Арав.мн

Гэгээрэгч ба түүний нутаг

Гэгээрэгч ба түүний нутаг

Эх сурвалж: "Дэлхийн бяцхан түүх", Э.Х.Гомбрих


10

Мохенжо-Даро

Энэтхэг орон Месопотамын адил эртний соёл иргэншлийн өлгий бөгөөд шумерчүүд Ур хотыг эзэгнэж байх цагт буюу нийтийн тооллын өмнөх 2500-гаад оны үед Индийн хөндийд нэгэн сүрлэг сайхан хот байлаа. (Инд нь өнөөгийн Пакистан улсын нутгаар урсдаг их мөрөн юм.) Мохенжо-Даро хэмээх тэрхүү хот сайтар зохион байгуулсан усжуулалтын систем бүхий өргөн тэгш гудамж талбай, үр тариа хадгалах асар том байр, дархны газартай байжээ. Харин туурь нь 1920-иод онд олдох хүртэл ийм хот байсныг хэн ч мэддэггүй байв. Ур хот орчмын дов толгодын учрыг нээсэн хүмүүс гайхан балмагдсаны адил эртний энэ хотоос үлдсэн бүхнийг судалж эхлэх цагт эрдэмтэд төдийгүй нутгийн иргэд хүртэл дуу алдсан гэдэг.


09

Хэл

Махенжо-Дарог ямар угсааны хүмүүс барьж байгуулсныг түүхчид тодорхой мэдэхгүй ч тэдний дараахан энэ нутагт ирж, эзэн суусан хүмүүс өнөөгийн хойд Энэтхэг, Пакистанд аж төрдөг хүмүүсийн өвөг дээдэс болох нь баттай билээ. Тэд перс, грек хэлтэй ойролцоо төдийгүй ром, тевтончуудынхтай төстэй хэлээр ярьдаг байв. Нэг жишээ дурдахад, аав гэдэг үгийг (англиар father) эртний энэтхэгчүүд pitar, грекчүүд patér латинаар páter гэдэг байлаа.

Энэтхэг, европчуудын хэн хэн нь ярьдаг учир эдгээр хэл багтах аймгийг Энэтхэг-Европын хэмээх болсон юм. Хоорондоо ижил төстэй хэлээр хэлэлцэгчид удам угсаа нэгтэй гэх онол ихэнх тохиолдолд үнэний хувьтай ч энэтхэг, европчуудын хувьд энэ нь хэр ортойг тодорхой мэдэх аргагүй. Юутай ч Энэтхэг-Европ аймгийн хэлүүдээр хэлэлцэгчид доричууд Грекийг эзэлсний адил Энэтхэг орныг эрхшээлдээ оруулж, тэдний адил нутгийн уугуул оршин суугчдыг боолчилжээ.


08

Кастын систем

Хэдэн үе улирсны дараа тэдгээр түрэмгийлэгчдийн үр удам Өмнөд Азийн ихэнх хэсгийг эзэгнэн суух болсон юм. Тэд спартчуудын адил бие биеэсээ төдийгүй эрхшээлд нь байх хүмүүсээс хүртэл дөлөх болов. Нийгмийн анги давхаргуудын ийм хуваарилалт, заагийг өдгөө кастын буюу нийгмийн явцуу хүрээний систем гэдэг. Энэ системд ажил мэргэжлийн ялгаа хамгийн их хамаатай. Дайчин болбол насан туршдаа дайчин байна. Дайчдын хөвүүд ч ялгаагүй цэрэг болох учиртай. Каст нь дайчдынх учраас тэр. Сийлбэрчин, тариачны зэрэг хоорондоо ижил төстэй каст ч олон. Гэхдээ сийлбэрчний хүү хэзээ ч тариачин болж, тариачны хүү сийлбэрчин болох аргагүй. Мөн ямар ч кастын хүн өөр кастын хүнтэй гэр бүл болж болохгүй. Бүр зэрэгцэж суугаад зоог ч барих ёсгүй.


07

Харгис уламжлал

Бүх кастын дээр байх хамгийн хүндэт зиндааныхан бол брахмин буюу хуврагууд юм. Тэд бурхдад үйлчлэгчид бөгөөд сүм дуганыг байнгын ажиллагаатай, цэвэр цэмцгэр байлгах үүрэгтэй. Мөн Египетийн лам санваартнуудын адил ариун, дээд хэмээгддэг сургаал номлолуудыг цээжээрээ мэднэ. Тэд хэдэн мянган жилийн турш маани, мөргөлийн дууг аман зохиол хэлбэрээр хойч үедээ өвлүүлжээ. Харин бичиг үсэг хөгжиж, нийтийн хэрэглээнд нэвтэрсний дараа л бичиж тэмдэглэх болсон байна.

Аль ч кастад хамааралгүй хүмүүс гэж бас бий. Пари хэмээгддэг тэд хамгийн бохир, хамгийн таагүй ажил хийх бөгөөд хамгийн доод кастынхан ч тэднээс дөлж, тэдэнд гар хүрэх төдийд бузартана хэмээнэ. Тиймээс дорд гаралтай тэдгээр хүнийг хүрэхийн аргагүй хүмүүс гэнэ. Тэд бусад энэтхэгчүүдийн ус авдаг худаг, гол горхиос ундаалах эрхгүй, сүүдрээ өөр кастын хэн нэгэн дээр тусгаж болохгүй. Учир нь паричуудын бүх зүйл бузар, цээртэй гэгддэг. Үүнээс харахад хүн гэдэг амьтан заримдаа аймшигтай харгис хатуу байх юм.


06

Танин мэдэхүй

Гэхдээ бүх энэтхэгчүүдийг харгис хэрцгий хэмээх нь эндүү ойлголт. Бясалгаж гэгээрэхээр ой хөвчид даяанчилж, хорвоо ертөнцийн хамгийн үл ойлгогдом зүйлсийн учрыг олохоор оюун ухаан, бие сэтгэлээ чилээдэг гүн ухаантан, лам хуврагууд нь айхавтар нухацтай, гүн гүнзгий бодолтой улс гэдгийг энд онцлох хэрэгтэй. Тэд бясалгахдаа бүх л догшин шүтээндээ, тэр дундаа дээдийн дээд бурхан Брахмад сүсэлнэ.
Энэтхэгчүүдийн итгэдгээр дээд бурхан амьд байгалийн эд эс бүхэнд шингээстэй бөгөөд хүн хийгээд амьтан, ургамал бүрт бурханлаг шинж бий. Нарны цацраг туяа бүрт, тариа буудайны нахиа мөчир бүрт, хамаг амьтны төрөхөөс эхлээд үхэх хүртэлх амьдралын мөчлөг бүрт бурхны хүч шингэсэн. Бурхан хаа сайгүй байдаг, яг л далайн усыг шорвог болгодог атгахан давс шиг. Байхуйн бүхий л мөн чанарт бурхан оршин буй, хувирал төдий өөрчлөлт нь гагцхүү өнгөцхөн зүйлс. Хүн төдийгүй бар, могой, муур, нохой гээд амьтай бүхний сүнслэг чанар энэ ертөнцөд үхэл хэмээгддэг хувирлын дараа ч эргэлдсээр байх агаад гэгээн, ариун болсон цагтаа л эрх чөлөөгөө олж, дээдийн дээд бурханд хувирна хэмээн тэд итгэсээр иржээ.
Тэдний хувьд Брахмагийн оршихуй буй бүхний мөн чанар юм. Үүнийг шавь нартаа илүү гүн ойлгуулахын тулд энэтхэг хуврагууд хэний ч толгойг эргүүлмээр, гэхдээ тун сонирхолтой томъёолбор гаргажээ. Тэр нь “Чи бол бүх зүйл, бүх зүйл бол чи” гэсэн онол бөгөөд эргэн тойрны бүх юмс, амьтан, ургамал хийгээд бусад бүх хүн гагц өөрийн дотор бий, бүгд бурхны нэг хэсэг гэсэн үзэл юм.


05

Бясалгал

Хуврагууд бүхнийг энэрч нигүүлсэх сэтгэлийг бүрэн гүйцэд мэдрэх арга ухаан хүртэл бий болгожээ. Тэд ойн гүнд хэдэн цаг, өдрөөр, долоо хоног, бүр сар, жилээр бясалган сууж энэ тухай бодох бөгөөд харцаа бууруулж, нуруугаа эгцлэн завилан суугаад аль болох гүнзгий амьсгалахгүй, аль болох их идэхгүй байхыг хичээнэ. Ялангуяа, мацаг барих нь бие сэтгэлээ ариусгах хамгийн шалгарсан арга гэгддэг. Нүглээ наманчлагч, аглагч ийм хүмүүс 3000 жилийн тэртээх Энэтхэгт хэдэн мянгаараа байсан. Өнөө ч ийм бадарчин, даяанчид олон. Гэхдээ тэднээс нэг нь л туйлаас онцгойрон цолгорчээ. Гаутама хэмээх тэрхүү сурвалжтан Христээс 500 орчим жилийн өмнө амьдарч байв.


04

Будда

Хожмоо төгс гэгээрсэн буюу Будда хэмээн дээдлэгдсэн Гаутама баян тансаг амьдрал, жаргал цэнгэл дунд өсчээ. Тэрбээр үзэсгэлэнтэй сайхан бүхнээр бялхсан зун, өвлийн болон борооны улирлын хэмээх гурван өргөөгөө бага, идэр насандаа орхисон нь үгүй. Хаан эцэг нь түүнийг ордноос гарахыг хориглож, ертөнцийн уй гунигтай бүхнийг хүүдээ харуулахыг цээрлэдэг байв. Өвдөж шаналсан, гуньж гутарсан хэн ч Гаутамад дөхөж очих ёсгүй байлаа.
Гэтэл нэг өдөр Гаутама бараа бологчдоо дагуулан дур мэдэн ордноос гарчээ. Тэрбээр замдаа сульдаж, ядарсан нэгэнтэй таарч. Хөтчөөсөө юун хүн болохыг асуухад үнэнч албат нь аргагүйн эрхэнд өтөлж хөгширсөн хүн хэмээн хариулжээ. Гайхширч, элдвийг эргэцүүлсээр Гаутама ордондоо буцав. Харин дараагийн зугаалгаараа өвчтэй хүнийг харж гэнэ. Өвчин шаналлын тухай хэн ч түүнд ярьж байгаагүй учир Гаутама бас л сэтгэл нь хөндүүрлэсээр үзэсгэлэнт эхнэр, бяцхан хүүдээ буцжээ. Гурав дахь удаад тэрбээр үхсэн хүн харав. Цочирдож, зовнисон ханхүү энэ удаад гэртээ харьсангүй. Замдаа нэгэн даяанчтай таарч, хүмүүний зовлон шаналлын учир шалтгааныг олохоор уртын урт аялалд гарчээ.
Гаутама хожим энэ шийдвэрийнхээ талаар нэгэн номлолдоо “Санчиг үс минь гил хар, бие минь эрүүл чийрэг, залуу нас минь аз жаргалаар дүүрэн байхад өтгөс буурлуудаа уйлуулан байж сахал, үсээ хусаад орхимж нөмөрч, төрсөн гэрээ орхисон билээ” хэмээсэн байдаг.


03

Үнэний эрэлд

Тэрбээр зургаан жил даяанчийн амьдралаар амьдарсан юм. Гэхдээ бусдаас ялгаатай нь түүний бодол санаа илүү гүн, зовлон бэрхшээл нь хавьгүй их байв. Завилан суугаад бясалгахдаа бараг л амьсгалахаа больж, хамгийн аймшигтай өвдөлтийг ч тэсвэрлэж сурчээ. Хоол унднаас гарсан тул их ч эцэж сульдаж. Гэсэн ч дотоод амар амгаланг олсонгүй. Учир нь Гаутама ертөнцийн мөн чанараас гадна бүх юмс үзэгдлийн хувирал, шинж тэмдэг болон өтөл нас, өвчин зовлон, үхэл хагацал зэрэг хүний бүхий л шаналлын тухай эргэцүүлсэн юм. Эдгээрийн тухай бодох бүрт ямар ч бясалгал, амгалан аж төрөхүйн аль ч хэв маяг түүнийг тайвшруулсан удаагүй.

Тиймээс Гаутама дахин хэвийн амьдралдаа буцаж, бага багаар зоог хүртэж эхлэв. Тэрбээр тамир тэнхээ орж, бусад шиг амьсгалах боллоо. Харин түүнийг бишрэн дагаж байсан даяанч, лам хуврагууд үүнийг нь таалсангүй, сүсэгтнүүдийнх нь тоо илэрхий цөөрчээ. Гаутама үүнийг огт хайхраагүй бөгөөд дотоодоо нээх л түүнд юу юунаас илүү чухал байлаа. Хэсэг хугацааны дараа, нэгэн үзэсгэлэнтэй сайхан модны дор тэрбээр гэгээрсэн юм. Олон жил эрж хайсан хариултаа тэрбээр гэнэтхэн сэрж ухаарсан байна. Дотор нь гэрэл асаж, бүхнийг гэрэлтүүлэх шиг болжээ. Ингээд төгс гэгээрч Будда болсон Гаутама ойлгож ухаарсан бүхнээ бусадтай хуваалцахаар замд гарав.


02

Сургаал

Хүмүүнийг зовлон шаналлаас нь ангижруулах арга олсон хэмээсэн түүнд итгэх хүн дорхноо олшров. Тэд амьдралын хачин жигтэй хэв маягаар амьдрах болсон агаад тэр нь лам, гэлэнмаа нарын амьдрах ёсон болжээ. Буддаг хальж одсоны дараа ч энэ ёс үлдсэн юм. Гаутамагийн үеийн бадарчин, даяанчид шиг аж төрдөг хүмүүс өдгөө Азийн олон оронд цөөн ч гэсэн бий. Тэднийг шаргал орхимж, чанд нарийн дэг ёстой амьдралын хэв маягаар нь таньж болно.

Хожим Бодь мод гэгдэх болсон мөнөөх инжир модны дор Гаутамад чухам юу тохиолдсон болоод түүний бүх эргэлзээ тээнэгэлзээ үгүй болж, дотоод амар амгаланг олсон юм болоо гэж чи гайхаж байгаа байх. Гэхдээ надаар тайлбарлуулж, учрыг нь олохыг хүсэж байвал чи ч мөн юмсын утга учрыг сайтар тунгаах хэрэгтэй. Гаутама зөвхөн энэ тухай бодож л бүтэн зургаан жилийг өнгөрөөсөн шүү дээ. Түүнд зурсхийн төрсөн тэр бодол, түүний гэгээрэл, хүмүүнийг зовлонгоос ангижруулах тухай мөнөөх санаа нь зовохыг үл хүсвэл өөрийгөө таних ёстой, учир нь бүх зовлон шаналал хүний өөрийн шунал хүслээс төрдөг гэх дүгнэлт юм. Үүнийг энгийнээр тайлбарлах гээд үзье. Чи ном юм уу, тоглоом авахыг хүсэж гэж бодъё. Хүссэнээ авахын тулд чадах бүхнээ хийх, эсвэл хүслээ орхих гэсэн хоёрхон сонголт л чамд бий. Аль нь ч байсан эцсийн дүндээ чи гуниглахаа болино. Гэхдээ амьдралын бүх л гоё сайхан, тааламжтай бүхнийг хүсэхээ больчихвол, аз жаргал, тав тух, алдар нэр, эд хөрөнгийг хүсэмжлэх сэтгэлээ хянаад сурчихвал бид хүссэнээ авч чадсангүй хэмээн гуньж, шаналахгүй байх боломжтой. Ихийг хүсэхгүй бол зовохгүй, хүсэл үгүй болоход шаналал мөн үгүй болно. Буддагийн айлдсан бүхний үндэс нь энэ юм.


01

Нирвана

“Тун сайхан санаа байна. Даанч юу ч хүсэхгүй байна гэж хэзээ ч байхгүй шүү дээ” гэж чи бодож байна уу? Харин хүн өөрийгөө бүрэн захирч чадна гэдэгт Будда итгэл төгс байжээ. Гэхдээ их хичээл зүтгэл гаргаж, хэдэн сар, жилээр дотоодоо танин мэдэхээр мэрийсний дүнд л хүссэн бодол санаагаа хадгалж үлдэнэ гэж сургасан билээ. Өөрөөр хэлбэл, адуучин хүн мориныхоо занг мэддэг болдог шиг хүн хүсэл, сэтгэлийнхээ эзэн болж чадна. Тэр цагт хүн энэ ертөнцөд байж болох дээдийн дээд зэрэгт хүрнэ. Буддагийнхаар энэ нь дотоод амар амгалан бөгөөд юуг ч үл хүсэх хүн бүгдэд сайхан сэтгэлээр хандаж, юу ч нэхэж шаардахгүй. Хүслээ захирч сурсан хүн дахин төрөхгүй гэж Будда мөн номложээ. Ахуй амьдралын аар саархан хүсэлд хүлэгдсэн хүний сүнс л эргэж ирдэг гэж Буддын сургаалд номлодог. Үхэл, амьдралын эцэс төгсгөлгүй тойргоос гарч, бүх л зовлон зүдгүүрээс ангижрах энэ үе шатыг буддын шашинтнууд Нирвана хэмээнэ.

Энэ бол залуу ханхүү Гаутамагийн Бодь модны дор бясалгаж байхуйдаа мэдэрсэн туйлын гэгээрэл, хүсэлдээ хөтлөгдөхийн оронд түүнээсээ чөлөөлөгдөж болох юм гэсэн ухаарал, яг л ангаж цангасан хүн цангаагаа мартахыг хичээвэл ус уух хүсэл нь дундардаг шиг сэхээрэл байв. Төгс гэгээрсэн их багш энэ явцыг дундын зам хэмээсэн бөгөөд энэ нь биеэ хий дэмий тарчлаах болон өөрийн эрхгүй амар хялбарыг хүсэмжлэх хоёрын зааг юм. Итгэл, шийдвэр, үг, үйлдэл болоод дотоод ухамсар, бодол санаа хоорондын дунд зөв тэнцвэрийг олно гэдэг хамгаас чухал ажээ.

Буддагийн эдгээр санаа олон хүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлж, сая сая хүн түүнийг бурхан хэмээн шүтэх болсон юм. Өдгөө загалмайтны шашинтнуудаас дутахааргүй олон буддын шашинтнууд дэлхийд бий. Тэр дундаа Зүүн өмнөд Ази, Шри Ланк, Төвд, Хятад, Япон зэрэг Азийн орнуудад хамгийн олон байдаг. Гэхдээ олонх нь Буддагийн ёсоор амьдарч, дотоод амар амгаланг олж чадаагүй л байна.

Э.Х.Гомбрихийг манай уншигчид “Урлагийн түүх” хэмээх гайхалтай бүтээлээр нь андахгүй мэдэх байх. Түүний өөр нэгэн алдартай бүтээл болох “Дэлхийн бяцхан түүх” хэмээх хүүхэд, залууст зориулсан хүн төрөлхтний товч түүхийн номын хэсгээс "Гэгээрэгч ба түүнийн нутаг" хэмээх 10-р бүлгийг нь та бүхэнд хүргэлээ. Г.Лхагвадуламын орчуулсан энэ гайхалтай бүтээл бүх номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байна.


8.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start