Арав.мн

Монгол орны ховор амьтад - ИРВЭС

Монгол орны ховор амьтад - ИРВЭС

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг MAKE GREEN компани нэн ховордож буй цоохор ирвэсийг танилцуулж байна.

Шинжлэх ухаанд ирвэс гэдэг үг нь эртний түрэг хэлээр ирбийз буюу цасны муур гэсэн үг юм. Францын нэрт байгаль судлаач, гүн де Бюффон “Байгалийн түүх” номондоо 1761 онд ирвэсийн тухай анх таван хуудас бичиглэл оруулсан байдаг. Хожим нь  1775 онд Германы эрдэмтэн Шребер энэ амьтныг шинжлэх ухааны нэршилд оруулж байсан гэдэг. Цоохор ирвэсийн шинжлэх ухааны нэршил нь uncia uncia юм. Одоогоор дэлхий дээр 4080-6590 цоохорирвэс байдаг гэсэн судалгаа байдаг.


10

Биологийн ангилал

Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Дэд овог: Pantherinae
Төрөл: Uncia
Зүйл: Ирвэс


09

Ховордлын статус

Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “ховор” зүйл хэмээн үнэлэгдсэн.


08

Таних шинж

Махчин амьтад дотор мийнхэн буюу муурын овогт багтдаг. Цоохор ирвэс нь урт сунасан биетэй, харьцангуй богино хөлтэй, урт сүүлтэй. Бие гүйцсэн цоохор ирвэсийн биеийн урт 103-130 см, сүүлний урт 92-105 см, жин 23-41 кг, тавхайн урт 9-11 см, тавхайн өргөн 7-9 см, сүүл нь жигд, өтгөн үсэрхэгжсэн тул бүдүүн харагддаг. 

Үсэн бүрхүүл нь онцгой шигүү, сахлаг, зөөлөн. Ийм үсэн бүрхүүл хүйтнээс хамгаалах үүрэгтэй. Цайвар шаргалдуу, үүлэн саарал дэвсгэр дээр тод дугуй хар толбо бүхий гоёмсог арьстай. Толбо, хээ нь биеийн хэсэг бүрд өөр байдаг. Тухайлбал, хэвлийдээ толбогүй, толгой нь олон жижиг хар толботой, сүүлний дээд хэсэгт хоёр эгнээ туурайрхуу хэлбэрийн толботой, сүүлний үзүүрээр хажуу тийш зөв биш хэлбэрээр өргөсөж 5-6 хөндлөн цагираг үүсгэдэг. Бие гүйцэхийн хэрээр толбо нь томорч сийрэгжин өнгөн дэвсгэр нь илүү ялгаран харагдана. Иймээс нутгийн хүмүүс зүсээр нь ирвэсийг хар болон шаргал цоохор гэж хоёр ангилдаг. Хар цоохор ирвэсийг залуу, харин шаргал цоохор ирвэсийг нь бие гүйцсэн гэж ойлгоход буруудахгүй. Монголчууд ирвэсийн эрийг гэнд, эмийг гинс, нялх төлийг гүем хэмээн нэрлэдэг.


07

Тархац байршил нутаг

Цоохор ирвэс нь дэлхийн хэмжээнд Памир, Гендүкүш, Гималай, Тянь-Шань, Хархорум, Алтай Соён зэрэг төв ба дундад Азийн өндөр уулын системийг дамнан оршдог Орос, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан, Афганистан, Пакистан, Монгол, Хятад, Бутан, Балба, Энэтхэг гэсэн 12 оронд 2 сая км квадрат талбайд тархан амьдарч байна. Энэ талбайн хэмжээ нь Хятадын газар нутгийн 60 хувьтай тэнцэх аж. Нэг талаас харвал уудам их нутаг эзлэж байгаа мэт боловч уг амьтан тоо толгойн хувьд цөөхөн юм. Одоогоор дэлхий дээр ердөө 4080-6590 цоохор ирвэс байна.


06

Амьдарлын онцлог

Цоохор ирвэсийн олзоо барьдаг үндсэн арга нь гэтэж байгаад огцом үсэрч, олз бологч амьтан дээрээ буудаг. Ингэж үсрэхэд сүүл нь залуурын үүрэг гүйцэтгэдэг. Хол зайд үсрэхэд хүчирхэг хойд хөлийн түлхэлт гол үүрэгтэй. Идэш тэжээл бологч амьтад руу гэтэн үсрэхдээ 14 метр хүртэл харайх чадвартай. Өөрийн газар нутгаа хаяглан тэмдэглэдэг. Ингэж хаяглан тэмдэглэх үйлдлийг бумбаа, үнэртэн, самартас гэсэн хэлбэрээр илэрхийлнэ. Тухайлбал, бумбаа гэдэг нь цоохор ирвэс ялгадсаа хойд хоёр хөлөөрөө самардан булах үед үүссэн жижиг хэлбэрийн овоолсон шороог хэлнэ. Мөн цоохор ирвэс үнэрт шүүрлээ 60-70 хэмийн налуутай хаданд нар салхинаас далд газар цацдаг ба энэ нь харахад шээс шиг боловч тослог гормонтой тул үнэрээ удаан хадгална. Үүнийг үнэртэн хэмээн томъёолдог.

Амьдарч буй орчноосоо төдийлөн ялгаран харагдахгүй зүстэй. Үүнийг биеэ хамгаалах, бас ангуучлал хийхдээ өөрийгөө далдлах ивээл өнгө гэдэг. Хүйтний улиралд сүүлээрээ нүүрээ халхалж, биеэ хучдаг. Энэ нь дулааныг гадагшаа алдахгүй зохилдлого юм. Хамрын суваг өргөссөн нь амьсгалах үед хүйтэн агаарыг уушиг руу шууд оруулахгүй бүлээцүүлж өгдөг байна. Эгц цавчим, өндөр хад асганд сайн явахад зохицсон өргөн тавхайтай.

Цоохор ирвэс хаварт

Аливаа амьтны ороо, нийллэгийн үе бол үр удмаа үлдээх хариуцлагатай мөч. Энэ нь ирвэсэнд хавар тохионо. Ирвэс хоёрдугаар сарын эхний ба дундах арав хоногт ороо нийллэгт ордог. Ороо нийллэгт орохыг нутгийн иргэд ирвэс хошоолох гэж ярьдаг. Ирвэс хошоолох үед хаяглах нь элбэгшиж, заримдаа харуй бүрийгээр онцгой дуу авиа гаргаж орилж хашгирна. Харин нэг онцлог нь хошоолж байх үедээ мал руу огт дайрдаггүй байна. Энэ үед агуйн хажууд хоносон малыг барьдаггүйг малчид батлан ярьдаг. Ороо нийллэгт орсны дараа идэш тэжээл хайж үүгээр түүгээр хэрэн хэсэх нь ихэсдэг.

Цоохор ирвэс зунд

Зуны эхэн сар бол ирвэсний төллөдөг үе. Эм ирвэс болох гинс үр төлөө эсэн мэнд өсгөхийн тулд нууцлагдмал, аюулгүй байдлыг хангасан хадан агуйг сонгон төллөдөг. Гүем нүдээ нээгээгүй төрдөг. Дөнгөж төрсөн гүемийн биеийн урт 25 см, сүүл нь 15 см, жин нь 500 гр байна. Дөнгөж төрсөн гүемийг гинс үсэн бүрхүүлээрээ дулаацуулан, сүүгээрээ тэжээн бойжуулдаг. Төрснөөс хойш 6-7 хоногийн дараа гүем нүдээ нээдэг. Ихэвчлэн 2-3 гүем төрдөг ба ховор тохиолдолд 5 хүртэл гүем гаргана. Тэдний амьдралын хувьд үр зулзгаа өсгөж бойжуулах туйлын хариуцлагатай, бас зай завгүй үе нь зуны улирал юм. Гэхдээ зунд тарвага, зурам, бусад амьтдаар хооллох боломж нэмэгддэг. Гүем долоо, наймдугаар сард эхийгээ дагаж анд гарна. Дөнгөж төрсөн гүем мөнх цасны хайлалт, шар усны үерт үс норж даарах аюултай. Мөн тоглож наадаж байхад нь махчин шувуу шүүрэх нь бий.

Цоохор ирвэс намарт

Намар цагт ихэнх амьтад тарга тэвээрээ авч, өвлийн бэлтгэлээ базаадаг үе. Аргаль, янгир уулнаас уруудах шилжилт хийдэг. Ирвэс ч мөн тэднийг даган шилждэг байна. Зуны эхээр төрсөн гүем махан хоолонд орно. Намрын шувтаргаар бүх төрлийн үслэг ангийн арьс, үс бүрэн боловсордог, тураг амьтны тараг хүч гүйцдэг тул ан агнах үе эхэлдэг. Иймээс намар ан амьтныг хууль бусаар агнах тохиолдол олонтаа.

Цоохор ирвэс өвөлд

Өндөр уулын хахир хүйтэн өвөлд дасан зохицож дулаан үсэн бүрхэвчтэй болсон байна. Өвөл цагт энэхүү үсэн бүрхэвч нь хамгийн сахлаг болдог. Цоохор ирвэс хасах 35-аас 40 хэм, түүнээс ч дээш хүйтнийг тэсвэрлэх чадвартай. Өргөн том тавхай нь цасан дээгүүр түвэггүй явахад зохицсон бөгөөд тавхайны салаа хоорондын үс нь хөлийг дулаацуулан хөлдөхөөс сэргийлнэ. Өвлийн улиралд малчид, ирвэс хоёрын хоорондын зөрчил ихэсдэг. Ирвэсний байршил нутаг нь малчдын өвөлжөөтэй давхацдагт гол учир нь бий. Идэш тэжээл бологч янгир, аргаль, бусад амьтан хүнээс дайжин оронд нь гэрийн мал ирвэсний эзэмшил нутгийг эзэлдэгтэй холбоотойгоор ирвэс мал барих явдал нэмэгдэнэ. Малаа ирвсэнд идүүлсэн малчин түүнд өширхөн, хавх тавих, буудах боловч олон улсын олон улсын хэмжээнд ховордсон, улаан номонд орсон нэн ховор амьтанг агнах нь өндөр торгууль хүлээж, эрүүгийн хэрэгт татагддагт гэдгийг малчид одоо мэддэг болжээ.

Цоохор ирвэс өөрийн гэсэн эзэмшил нутагтай. Эзэмшил нутгаа хэд хэдэн хаягаар тэмдэглэн хил хязгаарыг нь тогтоодог. Цоохор ирвэсийн эзэмшил нутгийн хэмжээ, хил хязгаар нь газрын гадаргын онцлог, идэш тэжээлийн элбэгшлээс хамааран газар бүр өөр байдаг. Жишээлбэл, Балба улсад радио дохиолол бүхий хүзүүвчтэй ирвэс 30-65 км талбайг эзэмшин амьдарч байжээ. Дохиолол ашиглан судалсан судалгааны дүнгээс үзэхэд Монголд эр ирвэс буюу гэнд 400 км квадрат, эм ирвэс буюу гинс 1590 км квадрат хүртэл нутагт гүйдэлтэй байсан нь Балба улсынхтай харьцуулахад хэд дахин их байна. Цоохор ирвэс эзэмшил нутгийнхаа 1-16 хувьд амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлнэ. Энэ нь газар нутгийн уудам томоос гадна хоол тэжээлийн элбэгшилтэй холбоотой. Тэд эзэмшил нутаг, хаяглах үйлээрээ дамжин хоорондоо харьцдаг байна.


05

Амьдрах орчин

Цоохор ирвэс амьдралынхаа ихэнх хугацааг өвс ургамал тачиртай 2500-3500 м өндөр уулын гүн хавцал, хад асга, эгц цавчим хясаа цохио, нугачаа сархиаг ихтэй өндөр уулс, зэрэг гөрөөл амьтан отох, гэтэж ойртох, довтлох боломжтой бартаат газрыг илүү шүтэж байршина. Мөн говь цөлийн хад чулуут уулс, баянбүрд шүтэж амьдарна.


04

Идэш тэжээл

Өөрөөсөө хавьгүй илүү жинтэй амьтныг агнах чадвартай. Монгол орны цоохор ирвэсийн гол идэш тэжээл нь янгир ямаа бөгөөд аргаль, хонь, тарвага, туулай, огдой, бусад мэрэгч амьтан, хойлог, хахилаг, ятуу зэрэг шувуудаар хооллоно. Буга, гахай мэтийн том амьтдыг ч хааяа зооглоно. Манай орны тухайд янгир, аргаль, тарвага зэрэг үндсэн тэжээл нь ховордож, идэш тэжээлийн хомсдолд орвол хариулгагүй яваа адуу, сарлагийг хамгийн түрүүнд иднэ. Ялангуяа, өвлийн улиралд хариулгагүй яваа хонь, ямааг барьж иддэг. Том амьтан барьвал түүнийгээ 2-7 хоног иддэг байна. 

Цоохор ирвэсийн идэш тэжээлийн бүрэлдэхүүний 15 хувийг ургамал, 7 хувийг шороо эзэлдэгийг тогтоосон ч ургамал иддэгийн учир шалтгааныг бүрэн тайлбарлаж чадаагүй. Гэвч зарим судлаач ирвэс нь идсэн хоол тэжээлээ шингээх болон гэдсэн дэх паразит амьтдыг багасгах үүднээс өвс, ургамал иддэг байж болно хэмээн таамагладаг.


03

Тоо толгой

  • Монгол 700-1200
  • Хятад 1500-2000
  • Киргизстан 500
  • Энэтхэг 400
  • Балба 300
  • Пакистан 300
  • Таджикстан 150
  • Орос 120
  • Казахстан 100
  • Афганистан 100
  • Бутан 100
  • Узбекстан 50

02

Хамгаалсан байдал

  • ХЗОХК-ын Хавсралт1-д орсон (UNED-WCMC, 2006)
  • Монгол Улсын амьтны  аймгийн тухай хуулийн 7.1д (2000) нэн ховор зэрэглэлд оруулсан (Бадам, Ариунзул, 2005)
  • 1972 оноос хойш агнахыг хуулиар хориглосон
  • 1995 оны ан агнуурын тухай хуулиар нэн ховор зүйлийн жагсаалтад оруулсан (БОЯ,1996)
  • Монгол Улсын улаан номын хэвлэлд ховор зүйл зэрэглэлээр тус тус бүртгэгдэжээ (Шагдарсүрэн нар,1987, Шийрэвдамба нар, 1997)
  • Ирвэсийн тархац нутгийн 18 орчим хувь (McCarthly, Chapron,2003) нь улсын тусгай хамгаалалтай 10 газрын нутаг дэвсгэрт ордог (McCarthy2000)

01

Ховордлын шалтгаан

  • Арьс болон ясыг Хятадын ардын эмнэлэгт барын ясны оронд ашиглах зорилгоор хууль бусаар агнадаг. (Liao, Tan 1998) 
  • Мөн махыг нь эмийн түүхий эд болгодог.
  • Монгол Хятадад худалдаалагддаг ирвэсний арьсны метр тутам нь 250-иас их ам.доллараар үнэлэгддэг байна. (Wingard,Zahler,2006)
  • Идэш бологч туруутан амьтад ховордсоноос тэжээлийн хомсдол ихсэж байгаа нь ховордох гол шалтгаан болж байна.
  • Зарим газар гэрийн мал руу дайрдаг учраас санаатай агнадаг.

8.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (24)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Харамсалтай
Гоё байна
Баярлалаа
+1
Баярлаа тусалсанд
+1
Ммиммммммм мммммммммм мммммммммм мммммммммм ммммммм
-4
iluu todruulaache chavaas
+5
Баярлалаа
+2
Маш гоё санаа бхвайлаа
+7
баярлалаа маш гоё юм бас товч тоторхой
-3
баярлалаа
-11
Лалар
-12
Лалр
-13
yr bol noob
-5
За
+4
Мэдээлэл хүргэсэнд баярлалаа.
+6
Баярлалаа. Маш хэрэгтэй мэдээлэл байлаа.
+14
mash goy bn delgerengvi goy bn
+6
Баярлалаа мэдээлэл хүргэсэнд
+10
Мэдээлэл хүргэсэнд баярлалаа.
+13
Мэдээлэл хүргэсэнд баярлалаа.
+26
Баярлалаа. маш хэргэцээтэй мэдээлэл авлаа.
+38
Цоохор ирвэсийг хамгаалъя
+13
Сайхааан сайхан
+38
Ийм сайт байдагт их баяртай байна :)
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start