Арав.мн

Тоо толгой нь 100-гаас цөөн 10 амьтан

Тоо толгой нь 100-гаас цөөн 10 амьтан

Дэлхий дээр 100-хан хүн үлджээ гэвэл хэчнээн аймшигтай байх вэ. Гэтэл тоо толгой нь 100 ч хүрэхгүй, төрөл зүйлээрээ мөхлийн ирмэгт ирсэн амьтан олон болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүний зүй бус үйлдлээс болж ийм эмгэнэлт хувь тавилантай учрах амьтан, ургамал жилээс жилд нэмэгдсээр байна. Манай орны хувьд мазаалай маань 30 ч хүрэхгүй тоо толгой үлджээ.


10

Кубын тосгууран чихт сарьсан багваахай (Cuban greater funnel-eared bat)

Тоо толгой: 100 орчим

Экосистемийн нэн чухал хэсгийг бүрдүүлдэг энэ амьтан тариалангийн талбай, ашигт ургамалжилтийг сүйтгэн, халдварт өвчин тараадаг хортон шавжийг устгадаг ачтан билээ. Сарьсан багваахайн олон арван зүйл устаж үгүй болох аюулд орсоноос хамгийн ховор нь Кубын баруун хэсэг дэх Ла Барка нэрт агуйгаас өөр дэлхий хаа ч байхгүй тосгууран буюу юүлүүрэн чихт сарьсан багваахай юм. Хэдийн мөхсөн гэгдэж байсан уг амьтныг амьтан судлаачид 1992 онд шинээр илрүүлжээ. Харин 2005 онд тоо толгой нь 1000 орчим байсан энэ сарьсан багваахай хамгийн сүүлийн тооллогоор 100 хүрэхтэй, үгүй үлдсэн нь тогтоогдсон байна. Ийн хорогдоход нь Ла Барка агуйн хана нурж сүйдсэн нь хамгийн ихээр нөлөөлжээ. 


09

Хулсны лемур (Greater bamboo lemur)

Тоо толгой: 90-100

Лемур бол дэлхий дээрх хамгийн ховор, хамгийн хурдтай хорогдож буй хөхтөн амьтан юм. Эрдэмтэн судлаачдын нээн илрүүлсэн нийт 103 зүйлийн лемур сармагчин байдгаас 90 хувь нь өдгөө устаж болзошгүй ангилалд багтжээ. Мадагаскар арлын ой ширэнгээс өөр дэлхийн хаа ч байхгүй олон зүйлийн лемурээс хулс модны их сармагчин гэгддэг лемур одоогоор онгон байгальдаа хамгийн цөөхүүлхэнээ үлдээд байна. Хулсны лемурийн тоо толгойг ойролцоогоор 160 орчим гэдэг ч нутгийн иргэдийн хамгийн сүүлийн тооллогоор 90 гаруйхан л бүртгэгджээ. Уул уурхай, хууль бус мод бэлтгэл, хулгайн ан тэргүүт олон хүчин зүйл уг амьтны хорогдолд нөлөөлж байна.


08

Саола (Saola)

Тоо толгой: 70-100

Гөрөөстэй төстэй харагдах ч угтаа үхрийн төрөлд багтах нэн ховор энэ амьтан бар, ирвэс зэрэг бүр ч ховор амьтдын хоол болж, мах нь нутгийн иргэдийн дунд тансаг идээнд тооцогддог учир мөхлийн ирмэгт ирээд байна. Зөвхөн Лаос, Вьетнамын ой ширэнгэд нутагтай саола ахин өсөж үржихээргүй болтол цөөрөхөд мөн Зүүн Өмнөд Азийн хурдтай хөгжил, хотжилт, хүн амын хэт өсөлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл дор бүрнээ “үүрэг”-ээ гүйцэтгэжээ. Онгон байгальдаа үлдсэн тоотой хэдхэн саолагийн дунд цус ойртолт газар авсан нь энэхүү алаг нүүрт туурайтны аврагдах магадлалыг бууруулж байна. 


07

Гурван хуруут одой залхуудай (Pygmy three-toed sloth)

Тоо толгой: 79

Панам улсын мэдэлд байх, Карибын тэнгис дэх Эскудо де Верагуас нэрт арлын мангро модон ойгоос өөр дэлхийн хаа ч байхгүй энэхүү хөхтөн амьтныг 2001 онд л залхуудайн бие даасан дэд зүйл болохыг тогтоожээ. Амьдран суух ганц орон гэр нь болох ой ширэнгийн хүрээ хумигдаж буй нь гурван хуруутын тоо толгой хорогдох гол шалтгаан болж байна. Дэлхий дээрх хамгийн удаан хөдөлгөөнтэй, хамгийн номхон дөлгөөн энэ хөхтөн өтгөн, шингэнээ ялгаруулахын тулд долоо хоногт нэг л удаа модноосоо буух ба энэ нь биеэ хамгаалах чадваргүй залхуудайн араатан амьтдаас хол байх ганц арга нь болдог. Гэтэл мангро модон ой сүйдсэн нь гурван хуруут одой залхуудайг гэр оронгүйн дээр махчин араатнуудаас нуугдах аюулгүйн бүсгүй болгоод байна. 


06

Явагийн хирс (Javan rhinoceros)

Тоо толгой: 58-68

Аль ч газрын хар зах дээр асар үнэд хүрдэг эвэрнээсээ болж хэдэн мянгаараа хулгайн анчдын гарт өртсөн Явагийн хирс нэгэн цагт Азийн хирснүүдээс хамгийн элбэг нь байсан агаад тархац нуцаг нь ганц Ява, Суматрагаар тогтохгүй Энэтхэг, Хятад хүртэл тэлсэн үе ч бий. Гэтэл одоо Ява арлын Ужунг-Кулоны байгалийн цогцолборт газарт л 60-аадхан толгой Явагийн хирс үлджээ. Зарим судлаачийн үздэгээр үлэмж биет хөхтөн амьтдаас хамгийн ховор нь байж мэдэх энэ амьтан тоо толгой нь 100 хүрэхгүй ихэнх амьтны адил цус ойртох эмгэгт нэрвэгдээд байна. 



05

Амурын ирвэс (Amur leopard)

Тоо толгой: 57

Дэлхийн хамгийн ховор аварга мий гэгддэг, Оросын Приморскийн хязгаар, Хятадын Гирин мужийн цөөн хэсэгт нутагтай энэ амьтны тоо толгой өмнөхөө бодвол өсчихөөд байгаа нь энэ. 2007 онд ердөө 30 орчим байсан энэ амьтан байгаль хамгаалагчдын уйгагүй хичээл зүтгэлийн дүнд бүл нэмжээ. Гэвч гоёмсог арьс, үснээсээ болж хэдэн зууны турш хулгайн анчдын гарт өртсөн Амурын ирвэс хүний ёс бус үйлдлийн хохирогч болсон гамшигт үеэ бүрэн гүйцэд даван туулж чадахгүй байна. Тоо толгой нь угаас цөөхний дээр генийн сан нь баялаг бус, хоол хүнс нь хомсодсоор буй зэрэг шалтгаанаар уг аварга мий хурдтай өсөж үржих боломжгүй байгаа аж.


04

Мадагаскарын шумбуур (Madagascar pochard)

Тоо толгой: 25-60

Дэлхийн хамгийн ховор шувуу гэгддэг нугасны төрлийн энэ жигүүртэн нутаг орныг нь сүйтгэж, тариалангийн бүсээ тэлсэн хүмүүсээс болж багахан газарт бөөгнөрөн амьдардаг. Энэ нь хөөрхий шумбуурын сүргийг идэх, уухаар хомсдуулж, өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэсэн байна. Төвлөрөн амьдарч буй газрынх нь ганц том нуур шумбуурын хувьд загас барихад дэндүү гүн агаад чухам үүнээс болж шумбуурын дэгдээхийн бараг 95 хувь нь гурван долоо хоног хүрэхээсээ өмнө эндэх болжээ. Байгаль хамгаалагчид Мадагаскарын шумбуурыг өөр нуурт шинээр нутагшуулах, дэгдээхийнд нь хоол хүнс бэлтгэж өгөх зэрэг олон ажил хийж буй ч хамгийн ховор шувууны тоо толгой онгон байгальдаа 25-аас 60-ын хооронд хэлбэлзэн, 2013 онд 80 дөхсөн ч эргэн буурсаар байна. 


03

Хайнанийн гиббон сармагчин (Hainan gibbon)

Тоо толгой: 15-25

Өмнөд Хятадын тэнгис дэх Хайнань арлаас өөр дэлхийн хаа ч байхгүй гиббон сармагчин бол манай гариг дээр хамгийн цөөхүүлээ үлдсэн оюун ухаант бич юм. Ой ширэнгийн сүйтгэл, хууль бус мод бэлтгэлээс болж сүүлийн 50-иадхан жилийн дотор гиббоны уугуул нутгийн хил хязгаар ихэд хумигджээ. Тоо толгой нь цөөрөх энэхүү үндсэн шалтгаанаас гадна хулгайн анчдын үйлдэл гиббон сармагчныг өсөж үржихэд саад болж байна. 


02

Умардын цагаан хирс (Northern white rhinoceros)

Тоо толгой: 3

Таван зүйлийн хирс байдгаас хамгийн цөөхүүлээ бөгөөд хамгийн олуулаа нь цагаан хирс юм. Энэхүү егөөтэй, хачин жигтэй тодорхойлолтыг тайлбарлавал цагаан хирс нь дотроо хоёр дэд зүйлд хуваагддагаас өмнөдийн цагаан хирс нь ойролцоогоор 20-иод мянгуулаа бол умардын зүйл нь өдгөө гурвуулханаа үлдээд байна. Уугуул нутаг нь хэдий Африкийн өмнөд хагас ч дэлхий дээрх сүүлчийн гурван умардын цагаан хирс Чехийн Засгийн газрын санхүүжилтээр Африкийн зүүн захад орших Кени улсын Оль Пеяетагийн байгалийн цогцолборт газарт галт зэвсэг агссан цэргүүдийн хамгаалалтан дор амьдардаг. Тэдний хоёр нь Фату, Нажин хэмээх “охид” бол нэг нь Судан нэрт 40 хол гарсан “хөгшин эр” юм. 


01

Хөх мөрний зөөлөн хуягт аварга яст мэлхий (Yangtze giant softshell turtle)

Тоо толгой: 3

Өдгөө нас, бие гүйцсэн хоёр эр, нэг эм зөөлөн хуягт яст мэлхий үлдээд байгаагаас эр, эм хос нь Хятадын Сужоугийн амьтны хүрээлэнд, нөгөө эр нь Вьетнамын Донг Мо хэмээх нууранд амьдарч байна. Сужоугийн амьтны хүрээлэнд байсан нэг эм яст мэлхийд үр тогтоох гэсэн ч амжилтгүй болж, дараахан нь гэнэтхэн хүндээр өвдсөн тэрхүү хөөрхий амьтан 2016 оны нэгдүгээр сард амьсгал хурааснаар зөөлөн хуягт яст мэлхийн тоо гуравхан болжээ. Иймээс үржил нь удаан, гол мөрний ус өөрчлөгдөхийг анддаггүй, аливаа бохирдолд өртөх нь их, эмзэг мэдрэмтгий зөөлөн хуягтийг аврах найдвар тасраад байна. 



9.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (7)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


3t mazaalai
Умардын цагаан хирсийн ганцхан үлдсэн эр хирс саяхан үхсэн.тэхээр мөхөх ойлгомжтой
мазаалай
Pygmy three-toed sloth -ыг залхуудай гэж орчуулсан байна, уул нь монголоор хойргос гэдэг юм шүү.
+9
Мазаалай "Монгол орны ховор амьтад" цувралаар маань бүр тусдаа том мэдээ болж орно. ARAV.MN
+2
манай мазаалай хаачаа вэ?
+6
тэр хирс ямар өрөвдөлтэй юм бэ. Хамар дээрх эврийг нь авахын тулд зүгээр л алаад хаячихдаг
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Амартүвшин
01Амартүвшин Шархүү
4,300 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд