Арав.мн

Хэл нь заан, зүрх нь машин

Хэл нь заан, зүрх нь машин

Цэнхэр халимны тухай 10 баримт


10

Хамгийн том амьтан

Шинжлэх ухаанд Balaenoptera musculus нэрээр бүртгэлтэй цэнхэр халим бол дэлхий дээрх бүхий л цаг үеийн амьтдаас эдүгээ хүн төрөлхтөнд мэдэгдээд буй хамгийн том амьтан билээ. Дунджаар 30 метр урт, 200 тонн жинтэй уг үлэмж биет сүрлэг амьтны хэл нь гэхэд л заан шиг хүнд, зүрх нь автомашин шиг том юм. Халимны зүрх минутад 5-6 удаа цохилно.


09

Өдөрт дөрвөн тонн крилл иднэ

Гол хүнс нь крилл буюу сам хорхойн төрлийн холтсон хорхой бөгөөд жилийн зарим үед нас, бие гүйцсэн цэнхэр халим өдөрт дөрвөн тонн крилл идэх нь бий. Цэнхэр халим балийн гэгддэг халимны нэг. Латин хэлний балеана хэмээх үгнээс үүдсэн балийн хэмээх үг халим гэсэн утгатай ч өдгөө аварга халимны шүд гэгддэг хумс шиг эвэрлэг эдийг нэрлэх үг болжээ. Цэнхэр халим их хэмжээний ус залгиж, устай хамт аманд нь орсон хэдэн мянган сам хорхойг балийнаараа шүүж иддэг. Харин уснаас хоолоо олсныхоо дараа аман дахь усаа нүсэр том хэлээрээ шахаж гаргана.


08

Цэнхэр биш саарал

Цэнхэр халим далайн гүнд цэв цэнхэр үзэгддэг ч үнэндээ хөх саарал, заримдаа хар саарал зүстэй байдаг. Харин хэвлий нь биед нь наалдаж амьдардаг далайн гүний хэдэн мянган бичил биетээс болж шаргалдуу туяатай харагдана. Өргөн, хавтгай толгойтой цэнхэр халимны бие шовгордуу хэлбэртэй.


07

Нүүдэлчин

Дэлхийн бүх далайд амьдардаг цэнхэр халим хэдэн арваараа сүрэглэх нь бий ч ихэвчлэн ганц, хоёроороо сэлгүүцдэг. Туйл орчимд зусах ба хүйт ормогц экватор тийш нүүдэллэнэ. Цэнхэр халимны дундаж хурд таван миль буюу найман км/цаг ч дээд хурд нь 32 км/цаг хүрнэ.


06

Том дуут

Цэнхэр халим мөн дэлхийн хамгийн чанга дуутай амьтны нэг юм. Хүнгэнэх, гэнгэнэх мэт авианууд нь мянган миль буюу бараг 1600 км ийн зайнаас ч дуулдах нь бий. Судлаачдын үздэгээр аварга халим содон, чанга дуу авиагаа хоорондоо харилцахаас гадна далайн түнэр харанхуй ёроолыг нэгжихэд мөн ашигладаг.


05

Оргилуур нь есөн метр хүрдэг

Цэнхэр халимыг далайн мандалд гарч амьсгалахад нь амьсгалын сүвнээс нь цацардаг ус дунджаар есөн метр буюу гурван давхар байшинтай тэнцэх өндөр оргилуур үүсгэдэг.


04

Тугал нь өдөрт 90 кг жин нэмнэ

Манай гаригийн түүхэн дэх хамгийн том амьтны хувьд цэнхэр халимны тугал нь ч мөн амьтны аймаг дахь хамгийн том биетэй үр төлд тооцогдоно. Нялх халим мэндэлмэгцээ л дэлхийн хамгийн том амьтны жагсаалтад багтах бөгөөд дундаж хэмжээ нь найман метр, жин нь гурван тонн гаруй байна. Эхний жилээ эхийнхээ сүүнээс өөр юугаар ч хооллодоггүй халимны тугал ой хүртлээ өдөр бүр 90 орчим кг-аар жин нэмдэг. Энэ нь халим хамгийн хурдан өсөж том болдог амьтан гэсэн үг.


03

Урт наст

Цэнхэр халим хамгийн урт настай амьтны нэг. Халимны чихнээс хулхи мэт эвэрлэг эд олсноо судлаачид шинжилсний дүнд тэрхүү эдийн нугалаа, давхаргаар насыг нь тогтоож олох арга нээжээ. Уг аргаар насыг нь тогтоохоор судалсан олон арван халимны үлдэгдлээс эрдэмдтийн тогтоосон хамгийн урт настай нь 110 орчим настай байлаа. Ихэнх судлаач хамгийн том амьтны дундаж насыг 80-90 гэж үздэг.


02

Халим хамгаалах тухай тунхаг 1966 онд батлагдсан

Цэнхэр халимны тоо толгой өдгөө 10-25 мянгын хооронд хэлбэлздэг гэх судалгаа бий. 1990-ээд оны үеийн хяналтгүй агнуур уг сүрлэг том, номхон дөлгөөн амьтныг мөхлийг ирмэгт аваачжээ. Хамгийн том амьтныг хамгаалах, тоо толгойг нь өсгөхөд чиглэсэн байгаль хамгаалагчдын олон арван жилийн хичээл зүтгэлийн дүнд Халим агнуурын олон улсын хорооноос 1966 онд халимыг тусгай хамгаалалтад авах тунхаг баталжээ.


01

Гол дайсан нь хүн

1900-1960- аад оны хооронд 360 мянга гаруй цэнхэр халим ангуучдын гарт өртсөн гэдэг. Тусгай тунхаг батлагдсанаас хойш тоо толгой нь багахан хувиар өсөж буй ч цэнхэр халим өнөө ч Дэлхийн байгаль хамгаалагчдын эвслийн Улаан жагсаалтад бичигдсэн хэвээр байна. Байгалийн дайсан цөөтэй ч цэнхэр халим хүнээс гадна аварга махчин загас, алуурчин халимны халдлагад өртөх нь бий. Мөн том усан онгоцтой мөргөлдөж амь тавьсан тохиолдол ч бүртгэгдсээр байна.


9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
zarim zurag ni bogtor halimnii zurag bgaad bh yum. 2 oor halim holij taviad joohon tsegtstei medeellee hiij bmaar yum.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start