Арав.мн

Амьтны хор хосгүй эм болох нь

Амьтны хор хосгүй эм болох нь

Амьтны хор нь биеэ хамгаалах гэсэн амьтдын зэвсэг бөгөөд нэн хачирхалтай эл “шөл”-ний найрлагад хортой уураг, уурагтай төстэй пептид хэмээх амино хүчлүүд багтана. Молекулууд нь өөр өөр үйлчилгээтэй ч эдгээр нь нэгдэн нийлэхээрээ хамгийн аймшигт хүчтэнд хувирдаг. Зарим нь шуудхан мэдрэлийн системд хүрч мэдрэл, булчин хоорондын үйлчлэлийг зогсоон хүнийг эрэмдэг болгох бол зарим нь эс, зөөлөн эдийг гэмтээнэ. Амьтны хор нь цусыг бүлэгнүүлж, зүрх зогсоох, эсвэл цусыг огт бүлэгнүүлэхгүй болгож, цус алдуулж хүнийг үхэлд хүргэдэг.

Бүх хор олон талтай, олон үйлчилгээтэй. Амьтны гаралтай хор биеийн аль нэг хэсгийг тариур шиг “цоолж”, биед нэвтрэх бол ердийн хор уусан үед л үйлчилнэ. Нэг хатгалтаар хэдэн арав, заримдаа хэдэн зуун хорт бодис хүний биед нэвтэрч зарим нь ялихгүй, зарим нь ер бусын нөлөө үзүүлдэг. Харин хорын бүтцийг тайлж, үхэлд хүргэх арга замуудыг нь шинжвээс сайн хор гэдэг олон мэхний нийлбэр бөгөөд үйлчлэлийг нь дайснаа эхлээд хордуулж, дараа нь хутгалж, эцэст нь толгойд нь сум зоохтой адилтгаж болох юм.


10

Анагаагч

Гэсэн ч хөнөөлт бодисуудыг нь ялгаж авч чадвал амьтны хор үнэ цэнэтэй эм болно. Хоронд агуулагддаг олон бодис өвчин эмгэгийг анагаахын тулд хянаж байгууштай молекулуудад шууд нөлөөлдөг байна. Хорын үйлчилгээ хурдан бөгөөд баттай. Дээр дурдсан пептид, уураг зэрэг идэвхт бодисууд нь токсин, ферментийн адилаар молекулд яг л түлхүүр цоож цуургандаа таардаг шиг таардаг аж. Ихэнх эм мөн ийм замаар молекулуудын цоожийг хянаж, өвчнийг намдаадаг. Хорт бодисын тодорхой байг олж тогтоох амаргүй ч зүрхний шигдээс, чихрийн шижний гол эмүүдийг чухамдаа амьтны хороос гаргаж авчээ. Тиймээс дархлаа суларснаас үүдэлтэй өвчин, хорт хавдар, хүчтэй өвдөлтийн эсрэг шинэхэн эм бэлдмэлүүд арав хүрэхгүй жилийн дотор мөн хороос “мэндлэх” боломж бий.

Одоогоор мянга хүрэхтэй үгүй хорт бодисыг анагаах ухаанд ашиглаж байгаа бөгөөд арав гаруйхан нь л бүтээгдэхүүн болж зах зээлд гарчээ. Эрдэмтдийн тооцоогоор амьтны гаралтай 20 сая хүртэлх тооны хор судлагдахаа хүлээж байна.


09

Хортой 100 мянга гаруй амьтан бий

Өдгөө могой, хилэнцэт хорхой, аалз, цөөн тооны гүрвэл, зөгий болон наймаалж, хэд хэдэн төрлийн загас, эмгэн хумс гээд нийт 100 мянга гаруй хортой амьтан дэлхий дээр байна. Энэ бүх амьтан биедээ хор агуулах булчирхай, түүнийгээ гадагшлуулах эрхтэнтэй. Харин хөлдөө хор тээдэг эр нугасан хошуут тэргүүт цөөхөн хортой хөхтөн бий. Хор болон түүний нэгдлүүд нь амьтны төрөл зүйл бүрт өөр өөр, харилцан нөлөөгүйгээр бий болдог. Нэг овгийнх атлаа нэг ижил зүйлийн хоёр өөр могойн хатгалт хийгээд хор нь газар нутаг, наснаас нь хамааран өөр өөр байх жишээтэй. Могойн хор идэш тэжээлтэй нь хамт өөрчлөгдөх нь ч бий.

Хувьслын явцад амьтны гаралтай хорын найрлага 100 сая гаруй жил өөрчлөгдөн хувьссан ч молекулын бүтэц нь түүнээс ч илүү хугацаанд хэвээр байсаар иржээ. Гол молекулуудыг нь байгаль эх тухайн амьтны онцлогт тааруулан цуснаас тархи, тархинаас хоол боловсруулах эрхтэнд гэх зэргээр шилжүүлсэн байна. Эрдэмтэн судлаачдын тайлбарладгаар амьтны хорын хүний мэдрэлийн системд нөлөөлөх хүртэлх дундын бүх л шат дамжлагыг байгаль эх үгүй хийсэн бөгөөд тархины идэвхжилийг өчүүхэн төдий өөрчлөлтөөр үгүй хийн, маш “цэвэрхэн” ажиллахад л хорын ид шид оршино. 


08

Бүх хор үхэлд хүргэхгүй

Мэдээжийн хэрэг, бүх хор үхэлд хүргэхгүй. Зөгийн хор гэхэд л хамгаалалт төдий бол эр нугасан хошуут зөвхөн үржлийн улирлын үеэр өрсөлдөгчөөсөө илүү гарах гэж хороо ялгаруулдаг. Харин ихэнх хортой амьтны хувьд хороо ялгаруулна гэдэг шуудхан халдагч этгээдийг хөнөөх арга бөгөөд наанадаж л идэш нь болох амьтнаа хөдөлгөөнгүй болгох зорилготой. 

Хүн ихэнх тохиолдолд хортой амьтны санаандгүй хохирогч байдаг гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор жил бүр таван сая гаруй хүн хорт хатгалтад өртдөгөөс 100 мянга орчим нь амиа алддаг байна. Энэ тоо бодит байдалд хавьгүй илүү ч байж мэднэ. Ийм тохиолдлын ихэнх нь хөгжил буурай орнуудын хязгаар нутгуудад болдог бөгөөд хохирогчид нь эмчилгээ авч чаддаггүй, эсвэл уламжлалт эмчилгээг сонгодог тул тэр бүр бүртгэгддэггүй байна.


07

Хорыг хороор

Амьтны гаралтай хорыг эмчилгээнд ашиглах нь шинэ санаа биш. Энэ тухай нийтийн тооллын II зууны үеийн самгард бичвэрт хүртэл дурддаг агаад хорын ухаанд нэвтэрсэн гэх Ромын дайсан Понтын хаан VI Митритадыг МЭӨ 67 оны үед тулааны талбарт шархдахад бөө нар нь тал хээрийн могойн хорыг шарханд нь түрхсэнээр хоёр ч удаа амийг аварчээ.  Хятад, Энэтхэгийн уламжлалт анаагах ухаанд хэдэн зуун жил хэрэглэгдсэн кобрагийн хорыг өрнийн орнуудад 1830-аад оноос төрлөөр нь эмчлэх ухаан буюу хорыг хороор тайлах аргад ашиглах болжээ. 1900-гаад оны үед хэвлэгдсэн Жон Хенри Кларкийн “Materia Medica” номд амьтны гаралтай хорыг өвчин намдаагч болгож, хортой амьтанд хатгуулсан хүнийг хүртэл эдгээсэн тухай дурдсан байна. “Анх өдөөсөн зүйлээр нь л өвчин эмгэгийг эмчлэх гэж оролдох хэрэгтэй” хэмээн уг номонд тэмдэглэжээ. 

Кларкийн бичсэнээр эмнэлгийн нөхцөлд шингэрүүлсэн кобрагийн хор цээжний бах, багтраа, сарын тэмдгийн зовуурь, өндөр халуун болон зүрх, толгой, улаан хоолой, залгиур хоолойн өвчин, өндгөвчний үрэвсэл, халдварт өвчин зэргийн өвдөлт зовуурийг намдаажээ. “Эмчилгээний тун өвчин үүсгэгч тунгийн хэмжээнээс хэтрэх ёсгүй” гэж тэрбээр анхааруулсан байна. Үүнээс харахад хуучин цагийн эмч нар өвчтөний насыг уртасгахаасаа илүү үхлийг нь түргэтгэх тохиолдол бишгүй байсан бололтой.


06

Анхны “хортой” эмүүд

Хью Алистер Рид нэрт нэгэн англи эмч Малайзын хуурай газрын аварга могойн хорыг судасны тромбоз өвчнийг эмчлэхэд ашиглах санал гаргасан үед буюу 1960-аад оноос амьтны гаралтай хорыг эмчилгээнд ашиглах арга эрчээ авчээ. Рид эмч малай могойн хоронд байх анкрод хэмээх нэг төрлийн уураг нь цусан дахь мяндсан уургийг сулруулж, цусыг бүлэгнэхээс сэргийлдгийг тогтоосон байна. Цусны хэт бүлэгнэлтээс сэргийлдэг могойн хорын орцтой “Arvin” хэмээх эм 1968 онд Европын эмнэлгүүдэд хүрчээ. Өдгөө энэ эм өөр олон могойн хор бүхий цус бүлэгнэлтийг зогсоох эм бэлдмэлүүдэд байраа тавьж өгөөд байна.

Бразилийн газрын могойн хор 1970-аад онд ACE хэмээх, өдгөө даралттай хүмүүс голдуу хэрэглэдэг урвал сааруулагч бүлэг эмийн үйлчлэлийг сайжруулсан юм. Эл могойд хатгуулсан Бразилийн гадил жимсний талбайд ажиллагсдын цусны даралт яагаад гэнэт ихсэж, ухаан балартаж унадгийг эрдэмтэд тогтоох гэж оролджээ. Тэгэхдээ хороос даралт бууруулдаг бодис илрүүлсэн байна. Гэхдээ могойн хорт шүднээс чухам юу гардаг болоод хүний амийг авардаг талаар эм үйлдвэрлэгчид нухацтай судлах хэрэгтэй байлаа. Амьтны хорыг зүгээр ч нэг шүүж аваад эмэнд хийчихгүй. Ашигтай найрлагыг нь молекулын түвшинд хувиргаж, хүний хоол боловсруулах эрхтний адармаатай явцыг тэсвэрлэхүйц байхаар боловсруулжээ. Ингэж сая нэг боловсронгуй “хор” бүтээгдэж, 1975 онд даралтад уух анхны каптоприл эм нийтийн хэрэглээнд нэвтрэв. Каптоприлоос эхтэй урвал сааруулагч ACE-гийн эмүүдийг өдгөө хэдэн арван сая хүн хэрэглэдэг бөгөөд худалдааны эргэлт нь хэдэн тэрбум ам.долларт хүрсэн байна.

Хортой амьтдад байдаг молекулын онцгой чанарууд нь олон хэцүү өвчнийг эдгээх найдвар төрүүлж байна. Зүрхний өвчтөнүүд л гэхэд дорнын ногоон мамбад талархах учиртай. Африкийн модонд байх энэ могойн хор мэдрэлийн систем, цусны эргэлтийг сааруулж аажмаар үхэлд хүргэдэг. Анагаах ухаан судлалын Мейо клиник группын судлаачид хорын гол пептидийг хүний судсан дахь эсийн пептидтэй нэгтгэж цендеритид хэмээх уураг гаргасан нь тус байгууллагын туршилтын гол хэрэглэгдэхүүн юм. Цендеритид нь цусны даралтыг бууруулж, хэм алдагдсан зүрхний фиброзыг (утаслаг эд эс үүсэх) саармагжуулаад зогсохгүй бөөрөнд давс, ус хуримтлагдахаас сэргийлдэг байна. Мейогийн зүрх судасны өвчин судлаач Жон Бурнеттийн хэлснээр нэг сумаар хоёр туулай онож буйд цендеритидтэй эмийн үнэ цэн оршино. Дорнын ногоон мамбатай төрөл нэг хар мамбагийн ангайсан ам австай төстэй харагдах бөгөөд үнэхээр ч ганц хатгалтаар хүнийг авсанд оруулж дөнгөнө. Хар мамбагийн хороос ч мөн шинэ, хүчтэй өвчин намдаагч гаргаж авах бүрэн боломж бий.

АНУ-ын баруун өмнөд нутгийн элсэн дунд байх хайрганд хучигдсан мэт арьстай гила мангас хэмээх гүрвэл жилд тун цөөн удаа, заримдаа бүр гуравхан удаа хооллодог (урт сүүлэндээ өөх тос нөөдөг учир) атлаа цусан дахь чихрийн хэмжээ нь үргэлж тогтвортой байдаг. Нью-Йорк дахь Жеймс Ж.Петерсийн нэрэмжит Анагаах ухааны төвийн эндокринилогич Жон Инг 1992 онд гила мангасын хороос цусан дахь чихэр төдийгүй дуршил бууруулдаг бодис илрүүлжээ. Уг амьтны шүлсэн дэх хороос ялгаж авсан эксенатид нь байгалийн гормоны адил чихрийн хэт өсөлтийг хянах эсүүдийг идэвхжүүлдэг агаад чихэр хэвийн хэмжээнд байх үед идэвхгүй байдаг байна. Мөн инсулин боловсруулж, жин хаяхад тусалдаг аж. Ганц АНУ-д л гэхэд 25 сая орчим хүн хоёрдугаар шатандаа орсон чихрийн шижнээр шаналж байгаа энэ үед гила мангасыг анагаагч супер баатар гэхэд хилсдэхгүй.



05

Шинэ“хүчин зүтгэгчид”

Хэдийгээр хуруу дарам цөөн ч хортой хөхтөн амьтад мөн энэ салбарт “ажиллаж” байна. Одоогоор харвалтад хэрэглэж байгаа эм бэлдмэлүүд цус харваснаас хойш гурван цагийн дотор уухгүй бол үр дүнгүй байдаг. Харин цус сорогч сарьсан багваахайн шүлснээс гаргаж авсан цус бүлэгнэлтийг зогсоох бодисын найрлагатай, одоогоор туршилтын шатандаа яваа шинэ эм нь дээрх хугацааг есөн цаг хүртэл сунгах юм. Үет хөлтнүүд ч мөн хорыг эм болгох үйлсэд “хүчин зүтгэж” байна. Мексикт байдаг нэгэн зүйлийн хилэнцэт хорхойны хорыг ашиглан бодисын загварч хэмээх шинэ аргачлал бий болсон нь дархлаа суларснаас үүдэлтэй өвчин эмгэгийг анагаахад тустай дархлааны T эсүүдийг сонгон идэвхгүйжүүлэх нийлмэл бодисыг гаргаж авахад чиглэжээ. Эм үйлдвэрлэгч хэд хэдэн компани энэ аргыг туршиж эхлээд байна.


04

Хорт хавдрыг ч хороор эмчлэх боломжтой

Энэ зуур аварга ангууч хэмээгддэг нэгэн төрлийн хилэнцэт хорхойн мэдрэлд нөлөөлөгч хор нь тархины хорт хавдар үүсгэгч эсийн өнгөн давхаргад таардаг болох нь тогтоогджээ. Хорт хавдар дахин үүсдэгийн гол шалтгаан нь мэс засалчид эсийн ургалтын түвшинд сайн эсийг муугаас нь ялгаж чаддаггүйгээс болдог. Одоогоор онош тогтоох хамгийн сайн төхөөрөмж гэгддэг соронзон үйлчлэлийн дуран авай нь тэрбум эсээс бага хэмжээний массыг илрүүлэх чадамжгүй. Тиймээс мэс засалчид хорт хавдар болон эрүүл эд эс хоорондын заагийг зөвхөн харааны мэдрэмж болон бүтцийн чигийг баримжаалан олдог байна.

Тархины хамгийн түгээмэл хорт хавдар болох глиомаг эмчилдэг эмч нар хэт улаан туяа бүхий будгийн тусламжтайгаар хлоротоксиныг тэмдэглэх “молекул гар чийдэн” хэмээх аргыг нэвтрүүлжээ. Хорт хавдрын зураг хэмээх, хилэнцэт хорхойн хороос үүдэлтэй эл арга ердөө анхны туршилт дээр л хорт хавдрыг 200 хүртэлх тооны эсийг ялгаж харагдуулсан байна. Энэ аргыг цааш улам нарийн боловсруулбал мэс засалчид хорт хавдрыг үндсээр нь, бүр 100 хувь ч устгах боломжтой болох юм. 


03

Эмийн “бичил үйлдвэрүүд”

Амьтны гаралтай хорыг хосгүй эм болгон хувиргах судалгааны ажилд одоо далайн амьтдыг л ашиглах дутуу байна. Эмгэн хумс л гэхэд харилцан адилгүй үйлчлэлтэй 50 ба түүнээс олон төрлийн хорт бодистой гэдэг. Судлаачдын үздэгээр эмгэн хумсад хатгуулах нь нэгэн зэрэг кобрад хазуулж, фугу буюу цэлхгэр загас идэхтэй адилхан юм. (Фугугийн хор хүнд цианидаас мянга дахин хүчтэй үйлчилдэг.) Эмгэн хумс тэргүүт усны амьтдыг зөвхөн өөрийнхөө хэрэгцээ шаардлагад тааруулж хорт бодис үйлдвэрлэдэг эмийн бичил үйлдвэртэй адилтгаж болно. Эмгэн хумсын хоронд байх конотоксин нь мэдрэлийн эсүүдийг “унтраадаг” нь сүүлийн шатандаа орсон хорт хавдрын өвдөлтийг намдаахад тус болж мэдэх юм. 

Конантоксин хэмээх эмгэн хумсын пептид нь молекулын байг тун мэргэн онодог бөгөөд өмнө нь таталтын эсрэг эм бүтээх туршилтыг амжилттай давж байжээ. Тэгэхээр конотоксин, конантоксины аль алийг Альцгеймер, Паркинсоны өвчин, сэтгэл гутрал, цаашлаад никотины дон зэргийг эмчлэхэд ашиглаж болох гэнэ. Эмгэн хумсаас гаргаж авсан таван ч бодисыг одоогоор хүн дээр туршиж, морфинтой төстэй зиконотид хэмээх өвчин намдаагч бодис гаргаж аваад байна. Зиконотид нь химийн найрлагын хувьд эмгэн хумсын биед агуулагддаг бодистой төстэй юм.


02

Байгаа онох нь чухал

Өөр нэгэн далайн амьтан болох наран анемон нь сам хорхой, жижиг загас зэрэг гол идшээ хортой тэмтрүүлээрээ мэгдээж, дараа нь ороож авдаг. Харин нематоцист хэмээх цочроогч эсүүд нь хүний дархлаанаас үүдэлтэй өвчин эмгэгийг эмчлэхэд тустай пептид агуулсан хорыг хүчгүйдүүлдэг аж. 1990-ээд онд Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Жорж Чэндигээр ахлуулсан судалгааны баг тэдгээр пептидийн нэг нь үрэвсэл үүсгэгч уургийн идэвхжилийг зогсоодгийг мөн тогтоожээ. Судлаачид тэрхүү пептидийг ShK-186 хэмээх бодис болгон дахин боловсруулсан байна. Өдгөө Сиэтльд төвтэй “Кинета” хэмээх биотехнологийн компани ShK-186-гаар дархлаа суларснаас үүдэлтэй өвчин эмгэгийн эсрэг эм бүтээхээр ажиллаж байна. ShK-186 нь өвчилсөн эсийг яг таг онилдогоороо онцлог гэнэ. Тиймээс нэгэн цагт энэхүү бодистой эм гарлаа гэхэд ямар ч сөрөг дагаваргүй, бусад эсэд нөлөөлөхгүй шидэт анагаач бүтнэ гэсэн үг. 

Молекулт биологи тэргүүт хэд хэдэн салбарын энэ мэт өсөлт дэвшил нь эрдэмтдэд амьтны гаралтай хор болон түүний байн талаар илүү ихийг ойлгож мэдэх үүдийг нээж өгөх юм. Эм үйлдвэрлэгч компаниуд хэдэн мянган найрлага, бодисыг ердөө аз таарна хэмээн найдаж судалдаг хэвээр байгаа энэ үед Хорт бодисын загварч зэрэг дэвшилт технологийн боломжууд нь судлаачдад илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд зогсохгүй молекулын тодорхой үүдийг нээх анагаагч түлхүүрийг бүтээх ажлыг хөнгөвчлөх юм. Ингэснээр хүрэн могойн хороос гаргаж авсан цацлагаар ослын газар хүний амь аварч, мамбагаас гаргаж авсан пептид зүрхний шигдээсийг анагаах үе ойртож байна. 


01

Олохоосоо өмнө алдах нь

Амьтны гаралтай хорын анагаах увдис нь байгалийн нэгэн гайхамшиг авч эл бүтээлийг хүмүүс бид бүрэн судалж танихаасаа өмнө алдаж мэдэхээр байна. Бөмбөрцгийн өнцөг булан бүрт эрс тэс орчинд дасан зохицдог тулдаа могой ер бусын найрлагатай хор тээдэг билээ. Харин могойн тоо толгой эгээ л бусад амьтны адил цөөрч байгаа бөгөөд далай тэнгис ч гэсэн аюул заналхийлэлд өртөөд байна. Далайн химийн бүтэц, орчин цөхцөл нь өөрчлөгдөж байгаа тул эмгэн хумс, наймаалж зэрэг ашигт хорын олон эх үүсвэр хорогдох болжээ.

Судлаачдын онцолдгоор дэлхийн хэмжээнд био мандлын олон талт байдлыг хадгалж үлдэхийн тулд давын өмнө молекулын олон талт байдлыг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Тэгсэн цагт л байгаль хамгааллын асуудал яригдахад байгалийн хамгийн хөнөөлт эмийн молекулуудыг анхаардаг болно. Энэ нь өөрөө дэлхий дээрх амьдрал аврагдах уу, эс аврагдахуу гэсэн асуудал юм. 



9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


peeesh
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start