Арав.мн

GAME OF THRONES-ийн ардах Английн түүх, бодит хүмүүс

GAME OF THRONES-ийн ардах Английн түүх, бодит хүмүүс

Жорж Р.Р. Мартины “Гал мөсний дуун” цувралаар бүтээсэн “Хаан ширээний тоглоом” кино дэлхий нийтийг байлдан дагуулж, өдгөө үзэгч олон сүүлийн бүлгийг нь тэсэн ядан хүлээж байгаа билээ. Энэхүү бүтээл өгүүлэмжийн олон чиг шугам, хэдэн арван сонирхолтой дүр, тэдгээрийн ээдрээтэй харилцаа, гэнэтийн эргэлт, цочир сонин нууцуудаараа үзэгч, уншигчдын сэтгэлийг татсан. Харин энэ бүхнийг Мартин дэлхийн түүхээс, тэр дундаа Английн хаад, хатдын намтар цадиг, тус улсын түүхэнд 1455-1487 онд тохиосон Сарнайн дайнаас санаа авч бичсэн бөгөөд тэгэхдээ эртний Ром, Дундад зууны үеийн Европ, Монголын эзэнт гүрэн, эртний хүннүчүүд, сонгодог үеийн Египет гээд бусад олон цаг үед хамаарах үүх түүхээр хачирлан, зохиолоо баяжуулжээ. Вестеросын газрын зураг гэхэд л эвдэж өөрчилсөн Британийн газрын зураг шиг харагддаг билээ. 

Тэрээр энэ тухайгаа “Би түүхийн хорхойтон. Дэлхийн түүхийн аль ч үе надад гайхамшигтай, эцэс төгсгөлгүй адал явдал шиг санагддаг. Бодит хүмүүсийн амьдрал, их гүрнүүдийн уналт, босолт, хаад, хатад, цэрэг дайчдын тэмцэл, баатарлаг гавьяа, урвалт шарвалт гээд хүний санаанаасаа зохиох боломжгүй олон гайхалтай явдал дэлхийн түүхэнд бий. Би ч бас зохиол бүтээлээ 100 хувь санаанаасаа зохиочихдоггүй. Өөрийнхөө сонирхдог, унших дуртай түүхэн үеүдээс, ялангуяа Английн түүхээс санаа сэдэл авдаг. Энгийнээр тайлбарлавал шошгон дээрх дэс дугаарыг нь энд тэнд оруулж, адал явдлын түвшинг нь 10 бүхэлтээр нэмж, улааныг нил ягаан болгох мэтээр өөрчилж орхидог. Ингээд л уран сэтгэмжит, адал сонин номын суурь дэвсгэр бүрэлдэж байгаа юм. “Гал мөсний дуун”-ыг бичихэд түлхэц болсон гол түүхэн явдал бол Сарнайн дайн. Яг л Старк, Ланнистерийнхны адил Иоркийнхон болон Ланкастерийнхний дунд хэдэн үе дамжин үргэлжилсэн Сарнайн дайн бол Английн хаан ширээний төлөөх, эрх мэдлийн төлөөх, заримдаа зөвхөн амьд мэнд үлдэхийн төлөөх тэмцэл байсан. Өнгөц харахад хоёр талцсан, хоёр овог аймгийнхны дайсагнал мэт боловч энд маш сонирхолтой бие хүмүүс, мөн гэр бүлийн харилцаа, хайр дурлал, бэлгийн дур хүсэл, атаа жөтөө, өшөө авалт гээд олон хүчин зүйл түүхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг” хэмээн ярьжээ.

Гэхдээ “Хаан ширээний тоглоом” нь Сарнайн дайны шууд хуулбар биш нь мэдээж билээ. Түүхчдийн онцолдогоор Мартины зохиол бүтээлийн гайхамшиг нь чухам үүндээ байгаа. Энэ, тэр дүр нь түүхийн тодорхой нэг бие хүнтэй адилхан юм гэж санах төдийд л мөнөөх дүр нь огт өөр хүн болж хувирдаг, зарим нэг дүр нь бүр олон хүний нийлбэр байх нь бий гэж түүхчид тэмдэглэжээ. Ингээд “Гал мөсний дуун”-ы олон гол баатруудын түүхэн бодит "ихрүүд"-ийг зохиолчийн өөрийнх нь тайлбарын хамт танилцуулж байна. 


10

Тайвин Ланнистер

Тайвин Ланнистер, I Эдуард

Хэмжээгүй эрх мэдэлтэй, айхтар нарийн тооцоо, алсын хараатай, хэнд ч айдас хүйдэс төрүүлэм дарангуй эцгийн энэ дүр 1272-1307 онд төр барьсан Английн нэгдүгээр Эдуард хаантай тун төстэй. Шотландын алх, Урт хөлт зэрэг нэрээр түүхэнд үлдсэн энэ хаан чанга хатуу удирдагчаас гадна маш өндөр, сүр бараатай нэгэн байсан тул дэргэд нь дөхөж очсон хэн ч айж чичирдэг байж. Бүр нэг зарц нь түүнийг хармагцаа гэнэт зүрх нь зогсож нас барсан гэх яриа бий.

Анхдугаар Эдуард яг л Тайвин Ланнистерийн адил амжилттай удирдагч, улстөрч байсан хэдий ч нэг л зүйлд үргэлж сэтгэл дундуур байсан нь үр хүүхдүүд нь байлаа. Ялангуяа өөрийн угсаа залгамжлах хунтайж, өөртэй нь ижил нэртэй Эдуард ханхүүтэй маш ярвигтай харилцаатай байв. Хаантан Тайвин Ланнистер шиг хүүгийнхээ гарт амь үрэгдээгүй ч хүүгээ өөрийнх нь энд хүрэхгүй, ерөөс өөрийнх нь хүү байх хувьгүй гэсэн бодол тээсээр, хаант улсдаа сэтгэл зовнисоор амьсгал хураажээ.

Жорж Р.Р. Мартины тайлбар: “Эдуард, Тайвин хоёр хэрэв уулзсан бол бие биеэ их л хүндлэх байсан болов уу. Эдуард Уэльс, Шотланд хоёрыг Английн эрхэнд оруулах гэж олон хэрцгий зүйл хийсэн. Яг л Тайвин шиг уэльс, шотланд язгууртнуудыг их хэмжээний алт мөнгө, айлган сүрдүүлэлт, элдэв нууц хуйвалдаанаар өөртөө урвуулсан. Бүхэл бүтэн хот, тосгодыг шатаахаа ч тэр юман чинээнд тоогоогүй. Харин Тайвин тэр бүхнийг нь дэмжиж, өөрөө удам угсааныхаа төлөө юм бүхнийг хийснийхээ адил Эдуардыг хаан титмийнхээ төлөө хатуу, харгис байж чаддаг гайхамшигтай удирдагч  гэж үнэлэх байсан байх. Бас хааны хүү, ирээдүйн II Эдуардыг яг л эцгээс нь өөрцгүй сул дорой гэж үзэн түүнд хүйтэн, дээрэнгүй хандах байсан биз”. 


09

Жоффри Баратеон

Жоффри Баратеон, Больёоны Юүстэс

Английн хаад, хатдын түүхийг бүхэлд нь “Хаан ширээний тоглоом” гэж бодвол Жоффри нь маргаангүй II Ричард болж таарна. Өөрийнх нь өмнө хаан болох ёстой байсан эцэг нь гэнэтхэн нас барж, өвөөгийнхөө угсаа залгамжлагчаар тодорсон хөвгүүн хаан Ричард 10-хан насандаа титэм зүүжээ. Жоффри, Ричард хоёр хоёулаа засаглах ухаанд суралцаагүй, хоёулаа эрх мэдлээсээ болж "сохорсон", хоёулаа өөрсдийгөө бусдаас хувь илүү гэж үзсэн. Тиймдээ ч эргэн тойрныхоо бүх хүнд харгис хатуу хандсан билээ. Хоёрдугаар Ричард л гэхэд Тариачдын бослого гэгддэг 1381 оны иргэний бослогын үед дөнгөж 14 настай байсан ч зэвсгээ хаявал бослогын удирдагчдыг өршөөнө гэсэн амлалтаа биелүүлэлгүй, тэмцэлд оролцсон хүн бүрийг аймшигтайгаар яргалан хөнөөх зарлиг буулгасан байдаг. Түүнийг төрийн эргэлтээр, 1399 онд хаан сэнтийгээс нь буулгаж, ганц жилийн дараа гянданд хороожээ.

Харин Жоффригийн үхлийг хоёрдугаар Ричардаас 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан, Английн хаан Стивний ууган хүү, угсаа залгамжлах хунтайж Больёоны дөрөвдүгээр гүн Юүстэсийн үхэлтэй адилтгаж болох юм.

Жорж Р.Р. Мартины тайлбар: “Юүстэс нэгэн найран дээр загастай бялуу идэж байгаад хахаж үхсэн гэдэг. Түүнийг хорлогдсон, хаан эцэгтэйгээ муудалцсандаа уурандаа багтарсан гээд олон янзаар ярьдаг ч миний мэдэхээр Юүстэс бол найрын ширээний ард хахаж, амиа алдсан ганц түүхэн хүн юм. Энэ нь маш сонирхолтой дүр зураг шиг санагдсан болохоор энэ явдлыг би Жоффригийн хэсэгт ашигласан. Ер нь Жоффри бол  ухвар мөчид хүүхэд гэнэтхэн хэмжээгүй эрх мэдэлтэй болох ямар аймшигтай байдгийн бэлээхэн жишээ. Ромын Калигула, Нерон, Английн хоёрдугаар Ричард, зургадугаар Эдуард гээд бага залуудаа хаан суусан олон бодит хүн Жоффрийг бүтээлцсэн”. 


08

Нед Старк

Иоркийн Ричард, Нед Старк

Старкийнхныг Иоркийнхон гэж үзвэл Сарнайн дайны Нед Старк нь Иоркийн гуравдугаар гүн Ричард байв. Тэрээр яг л Нед Старкийн адил үнэнч шударга, хүлээцтэй байснаасаа болж Галзуу хаан зургадугаар Хенрийн хатан Маргареттай тэрсэлдэн, улмаар Ланкастерийнхний эсрэг зэр зэвсэгтээ тулж, тулалдааны талбарт толгойгүй болжээ. Ланкастерийнхан түүний толгойг шонд өлгөн олон хоног байлгасан агаад хаан болох санаархал нь бүтээгүйг ард олонд сануулж цаасан титэм өмсгөсөн байсан гэдэг. Ричард гүн удам судраа хөөвөл Галзуу хаанаас илүү хаан суух эрхтэй байсан ч зургадугаар Хенритэй дайсагналцахыг бодсонгүй, харин ч хүлээцтэй хандаж, Төрийн зөвлөлийн гишүүн болж, хааны хатантай зөвшилцөхийг илүүд үзсэнээрээ хугацаа алдсан байна. Түүний хүү, хожмын дөрөвдүгээр Эдуард хаан Робб Старкийн адил эцгээ амь үрэгдсэний дараа Ланкастерийнхны эсрэг цэрэглэн босож, зургадугаар Хенрийг амьд сэрүүн байхад өөрийгөө хаанд өргөмжилжээ. Тэрээр мөн Робб Старкийн адил өөрт нь сонгож өгсөн, өмнө нь гэрлэнэ хэмээн ам тангараг өргөсөн бүсгүйтэйгээ гэрлэхээс татгалзсан байдаг. Эдуард Францын гүнжтэй хуримлах ёстой байсан ч өөрийнхөө дурласан бүсгүйтэй гэрлэсэн байна. 

Гэхдээ Сарнайн дайны жилүүдийг илүү дэлгэрүүлж үзвэл Нед Старкийн "ихэр" гэж болох өөр нэг хүн бол дөрөвдүгээр Эдуард хаанд үнэнчээр зүтгэсэн Уильям Хэстингс юм. Хэстингс, хаан хоёрын харилцаа Нед Старк, Роберт хаан хоёрынх шиг, яг л ах дүү, анд нөхдийнх шиг ойр дотно холбоо байжээ. Хэстингс гүн Эдуард хааныг нас нөгчсөний дараа түүний дүү III Ричардыг мөн хаан болоход тусалсан боловч шинэ хаан удалгүй Хэстингсийг урван тэрсэлсэн хэрэгт буруутган, олны өмнө цаазаар авсан байна.  

Жорж Р.Р. Мартины тайлбар: “Сарнайн дайнаар эзэн ноёноосоо урван тэрслээгүй, нэг хаанаас нөгөөгийнх нь мэдэлд шилжээгүй, хэн нэгэнтэй эвсээгүй, хуйвалдаагүй хүн гэж бараг байгаагүй. Дайн самуун гэдэг хэзээд сайн, муу, эсвэл хар, цагаан гээд шуудхан хоёр талд хуваачихаж болдоггүй гол дүрүүдтэй байдаг шүү дээ. Ямар ч тэмцэлд эхлэл, төгсгөл нь тодорхойгүй байдаг. Хэнийх нь зөв, хэнийх нь буруу вэ гэдгийг ч мэдэх аргагүй. Бүр анхнаасаа зөв санаа бодолтой хүн байсан үгүй нь ч мэдэгддэггүй. Үүний гол жишээ нь Сарнайн дайны үеэр хэт ухаалаг байх гээд хамаг бүхнээ алдсан Иоркийн гүн Ричард юм”.


07

Роберт Баратеон

Роберт Баратеон, VIII Хенри

Вестеросоос маш олон шинжээрээ Сарнайн дайны үеийн аль нэгэн бодит хүнтэй хамгийн адилхан дүр гэвэл магад Роберт хаан болов уу. Тэрээр дээрх Иоркийн гүн Ричардын ууган хүү, бослого тэмцэл өдөөн байж хаан ширээг булаасан IV Эдуард хаантай тун төстэй. Дөрөвдүгээр Эдуард, Роберт Баратеон хоёр хоёулаа Галзуу гэгдэх хаадаас хааны титэм булаасан, хоёулаа асар их эрх мэдэлтэй хатадтай байсан, хоёулангийнх нь эрэгтэй дүү нар нас барсных нь дараа хаан ширээнд санаархсан, мөн ууган хөвгүүд нь багадаа хаанаар өргөмжлөгдсөн ч засаглаж чадаагүй. Хэн хэнийх нь үхэл засаг төрийг самууруулсан. Бас хаан суусныхаа дараа хэн хэн нь архи дарс, эмс хүүхнүүдэд, тэр дундаа биеэ үнэлэгчдэд хөл алдсан. Зарим түүхчид IV Эдуардыг 40-хөн насандаа гэнэтхэн таалал төгссөнийг түүний эрүүл бус хооллолт, ёс бус явдалтай нь холбон тайлбарладаг.

Жорж Р.Р. Мартины тайлбар: “Роберттой төстэй өөр нэг хаан бол VIII Хенри юм. Роберт Баратеоныг үнэндээ IV Эдуард, VIII Хенри хоёрын нийлбэр гэж болно. Наймдугаар Хенри хүлэг баатруудын морьт тулаанд ихэд хорхойсдог байсан, бас сайхан хүүхнүүдийг зүгээр байлгадаггүйгээрээ алдартай байлаа. Түүнтэй холбоотой, хүмүүсийн хамгийн сайн мэдэх зүйл нь зургаан удаа гэрлэсэн нь шүү дээ. Бас ан ав, дайн байлдаанд дуртай, засаг төрийн нарийн ширийн ажлыг Төрийн зөвлөлдөө хариуцуулахыг илүүд үздэг байсан, хоёр дахь эхнэр Энн Болейн нь төрсөн ахтайгаа дэр нийлсэн хэргээр яллагдан цаазлагдсан, насны эцэст идэш ууш нь дийлдэхээ байж, маш их жин нэмсэн зэргийг нь Баратеоны дүрд шигтгэж өгсөн юм”. 


06

Робб Старк

IV Эдуард, Робб Старк 

Дөрөвдүгээр Эдуардтай төстэй өөр нэгэн дүр бол дээр дурдсанаар Робб Старк юм. Сарнайн дайны Нед Старк болох Ричард гүнгийн ууган хүү Эдуард Роббын адил эцгийгээ алагдсаны дараа, 18-хан насандаа ээжийнхээ тусламжтайгаар Ланкастерийнхны эсрэг босчээ. Түүний эх, Иоркийн гүнгийн ахайтан Сесили Невиллийг олон талаар Кейтилин Старктай адилтгаж болно. Үр хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй дайчин эмэгтэй байсан энэ сурвалжит ахайтан Сарнайн дайнаар эр нөхрөөсөө гадна хоёр дахь хүү, мөн төрсөн дүү нараасаа хагацжээ. Харин 1485 онд буюу Тюдорынхон засгийн эрхэнд гарах үед бүх дөрвөн хүүгээ алдсан байлаа.

Жорж Р.Р. Мартины тайлбар: “Дөрөвдүгээр Эдуардын залуугийн үеийг бид Роббоос харж болно. Эдуард цэрэг арми манлайлах төрөлхийн авьяастай, байлдааны талбарт нэг ч удаа ялагдаж үзээгүй удирдагч байсан. Түүний Робб Старктай ижилсэх өөр нэг онцлог нь мэдээж хэрэг аян дайныхаа үеэр Элизабет Вүүдвилл гэдэг ард гаралтай залуухан бэлэвсэн эмэгтэйтэй гэрлэсэн явдал юм. Энэ нь тухайн үедээ Англид төдийгүй Европ даяар дуулиан дэгдээж, залуу Эдуардыг маш олон дэмжигчээ алдахад хүргэсэн. Бүр хэдэн жилийн дараа VI Хенригээс булаасан хаан титмээ алдаж, Галзуу хаан хүч нөлөөтэй хатан Маргаретийнхаа хамт дахин засгийн эрхэнд гарсан байдаг. Гэхдээ Робб Старкаас ялгаатай нь Эдуард ердөө жилийн дараа дахин Галзуу хаанаас хаан сэнтийг нь булааж, Ланкастерийнхныг буулгаж авсан...

Харин Робб Старк, Кейтилин Старк нарын амиа алддаг Улаан хуримыг би Шотландын түүхэнд тохиосон Хар зоогоос санаа авч бичсэн юм. Шотландын түүх бараг тэр чигтээ цусаар бичигдсэн түүх байдаг. Хар зоог нь 1440 онд Шотландын 10 настай хаан II Жеймсийн өргөөнд болсон явдал. Шотландын хэсэг язгууртан хааны нэрээр Хар Дугласынхан гэх овгийнхныг ихэс дээдсийн зоогонд урьсан байгаа юм. 16-17 настай байсан Лорд Дуглас зарим талаар Роббтой төстэй, ид мандаж эхэлсэн залуу ноён байж. Түүнтэй хамт бүр ч бага насны эрэгтэй дүү нь зоогонд хамт очсон. Хааны найр сайхан болж, бүгд баяр хөөртэй байтал гэнэт ганц бөмбөрийн дуу хадаж, зоогийг зохион байгуулагчид хоёр хүүг тэр дор нь гадагш чирч гарган, толгойг нь цавчсан. Найрыг зохион байгуулсан язгууртнууд Хар Дугласынхныг Жеймс хаанд тэрсэлсэн гэж үзсэн хэрэг.

Хар зоогтой төстэй өөр нэг аймшигтай аллага бол мөн л Шотландын түүхэн дэх Гленкогийн хядлага юм. Энэ нь Хар зоогоос хоёр зууны дараа 1692 онд болсон явдал. Кэмпбелл овгийнхон МакДональд овгийнхны түшиц газрын нэг Гленко сууринд ирж, МакДональдынхны гэрт саатжээ. Хэдий дайсагнагч талууд ч гэсэн Шотландад ямар ч зочноо хүндэлж, дайлах ёс бий. Яг л Вестерост байдаг шиг. Тэр ёсоор МакДональдынхон Кэмпбеллийнхнийг хооллож ундлан, салхи шуургатай шөнө гэртээ хонуулсан байгаа юм. Гэтэл шөнө дунд Кэмпбеллийнхэн зэвсэглэн босож, тааралдсан бүх МакДональд овогтноо хөнөөсөн. Зочид гэрийн эздийг хороосон гэсэн үг. Харин Улаан хурим дээр би үүнийг эсрэгээр нь болгон өөрчилсөн юм”. 


05

Санса Старк

Иоркийн Элизабет, Санса Старк

Сарнайн дайны үед яг л Санса шиг шатрын хүү аятай аль л хүчирхэг, нэр нөлөөтэй гэсэн гэр бүлүүдийн дунд хамгийн үнэ цэнтэй сүйт бүсгүй гэгдэн яригдаж байсан сурвалжит ахайтан бол дөрөвдүгээр Эдуардын охин Иоркийн Элизабет гүнж юм. Хаан эцэг, хоёр эрэгтэй дүү, нагацын талынхан нь бүгд нас барсны дараа тэрээр Сансагийн адил гэр бүлийнхээ гол эзэгтэй болжээ. Түүнийг хаан аавынх нь дүү III Ричард ээж, эмэгтэй дүү нарынх нь хамт хорьж байсан, Ричардыг хаан суусан хоёр жилийн хугацаанд түүний ирээдүй тун бүрхэг байсан зэрэг нь Сансагийн хааны ордонд байсан үетэй төстэй юм. Түүний авга ах, Иоркийн угсааны сүүлчийн хаан гуравдугаар Ричардыг тулааны талбарт хөнөөн хаан болсон Ланкастерийн удмын Хенри Тюдор буюу VII Хенри 1486 онд чухам Элизабет гүнжтэй гэрлэж байж, Сарнайн дайныг албан ёсоор эцэс болгожээ. Өөрөөр хэлбэл хагас зуун жил зөрчилдөж, 30 гаруй жил дайтсан цагаан сарнайн сүлдэт Иоркийнхон болон улаан сарнайт Ланкастерийнхнийг ураг барилдуулан эвлэрүүлсэн гэсэн үг. Иоркийн Элизабет бүрэг ичимхий, дуулгавартай, өндөр гоолиг, мөн улаан хүрэн үстэй байж. Гэхдээ хожим хатан болсныхоо дараа хаан нөхөртөө ихэд түшигтэй, нээлттэй, зоримог, дайчин эмэгтэй болжээ. Тэрээр ууган хүүгээ өвчнөөр өөд болсны дараа дахин хүүтэй болохоор нөхрөө ятгаж, хөл хүнд болсон ч 38 насандаа төрөхийн хүндрэлээр нас барсан байна.

Бодит түүхэн давхцалуудаас харахад Санса төмөр сэнтийд залрах эцсийн ялагчтай ямар нэг байдлаар холбоотой байх нь гарцаагүй. Гэхдээ Сарнайн дайны төгсгөл хэн бүхэнд илэрхий тул зохиогч түүнийг хэн нэгэн хаантай гэрлүүлэхгүй нь тодорхой болов уу. Тэгээд ч Сансад одоо гэрлэх бараалах дээд хэргэмтэй язгууртан бараг үлдээгүй билээ.

Жорж Р.Р. Мартины тайлбар: “Сансаг аль нэгэн түүхэн хүнтэй адилтгаж болох ч үнэн хэрэгтээ Дундад зууны үеийн аль ч хаант улсын ямар ч эрх мэдэлтэй түшмэд, хаад, ноёдын бүх л охид түүн шиг хувь тавилантай байсан. Тэр цагийн охид, эмэгтэйчүүдийн сайн сайхан амьдрах, нөхөртэйгөө аз жаргалтай байх үгүй нь зөвхөн аз, эзийн л асуудал байсан шиг санагддаг”. 


04

Серси Ланнистер

Серси Ланнистер, Анжугийн Маргарет

Серси хатанд хамгийн дөхөж очих түүхэн хүн бол Галзуу гэгддэг Английн зургадугаар Хенри хааны хатан Анжугийн Маргарет юм. Францын Өлөгчин чоно нэрээр түүхэнд үлдсэн энэ хатан Сарнайн дайны гол бие хүмүүсийн нэг бөгөөд эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд, ирээдүйд хаан болох ганц хүүгийнхээ төлөө хатуу, хүчирхэг байж чадсан эмэгтэй билээ. Тэрээр нэгэн үе Ланкастерийнхны цорын ганц удирдагч байлаа. Нөхөр нь засаглах чадваргүй байснаас Маргарет 1455 онд Их хуралдайг зохион байгуулж, Иоркийн гүн Ричардаар ахлуулсан Иоркийнхныг Төрийн зөвлөлөөс хөөснөөр хэдийн хурцдаад байсан талуудын дайсагнал улам гаарч, Сарнайн дайн дэгдэхэд хүрсэн гэж түүхчид үздэг. Маргарет яг л Серси хатны адил төрсөн хүү Эдуардаа (Жоффригийн адил харгис хэрцгий байсан гэгддэг Вестминстерийн Эдуард хунтайж) Сарнайн дайнаар алдсан бөгөөд 1471 онд болсон шийдвэрлэх тулалдаанд Иоркийнхныг ялсны дараа Англиас зугтаж, төрөлх Францдаа өөд болтлоо амьдарчээ.

Серси хатны нийслэл хотын гудамжаар нүцгэн алхдаг явдлыг ч мөн бодит түүхээс сэдэвлэсэн байна. Галзуу хаан зургадугаар Хенригээс хаан ширээг нь булаасан дөрөвдүгээр Эдуардын олон амраг хүүхний нэг Элизабет Жейн Шоор хэмээх язгууртан эмэгтэй Лондон хотын гудамжаар сүмийн лаа барин, дан дотуур хувцастайгаа алхан нүглээ наманчилсан гэдэг. Эдуардыг нас барсны дараа хаан суусан, түүний дүү III Ричард Элизабет Шоорыг талийгаач хааны бэлэвсэн хатан болон хэд хэдэн сурвалжтаны дунд нууц мэдээ дамжуулсан, төрд тэрсэлсэн тагнуулч, завхай зайдан хэмээн шийтгэсэн нь тэр байж.

Жорж Р.Р. Мартины тайлбар: “Серситэй төстэй харгис хатад түүхийн аль ч цаг үед байсан. Түүнийг эртний Грекийн домгийн бурхан, илбэ жатга, дур тачаалын охин тэнгэр Сирсегийн нэрээр (зарим хэлэнд Цирцея, Киркэ) нэрлэсэн нь санаандгүй зүйл биш. Серсигээс Шекспирийн хатагтай Макбет, төрсөн ахтайгаа эр, эмийн харьцаатай гэгдэн цаазаар авахуулсан Английн Энн Болейн хатан, дөрөвдүгээр Эдуардын бэлэвсэн хатан Элизабет Вүүдвилл, Хенри Тюдор хүүгээ хаан болгосон Маргарет Бофорт гээд олон хүчирхэг эмэгтэй харагддаг".


03

Тирион Ланнистер

III Ричард, Тирион Ланнистер

Сарнайн дайны гол дүрүүдийн нэг III Ричард бол 1483-1485 онд төр барьсан, Иоркийн угсааны хаан юм. Ричард бөгтөр нуруутай, дал мөр нь товгор, Дундад зууны үеийн түүхчдийн үгээр бол “ад зэтгэрийн шинж нь гадаад төрх байдлаас нь нэвт шувт харагдсан” хүн байлаа. Ричард яг л Тирион шиг төрөлхийн эмгэг, согогоосоо болж чөтгөр гэгддэг байсан ч угтаа тун овжин, сүйхээтэй эр байж. Тэрээр өөрийн хаан ах буюу дөрөвдүгээр Эдуардыг нас барсны дараа 12 настай хүүд нь шадарлаж, түүнийг насанд хүртэл нь улсын Хамгаалагч ноён байх ёстой байсан ч талийгаач хааны хатантай тэрсэлдсэнээсээ болж хөвгүүн хаан V Эдуард болон түүний есөн настай дүү Иоркийн гүн (бас нэгэн) Ричард хоёрыг барьж хорин, өөрөө хаан ширээнд суужээ. Цамхаг дахь хан хөвгүүд гэгддэг энэ хоёр хүүг Бран, Рикон хоёртой мөн жишиж болох юм. Харин Старкийн отгон хөвгүүдээс ялгаатай нь Эдуард, Ричард хоёр Лондоны цамхагаас амьд гараагүй бөгөөд одоо ч тодорхойгүй нөхцөл байдал дор алагджээ.

Тирионы дүрийг амилуулахад “оролцсон” өөр нэг түүхэн бодит хүн бол XVII зуунд амьдарч байсан, Английн хааны франц хатан Хенриетта Мариягийн хувийн бараа бологч Сэр Жеффри Хадсон юм. Хатны бяцхан эр, Ертөнцийн гайхамшиг зэрэг хочтой байсан энэ одой хүн Английн иргэний дайны үед ихэс дээдсийн талд тулалдаж байгаад I Чарльз хааныг цаазлагдсаны дараа хатныхаа хамт Франц руу зугтжээ. Гэвч ирүүл тулаанд хүний аминд хүрсэн тул ордноос хөөгдөн, хатныхаа соёрхолыг хүртэхээ больж хүндхэн байдалд ороод байхдаа Барбарийн далайн дээрэмчдэд баригдан, Хойд Африкт 25 жил олзонд байсан аж. Түүнийг эцэст нь Хенриетта Мария хатны талынхан их хэмжээний мөнгөөр суллан Англид авчирсан байдаг.

Жорж Р.Р. Мартины тайлбар: “Гуравдугаар Ричард бол миний хамгийн дуртай түүхэн хүмүүсийн нэг. Түүнийг байлдааны талбарт хөнөөн, хаан титмийг нь булаасан Тюдорынхон өөрсдийн засаглалыг ард олонд илүү хууль ёсны мэт харагдуулахын тулд Ричардыг цамхагт хоригдсон хоёр хан хөвгүүнийг болон бүр ахаас нь өмнө хаан байсан Галзуу хаан VI Хенрийг, мөн түүний хүүг ч бас хөнөөсөн гээд олон хэрэгт буруутгасан.  Ричард энэ бүх хэргийг үйлдсэн ч бай, үгүй ч бай түүний түүх яг л Тирионых шиг тун ээдрээтэй, зөвхөн өөрийнх нь нүдээр харах юм бол бараг л ойлгож, уучилж болмоор санагддаг. Тирионыг Ричардтай адилхан болгож байгаа гол зүйл нь хүмүүс эднийг зөвхөн харагдах байдлаас нь болж харлуулж, нүд үзүүрлэж, үл тоомсорлодог байдал юм ”. 


02

Дейенерис Таргариен

Дейенерис, VII Хенри

Дейенерис магадгүй “Хаан ширээний тоглоом”-оос түүхэн ганц хүнтэй шуудхан харьцуулах аргагүй ганц дүр болов уу. Түүнээс Жанна д’Арк, Клеопатра, I Элизабет гээд олон хүчирхэг эмэгтэй удирдагчид харагддаг. Гэхдээ Вестеросыг Сарнайн дайны үеийн Англи орон мөн гэсэн “дүрэм”-ийг баримталбал Дейенеристэй хамгийн төстэй хүн нь Хенри Тюдор юм. Иоркийнхныг хүчтэй байх үед буюу өсвөр насандаа Франц руу зугтаж, Английн нарийхан сувгийн цаана эргэн ирэх цагаа хүлээн нуугдаж байсан Хенри хожим их цэрэгтэй тэнгис гатлан ирж, III Ричардыг хөнөөн VII Хенри нэрээр Английн хаан болжээ. Түүний өвөг эцэг уэльс хүн байсан учир Тюдорынхны сүлдэнд улаан өнгөтэй аварга луу дүрсэлсэн байлаа. Тэрхүү луу одоо ч Уэльсийн сүлд, далбаан дээр залаатай байна.

Жоны нууц хараахан илрээгүй байгаа тул Дейенерис одоохондоо овгийнхоо сүүлчийн язгууртан, Галзуу хааны цор ганц хууль ёсны угсаа залгамжлагч хэвээр байгаа. Хенри Тюдор ч мөн Галзуу хаан VI Хенрийг алагдсаны дараа түүний болон Ланкастерийнхны цор ганц залгамжлагч, сүүлчийн эрэгтэй нь болон үлджээ. Гэхдээ дээр хэлснээр Сарнайн дайны төгсгөлийг хүн бүр мэдэх болохоор зохиогч Дейенерисийг зориуд эмэгтэй хүн болгосон болов уу. Үгүй бол Сансаг Иоркийн Элизабет, Дейенерисийг Хенри Тюдор гэж үзвэл энэ хоёр дүр хоорондоо гэрлэх магадлалтай байх байлаа.

Жорж Р.Р. Мартины тайлбар: “Вестерост болж буй юм бүхэн зохиомол ч бай, бодит явдлаас санаа авсан ч бай бүгд дэлхийн түүхтэй ямар нэг байдлаар уялдана. Зөвхөн Дейенерисийн Боолын тохой дахь явдлууд гэхэд л тэр чигтээ эртний түүх, Хойд Африк, Ром, Египет, Ойрх Дорнод, Дундад зууны үеийн исламын ертөнцийн хэдэн арван тусгалын нийлбэр юм. Одоо дүрүүд маань нэгэнт өөр өөрсдийн замаар явж эхэлсэн болохоор Сарнайн дайны ерөнхий ижилсэл, суурь дэвсгэр нь л үлдэж хоцорчээ. Энэ нь юу ч хаашаа ч эргэж магадгүй гэсэн үг. Хэн ялж, хэн үхэхийг урьдаас таамаглах ямар ч боломжгүй”.


01

Жон Снөү

Жон Снөү, I Уильям

Жон Снөү шиг бутач байснаа аугаа хаан болсон алдар цуутай нэг л түүхэн хүн бий нь төрөлх нутаг Норманддаа Бутач Уильям гэгддэг байсан Английн анхдугаар Уильям юм. Бутач Уильям гэх нэр одоо бараг хэнд ч танил биш. Учир нь энэ хааныг сүүлийн мянгаад жил Эзлэн түрэмгийлэгч Уильям хэмээн алдаршуулж иржээ. Францын хойд хэсэг буюу Нормандын (Умард нутаг) гүн, одоогоос мянга гаруй жилийн тэртээ эх газрын Европ руу халдаж, Францад суурьшсан викингчүүдийн үр удам болох Уильям 1066 онд Английг эзэлж, хаан болжээ. Уильямыг хаанд өргөмжлөгдөхөөс ердөө 130-аад жилийн өмнө Англо-Саксоны Долоон хаант улс нэгдэж, нэгдсэн нэг орон болсон. Харин Жоны өвөг анхдугаар Эйгон (Жоны жинхэнэ нэр мөн Эйгон) Эзлэн түрэмгийлэгч цолтойн дээр Уильямын адил Долоон хаант улсын нэгдлийг бататгасан билээ.

Жоны алба хаадаг хэрэм ч мөн бодит хананаас санаа авсан "бүтээл" юм. Британийн арлыг Ромын эрхшээлд байхад буюу МЭ 100-гаад оны үед баригдсан Адрианы хэрэм Англи, Шотландын хилийг заагласан гэх боловч үнэн хэрэгтээ бүхлээрээ Английн нутагт байх бөгөөд халдаар ирсэн шотландуудыг зогсоох зорилготой байжээ. Хэрэм 117 км урт, гурван метр өргөн, 5-6 метр өндөр байж. Хэрэмний суурь одоо ч бүрэн бүтэн бөгөөд дээрээсээ ихэд элэгдэж, нурсан хэдий ч зарим хэсэгтээ гурван метр хүртэл өндөр хэвээр байгаа аж. 

Жорж Р.Р. Мартины тайлбар: “Адрианы хэрэм ердийн бэхлэлт, хамгаалалтаас гадна Ромын эзэнт гүрний соёл иргэншил энд хүрээд дуусаж байна, үүнээс цааш дан зэрлэгүүд бий гэсэн санааг давхар агуулж байсан. Шотланд хүмүүс өөрсдийгөө зэрлэг гэж хэлэхгүй нь мэдээж л дээ. Гэхдээ Дундад зууны үед болон түүнээс өмнө ч шотландуудыг англичууд болон бусад европчууд үргэлж зэрлэг балмад, харь ертөнцийн улс шиг санадаг байсан нь нууц биш. "Гал мөсний дуун"-ыг бичиж эхлэхдээ л би аварга том хэрэм багтаана гэдгээ мэдэж байсан. Тэгэхдээ Адрианы хэрмийг авч, хэд дахин томруулж, нөгөөх бодит түвшинг нь хэдэн бүхэлтээр өсгөх дүрмээ бүр 30-40 хувиар нэмчихсэн хэрэг. Хэрэмд алба хаагч Шөнийн харуулууд харин Загалмайтны аян дайны үед Иерусалим хотыг хамгаалах үүрэг хүлээсэн хувраг цэргүүд буюу Хүлэг баатруудын сүмийнхэн (Knights Templar) гэгддэг байсан католик номт дайчидтай төстэй юм. 200 гаруй жил идэвхтэй үйл ажиллагаатай байсан энэ хүлэг баатрууд долоо хоногт гурваас илүү зоог барихгүй, эмэгтэй хүнтэй бүү хэл гэр бүлийнхэнтэйгээ ч уулзах эрхгүй байсан. Бас энгэр дээрээ том улаан загалмайтай цагаан нөмрөгөөрөө ижилсдэг байлаа. Тэд байлдааны талбарт загалмайтны туг, сүлд газарт унаагүй л бол эцсээ хүртэл тулалдах үүрэгтэй байсан. Энгэр дээрх улаан тэмдэг нь ерөөсөө л үхлийг бэлгэдэж байсан юм". 


9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (4)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+6
Ийм дүрмийн алдаагүй бичлэг ч нүдний гэм шүү одоо цагт
+10
Yooy za jinhene tuuhiin nom bur sain unshij baiyaa
+9
Браво arav.mn
+12
тасархай
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start