Арав.мн

Дуу чимээний бохирдлын тухай 10 баримт

Дуу чимээний бохирдлын тухай 10 баримт

Нүүрстөрөгч болон хүлэмжийн хийн тухай түр ч атугай март. Бид гариг дэлхийг өөр нэгэн хүчтэй “зэвсэг-ээр бохирдуулж байгаа нь хүний хэрэгцээг хангадаг алгын чинээ iPod-ноос эхлээд суудлын хөнгөн тэрэг, нүсэр том өрөмдөгч хүртэлх цахилгаан хэрэгслүүдийн гаргадаг бүх төрлийн дуу авиа юм. “Metallica”-г эцэст нь хүртэл чангалдаг үе ард үлджээ. Эдүгээ нам гүм илүү үнэ цэнтэй болов. Огт анир чимээгүй байх нь өөр хэрэг. Харин механик болон электрон дуу авиагүй орчинд байгалийн сайхныг мэдэрч сэтгэл, оюунаа амраах нь энэ цагт улам л боломжгүй болсоор. 


10

Үл хүссэн авиа

Чанга, яршигтай дуу чимээ гэдэг голдуу үл хүссэн авиа байдаг. Харин тэр хүсээгүй дуу авиа хэрээс хэтэрч, амгалан тайван байдлыг алдагдуулбал түүнийг дуу чимээний бохирдол гэнэ. Дуу чимээний бохирдол олон эх сурвалжтай. Гудамж, зам талбай, нийтийн тээврийн хэрэгсэл, тоглоомын талбай, худалдааны төв болон үйлдвэр, станцуудын дуу гээд тоочоод байвал энэ жагсаалт дуусахгүй.

Дуу чимээг децибел гэх нэгжээр хэмждэг. Дуу авиа чухам хэдэн децибелд хүрвэл бохирдол болдгийг нарийн тогтоогоогүй ч гэнэтийн болон зогсолтгүй чанга авиаг дуу чимээний бохирдол гэж үзэх нь тодорхой юм. Европын олон оронд болон АНУ-ын зарим мужид өдрийн цагт 65, шөнийн цагт 55 децибел хүртэлх дуу авиа гаргаж болохыг зөвшөөрсөн байдаг. Энэ хязгаарыг эвдсэн хэн ч орчныг дуу чимээгээр бохирдуулагч болно. Гэвч дэлхийн ихэнх хэсэгт иймэрхүү журам мөрддөггүй. Мөрдсөн ч ихэнх үйлдвэр, өрхөд дуу хэмжигч байхгүй. 


09

Бохирдол үүсгэгчид

Дуу чимээний бохирдлын дараах эх сурвалжуудыг бид мэддэг атлаа бохирдол үүсгэдгийг нь анзаардаггүй, мэдсэн ч сөрөг нөлөө нь хэчнээн их байж болох талаар боддоггүй, хайхардаггүй билээ.

  • Холигч, тоос соруулагч, угаалгын машин зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд дунджаар 87 децибел чимээ гаргадаг. Энэ нь зарим оронд зөвшөөрөгдсөн хэмжээнээс ч хэтэрсэн үзүүлэлт юм.
  • Сэтгэцэд хамгийн их нөлөөлж, хүнийг уцаарлуулдаг гэр ахуйн гол цахилгаан хэрэгсэл бол зурагт юм. Зурагт, хөгжим зэргийг эцэст нь хүртэл чангалдаг хүмүүс орчны тав тухыг хамгийн их алдагдуулагчид. Тэд бусдын төдийгүй өөрсдийн эрүүл мэндийг ч хордуулдгаа мэддэггүй.
  • Үйлдвэрийн ердийн суурь машины дундаж чимээ 98 децибел. Харин том үйлдвэрүүд хэдэн арван машин, төхөөрөмжтэй гэхээр үйлдвэр, станцууд хотжилтын дуу чимээг үүсгэгч гол бохирдуулагчийн нэг юм.
  • Онгоц дуу чимээний бохирдолд хамгийн их “хувь нэмэр” оруулагч. Хот суурин газрын бүх л дуу чимээнээс хамгийн чанга буюу 150 децибел дуутай нь онгоц юм. Гэхдээ давхар зам олонтой, зам нь байнга шахуу түгжирдэг их хотуудын хувьд автомашин онгоцноос дутахааргүй дуу чимээний бохирдуулагч болдог. Түгжрээтэй авто замын дуу чимээ дунджаар 90 децибел байдаг.
  • Хот суурин газрын орчин тойронд анзаарахгүй байхын аргагүй олон дуу чимээ бий. Ялангуяа үргэлжийн юм уу, тодорхой давтамжтай дуу авиа хамгийн тээртэй. Гоожуурын ус дуслах, цагийн зүү цохилох зэрэг нь нам гүмийг хамгийн ихээр эвддэг, тархинд хамгийн яршигтайгаар нөлөөлдөг “хортнууд” юм.

08

Чанга дуу чимээ хүний сэтгэцэд

Хэт чанга болон үргэлжийн их дуу чимээтэй газар удсан хүний биед олон сөрөг өөрчлөлт ажиглагддаг. Мэдээж тэдгээр нь богино хугацаанд илрэхгүй ч хожим ихэд хор хөнөөлтэй байх нь бий. Олон сар, жилээр таагүй дуу чимээтэй газар ажиллаж, амьдарсан хүнд дараах шинжүүд илэрнэ.

Их дуу чимээ юуны түрүүнд сэтгэцэд нөлөөлдөг. Жишээ нь, нисэх онгоцны буудалд ойр амьдардаг хүмүүс цочимхой, нойр муутай болдог. Байнгын дуу чимээтэй орчинд ажиллаж, хотын төвд амьдардаг хүмүүс нам гүм орчинд байдаг хүмүүстэй харьцуулахад илүү уур уцаартай, аймхай, өөртөө итгэлгүй, гутранги байдаг нь хэд хэдэн судалгаагаар тогтоогдсон байна. Дуу чимээ ихтэй орчинд анхаарал төвлөрүүлэх амаргүй тул ажлын бүтээмж ч багасна.


07

Бусад сөрөг нөлөө

  • Дуу чимээний бохирдлын сөрөг нөлөөг шууд мэдэрдэг гол эрхтэн бол чих. Хэдий богино хугацаанд үргэлжилсэн байлаа ч гэнэтийн чанга дуу хүнийг дүлийрүүлж ч мэднэ.
  • Их дуу чимээ зүрхэнд хүртэл халтай. Ялангуяа машины хөдөлгүүрийн хүнгэнээн, дуут дохиолол дунд удаан байвал зүрхний хэмнэл алдагддагийг судлаачид тогтоожээ. Энэ нь дархлаамуу хүмүүст амьсгал давчдах, багтрах зэрэг шинжээр илрэх бол зүрх муутай хүнийг зүрхний шигдээст ч хүргэх аюултай.
  • Дуу чимээний бохирдол хүүхэн харааг мөн тогтворгүйжүүлдэг. Энэ нь нас тогтох үед хараа хурдан муудахад нөлөөлдөг байна.
  • Хоол боловсруулах эрхтэнд ч их дуу чимээ нөлөөлнө. Чанга дуу чимээтэй орчинд дотор тавгүйтэх нь их тул ходоод гэдэсний үйл ажиллагаа саарч, энэ нь олонтаа давтагдвал хоолны шингэц мууддаг. Америк эрдэмтдийн 2011 онд хийсэн судалгаагаар үйлдвэрийн ажилчид ердийн орчинд ажилладаг албан хаагчидтай харьцуулахад илүүдэл жинтэй болох магадлал нь 34 хувиар илүү байдаг нь тогтоогджээ.

06

Гол хохирогч нь амьтад

Гэвч дуу чимээний бохирдлын гол хохирогч нь хүн биш амьтад юм. Эргэн тойронд нь тэсвэрлэхийн аргагүй дуу чимээ гарвал хүнд юутай ч нэг арга олдоно. Тэр нь амьдралынх нь хэв маягийг тэр бүр эвдэхгүй. Мэргэжилтнүүдийн анхааруулдгаар авто техник, үйлдвэр, станц зэргийн дуу чимээ ан амьтдын хоол хүнсээ олох болон үржилд ороход нь саад болдог. Энэ нь даамжирсаар биологийн олон талт байдал, төрөл зүйлүүдийн тоо толгойд ч нөлөөлж эхэлжээ.

Байгалийн цогцолбор газар болон дархан цаазат бүсэд нутагладаг амьтад хүртэл дуу чимээний бохирдлын нөлөөнд автах болжээ. Тухайлбал, Канадын хот суурин газрын дуу чимээнээс болж нутгийн нэгэн зүйлийн мэлхийн тоо толгой буурсан бол Африкт авто замаас 30 метр ба түүнээс бага зайд нутагладаг бич, сармагчны тоо толгой сүүлийн 15 жилд 45 хүртэлх хувиар буурсан байна. Харин Нидерландын ойн шувууны 60 орчим хувь дуу чимээнээс дайждаг нь тогтоогджээ.

Хүний бий болгодог элдэв дуу чимээний хохирогчдоос зарим шувуу л орчиндоо тохируулан чанга дуугарах юм уу, өөрөөр харилцах чадвартай байдаг. Гэвч ихэнх нь ийм чадваргүй тул чичиргээн төдий авиагаар хоорондоо харилцдаг сарьсан багваахай, шар шувуу зэрэг амьтан дуу чимээний бохирдол ихэссэнээс болж идэш тэжээлээ ч олж чадахаа больжээ. Хамагч багваахайн нэгэн төрөл Бехш Бехштейний сарьсан багваахай (Myotis bechsteinii) зөвхөн энэ шалтгаанаар мөхөх аюулд тулсан байна. Далай тэнгисийн амьтад дуу чимээний бохирдлын нөлөөг хамгийн ихээр мэдэрдэг. Арилжааны завь, хөлөг онгоц болон цэргийн зориулалтын шумбагч, тээвэрлэгч хөлгүүд усны амьтдын харилцааны багагүй хэсгийг, далайн зарим хэсэгт бүр бүхлээр нь үгүй хийж байна. Далай судлаачдын анхааруулдгаар дуу чимээний бохирдлоос болж далайн амьтад ижлээсээ төөрөх, хоолгүйдэх явдал ихэсчээ. Мөн ааш зан нь тогтворгүйжиж, илүү балмад, дээрэнгүй болдог нь ч дуу чимээнээс үүдсэн тавгүйтэлтэй холбоотой гэнэ.



05

Ломбардын нөлөө

Францын эрдэмтэн Этейн Ломбард 1909 онд хүмүүсийн өмнө нь огт анзаардаггүй, мэддэггүй байсан нэгэн зүйлийг нээжээ. Тэр бол дуу шуугиантай орчинд хүн өөрөө ч мэдэлгүй дуугаа өндөрсгөдөг хариу үйлдэл юм. Үүнийг нээснээрээ Ломбард хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог тэтгэмжээс хүртэх гэж дүлий царайлан баашилдаг этгээдүүдийг барьж өгч, улсдаа ихээхэн тус болсон гэдэг. Судалгааныхаа талаар Ломбард 1911 онд томоохон нийтлэл бичжээ. Түүнд түшиглэн олон эрдэмтэн хожим хэд хэдэн чухал судалгаа хийсэн байдаг. Тухайлбал, дуу чимээтэй орчинд хүн чанга яриад зогсохгүй авиа зүйн үүднээс үг, хэллэг нь хүртэл өөрчлөгдөж, эгшиг нь уртсаж, гийгүүлэгч нь улам хатуурдгийг Английн эрдэмтэд тогтоосон байна. Харин Ломбардын нөлөө нэрээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн энэ үзэгдэл зөвхөн хүнд бус, амьтанд ч байдаг төрөлх шинж болох нь удахгүй илэрчээ.


04

Үхэл, амьдралын асуудал

Дуу чимээ гэдэг амьтдын хувьд харилцааны гол хэл нь. Амьтад бие биеэ татаж, ижлээ дуудаж, газар нутгаа хамгаалан ангуучтай тэмцэх гэж, идэш тэжээлээ олох гэж дуу авиа гаргадаг. Энэ нь хүмүүс бидэнд үл анзаарагдам боловч үнэн хэрэгтээ маш шуугиантай “ажил” юм. Байгаль эх нам гүм байх нь үгүй. Салхи, бороо, голио царцааны нүүдэл гээд хөөрхий жаахан амьтдын “ам”-ыг таглагчид олон. Тэднээс давж дуугарч чадах эсэх нь олон зуун амьтны хувьд үхэл, амьдралын асуудал болдог.

Аварга, махчин хэдийг нь эс тооцвол хамгийн номхон, дуугүй амьтан гэж болох загасанд хүртэл Ломбардын нөлөө ажиглагддаг байна. Гэхдээ үүнийг маш хожуу буюу ердөө 10-аадхан жилийн өмнө л нээжээ. Салбадай гэгддэг загас (“Немогийн эрэлд” киноны гол баатар) шүдээ хавирдаг, исгэрдэг бол эмгэн хумсын төрлийн бах загас гэнгэнэж, заримдаа аюулын дохиололтой төстэй, жингэсэн дуугаар хашхирдаг гэнэ. Харин сувдан гураам загас хяхтанасан мэт дуугаа сэрвээн дэх эвэрлэг шөрмөсөө хавиралдуулан гаргадаг байна. Ийн тоочвол дүнгэнэдэг, исгэрдэг, архирдаг, ярагладаг, аахилж уухилдаг, бүр хуцдаг 800 гаруй зүйлийн загас жагсаах хэрэг гарна.

Загасны дууг судалдаг гол эрдэмтний нэг, АНУ-ын Оберний их сургуулийн экологич Кэрол Жонстоны хэлснээр халим шиг дуугардаг цэнгэг усны жижиг загас хүртэл байдаг гэнэ. Амьтдын дуу чимээний ертөнцөөр 10 гаруй жил аялж байгаа тэрбээр амьтан судлаач, байгаль хамгаалагч бусдын л адил орчин цагийнхны амьдралын хэв маяг, дуу шуугиантай орчин ан амьтдад, тэр дундаа усны амьтдад сөрөг нөлөө үзүүлдэгт санаа зовниж байна. 


03

Бохирдол 1980-аад оноос хойш гурав дахин нэмэгдсэн

1980-аад оны үетэй харьцуулахад амьтдад нөлөөлөх хүний үүсгэдэг дуу чимээ гурав дахин нэмэгджээ. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр цаашид ч нэмэгдэх дуу чимээний бохирдолд ямар амьтан дасамтгай, ямар нь амиа алдаж мэдэх эрсдэлтэй вэ гэдгийг эрдэмтэд тогтоохыг зорьж байна. Амьтан судлаачдын тогтоосноор зарим амьтны ааш аяг хэдийн өөрчлөгджээ. Хотын шувууд гэхэд л дуу чангатай болж, улам нарийхан дуугардаг болсон бол Умард Атлантын жижиг халим ердийн үед ч бичил долгион үүсгэх дүнгэнэсэн авиа гаргах нь нэмэгдсэн байна.


02

Загас хашхирах цаг

Кэрол Жонстон шавь Даниэль Хольтын хамт хар сүүлт халбаган жараахай барьж, үржлийн үеэр болон биеэ хамгаалахдаа ямар авиа гаргадгийг судалжээ. Тэгэхэд сүрэгтэйгээ байхдаа хүрхэрч, аюул тохиолдсон үед товших мэт чимээ гаргаж байж. Харин эр, эм хар сүүлтийг лабораторид авчран машины чимээ, шаагилдсан олны дууг сонсгоход бие биедээ ойртоод зогсохгүй, Ломбардын нөлөө ёсоор улам чанга дуугарчээ.

Сул дорой, хамгийн дуугүй амьтныг хүртэл хашхируулж дөнгөсөн цаг үед бид амьдарч байна. Үүнийг мэдэх нь нэг талаар аюулд өртсөн амьтад ямар ч үед байгалийн эргэлтэд дасан зохицож, амиа аргацаадаг юм байна гэх өөдрөг бодол төрүүлэвч, нөгөө талаар амьд ертөнцийн зохист тэнцвэр алдагдсаныг харуулна. Амьдрах орчин нь дуу чимээ ихтэй, түүнийгээ дагаад үргэлж чанга дуугарах нь хулгана, нохой, хулсны баавгайнаас эхлээд далайн морь, сам хорхой, дээр дурдсан халбаган жараахай зэрэг жижиг амьтдад хүртэл сөрөг нөлөөтэй юм. Зүрхний хэм алдагдах, өсөлт зогсох, сонсгол муудах, дархлаа сулрах, бодисын солилцоо удаашрах зэрэг олон сөрөг өөрчлөлт эдгээр амьтнаас ажиглагджээ.


01

Бохирдлыг бууруулах нь

Хэт их дуу чимээ байгаль орчныг бохирдуулагч гэдгийг бүх нийтээр хүлээн зөвшөөрснөөс хойш дэлхий дахинд дуу чимээний бохирдлыг бууруулах талаар цөөнгүй арга хэмжээ авч байна. Гэхдээ тэдгээр нь үр дүнтэй байх эсэх нь гагцхүү иргэд, олон нийтээс л шалтгаална. Өнөөгийн түм түжигнэж, бум бужигнасан дэлхий ертөнцийг бага ч атугай тайван амгалан газар болгохын тулд энгийн хүмүүс бид юу хийж чадах вэ?

  • Гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ хэр их дуу гаргадгийг анзаарч, боломжтой бол дуу багатай бүтээгдэхүүн сонгож бай. Шинэ цахилгаан бүтээгдэхүүн худалдаж авахдаа дуу намсгагчтай эсэхийг нь шалгаарай.
  • Ажиллаж, амьдардаг орчиндоо мод тарь. Энэ нь дуу чимээний бохирдлыг бууруулаад зогсохгүй орчны агаарыг цэвэршүүлж, чийг хураан, амар амгалан, нам гүм мэдрэмж төрүүлнэ. Мод тарьж, арчлан ургуулах нь хүний байгальд барьж чадах хамгийн үнэт бэлэг юм.
  • Зайлшгүй шаардлагатай биш л бол машиныхаа дуут дохиог битгий хангинуул. Ялангуяа хөдөө хээр. Гэнэтийн нүргээнт чимээнээс хэчнээн амьтан сэрдхийдгийг хүмүүс бид яаж мэдэх билээ.
  • Дуу чимээ ихтэй орчинд ажилладаг бол чихэвч юм уу, дуу намсгагч байнга зүүж бай. Бохирдлыг бууруулах нь бусдаас гадна өөрт ч тустай байх учиртай.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Номин-Эрдэнэ
01Номин-Эрдэнэ Есөнцагаан
97,900 оноо
Ganbold
02Ganbold Batbayar
96,400 оноо
Javhlan
03Javhlan Dashdorj
89,000 оноо
Tulga
04Tulga Ch
83,400 оноо
Gerelchuluun
05Gerelchuluun Fazer
60,000 оноо
Ganaa
06Ganaa GT
59,600 оноо
Ж.
07Ж. Мөнх-Эрдэнэ
31,100 оноо
Tegshdelger
08Tegshdelger Deleg
19,500 оноо
Javha
09Javha Tumendemberel
5,500 оноо
Solongo
10Solongo Batsaikhan
4,700 оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Хоролгарав
01Хоролгарав Э.
11 минут 59 секунд
Л.
02Л. Санжаасүрэн
14 минут 38 секунд
Altantsooj
03Altantsooj Batsukh
14 минут 47 секунд
Баатар
04Баатар Батчулууны
22 минут 46 секунд
Нипонь
05Нипонь Оллблью
38 минут 16 секунд
Мягмарсүрэн
06Мягмарсүрэн Балдан
45 минут 44 секунд
Soyolerdene
07Soyolerdene Baterdene
49 минут 1 секунд
Batmunkh
08Batmunkh Buyandelger
1 цаг 11 минут 10 секунд
Munkhzul
09Munkhzul Agvaandorj
1 цаг 32 минут 33 секунд
Дэмбээ
10Дэмбээ Чонод
1 цаг 53 минут 32 секунд