Арав.мн

Анти материйн үлгэр

Анти материйн үлгэр

Оршихуйн тухай хачин сонин бодлууд зөвхөн шөнөөр л орж ирдэг тиймүү? Би яагаад байгаа юм бол, би яагаад төрсөн юм бол, би яагаад оршиж байгаа юм бол гээд л өөрөөсөө асуудаг биз дээ. Зуны шөнө тэнгэр ширтээд хэвтэхэд тэнд өөр хэн нэгэн бий болов уу гээд л өөрийн эрхгүй гайхширдаггүй хүн бий гэж үү? Энэ хорвоо ертөнц, дэлхий, нар сар, гараг эрхэс хаанаас гаралтай юм бол?


03

Матери

Бүгд л хорвоо ертөнц дээрх бүх зүйлс атомаас тогтоно гээд заалгаж байсан биз. Атом гэж юу билээ? Электрон гэх сөрөг цэнэгтэй жижигхээн биет эерэг цэнэгтэй цөмийг тойрч эргэдэг зүйлийг атом гэдэг. Энэ атомууд л хоорондоо нэгдэн нийлж молекулуудыг бий болгож эцэст нь тэд одод, гараг эрхэс, хүмүүсийг бүрдүүлж байна. Тэгвэл тэд хаанаас гаралтай юм бэ?

Орчлон ертөнцөд анти матери гэх сонирхолтой биет бий. Биднийг бүтээдэг сөрөг цахилгаан цэнэгтэй электрон болон эерэг цахилгаан цэнэгтэй цөмөөс тогтох атом гэх систем болон түүнийг бүрэлдүүлж материалжуулагч бүхнийг матери гэнэ. Ертөнц дээрх бүх зүйл матери. Харин анти гэж эсрэг гэсэн утгатай үг. Эсрэг матери. Сөрөг цэнэгтэй цөм болон эерэг цэнэгтэй электрон (позитрон) -с тогтох атомуудыг анти атом гэнэ. Атомыг бүтээгч хамгийн жижиг нэгдэл болох электрон гэх мэтийг эгэл бөөм гэх ба анти бөөм гэвэл тэр бөөмийнхөө цахилгаан цэнэгийг л эсрэгээр нь сольчиход та анти бөөмтэй болно. Энэ анти бөөмсүүдийг анти атомыг бүтээхэд хэрэглэнэ. -1-н эсрэг нь юу билээ? Мэдээж +1. Ийм л хялбархан зүйл. Харин хэцүү нь...


02

Анти

Бид гараа эсвэл хувцсаа угаахдаа халуун хүйтэн усыг хослуулж ашигладаг тиймүү? Дан халуун усаар гараа угаах таатай санагдахгүй л болов уу. Халуун усны анти ус бол хүйтэн ус. Тэд хамтдаа байх үед л ашиглахад тохиромжтой. Харин ус гэдэг бүтцийнхээ хувьд тэдэнд ямар ч ялгаагүй. Халуун ус гэдэг ердөө л арай илүү их хөдөлгөөнтэй (энергитэй) байгаа хүйтэн ус гэж ойлгож болно.
Судлаачид анти материйн материас ялгарах ялгааг сүүлийн тавин жилийн турш маш идэвхитэй эрж хайсан боловч ямар ч ялгаа олж нээгээгүй. Өөрөөр хэлбэл ертөнц дэх бүх атомуудыг түүний эсрэг анти атомуудаар сольчихлоо гэхэд ертөнцөд ямар ч ялгаа үүсэхгүй. Таны, миний, муурны бие дэх бүх атомуудыг анти атомуудаар нь сольчихсон ч та та хэвээрээ, би би хэвээрээ, муур муур хэвээрээ л байх болно. Гэхдээ ингэж сольсон өөртэйгөө уулзаж болохгүй шүү! Тэгвэл та хоёр хормын төдийд гэрэл болон гялалзаад оргүй хоосон л үлдэнэ. Үүний яг эсрэгээр анх ертөнцөд зөвхөн матери биш түүнтэй яг ижил хэмжээний анти матери байсан байх ёстой гэж өдгөө бидэнд буй хамгийн сайн онол сургадаг (таамагладаг). Ухаан нь анх ертөнцөд +2 гэдэг матери үүссэн бол үүний эсрэгээр -2 гэдэг матери ч мөн үүсчээ.
+2 + (-2 ) = хэд билээ? Үнэхээр ийм бол ертөнцөд бид байхгүй байх байлаа. Ертөнц юу ч үгүй оргүй хоосон зүйл л байх байв. Гэвч бид байна шүү дээ...


01

Анти матери

Бид яагаад байгаа юм бэ? Ертөнц оргүй хоосон биш яагаад одод галактикаар дүүрэн юм бэ? Хэрвээ анти материуд материтай яг адил шинж чанартай юм бол ертөнц оргүй хоосон байх байсан. Өнөөдөр анти материудыг зөвхөн хэт шинэ одны тэсрэлт, их энергитэй бөөмийн хурдасгуур, их энергитэй сансарын цацраг зэргээс л ажигладаг бөгөөд ертөнцийн хаана ч анти материйн бөөгнөрөл, тэднээс бүтсэн одод, галактикийг олж нээгээгүй байна. Тэд хаачсан бэ?

Үүнд хэд хэдэн тайлбар байж болно:
1. Тэд магадгүй материас маш өчүүхээн төдий ялгаатай. Анти электрон болох позитрон масс, хэлбэр хэмжээний хувьд электроны ихэр мэт адилхан харагдавч ихрүүдэд ч багахаан зөрүү байдгийн адилаар позитрон ч маш багахаан, өдгөөгийн бидний технологи хараахан нээж чадахааргүй тийм өчүүхээн төдий ялгаатай байж мэднэ. Жишээлбэл электроны массыг 1 гэвэл позитроны масс 1.00000000000000000001 байж мэднэ. Энэ багахаан ялгаа позитрон цөмөө тойрч эргэж чадахгүйд хүргэж шууд л цөм дээрээ унаснаар анти атом үүсэх боломжүй болох юм. Өчүүхэн зөрүү асар их хэмжээний өөрчлөлтийг бий болгож өдгөөгийн ертөнцийг бүтээжээ...

2. Магадгүй ямар нэгэн нууцлаг механизмийн улмаас тэд алга болж бид үлдсэн байж мэднэ. Ертөнцийн эхэн үед түүний төгс тэгш хэмт байдал алдагдаж улмаар энэ нь анти материудад шударга бус үйлчилснээр тэд юу ч үгүй устаж алга болжээ. Үүнийг матери женесис - материйн үүсэл гэж болно. Товчхондоо ертөнц анх үүсэхдээ хаанаас нь ч харсан өөгүй төгс төгөлдөр бөмбөлөгтэй адил төгс тэгш хэмтэй байжээ. Ертөнцийг бөмбөлөгөөр жишвэл тэрээр анх төгс төгөлдөр бөмбөг байсан бөгөөд аажмаар хэлбэр дүрсээ өөрчилж нэг л мэдэхэд хачин замбараагүй олон өнцөгтэй дүрс болоод хувирчихаж. Үүнийг тэгш хэмийн эвдрэл гэдэг. Ертөнцийн анхны төгс тэгш хэмүүд аяндаа эвдэрч үгүй болсоор өнөөгийн бидний амьдарч буй ертөнц бий болсон байна. Энэ тэгш хэмийн эвдрэл нь анти материудыг хорвоогоос бүрмөсөн тонилгож орхижээ. Алдаа ч гэж ойлгож болно.

3. Тэд хаа нэгтээ бий! Бидний ажиглаж, хүрч чадахааргүй асар хол зайд тэд өөрсдийн эзэнт улсыг тунхаглан амьдарч байж мэднэ. Энэ тайлбар хамгийн үнэмшил муу, найдвар багатай нь юм. Хэрвээ үүнийг үнэн гэж үзвэл тэдний ертөнцөд яг таньтай, надтай, бидний мэдэх бүхэнтэй адил хуулбарууд бий бөгөөд тэд ч мөн биднийг хаачсаныг гайхширан суугаа гэдэгт мөрийцье.

4. Энэ тайлбар хамгийн хачирхалтай нь: Нобелийн шагналт алдарт физикч агсан Ричард Фейнманы тайлбараар анти матери нь цаг хугацааны эсрэг чигт хөдөлж буй материтай адил гэж үзэж болдог. Өөрөөр хэлбэл цаг хугацааны эсрэг чиглэлд, өнгөрсөн рүү хөдөлж буй электроныг бид анти электрон буюу позитрон гэж харж байж болно. Тийм бол тэд хаачаа ч үгүй, бид нэгэн зэрэг хамтдаа оршиж байж мэднэ. Гэсэн ч энэ нь хэтэрхий хачирхалтай бас бүрэн төгс тайлбар биш юм. Үнэн хэрэгтээ ердөө л тооцоог хялбарчлах зорилгоор гаргаж ирсэн санаа төдий. Гэхдээ л маш их хэрэг болдог арга юм шүү!

Эцэст нь: Анти материуд хаачсан бэ? Үүний хариултыг одоогоор хэн ч мэдэхгүй. Бид яагаад байгаа юм бэ хэмээх асуултын хариу нууц хэвээр. Эдгээр таамаглалуудын аль нь ч үнэн байлаа гэсэн маш өчүүхэн төдий зөрүү, алдаанаас болж бидний өдгөө амьдарч буй ертөнц бий болжээ. Өчүүхэн төдий тэр алдаа гараагүй бол биднийг гайхшруулдаг одод, тэднийг гайхширдаг хүн гэж байхгүй байх байлаа. Алдаа гаргах нь илүү сайхан зүйл рүү ч хөтөлж мэднэ. Алдаа гаргасан нэгнээ бүү зэмлэ. Алдаандаа бүү харамс...



9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start