Арав.мн

Монгол орны ховор амьтад - ХАР МӨРНИЙ МОЛЦОГ ХАНДГАЙ

Монгол орны ховор амьтад - ХАР МӨРНИЙ МОЛЦОГ ХАНДГАЙ

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг MAKE GREEN компани нэн ховордсон Хар мөрний молцог хандгайг танилцуулж байна.


10

Биологийн ангилал

Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Туруутан
Овог: Бугынхан
Төрөл: Alces
Зүйл: Хандгай
Дэд зүйл: Хар мөрний


09

Ховордлын статус

Монгол орны нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.


08

Таних шинж

Шивэр хандгайнаас биеийн хэмжээгээр арай бага. Биеийн урт 276 см, сэрвээний өндөр, 195 см, жин 400 кг хүрнэ. Ерөнхий зүс жигд бараан, мөчид арай цайвар. Эвэр жижиг, хөнгөн, бугынхтай төстэй салаа эвэртэй байдаг. Иймээс нутгийн иргэд буган хандгай гэж нэрлэх нь бий.


07

Тархац байршил нутаг

Хятадын зүүн хойд нутаг Их хянганы нуруу, ОХУ-ын Амар, Уссурийн хязгаар, Тэнгис хавийн нутгаар байршина. Халх гол, түүний цутгал Дэгээ, Нөмрөг голын савд тархсан. Хүйтэн, сэрүүний улиралд баруун тийш Гүү азрагын манхан, Авдрантын булаг хүртэл үзэгдэнэ. Зун татмын бургас, монос, өрлөг зэрэг бутан шугуй бүхий өтгөн өндөр өвс зэгстэй намаг нугад идээшилнэ. Өвөл нарсан төгөл, мод сөөгт элсэн довцог, хоолойн зэгс, шугуйд нутаглана.

Мөн монгол улсад тархсан Хар мөрний хандгайн гол байршил нь Ар сүмийн хоолой, Задгайт орчмоор илүүтэй тохиолдоно.


06

Амьдарлын онцлог

Хар мөрний хандгай X сарын сүүл, XI сарын эхээр ороо нийллэгт орж, V сарын эцсээр 1-2 ходол төрүүлнэ. Орооны үед  манж 5-8 сүндэс хураана.  Манж орооныхоо үед анх сүрэг хурааж байсан нутагтаа иргэж ирдэг онцлог ажиглагдсан. Орооноос бусад үед манж ганцаар явна. Сүндэс, ходол, залуу эр, эм 6 бодгаль хүртэл толгойгоор сүрэглэсэн байдаг. 


05

Идэш тэжээл

Тус хандгай нь өвсөн тэжээлтэн бургас, монос, өрлөг зэрэг бутан шугуй бүхий өтгөн өндөр өвс зэгстэй намаг нугад идээшилнэ. Улирлаар нутаг бэлчээрээ ойр зуур сэлгэнэ. Зун мараанд ирнэ.


04

Тоо толгой, хомсдох шалтгаан

Манай оронд 1970-аад онд Нөмрөг гол, Соёлз уул хавьд 1000 га талбайд 3-4 толгой байснаа, 1990-ээд оны эхээр нийт тархац нутагтаа 70-80 толгой орчим байв. Нөмрөгийн дархан газарт 2004 онд 73 бодгаль байсан. Мөн Нөмрөгийн Дархан цаазат газраас 2012, 2014 онд 2 жилийн давтамжтай тоо толгойн судалгаа хийсэн. Уг судалгаагаар 2012 онд Нөмрөгийн ДЦГ-ийн тархац нутагт  120±200 бодьгал, 2014 онд 200±500 бодьгал байжээ. Сүүлийн жилүүдэд хар мөрний хандгайн тоо толгой өсөх хандлагатай байгаа. 
(Г.Батболд. Нөмрөгийн ДЦГ-ын даргын аман мэдээ)

Хар мөрний хандгайн тоо толгойнд нөлөөлдөг гол хүчин зүйлүүд гэвэл Хар мөрний хандгайн байршил нутаг, тэжээл нь халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахайтай давхцана. Саарал чоно төл, залуу хандгайг барьж идэхээс гадна, ялангуяа цас ихтэй өвөл бие гүйцсэн эр эмийг хорооно. Мөн зуд, хээрийн түймэр ч хорогдлын шалтгаан болдог.


03

Хамгаалагдсан байдал

Хар мөрний хандгайг 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Монгол улсын улаан ном (1987, 1997)-нд оруулсан. Тархац нутгийг Нөмрөгийн дархан цаазат газарт хамруулсан.


02

Цаашид хэрхэн хамгаалах вэ?

Тархац, нөөцийн үнэлгээ хийх, шилжилт хөдөлгөөнийг автомат камер болон хүзүүвчлэх аргаар судалж, тархац тоо толгойд нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоох, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралтад оруулах, хууль бус агналтыг таслан зогсоох хяналтыг сайжруулж, сэргээн нутагшуулах, гаршуулан үржүүлж удмын санг хадгалах.


01

Ач холбогдол

"Махыг нь чанаж идэн, шөлийг нь уухад тамир тэтгэж, чадал оруулдаг. Хандгайн мах, тос, чөмөг, цусан эвэр нь монгол эмийн жор найрлагад орно. Хандгайн ясыг архинд хийж хандалж уувал ядаргааг тайлж, тамир тэнхээг нөхнө. Хандгайн цусан эвэр хүний биед учрах таван хатингарыг дардаг. Үүнд арьс атирах, үс унах, цусан тамир доройтох, мах цуурах, идээ ундаанд дургүй болох, дөрвөн мөч сулрах, нүд бүрэлзэх зэргийг засах эмийн жор найрлагад ордог" гэсэн энэ ардын уламжлалт эмчилгээ, "ач холбогдол" нь хандгайн хорогдлын гол шалтгаан юм!
Аливаа амьтны ач холбогдол нь ердөө л байгаль эх, эко системийн гишүүн байх явдал шүү дээ (Махан идэшт амьтдын хоол тэжээл болно, баас хорголоороо хөрс бордоно, ургамлын үр тоос тараана, дамжуулна гэх мэт).


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Тархац нутаг, хорогдох шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарласныг товчлох хэрэгтэй байхаа. Сайхан нийтлэл болжээ. Танай сайтын хандалтыг нэмэгдүүлэх юм сан.
+1
сүүлийн өгүүлбэр янзтай
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start