Арав.мн

Дидье Дрогба – Дайны галыг зогсоосон баатар

Дидье Дрогба – Дайны галыг зогсоосон баатар

Кот-д'Ивуар буюу Зааны ясан эрэг улсын хөлбөмбөгийн шигшээ багийг 2006 оны ДАШТ-ий эрхийн төлөөх тоглолтод ялж, анх удаа дэлхийн дэвжээнд гарах эрхтэй болсон даруйд улс орон даяар нь баяр наадам болж, хоорондоо дайтаж байсан босогчид хүртэл зэвсгээ хаясан нь ганц хөлбөмбөгөөр тогтохгүй бүх спортын түүхэн дэх хамгийн гайхамшигтай явдлын нэг юм. Энэхүү түүхэн явдлын гол баатар нь нутаг нэгтнүүдийнхээ дунд Диди гэгддэг Дидье Дрогба байлаа. Улс орноо анх удаа ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болгох үедээ аль хэдийнээ карьерынхаа оргил үед гялалзаж байсан тэрээр Европын хамгийн том клубуудын нэгэнд тэргүүн зэргийн тоглогчоор тодроод удаагүй байв. Харин 2005 оны аравдугаар сарын 8-ны өдөр Суданы нутагт болсон ДАШТ-ий эрхийн төлөөх дээрх тоглолтод багаа тэргүүлэн ялалт байгуулахдаа улс орныхоо Дэлхийн цомд өрсөлдөх бүтэн 76 жилийн хүлээлтийг эцэслэжээ.

Ялалтынхаа дараахан Дрогба сэтгүүлч, сурвалжлагчдад ярилцлага өгөхдөө “Өнөөдөр Кот-д'Ивуарын ахан дүүс бид эв найртай зэрэгцэн оршиж чадахаа, нэгэн зорилгын төлөө нэгдэж чадахаа харууллаа” гэж хэлсэн нь тун гүн гүнзгий утгатай байв. Тэр үед Зааны ясан эрэг улс бүтэн таван жилийн үймээн самуун, гурван жил үргэлжилсэн Иргэний дайны хөлд сүйдээд байсан тул Дидигийн энэ үг улс үндэстний эв нэгдлийг уриалсан, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх гэсэн уриалга байлаа. Дрогба богинохон ярилцлага өгснийхөө дараа камерын өмнө өвдөг бохирон суугаад “Pardonnez!” буюу “Өршөө! Нэгнийгээ уучилж өршөө!” гэсэнд багийнх нь бусад гишүүд ч түүнийг даган сөгджээ. “Өршөө! Өршөө! Уучил! Нэгэн цагт Африкийн хамгийн баян чинээлэг орон байсан улс дайн самуунтай байх ёсгүй. Бүгдээрээ зэвсгээ хаяач! Гуйж байна! Сонгуулиа явуул. Бүх зүйл сайхан болно!” гэсэн Дрогбагийн үг кот-д'ивуар хүн бүрийн зүрхэнд хүрч, үндэсний үзлийг сэргээж өгчээ.

Исламын шашинтан голдуу хойд нутгийнхан, эрх баригчдын дэмжлэгийг хүлээсэн христийн шашинт өмнөд нутгийнхны дунд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөнөөр 4000 гаруй хүн амь эрсдэж, сая гаруй хүн орон гэрээсээ дайжин дүрвэж, үймээн самуунаас болж хаа сайгүй хөл хорио тогтоогоод байсан хүнд хэцүү үед гайхамшигт хөлбөмбөг, спортын ид шид бүхэл бүтэн улс үндэстэнд итгэл найдвар, гэрэл гэгээ бэлэглэсэн нь энэ. 2005 оны сүүлээр болох ёстой байсан парламентын сонгууль зэвсэгт мөргөлдөөнөөс болж хойшлоод байсан нь босогчдын гарт орсон нутгийн хойд хэсгийг ч, эрх баригчдын хяналтанд орсон умард хэсгийг ч улам бүр аюул осолтой, бүх нийтийн уур амьсгалыг ч айдас түгшүүртэй болгоод байв. Олон хэл, соёлын, олон шашин шүтлэгийн үндэстэн, ястан амьдран суудаг Кот-д'Ивуарт ардчилсан сонгууль бололгүй удсан нь, ганц хүн төрийн эрхийг 33 жил барьсан нь энэ бүх үймээн самууны эхлэл болжээ.

Харин ийм үед Кот-д'Ивуарын олон янз байдлыг нэгэн зэрэг илтгэх, өөр өөр шашин, хэл, соёлтой ч улс орныхоо нэрийг гаргахын төлөө, спортын амжилтын төлөө мөр зэрэгцэн тэмцэх шигшээ багийнхан хөлбөмбөгийн шид увдисыг эгээ л шашин шүтлэг, итгэл бишрэлийн хэмжээнд аваачсан байна. Дрогба хожим энэ явдлын тухай, хөлбөмбөгийн гайхамшигт хүч нөлөөний тухай Британийн “The Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа “Би өөрийн эрхгүй, хар зөнгөөрөө л тийм үг хэлсэн. Тэр үед манай багийнхан ч, бүх кот-д'ивуарчууд ч дайн самууныг үзэн ядаж байлаа шүү дээ” гэж хэлсэн байдаг. Дрогба болон түүний нөхдийг Суданаас эх нутагтаа эргэн ирэхэд нь баярлаж хөөрсөн хэдэн мянган хүн Абиджан хотын нисэх онгоцны буудалд угтсан гэдэг. Дараах хэдэн хоногт нь ч Дрогбагийн аварга том зургийг барьсан хүмүүс зэвсэгт мөргөлдөөнөөс ч үл эмээн нутгийн хаа сайгүй хөл хөөрцөг болж, шигшээ багийнхныхаа хоолой нийлүүлэн “Pardonnez!” гэж уриалж байсан бичлэгийг телевизүүд зогсоо зайгүй цацаж байв. Харин Зааны ясан эрэг улс анх удаа ДАШТ-д оролцох болсноос ердөө долоо хоногийн дараа төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Лоран Гбагбо “Хөлбөмбөг биднийг нэгтгэлээ. Одоо гал зогсоох болсон” гэсэн түүхэн мэдэгдлийг хийжээ.

2005 оны шувтаргаар Африкийн оны шилдэг тоглогчийн шагнал хүртсэн Дрогба эрх баригчдыг эсэргүүцсэн зэвсэгт босогчдын гол түшиц газрын нэг, Кот-д'Ивуарын хоёр дахь том хот Буакед өөрийн биеэр очиж хэдэн мянган шүтэн бишрэгчтэйгээ уулзсан нь өмнөдийн хүн босогчдын хотод хөл тавьж, эв нэгдлийг уриалж чадаж байна, дараагийн тоглолтоо нийслэл Абиджанд биш Буакед хийж болох нь, тэгвэл дайсагнагч талууд үнэхээр найрамдсаны баталгаа болох нь гэсэн итгэл  найдварыг түүнд төрүүлжээ. Багийнхаа ахмад болоод удаагүй байсан Дрогбагийн хүсэл 2007 оны зургадугаар сарын 3-ний өдөр биелж, Ерөнхийлөгч Лоран Гбагбо болон босогчдын тэргүүн Гийом Соро нар Кот-д'Ивуарын үндэсний шигшээ багийн Мадагаскарын эсрэг тоглолтын өмнөхөн, Буакегийн цэнгэлдэх хүрээлэнд мөр зэрэгцэн зогсоод төрийн дууллаа хамт дуулж зогслоо. “Дайсагнагч хоёр талыг хамтдаа төрийн дуулал дуулахыг хараад би улс орноо ахин шинээр мэндэлж байгааг мэдэрсэн” гэж Дрогба хожим дурссан байдаг. Дайн дажны шархыг анагаасан Кот-д'Ивуар-Мадагаскарын тоглолт 5-0-ийн харьцаатай, эзэн багийн ялалтаар дуусчээ. Дараа өдрийнх нь өглөө төрийн төв сонин “Fraternité Matin”-ий тэргүүн нүүрэнд “Хөлбөмбөгөөр эвлэрэхүй: Таван жилийн дайныг эцэслэсэн таван гоол”, “Дрогба-Бурхан” гэсэн гарчгууд дурайж байсан гэдэг.


9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start