Арав.мн

Хорвоогийн хамгийн царай муутай 10 амьтан

Хорвоогийн хамгийн царай муутай 10 амьтан

Гадаад төрх байдлын хувьд хамгийн царай муутайд тооцогдох 10 амьтныг танилцуулъя. Энэ жагсаалтад шавьж, хорхой багтаагүй. Учир нь тэдний царай муутай, муухай гэдгийг тусад нь авч үзэх шаардлагатай байх.


10

МАТА МАТА

Мата мата бол Өмнөд Америк, ялангуяа Амазон болон Ориноко мөрний сав газраар тархсан цэнгэг усны яст мэлхий юм. Гадаад төрх байдлын хувьд өөрийн төрлийнхнөөсөө ихэд онцгойрдог. Ан хийхдээ гаргуун.

Мата матагийн толгой нь гурвалжин маягийн хэлбэртэй, том, тэгээд хавтгай. Мөн арьсан дээрх олон ширхэг бижрүү, хамар дээрх “эвэр” нь царай муутай амьтдын жагсаалтад бичигдэх хамгийн гол “шалгуур үзүүлэлт” нь болдог. Түүнчлэн хацар дээрээ хоёр сахал, эрүүндээ бас мяндаслаг хоёр сахалтай. Хошуу нь урт бөгөөд хөндий.


09

ТАХАН НҮҮРТ САРЬСАН БАГВААХАЙ

Тахан нүүрт сарьсан багваахай нь Rhinolophidae овогт хамаарна. Энэ төрлийн багваахайнууд хамар дээрээ морины тах хэлбэрийн товгор булдруутай байдаг.  Энэ нь дуу авианы ойлтоор орон зайгаа мэдрэх буюу эхолокацитой салшгүй холбоотой юм.

Тахан нүүрт сарьсан багваахай голдуу хүрэн, эсвэл улаан бор өнгөтэй байдаг. Хэмжээний хувьд харилцан адилгүй.


08

ОД ХАМАРТ СОХОР НОМИН

Од хамарт сохор номин нь Канадын зүүн хэсэг, АНУ-ын зүүн хойд хэсгээр өргөн тархсан Хойд Америкийн жижиг сохор номин юм. Чийглэг, нам дор газар амьдарч, жижиг сээр нуруугүй амьтад, усны шавьж, өт хорхой, нялцгай биетнээр хооллоно.

Тэд усанд сэлэхдээ гаргууд бөгөөд урсгал ус, горхи, цөөрмийн ёроолоор хүнс тэжээл хайж явдаг. Бусад сохор номингийн адилаар хонгил ухаж, идэш хоол хайдаг. Гэхдээ ухсан хонгил нь голдуу усан дор байдаг. Гол онцлог нь хоншоорын үзүүрт байрлах од мэт салаалсан 22 ягаандуу өнгөтэй тэмтрүүл юм. Энэ нь өт хорхой, шавьж зэрэг идэш тэжээл мөн эсэхийг ялгах үүрэгтэй ажээ.


07

ЗАЛХУУДАЙ

Маш удаан гэдгээрээ алдартай энэ амьтантай Төв болон Өмнөд Америкт таарна. Тэд бол холимог идэштэн. Шавьж, өт хорхой, жижиг биетэй гүрвэл, сэг, бас цэцгийн дэлбээ, навч, зөөлөн үндсээр хооллоно.

Амьдралынхаа ихэнх хугацааг модноос уруугаа харж дүүжлээстэй өнгөрүүлдэг. Тиймээс ч арьсан дээрх үснүүд нь бусад хөхтөн амьтнаас нь огт өөр, эсрэг чигт ургадаг байна. 


06

НҮЦГЭН ХАРХ

Цөлийн харх ч хэмээгддэг нүцгэн харх нь Зүүн Африкт түгээмэл бий. Дунджаар 8-10 см урттай, 30-35 грамм жинтэй. Эмэгчин нь биеэр илүү том, 50 грам жинтэй, 80 см урттай байх нь ч таарна. Сохор номинтой адил газар доогуур амьдрахад дасан зохицсон. Нүд нь нарийн зураас төдий, харах чадвар муу. Гэхдээ газар доогуур нүхлэн амьдрахдаа урагш, хойш ялгаагүй маш хурдан хөдөлдөг. 


05

АКСОЛОТЛЬ

Мексикийн саламандер, эсвэл Мексикийн явдаг загас ч гэж нэрлэдэг. Загас гэх нэртэй боловч үнэн хэрэгтээ аксолотль бол хоёр нутагтан юм. Авгалдай нь дүрс хувирдаггүй /метаморфоз/ учир нас бие гүйцсэн ч усанд амьдарч, заламгайгаар амьсгалдаг.

Дөрвөн өөр өнгөтэй аксолотль бий. Хоёр нь байгалийн, хоёр нөгөө төрөл нь мутацийн аргаар бий болжээ. Байгалиасаа боровтор толбо бүхий ягаандуу, эсвэл хар өнгөтэй байдаг. Харин мутацийн аргаар хар нүдтэй ягаан, мөн ягаан нүдтэй алтлаг, цайвар шаргал өнгөтэй “альбино” төрлийг гаргаж авчээ. “Инээмсэглэсэн” гэмээр царайтай, өвөрмөц дүр төрхтэй учир амьтан сонирхогчид аквариумд тэжээх нь олширсон байна.


04

ТАРСИЕР

Биедээ томдсон гэмээр нүд, дэндүү урт тавхай бүхий тарсиер нь шавьж идэштэн юм. Эв хавгүй харагдах урт хөлнийхөө ачаар хол үсэрч, идэш тэжээлээ ангуучилдаг. Бие жижиг шувуу, могойгоор хооллох нь ч бий. Модноос мод дамжин үсрэх зуур нисэж яваа шувууг барьж чаддаг нь гайхалтай. Тарсиер сүрэглэж амьдардаггүй. Бас торонд хориход стресс, тавгүйтлээс болоод өөрийгөө гэмтээж, бүр үхэлд хүргэдэг аж.


03

МИКСИНА ЗАГАС

Загасны төрөл зүйлд хамаарах боловч гаднаас нь харахад арай өөр амьтан юм уу гэлтэй. Харагдах байдлаараа могой загастай төстэй. Далайн ёроолд амьдарч, үхсэн загасны сэгээр хооллоно. Уян налархай, өөрөөсөө нялцгай шүүрэл ялгаруулж, биеэ хамгаалдаг.


02

АЙЕ-АЙЕ

Мадагаскарын “уугуул”. Дэлхийд нэн ховордож байгаа энэ амьтан шөнийн амьдралтай. Мэрэгчтэй төстэй шүдтэй, урт, нарийн хуруутай. Нас бие гүйцсэн айе-айе хар, хүрэн өнгөтэй, хүзүү хэсгээрээ цагаан үстэй. Сүүл нь хэрмийнхтэй төстэй саглагар бөгөөд үслэг. Царай төрхийн хувьд мэрэгчтэй төстэй, толгойн хэлбэр нь илбэнх шиг, гэрэлтсэн том нүдтэй. 


01

ДУСАЛ ЗАГАС

Австралийн эргийн ойролцоо, Энэтхэгийн далайд 600-1200 метрийн гүнд амьдардаг. Далайн түвшинтэй харьцуулахад даралт хэдэн арав дахин илүү орчинд амьдардаг учир хүмүүс тэр бүр “танилцаж” амжаагүй.

Дусал загасны бие бүхэлдээ өөхнөөс бүтдэг, энэ нь усны нягтаас ялимгүй бага учир энерги зарцуулалгүй далайн ёроолоор хөвж явдаг. Урдаа хөвж яваа идэж болох зүйлсийг шууд залгиж иддэг аж.

Үеийн үед бүхий л төрлийн санал асуулгаар “хамгийн царай муутай амьтан”-аар тасралтгүй тодорсоор иржээ.


9.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (4)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Acsiloitel Zalhuudai Twoges Busdan Zairai Muutai Um Bain
-1
Ewwww baliar ym
-2
чи тэр хамгийн эхний зурган дээр л байшд :))))
би хаана байнаа???
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start