 1877 оны нэгдүгээр сарын 1-нд нээгдсэн байдаг. 

Жамсэтжи анхандаа ердийн худалдаачин байснаа туйлын эх оронч, нийгмийн зүтгэлтэн болсон хүн юм. Тэрээр Энэтхэгийн ирээдүйг свадеши буюу “Эх орондоо үйлдвэрлэв” гэсэн утгатай ганц хинди үгээр тодорхойлж байлаа. Энэ нь 1900-гаад оны эхэн үед дэгдсэн болоод хожим Махатма Гандигийн удирдсан, энэтхэгчүүдийн эрх чөлөөний төлөөх 1940-өөд тэмцэл хөдөлгөөний гол тулгуур үзлийн нэг болжээ. “Аливаа улс гүрэн хийгээд тодорхой бүлэг хүнийг өөдлөн дэвжээхэд гагц дорой буурайг нь тэтгэн дэмжвэл амжилтад эс хүрнэ. Харин аль чадалтай, самбаатайг нь бусдаас түрүүнд тавих нь алсыг харсан шийдвэр мөн” хэмээн Жамсэтжи Тата бичсэн нь бий. Тэрээр өөрийгөө тийнхүү бүгдийн тэргүүнд явж, удирдан чиглүүлэх чадвартай гэдгийг мэдэж байлаа. Тиймээс хөвөн самбайхнаас эхэлсэн бизнесээ “хатууруулж” гангийн үйлдвэр лүү шилжүүлэхийг, Энэтхэгийн анхны төмөрлөгийн үйлдвэрийг байгуулахыг битүүхэн мөрөөдөж, зорилгодоо алхам алхмаар урагшилж байжээ. Гэхдээ мөрөөдлөө биелүүлж чадалгүй 1904 онд өөд болсон байна.


04

Дораб Тата

Түүний мөрөөдлийг 1904-1932 онд Татагийнхны бизнесийн гүрнийг удирдсан ууган хүү Дораб нь асар богино хугацаанд биелүүлж, эцгийгээ бурхан болсноос ердөө гурван жилийн дараа ган төмөрлөгийн “Tata Steel” үйлдвэрийг байгууллаа. Ингэж Энэтхэг орон өөрийн гэсэн ган боловсруулах үйлдвэртэй, Азийн анхны улс болов. Тэр үед Британийн нэгэн түшмэл “Энэтхэгчүүд үйлдвэр ажиллуулж чадахгүй ээ. Хөл нүцгэн улс шүү дээ. Үнэхээр ган боловсруулдаг юм бол тэрийг нь би идэж үзүүлье” хэмээн басаж байсан гэдэг. Харин дэлхийн I дайн дэгдмэгц “Tata Steel” гангийн үйлдвэр Британийн эзэнт гүрнийг олон чухал тулаанд ялахад хүргэсэн төмөр замын хэд хэдэн өргөтгөлийг дангаараа гүйцэтгэсэн түүхтэй.

Гангийн үйлдвэр байгуулахаас гадна ой ширэнгэн дунд аж үйлдвэрийн хот суурин байгуулж, ард иргэдийн амьдрал ахуйг сайжруулахыг хүсэж байгаагаа Жамсэтжи Дораб хүүдээ маш тодорхой бичиж үлдээжээ. “Хот газрын гудамж, зам харгуй цэгцтэй байх ёстой. Хоорондох зайд нь олон мод тарь. Том барилга байгууламжийн гадна цэцэрлэгт хүрээлэн, үгүй бол бага ч гэсэн зүлэгжүүлсэн талбай байх хэрэгтэйг мартуузай. Гудамж бүрт хөлбөмбөг, хоккейн талбай байвал зүгээр. Хотод маань ведийн хийд, Мухаммедэд итгэгчдийн мөргөлийн газар, хэрээст шүтлэгтнүүдийн сүм зэрэгцэн оршвол хэчнээн сайхан” гэхчлэн эцэг Тата бичсэн байна. Жамсэтжи Татагийн мөрөөдлийн биелэл болсон хот өдгөө зүүн Энэтхэгийн Жарканд мужийн нутагт бий. Жамшедпур нь тус мужийн хамгийн том хот бөгөөд нарийн төлөвлөлтийн дагуу баригдсан, Энэтхэгийн анхны аж үйлдвэржсэн хот юм. Энэтхэгийн хамгийн “ногоон”, хамгийн цэвэрхэн хотын нэг болох Жамшедпурыг байгуулсан нь Татагийнхны нийгэмдээ хандсан их ажил үйлсийнх нь, хэдэн зуун мянган хүнд сайн сайхан, баталгаатай ирээдүй бэлэглэхийн эхлэл байв. Тэд ажилчдаа 1877 оноос нийгмийн халамжид, 1921 оноос эх, хүүхдийн тэтгэмжид хамруулж, 1912 онд ажлын найман цагийн хуваарь баталжээ. Энэ бүхэн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ашгаа бусадтай хуваалцсан цагт л аливаа бизнес удаан оршин тогтноно гэсэн үзэлтэй байсан Жамсэтжи Татагийн итгэл үнэмшилтэй холбоотой. “Олон нийт гэдэг санхүүгийн эх үүсвэр юм уу, бизнесийн хувь эзэмшигч биш. Харин арилжаа наймаа, аливаа үйлчилгээний цөм хийгээд ерөөс ийм харилцаа оршин байгаагийн үндсэн шалтгаан юм” гэж тэрээр олонтаа хэлж байж. Жамсэтжи Тата мөн Банглор хотод Энэтхэгийн шинжлэх ухааны хүрээлэнг байгуулсан гавьяатай. Энэтхэгчүүд ирээдүйн инженер, эрдэмтэн, судлаачдаа өөрсдөө бэлтгэх нь хөгжил дэвшлийн бас нэг суурь болно гэдэгт тэрээр итгэлтэй байв.

Тата болон түүний хөвгүүд ашиг орлогынхоо дийлэнх хувийг итгэмжлэгдсэн буяны сангуудад хуваан байршуулжээ. Тэдгээр сан нь хожим нэгдэж, “Тата” группийн 66 хувийг эзэмшдэг “Татагийн хөвгүүд” компани болсон байна. Хөрөнгө мөнгөө цөөн хэдэн хүний гарт төвлөрүүлэхгүй байх энэ шийдвэр нь бизнесийн ирээдүйд эергээр нөлөөлж, богино хугацаанд ашиг олох гэхээсээ урт хугацааны явцад бүр их хэмжээний тогтсон орлоготой болоход хүргэв. Татагийн гэр бүл одоо ч бүх хувьцааныхаа ердөө гурван хувийг эзэмшдэг. Энэ нь хувьцаа эзэмшигчид болоод группийн гишүүн компаниудын эздэд итгэл төрүүлдэг гэж мэргэжилтнүүд үздэг. Тэгээд ч Татагийнхан олуулаа биш тул он удаан жил хамтран ажилласан харилцагч түншүүд болон итгэлийг нь олсон хувьцаа эзэмшигчдээ өөрийн хүнээс дутахааргүй үнэлдэг аж. Ийм итгэлцэл бий болоход Татагийнхны даруу зан, эгэл жирийн амьдралын хэв маяг нь мөн нөлөөлсөн байна. 


03

Жехангир Тата

1938 онд 34 настайдаа группийн ерөнхийлөгч болсон Жехангир Тата (аав Ратанжи Тата нь Жамсэтжи Татагийн үеэл байв) уг нь үйлдвэрийн эзэн болохыг хүсээгүй гэдэг. Гэр бүлийнхээ бизнесийг хагас зуун жил удирдаж, хожим улсынхаа хамгийн нэр хүндтэй хүний нэг болсон ч түүний ганц мөрөөдөл нь нисгэгч болох байв. Жехангир нисгэгчийн үнэмлэх гардсан, Энэтхэгийн анхны иргэн бөгөөд Англи, Энэтхэгийн хооронд ганцаарчилсан нислэг үйлдсэн түүхэн дэх хоёр дахь хүн юм. Гэр бүлийн үүрэг хариуцлага нь түүнийг “тэнгэрээс буулгасан” ч хүсэл мөрөөдлөө бизнестэйгээ уялдуулж, Энэтхэгийн анхны агаарын шуудангийн үйлчилгээг бий болгожээ. Анхны нислэгийг нь тэрээр өөрөө хийсэн байдаг. Тэр үед онгоц хөөрөх, буух зурвас гэж байсангүй. Хэдэн шуудай дүүрэн захидал, илгээмж бүхий онгоцоо Жехангир элс, шавраар өнгөлж зассан шороон зам дээр буулгаж байж. Түүний санаачилсан агаарын шуудангийн үйлчилгээ нь Энэтхэгийн анхны иргэний агаарын тээврийн үйлчилгээний эхлэл байлаа. Хожим “Air India” нэртэй болсон “Tata Airlines” Татагийн гэр бүлд маш их амжилт, ашиг орлого авчирчээ. Хэсэг хугацаанд улсын мэдэлд давхар харьяалагдаж байсан уг компани бүх авиа компанийг улсынх болгох 1953 оны шийдвэрээр Татагийнхны мэдлээс гарч, улсын өмч болсон байна. Гэсэн ч Жехангир Тата 1978 он хүртэл компанийн удирдах зөвлөлийн гишүүн байжээ. 

Улсдаа иргэний агаарын тээврийн анхны компанийг нь “бэлэглэсэн” түүний нислэгийн салбар дахь ажил үүгээр дууссан ч энэ нь Жехангирийг мэдээллийн технологид анхаарал хандуулахад хүргэсэн байна. 1968 онд байгуулагдсан “Tata Consultancy Services” буюу зөвлөх үйлчилгээний байгууллага нь Энэтхэгийг компьютержуулах их ажлыг эхлүүлсэн гол компанийн нэг юм. Энэ нь цаг үеэсээ түрүүлсэн, Энэтхэгийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад хийсэн гэхэд маш эрсдэлтэй, төдий хэрээр зоригтой ажил байлаа. Өдгөө “Tata Consultancy Services” нь группийнхээ хамгийн их ашиг орлоготой компани болжээ. 


02

Ратан Тата

Жехангир Татагийн орыг 1991 онд түүний хаяал Ратан Тата залгамжлав. Энэ нь Энэтхэгийн эрх баригчид хувийн бизнесийнхэнд өмнөхөөсөө илүү уян хатан хандаж эхэлсэн үетэй давхацсан тул Татагийнхний шинэ удирдагч дэлхийн тавцанд гарахыг юу юунаас илүү чухалчилжээ. Тэрээр “Tetley” цайны үйлдвэрийг худалдан авч, даатгалын AIG групп, АНУ-ын “Ritz-Carlton” зочид буудал, Европын “Corus Steel” гангийн үйлдвэр, Өмнөд Солонгосын “Daewoo” компанийн хүнд машин механизмын үйлдвэрийн хувьцаануудыг тус тус эзэмших болов. Ингэснээр Тата гэдэг нэр хаа сайгүй сонстох болж, “Цайнаас IT хүртэл” гэдэг үг Тата группийг тодорхойлж эхэллээ. Гэхдээ бүхий л талаар Энэтхэгийн хамгийн “том”, хамгийн итгэл даасан, олны хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүд болоод ч Татагийнхан эгэл даруу зангаа гээсэнгүй. Жехангир Тата Мумбай хотын төвөөс холгүй, компанийнхаа төв байрны ойролцоо байшин түрээсэлж байсан бол Ратан Тата машинаа үргэлж өөрөө жолооддог байв. Машины хорхойтон тэрээр олон жил дотроо тээсэн мөрөөдлөө 2009 онд биелүүлж, дэлхийн хамгийн хямд нано машин үйлдвэрлэсэн нь 100 мянган рүпи буюу 1600 ам.долларын үнэтэй “Tata” суудлын тэрэг байлаа.

Татагийнхан жилд дунджаар 200 сая ам.долларыг нийгмийн сайн үйлсэд зарцуулдаг. Тэдгээр сайн дурын ажилд нь Жамшедпур орчмын дэд бүтцийг сайжруулахаас эхлээд эмэгтэйчүүдэд бичиг үсэг заах, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, бага ястнуудын үндэсний хөгжмийн өвийг хамгаалах гээд олон хөтөлбөр багтдаг. Ратан Татагийн хэлснээр ган төмөр гаднын хүч нөлөөлөлд биш, зөвхөн өөрийнхөө зэвэнд л идэгдэж мууддаг бөгөөд үүнтэй адил том компаниуд дотроосоо "идэгдэхгүй"-н тулд алсыг харж, нийгэмдээ тустай үйлс бүтээх үүрэгтэй юм. 


01

Шинэ үеийнхэн

Натаражан Чандрасэкаран 

Нийгмийн тусын тулд хийсэн олон ажлаараа танигдаж, 2006 онд “Татагийн хөвгүүд”-ийн удирдах зөвлөлд багтсан Сайрус Мистри 2012 онд группийн ерөнхийлөгч болжээ. Хэдийгээр Тата овгийн биш ч тэрээр Татагийнхантай ураг төрлийн холбоотой байлаа. Сайрус Мистригийн удирдлага дор “Тата” групп сайн санааны үйлсэд хамгийн их хөрөнгө оруулдаг, дэлхийн топ 20 компанийн нэг, хамгийн их итгэл хүлээсэн, дэлхийн хамгийн нэр хүндтэй 11 дэх брэнд болсон байдаг. Гэвч 2013 онд Энэтхэгийн төдийгүй Британийн шилдэг үйлдвэрлэгчээр шалгарсан түүнийг 2016 онд "Татагийн хөвгүүд"-ийн Удирдах зөвлөлийн дотоод шийдвэрээр группийн ерөнхийлөгчийн суудлаас нь буулгажээ. 

Түүний орыг мөн л Тата овгийн биш, бүр парси угсааны ч биш Натаражан Чандрасэкаран авлаа. Өмнөд Энэтхэгээс гаралтай, хиндү шашинт, тамил хэлт тэрээр олон жил "Тата" группийн харьяа "Тата Зөвлөх үйлчилгээ" (TCS) компанийн захирлаар ажилласан байна. Тус компани Энэтхэгийн хамгийн үнэ цэнтэй компаниар тогтохгүй, тус улсын хамгийн олон ажилчинтай хувийн аж ахуйн нэгж юм. Түүний удирдлага дор TCS нь IT-гийн салбар дахь дэлхийн хамгийн нэр хүндтэй, үнэ цэнтэй компани болжээ. 

"Тата" группт өдгөө гангийн үйлдвэр, машины үйлдвэр (түүний дотор Jaguar, Land Rover-ийг эзэмших болсон), цахилгаан эрчим хүч, кофе, ундаа, зочид буудал, IT үйлчилгээ, харилцаа холбоо зэрэг салбарын нийт 29 компани багтаж байна. Гэхдээ ингэтлээ өсөж өргөжлөө ч Татагийн бизнесийн эзэнт гүрний гол үзэл баримтлал огт өөрчлөгдөөгүй бөгөөд тэр нь зороастерийн шашны “Хумата хукта хуаршта” буюу “Зөв санаа, зөв үг, зөв үйлдэл” гэсэн зарчим юм. 


9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
Энэтхэг улсын Бангалор 2006-2008 он сурч байлаа. Тата гээд гар утасны том оператор байдаг байлаа мөн Тата гээд машин. Ер нь олон салбарт том нь байж билээ. Ewit
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start