Арав.мн

Шинжлэх ухаанч хандлага  #1

Шинжлэх ухаанч хандлага  #1

Автобусанд дунд эргэм насны хоёр бүсгүй ярилцаж байна.

"-Найз нь хүүхдийнхээ үсийг буруу өдөр засуулчихжээ.
-Яасан юу болсон?
-Ойрдоо хичээл номондоо муудаад, нэг л сүр сүлдгүй яваад байх юм.
-Яанаа! Тэгнэ шдээ, сайн өдөр судар харж байгаад авахуулахгүй яасан юм бэ! Манай ах муу өдөр үсээ авахуулснаасаа болоод ажлаасаа халагдаж байсан шдээ?!"

Анзаарсан уу? Үнэндээ автобусанд яг ийм яриа болоогүй л дээ. Би энд жаахан давслаад, амтлаад биччихлээ. Гэхдээ л иймэрхүү төрлийн яриа, бодол бидэнд өдөр бүр төрдөггүй гэж үү? За болъё, ядаж л жилдээ ганц удаа тохиолддог шүү дээ. Баяраар… Шинийн арван тавны дотор ижий, аавдаан золгож, Гандан орж ном уншуулахгүй бол тэр жилдээ ажил үйлс, амьдрал ахуй доройтно гээд л… Иймэрхүү зүйлийг өдөр тутам сонссоор нэгэнт дасал болсон яриа, үйлдлүүд хэр үнэний хувьтай байдаг бол? 

Их сургуульд байхад минь харин ёстой жинхэнэ ийм яриа болсон юмдаг:

"-Өнгөрсөн жил өвөө маань өөд болоод, би энэ жил жирэмсэн болсон. Өвөө маань л над дээрээ буцаад ирж дээ…"

Гайхах, ангайх хоёр зэрэгцээд аман дээр гараад ирэв. Хүүхэдтэй болоход өвөө нь өнгөрөх ямар хамааралтай байдаг билээ? Аль эсвэл энэ охин хүн яаж хүүхэдтэй болдгийг мэддэггүй юм болов уу?

Дээрх төрлийн яриануудад хэд, хэдэн ижил төстэй зүйл бий. Юуны өмнө хүмүүс бид төрөлхөөсөө аливаад тайлбар хайн, зүй тогтлыг эрэлхийлдэг амьтад юм. Тархиныхаа энэ гайхамшигт чадварын ачаар л бид өдгөөг хүртэл хөгжиж чадсан. Энэ чадвар маань байгаагүй бол аль эрт, анхны мич хөрсөн дээр буусан өдөр л хэн нэгэн араатан амьтны оройн зоогонд залрах байсан бизээ. 
Эргээд үндсэн сэдэв рүүгээ орцгооё. Хэрвээ та ажигласан бол эдгээр ярианд хоорондоо ээлж дарааллан хоёр үйл явдал болжээ. Эхний ярианд хүүгийн үсийг ээж нь засуулсан бол хоёр дахь ярианд оюутан охины өвөө өөд болов. Үүний дараа хүүгийн сурлага муудаж, оюутан охин ээж болсон байна. Бидний тархи цаг хугацааны хувьд дараалан болсон үйл явдлуудыг ихэвчлэн хоорондоо хамааралтай мэт ойлгож, төөрөлдөж байдаг. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд дараалан болсон үйл явдлууд үргэлж хоорондоо учир шалтгааны холбоотой байх ёсгүй. Хэрвээ хүний сүр сүлд үс авахуулах, хог асгах зэрэгт л доройтчихдог бол өдөр бүр бидний биеэс гуужин унах үс, арьсний хэсгүүдийг яахсан билээ? Бидний үс өдөр бүр бага, бага хэмжээгээр унаж л байдаг. Гэлээ гээд бид цаг минут бүрт бүтэлгүйдэггүй шүү дээ.

Хоёр дахь жишээ бүүр ч ярвигтай. Аливаа хүн нас барах нь өөр нэгэн хүмүүсийн хүүхэдтэй болохтой хэрхэн холбогдож болох вэ? Хүүхэд өрөвтас шувуугаар тээгдэж ирдэггүй гэдгийг эрх биш насанд хүрсэн хүн бүр мэдэх байлгүй дээ. Хэн нэгэн Б-н өнөөдөр найз охинтойгоо секс хийхэд түүний дөрвөн жилийн өмнө өнгөрсөн өвөө нөлөөлж чадна гэж үү? Амьд байсан бол өөр хэрэг…

Энэ мэтээр бид өдөр тутмын амьдралдаа логикгүй, учир шалтгааны холбоогүй үйл явдлуудыг хооронд нь холбож, ургуулж бодож, тархиа гашилгаж байдаг. Эхний жишээн дээрээс мөн бүсгүй харилцагч этгээдийнхээ ярианд шууд итгэж буйг ажиглаж болно. Энэ нь зургаан жилийн өмнө дэлхий сөнөнө гэж шуугин, лаа шүдэнзний наймаа эрхлэгчдийг хөөрхөн “под” хийлгэж байсан үйл явдалтай хэлбэрийн хувьд ав адилхан зүйл. Мэдээллийн үнэн бодит байдалд дүн шинжилгээ өгөлгүй, эх сурвалжыг нягтлан шалгаж үзэхийнхээ оронд бид “энэ бол миний найз, нөхөр, эхнэр, ээж, аав, багш, дарга” гэсэн өгүүлбэрт найдан шууд л итгэж орхидог… Үүнд итгэх үндэслэл бий гэж үү?

Хичээл дээрээ муу авснаа нуух хүүхэд, оройтож ирсэн нөхрөө хаачсаныг нь шалгаах эхнэр, ажилтнаа цагтаа ирсэн эсэхийг нь нягтлах дарга… Бид бүгд л өдөр тутмын амьдралдаа ганцхан “үнэнг” буюу юугаар ч няцааж үл болох жинхэнэ “үнэнийг” хайдаг атлаа худал, хуурмаг, хоосон зүйлст хамгийн амархан автдаг. Магадгүй энэ нь итгэхэд “хялбархан” болоод л тэр биз.

Сонссон бүрийнхээ үнэн бодит байдлыг шүүх, эх сурвалжыг шалгах, тайлбарыг нь эрэлхийлэх боломж бололцоо хүн бүрт мэдээж байхгүй. Гэхдээ үнэндээ энэ таны бодож байгаагаас ч амархан зүйл. Бидэнд ердөө шинжлэх ухаан байхад л хангалттай. Шинжлэх ухаан тун энгийн зарчим дээр үндэслэдэг. Энэ бол…

“Аливаа зүйлсийг ажигла -> тэдгээрийг тайлбарлаж болох онолыг бий болго -> Онолоо ашиглан таамаглал дэвшүүл -> Таамаглал тань ажиглалттай таарч байна уу? “ Хэрвээ ҮГҮЙ бол онолоо сайжруулах хэрэгтэй, ТИЙМ бол өөрийн босгосон онолд найдаж болно.

Хэцүү сонсогдож болох ч тун амархан шүү дээ. Хичээвэл хэн ч хэрэгжүүлж болно. Шинжлэх ухаанч хандлага хэмээгч нь өөрөө аливаад үнэн бодитоор хандахын л нэршил. Харин ингэж сурахад таньд дээрх зарчим, нэмээд жаахан боловсорол байхад л хангалттай. Мэдээж уншихгүй бол сэтгэхгүй. Харин сэтгэхгүй бол…

Сонирхуулахад Quantum Mongolia шинжлэх ухаан, танин мэдэхүйн подкастын анхны дугаар — Хиймэл оюун ба Шинжлэх ухаанч хандлага soundcloud дээр орлоо. Та энд дарж сонсоорой.


8.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (4)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-6
гэхдээ шинжлэх ухаанаар тайлбарлах аргагүй юмс үзэгдэл энэ дэлхийд байгаа шүү дээ эрхэмүүдээ. Зарим физикийн онолыг хүртэл үгүйсгэх үзэгдэл олонтоо гарч ирээд байна. хиймэл оюун ухаан бол үүний тод жишээ биш үү
-4
Shinjleh uhaan gedeg chini shashin muhar susegteigee adil bas neg itgel unemshil shvv.
монголчууд бид хэдэн зуун жил хонины бэлчир дээр малтайгаа зууралдсаар дэлхий ертөнцийн нийтлэг шинжлэх ухаанч ойлголтоос дэндүү алс хол явсаар ирсэн. Бидний итгэл үнэмшил энэ ард түмэн дунд ахуйн хүрээнд үүссэн үнэт зүйл мухар сүсгийн ойлголтоос давж гараагүй. 20р зууны дунд хэрээс л дөнгөж шинжлэх ухааны наад захын ойлголттой болж ирсэн ба нийтээрээ одоо ч гэсэн нүүдэлчдийн соёлоос үүссэн аман яриа домог зохиолоос үүссэн итгэл үнэмшилтэйгээ л явж байгаа.
+4
Zagatnasan gazar maajsan met bolov.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start