Арав.мн

Байгальд ээлтэй 10 улс

Байгальд ээлтэй 10 улс

Дэлхийн эдийн засгийн форум, Европын хорооноос хамтран 2002 оноос хойш жил бүр EPI буюу Дэлхийн байгаль орчны үзүүлэлтийн индекс гэсэн тайлан тооцоог гаргажээ. Уг жагсаалтыг сүүлийн 18 жилд 20 гаруй улс тэргүүлж ирснээс тогтмол дээгүүр байр эзэлдэг 10 орныг танилцуулж байна. (Хамгийн сүүлийн EPI-г 32 үзүүлэлтээр нийт 82.50 оноо авсан Дани улс тэргүүлсэн юм.) 


10

Исланд

Исландчуудын дулаан, эрчим хүчний гол эх үүсвэр нь устөрөгч. Исландын эрх баригчид улс орноо газар нутаг нь бүхэлдээ устөрөгчийн эрчим хүчээр хангагдсан дэлхийн анхны улс болгохыг зорьж буй. Өдгөө тус улсын жирийн өрхүүд устөрөгчийн эрчим хүч хэрэглээд зогсохгүй тээврийн хэрэгслүүд нь хүртэл устөрөгчөөр ажиллах болжээ. Хэдхэн жилийн өмнө эрчим хүчнийх нь эх үүсвэрийн 70 хувь нүүрс байсан тус улс энэ оны эхний байдлаар уг тоог 18 хувь хүртэл бууруулжээ. Исланд улс 2050 он гэхэд хүлэмж болон газрын тос үл хэрэглэгч дэлхийн анхны улс болох зорилт тавиад байна.  


09

Швейцарь

Байгальд ээлтэй нийгэм цогцлоож, орчноо цэвэр байлгахыг эрхэмлэдэг эртний уламжлалтай тус улс 1914 онд Альпийн нуруун дахь байгалийн анхны цогцолборт газрыг байгуулсан түүхтэй. Газар нутгийнх нь хэмжээтэй харьцуулахад хамгийн олон цогцолборт газартай орны нэг Швейцарь газар нутгийнхаа ногоон байгууламжийн хэмжээг тэлэхээс гадна зарим хотод машин унахыг хүртэл хориглоод байна. Мөн хэр их хог хаяна, төдий их мөнгө төлдөг байх, хог дахин боловсруулах төвийг төлбөртэй болгох зэрэг шинэ дүрэм журам саяхан баталжээ. 


08

Коста Рика

Тус улс 2021 онд хүлэмжийн хий үл ялгаруулагч дэлхийн анхны улс болох зорилготой. Одоогоор дахин ашиглагдах эрчим хүчээр газар нутгаа бүхэлд нь хангахыг гол зорилгоо болгон ажиллаж буй Коста Рикагийн эрх баригчид агаар, усны бохирдлыг багасгахын төлөө мөн өмнөхөөсөө илүү чармайж байна. Олон жилийн турш ойн хорогдлоос үүдэн экосистемийн доголдолд барьц алдсан коста рикачууд хэдхэн жилийн өмнө эрчээ авсан их ойжуулалтын ажлыг амжилттай үргэлжлүүлж буй. Зөвхөн 2018 онд гэхэд коста рикачууд таван сая мод тарьжээ. 


07

Швед

Одоогоор Шведийн эрчим хүчний 28 хувийнх нь эх үүсвэр байгальд ээлтэй болон дахин ашиглагдахуйц. Усан болон цахилгаан станц, цөмийн эрчим хүч зэргийг чухалчилдаг шведчүүд ой ихтэй давуу талаа байгаль орчныг хамгаалах үйлсдээ хамгийн үр дүнтэйгээр ашиглаж байна. Дүнзний үйлдвэрлэл нь хумигдаагүй ч шведчүүд ойд үлдсэн үртсийг дахин ашиглах онцгой үр дүнтэй арга олсон нь үртсийг шахмал түлш болгох юм. Швед улс мөн тээврийн хэрэгсэлд ашиглагдах түлшний хэмжээг багасгаж, суудлын тэрэгт метан ашиглаж эхэлжээ. 


06

Норвеги

Нүүрстөрөгчийн хий үл ялгаруулах орнуудын бүлгэмд 2030 он гэхэд нэгдэх зорилт тавиад буй Норвеги улс зорилгодоо хүрэхийн тулд хүлэмжийн хийн хэмжээг одооныхоос 40 хүртэл хувиар бууруулж, төмөр замаа бүхлээр нь шинэчлэх, дизель түлш хэрэглэгчдийг торгох зэрэг арга хэмжээг ид авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн бүх аж ахуй эрхлэгчийг цэвэршүүлэгчтэй, дахин боловсруулахуйц эрчим хүчний системтэй болохыг даалгасан тусгай журам хэрэгжүүлдэг. Тус улс мөн ойжуулалтад онцгой анхаардаг, газар нутгийнх нь 37 хувь буюу гуравны нэгээс илүү хэсэг нь ой хөвчтэй цөөхөн орны нэг  юм. 


05

Маврикий

Мадагаскарын зүүн эрэгт оршдог тус улсыг мэдэх хүн цөөн ч байгаль орчныг хамгаалах тухайд тус улс дэлхийн аль ч хөгжингүй, чинээлэг орноос дээгүүрт орно. Маврикий сүүлийн жилүүдэд хогоо дахин ашиглах, боловсруулахад ихэд анхаарч байна. Тус арал улс усаар хүрээлэгдсэн давуу талаа хямд агааржуулагчтай болоход ашиглах болжээ. Мөн салхины хүч, чихрийн нишингэ ашиглан эрчим хүч гаргахаар тусгай бодлого хэрэгжүүлж эхлээд байна. 


04

Франц

Хөгжингүй орнуудаас сүүлийн үед Франц улс эко-нөхөрсөг нэр зүүгээд байгаа. 2020 он гэхэд нүүрстөрөгчийн хэмжээг 20 хүртэлх хувиар бууруулж, дахин ашиглагдах эрчим хүчний хэмжээг есөн хувиас 20-25 хувь хүртэл хүргэх 2010 оны зорилтоо бараг бүрэн гүйцэд биелүүлээд буй тус улс эрчим хүчний эх үүсвэрийнхээ 90 хүртэлх хувийг цөмийн эрчим хүч болгохоор ажиллаж байгаа аж. Мөн барилга байгууламжийн материалыг шинэчлэх, эко стандарт тогтоох зэрэгт анхаарч байна. 


03

Австри

Хог боловсруулалт, химийн болон агаарын бохирдлыг зохицуулахад онцгой анхаардагаараа тус улс энэхүү жагсаалтад багтаж байна. Ойгоо хамгаалах тусгай хуультайгаас гадна орчны бохирдлоос сэргийлж жирийн иргэдийн дунд байгаль экологи, газар тариалангийн талаар мэдлэг, боловсрол олгоход тухайлан анхаардаг нь мөн австричуудын онцлог юм. 


02

Куба

Тус улс түүхэндээ нэг ч удаа байгаль орчноо үлэмж хэмжээгээр сүйдэлсэн удаагүй. Кубачууд хөдөө аж ахуйн салбарт 100 хувь байгалийн бордоо ашиглахыг хуульчилсны дээр эрчим хүчний гол эх үүсвэрээрээ усан цахилгаан станцыг сонгожээ. Куба мөн иргэдийнх нь дийлэнх олонх унадаг дугуй унадаг цөөхөн орны нэг юм. 


01

Колумб

Тус улсын нутагт дэлхийн бүх ургамал, амьтны төрөл зүйлийн арав орчим хувь нь бий. Тиймээс ч Колумбын эрх баригчдын байгаль орчинд ээлтэй бодлого зөвхөн тус улсын төдийгүй дэлхий дахины асуудал юм. Колумбын ой ширэнгэ, ховордсон амьтан, гол мөрнөө хамгаалах, барилгын материалд байгальд сөрөг нөлөөтэй ган ашиглахыг хориглох тухай хууль журмууд тун амжилттай хэрэгждэг.


8.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start