Арав.мн

Жижиг улсуудын жижиг армиуд

Жижиг улсуудын жижиг армиуд

Аливаа улсын арми гэдэг агуу хүчирхэг, мэргэжлийн Зэвсэгт хүчин байдаг. Орчин цагийн хүчирхэг арми гэвэл хамгийн түрүүнд ОХУ, АНУ, Герман, БНХАУ зэрэг томоохон орнуудын армиуд таны санаанд бууж байгаа байх. Тэгвэл зарим жижиг орнууд улс орныхоо тусгаар тогтнолыг илтгэхийн тулд жижиг ч гэлтгүй өөрийн гэсэн Зэвсэгт хүчнийг бүрдүүлсэн байдаг. Ингээд дэлхийн хамгийн жижиг, сонирхолтойд тооцогдох 10 Зэвсэгт хүчнийг танилцуулъя.


10

Сан Марино

XIX зуунд Итали улсыг нэгтгэх үеэр эрх баригчид тоглоомоо хураах хүүхэд шиг бүс нутаг, муж тойргуудаа нэг нэгээр нь нэгтгэж байв. Ингэхдээ тэд нэг газрыг үлдээчихсэн нь Сан Марино юм. Эртний Италийн хот-улс болох, дэлхийн хамгийн эртний бүгд найрамдах засаглалтай улс гэгдэх Сан Марино нь Адриатын тэнгис дагуу байрлах жижигхэн хэсэгт орших улс бөгөөд гурван талдаа Италитай хиллэдэг. Олон улсын хэлэлцээрийн дагуу Италийн хамгаалалт дор байдаг ч өөрийн гэсэн Зэвсэгт хүчинтэй. Алба, хэсгээсээ хамаарч өөрийн гэсэн дүрэмт хувцастай байдаг. Хил хамгаалах болон цагдаагийн мөрдөгчдөөс бүрдэг “Guard of the Rock” нь ногоон цамц, улаан өмдтэй. Үндэсний батлан хамгаалах хүчин “Company of Uniformed Militia” нь урт буу, сэлмээр зэвсэглэж, хар хөх дүрэмт хувцас өмсөнө. “Guard of the Council” нь хар хөх урт хүрэм, алтан оруулга, цагаан болон хөх өдтэй өндөр малгайтай байдаг байна. Эцэст нь “Crossbow Corps” гэж бий. Анх 1300-гаад онд байгуулагдсан уг анги нь тухайн үедээ бусдаасаа илүү хамгийн сүүлийн үеийн технологи болох хавчаахайгаар зэвсэглэж, армийн гол хүч нь болж байв. Энэ анги 70 орчим хүнээс бүрдэх ба бүгд сайн дурынхан байдаг. Тэд маш сайн бэлтгэлтэй бөгөөд одоо хүртэл хавчаахайгаар бэлтгэл хийдэг аж.


09

Сейшелийн арлууд

Африк тивийн 94 мянган хүнтэй Сейшелийн арлууд улсын Зэвсэгт хүчин жижигхэн байх нь тодорхой байх. Нийт 115 арлаас бүрдэх уг улсын арми бүхэлдээ тэнгисийн явган цэрэг гэж болно. Албан ёсны нэршил нь Эргийн хамгаалалтын алба ба нийт 650 орчим эрэгтэй, эмэгтэй цэрэгтэй. Хэдийгээр жижигхэн арми ч гэлээ харьцангуй сайн зэвсэгтэй гэж болно. Эргүүлийн гурван усан онгоц, дөрвөн зэвсэглэсэн завиараа улсаа хамгаалдаг. Сонирхуулахад тус арми 2011 оны тавдугаар сард Их Британийн Ханхүү, Кэмбрижийн гүн Уильям, Кэмбрижийн гүнгийн ахайтан Кэтрин нарын бал сарын үеэр хамгаалалтад гарах үүрэг хүлээж байв. Сейшелийн арлуудын Зэвсэгт хүчний өөр нэг анги бол байлдаанд ашиглах боломжгүй дөрвөн онгоцтой агаарын хүчин юм. Харин төсвийн үлдсэн хэсэг нь газрын хүчин буюу одоогоор Ерөнхийлөгчийн бие хамгаалагчдад зарцуулагддаг байна. 


08

Сент-Киттс ба Невис

Ямар ч жижиг армийг бэлэн байлгахын тулд их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Энэ ч утгаараа Карибын тэнгист байрлах Сент Киттс ба Невис улсын Зэвсэгт хүчин эгээ л цахилгааны маастай ламп адил хааяа асаж хааяа унтардаг байна. Ердөө ХХ зууны сүүлээр Их Британиас салан тусгаарлаж, тусгаар улс болсон энэ улсад арми хэрэгтэй, хэрэггүй гэх улс төрийн маргаан нэлээд гарсны эцэст 1967 онд мэргэжлийн Зэвсэгт хүчнээ байгуулжээ. Харин сөрөг хүчин ялсны дараа буюу 1981 онд армийг татан буулгаж, бяцхан нөөцийн арми үлдээсэн бол 1997 онд анхны нам дахин засгийг эрхийг авснаар арми дахин байгуулагдсан байна. Одоогийн байдлаар 350 байнгын цэрэг, нөөцийн 150 цэрэгтэй уг улсын арми нөгөө намын ялалтын дараа мөн л татан буугдах болов уу.


07

Кабо-Верде

Зарим хүн бүхэл бүтэн улсаас ч илүү мөнгөтэй байдаг. Тэгвэл хамгийн баян, нөлөө бүхий хүмүүсийн нэг өөрөөс нь “жижиг” улстай шөргөөцөлдвөл юу болох бол? Яг энэ зүйл Кабо-Вердед тохиожээ. Африк, Европын хооронд бараа зөөхөд тохирсон Африкийн баруун эрэг дагуу байрлах энэхүү арлын улс нэгэн том хар тамхины cүлжээг буулган авахад Зэвсэгт хүчнээ ашигласан байна. 1970-аад онд Португалаас салан тусгаарласан тус улс 1200 орчим хүнтэй армитай. Тэднийг нийт дөрвөн жилийн хугацаанд ашиглан хар тамхины наймаачдын эсрэг тэмцэж, ялалт байгуулсан байдаг. Хэдий тийм ч тус улсын асуудал дуусаагүй байгаа. Хар тамхины наймаачид эсэргүүцэл үзүүлж, 2016 онд нэгэн урвагч цэрэг бусад руугаа гал нээн найман цэргийн амийг хороожээ. Зэвсэгт хүчний хэмжээ бага тул энэхүү ганцхан үйл явдлаас болж тус улсын Зэвсэгт хүчний 0.6% нь хүйс тэмрэгдсэн билээ.  


06

Мальт

Хүн ам нь 450 мянга ч хүрдэггүй Мальт арлын зэвсэгт хүчинд 2000 орчим цэрэг алба хашдаг. Бүгд энэ нутагт төрж, өссөн хүмүүс боловч хэрэглэж буй зэвсэг нь энд тэндээс ирсэн байдаг. Зэвсэг үйлдвэрлэдэггүй улсын хувьд буу шийдмээ гаднаас худалдан авах, боломжтой бол бэлгэнд авахаас өөр аргагүй. Тэдний аз болж Мальтад туслах том гүрнүүд олон бий. Тухайлбал Европын холбооны орнуудаас гадна АНУ, БНХАУ-ын зүгээс зэр зэвсгээр тусалдаг гэнэ. Гэтэл энэ “аз” нь үнэндээ жинхэнэ толгойны өвчин болжээ. Учир нь хэт олон төрлийн зэвсэг байснаар хоорондын нийцэл гэж байхаа больжээ. Электрон хэрэгслүүд хоорондоо зохицож ажиллах ёстой, сумнууд нь аль ч буунд таарах ёстой, хуягт машин, усан онгоц, онгоц гээд бүх зүйлс нь жигд, нэг стандарттай байх нь стратегийн хувьд зайлшгүй шаардлага бол Мальтын хувьд энэ нь маш том асуудал гэнэ. Мальтын цэргүүд үндсэн үүргээс гадна нүүлгэн шилжүүлэг, мөнгөний тээвэр, нисэх онгоцны буудлын хамгаалалт, шуудангийн хамгаалалт зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна. 



05

Монако

Дэлхийн хоёр дахь жижигхэн улс болох Монакогийн хант улсад алдарт Монте Карло казино байдаг гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Мэдээж уг казино нь Засгийн газар, ханхүүгийн гэр бүлтэй салшгүй холбоотой бөгөөд асар их хөрөнгө мөнгийг бий болгож байдаг. Казиногийн ачаар энэ жижигхэн улсын нийт ард иргэдийн гуравны нэг нь саятан, эсвэл тэрбумтан болжээ. Гэвч энэ орлогын өчүүхэн хэсэг нь батлан хамгаалахын салбарт зарцуулагддаг байна. Зэвсэгт хүчнийг хоёр ангид хуваадаг нь 116 хүнтэй Ханхүүгий “Carabiniers” болон 135 хүнтэй “Corps of Firemen” юм. Цэргийн хамгийн дээд цол нь Хурандаа. Монакогийн Зэвсэгт хүчний албан хаагчид Мальтын цэргүүдийн нэгэн адил үндсэн үүргээсээ гадна олон ажил хийдэг. Үүний дунд галын болон түргэний дуудлага, эрэн сурвалжлах, хайх, аврах ажиллагаа гэх мэт багтдаг байна. 


04

Ватикан

Ромын Католик сүм Европын томоохон хэсгийг удирдаж байх үед хүчирхэг Зэвсэгт хүчинтэй байсан бол газар нутаг нь багасахын хэрээр Пап ламын арми ч жижигхэн болжээ. Одоогоор дэлхийн хамгийн жижиг улс болох Ватикан нь ердөө 110 га газарт байрлах ба 100 швейцарь харуулаас бүрдсэн армитай. Харуулуудын ганцхан үүрэг бол Пап лам болон Ватиканыг хамгаалах. Дэлхий дээр хамгийн удаан тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Зэвсэгт хүчнүүдийн нэг Швейцарийн хүндэт харуулуудын түүхэнд баатарлаг түүх олон. Тухайлбал, тэд туркуудын эсрэг эрэлхэгээр тулалдаж, 1527 онд Германы цэргүүдээс пап ламыг аврахын тулд эцсийн хүнээ хүртэл тулалдсан байдаг. Өнөө цагт швейцарь харуулууд бэлгэ тэмдэг төдий болоод байна. Хүндэт харуул болохын тулд та 19-30 настай, 174 см-ээс дээш өндөртэй, цэргийн алба хаасан, урд өмнө нь ял шийтгэл амсаж байгаагүй, католик шашинтай, ганц бие, Швейцарийн иргэн эрэгтэй хүн байх ёстой. 


03

Коморын арлууд

Африкийн эх газар болон Мадагаскар арлын дунд орших гурван арлаас бүрдэх Коморын арлууд улсад 800 мянга орчим хүн амьдардаг. Гэвч хүн амтайгаа харьцуулахад маш жижиг армитай. Тус улсын зэвсэгт хүчин 500 хүнтэй цагдаа нарын тоонд ч хүрэхгүй. Арми ийм жижиг байгаа нь Коморын арлуудын эмх замбараагүй байдалтай холбоотой юм. Улс төрийн систем нь маш ярвигтай ба арал тус бүр хагас автономит засаглалтай, өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй. Арлын Ерөнхийлөгч нар ээлжлэн дөрвөн жилээр нэгдсэн улсаа удирддаг. Гэхдээ энэ тогтолцоо олон сул талтай. Үргэлж бослого, төрийн эргэлт хийх оролдлого, аллага болж байдаг тус улс 1975 онд Францаас тусгаар тогтносон. Арми том болчихвол аль нэг талд том давуу тал үүсгэх магадлалтай. Гэхдээ 800 мянган хүнд цагдан сэргийлэх хүч илүү байх хэрэгтэй нь ойлгомжтой. Цагдаа нарын тоо цэргүүдээс илүү төдийгүй, армид дөрвөн онгоц байдаг бол цагдаагийн газарт нь зургаан онгоц байдаг аж. 


02

Гренада

Арлуудаас бүрдсэн бас нэгэн улс бол Гренада. Карибын тэнгист байрлах энэ долоон арал дээр 1980-аад оны Хүйтэн дайны үеэр томоохон хэрэг үүссэн билээ. АНУ болон холбоотнууд Гренадыг эзлэхээр дайрахад коммунистуудын дэмжлэгтэй Гренадын арми сайн тулалдсан билээ. Хоёр талаас хэдэн зуун хүн амиа алдсаны эцэст тус улсын Зэвсэгт хүчнийг тараасан юм. Ингэснээр тус улсын Зэвсэгт хүчин гэх зүйл бараг үгүй болжээ. Өдгөө Эргийн хамгаалалтын 30 хүн, цагдаагийн 800 албан хаагчтай тус улс үнэн хэрэгтээ дайн боллоо гэхэд 80 хүн л байлдах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл нэг арлыг 10 гаруйхан л цэрэг хамгаална гэсэн үг. Аз болоход Гренадагийн бүсийг АНУ-ын дэмжлэгтэйгээр хамгаалдаг тул эрсдэл багатай билээ.


01

Андорра

Франц, Испанийн дунд орших уулын Андорра улс 80 мянган иргэнтэй. Улсын тусгаар тогтнолд аюул учирсан тохиолдолд 21-60 настай бүх эр хүн зэр зэвсгээ аван, цэрэг болох ёстой. Энэ ч утгаараа айл бүрт хамгийн багадаа нэг буу байх ёстой ба цагдаагийн газарт хэрэг болох үед хүмүүст өгөх нөөц буунууд байх журамтай. Тэгэхээр онолын хувьд Андоррагийн арми хэдэн мянган албан хаагчтай гэсэн үг. Гэхдээ бодит байдал дээр байнгын цэргүүдийн тоо нь ердөө 12. Тэд бүгд улс оронд нь аюул заналхийлэхэд цэрэг босгох үүрэгтэй офицерууд байдаг аж. 



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-1
монголын арми аль хавьд нь явдаг юм болдоо?
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
138,900 оноо
Mujak
02Mujak Seegii
2,400 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд