Арав.мн

Хатан хаан Сиссигийн тухай 10 баримт

Хатан хаан Сиссигийн тухай 10 баримт

Австрийн хатан хаан Элизабет (1837-1898Европын түүхэн дэх хамгийн алдартай хатдын нэг юм. Түүнийг бид 1950-иад онд хийгдсэн гурван ангит “Хатан хаан Сисси” киногоор сайн мэдэх билээ. Харин бодит Сисси, жинхэнэ Элизабет хатан ямар амьдрал туулсан бэ? Бодит амьдрал дээр тэр ямархуу эмэгтэй байв? 


10

Хатан хаан болох учиргүй байлаа

Сисси буюу Баварийн гүнж Элизабет ирээдүйн нөхөр, үеэл ах 23 настай эзэн хаан Франц Жозефтой танилцахдаа 15-хан настай байжээ. Эзэн хааны эх Баварийн гүнж Софи 1853 онд хүүгээ гэрлүүлэхээр шийдэж, Сиссигийн эгч 18 настай Хеленийг ирээдүйн бэрээрээ товлоод байсан ч залуу эзэн хаан түүнийг бус, жаалхан Сиссийг эхнэрээрээ сонгосон байна.

Эзэн хаанд бараалхахаар Бад Ишльд ирсэн Сисси, Хелен хоёр Франц Жозефтой анх нүүр тулахдаа өөд болоод удаагүй авга эгчийнхээ хойноос гашуудсан хэвээр байсан тул хар даашинзтай байж. Тухайн үед ам дамжсан нэгэн яриагаар бол бараандуу царайтай Хеленд хар өнгө зохидоггүй байсан бол гэрэлтсэн, цайвар арьстай Сисси хар өнгийн даашинзтай ер бусын үзэсгэлэнтэй харагдсан тул хаантны сэтгэлийг татжээ.


09

Цаг үеийнхээ Диана нь байв

16-хан насандаа хатан хаанд өргөгдөж Ертөнцийн хамгийн сайхан эмэгтэй, Хамгийн үзэсгэлэн төгөлдөр хатан гэгдэх болсон Сисси 1990-ээд оны эхээр Их Британийн Диана гүнж дэлхий дахинаа яаж алдаршиж байсан, яг л түүн шиг явсан газар бүртээ хүн зоныг хуйлруулж, энгийн ардын сэтгэлийг татаж байв.

Олон зууны турш тус тусын ертөнцдөө амьдарч ирсэн Хабсбургийн сурвалжит язгууртнууд болоод албат ардын хоорондох харилцааг чухам Сисси хатан анх зөөллөсөн гэх бөгөөд тэрбээр хэдий бүрэг ичимхий, эмзэг дорой нэгэн байсан ч эгэл жирийн хүмүүст онцгой элэгсэг, илэн далангүй ханддаг байжээ. Түүнийг хожим тэнгэрт халихад өв хөрөнгийнх нь талаас илүү хувийг гэрээслэлийнх нь дагуу буяны байгууллага, сүм хийдүүдэд хандивласан байна. 


08

Гоо үзэсгэлэнг таашаагч

Сисси гадаад төрх, өнгө үзэмжээ ихэд анхаардаг байв. Түүний онцгой сайхан гэзэг үс тун алдартай байсан бөгөөд хүрэн бор үсийг нь “Гоо үзэсгэлэнгийн титэм” гэлцдэг байжээ.

Тэрбээр үсээ долоо хоногт нэг удаа шинэ өндөг, сайн чанарын шарзаар угаадаг байлаа. Мөн үсээ хугарч, гэмтэхээс сэргийлж, үсэнд нь гар хүрэх эрхтэй туслах авхай, үсчин нараа бөгж, бугуйвч зүүлгүй, үргэлж цагаан бээлийтэй байхыг шаарддаг байв. Харин урт, хүнд үсэндээ түүртэж ядарсан үедээ үсээ таазнаас дүүжилж хүзүү, толгойгоо амраадаг байж. Залуу хатан үсээ шууж янзлах гэж өдөр бүр 2-3 цагийг толины өмнө өнгөрөөдөг байсан гэдэг. Сисси тэр олон цагийг харин тун ч үр бүтээлтэй өнгөрөөж, ном унших, шинэ хэл сурах зэргийг өдөр тутмын хэвшил болгожээ. 


07

Аялагч, яруу найрагч, тэл хэлтэн

Сисси “Холдон одож буй хөлөг онгоц харагдах бүрт дээр нь үсрээд гарчихмаар их хүслэнд эрхгүй баглуулах юм” гэж тэмдэглэлийн дэвтэртээ бичиж байв. Тэрбээр үнэхээр ч нэг газар удаан тогтож сууж чаддаггүй, аялж зугаалахыг юм бүхнээс илүүд үздэг байлаа. Помпей, Мадейра, Корфу, бүр Египет, Турк, Алжираар хүртэл аялсан Сисси цаг үеийнхээ хамгийн олон газар үзсэн хатан байжээ.

Явсан газар орон болгоныхоо тухай болон хааны ордны дэг жаягт хүлэгдсэн өдөр тутмын амьдралынхаа тухай олон арван шүлэг бичсэн залуу хатан бичиг үсэг, түүх соёлын зэгсэн боловсролтойгоос гадна олон хэл мэддэг байлаа. Унгар хэлийг эх герман шигээ төгс эзэмшсэн, туслах авхай нартайгаа байнга унгараар ярьдаг байсан хатантан англи, франц, итали, испани, чех, бүр эртний грек хэл хүртэл сурч байв. 


06

Хэвлэлийн “од”

Хатан хаан Сисси эрин үеийнхээ хэвлэл мэдээллийн хамгийн том “од” байжээ. Түүнийг Вена дахь эзэн хааны өргөөнд ирснээс хойш олон нийт явсан газар бүрт нь хэдэн арваараа цугларч, холоос ч болох нь ээ барааг нь харах гэж олон цагаар хүлээдэг байв. Венын төв хэвлэлүүд залуу хатны хувцас хунар, гоёл чимэглэлээс эхлээд хаан нөхөр, хадам эх, үр хүүхдүүдтэйгээ ямархуу харилцаатай талаар нь, энгийн ардад хандаж ямар үг хэлсэн гээд алхам бүрийг нь сурвалжилсан урт урт нийтлэлийг өдөр өнжилгүй шахам хэвлэж байж.

Чухам энэ мэт олны анхаарал, хандлагаас болж Венад амьдрах дургүй болсон Сисси олны өмнө гарч, зургаа авахуулахаас ч татгалзах болжээ. Үргэлж залуу сайхан, туранхай гоолиг харагдахыг хүсдэг байсан тэрбээр 32 хүрснээсээ хойш албан ёсоор гэрэл зургаа авахуулаагүй байна. Харин хүмүүсийн нууцаар авсан нас ахисан үеийнх нь зургуудад хар хувцастай, өндөр, туранхай эмэгтэй харагддаг. 



05

Гоо сайхны туршилтын “мастер”

Цаг үедээ онцгой өндөр, 172 см өндөр байсан хатан хаан Сисси дөрвөн хүүхэд төрүүлснийхээ дараа ч гоолиг байхыг хичээж, бэлхүүснийхээ тойргийг 50 см-ээс илүү гаргахгүйн тулд насан туршдаа гимнастикаар хичээллэжээ. Мөн жингээ байнга хянадаг, өдөрт дор хаяж гурван удаа жингээ үздэг, жин нь 50 кг-аас илүү гарвал хэдэн өдрөөр хоолоо сойн, олон цагаар морь унах, уул өөд мацах зэргээр уйгагүй хөдөлдөг байж.

Сисси мөн өтөлж хөгшрөхөөс айсандаа үс бууралтах, арьс үрчлээтэхээс сэргийлдэг гэх олон арван жор шинээр зохиожээ. Тэр олон түрхлэг, тосных нь найрлагад төрөл бүрийн жимс жимсгэнэ, өндөг, бүр махны шүүс хүртэл ордог байсан гэдэг. Хатан хаан хувцас, зүүсгэл сэлтээ ч гоо сайхандаа тохируулж бэлхүүсэвч, цээживч зэргээ өөрийг нь аль болох гоолиг харагдуулахаар тохируулан өөрчилдөг байжээ. 


04

“Уолт Дисней”-н харшийг барьсан хааны эрхэм хүн байв

Сисси дэлхийн хамгийн хүчирхэг гүрний эзэн хааны сэтгэлийг татсанаас гадна Баварийн “Солиотой хаан” гэгддэг Людвигийн эрхэм дотнын хүн нь байлаа. Баварийн хаант улсын нутагт хоёр ч том орд харш, мөн хожмоо “Уолт Дисней” компанийн гол бэлгэдэл болсон Нойшванштайны шилтгээнийг барьж байгуулсан Людвиг хаан үеэл эгч Сиссигээ хамгийн дотнын хүнээ гэж үздэг байв. 


03

Моринд эрэмгий хатан

Сисси өөрийгөө хатан хаан болоогүй бол циркийн морь сургагч байх байлаа гэж ярьдаг байжээ. Моринд гойд эрэмгий, чөлөө зав гармагц л морь унан ой хөвчөөр зугаалдаг байсан тэрбээр “Английн хөдөө нутаг, Австрийн уул толгод, Унгарын хээр талаар морьтой давхих шиг жаргал хаа ч үгүй” гэж бичиж байв. Түүний цаг үед европ дахин “Австрийн хатан хаантай мориор уралдаж чадах ганц л эмэгтэй бий нь Францын эзэн хаан III Наполеоны хатан Эжени” хэмээн хэлэлцдэг байлаа. 


02

Урлагийг ивээгч

Франц Лист, II Иоханн Штраусс нар ихэс дээдэст зориулан тансаг хөгжим зохион, Густав Климт хааны ордны хана туурган дээр ер бусын зураг бүтээж асан ертөнц Сиссигийн хувьд бодит амьдрал байлаа. Австрийн хатан хаан шинэ үеийн урлаг соёлыг ихэд таашаан, залуу уран бүтээлчдэд, тэр дундаа хөгжмийн зохиолчдыг дуртайяа ивээдэг байв. Рихард Вагнер гэхэд л хэд хэдэн дууриа хатан хааны соёрхсон мөнгөн тусламжийн дүнд бичиж гүйцээсэн байна. 


01

Алуурчны гарт амиа алдсан

Австри-Унгарын эзэнт гүрний угсаа залгамжлах хунтайж, их гүн Франц Фердинанд Сараево хотод алан хядагчийн гарт амиа алдсан нь эзэн хаан Франц Жозефийг Сербид дайн зарлахад хүргэж, дэлхийн I дайныг эхлүүлсэн тухай билээ. Харин Франц Фердинанд, Франц Жозеф нарын хүчирхэг, нэр нөлөөтэй эрчүүдийн ард, Австрийн эзэн хааны өргөөнд өөр нэгэн хүч нөлөөтэй язгууртан байсан нь хатан хаан Сисси юм. Түүний ганц хүү, эзэн хаан Франц Жозефийн угсаа залгамжлах хунтайж Рудольф 1889 онд амиа алдсан нь Австри-Унгарын эзэнт гүрний хойшдын ирээдүйг тодорхойгүй болгож, их гүн Франц Фердинандыг угсаа залгамжлагч болоход хүргэжээ.

Харин олны хайрт хатан Сисси 60 насандаа буюу 1898 оны есдүгээр сарын 10-ны өдөр Швейцарийн Женев хотод Италийн алан хядагч Луичи Лучени гэгчийн гарт амь үрэгджээ. Лучени Женевт чуулж байсан язгууртнуудаас Францын хаан ширээнд санаархагч их гүнтнүүдийн нэгийг хөнөөх зорилготой байсан ч тэдний хамгаалалтыг сэтэлж чадаагүй тул анх таарсан язгууртан руугаа урт хадаас барин дайрсан нь Сисси болж таарчээ. Хатан хааны үхэл Рудольф хунтайжийн гэнэтийн үхлээс ч илүү олон нийтийг цочирдуулж, сая сая хүнийг гашуудалд унагасан гэдэг.

Элизабет 44 жил буюу Австрийн түүхэнд хамгийн олон жил титэм зүүсэн хатан хаан юм. 



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Dulguun
01Dulguun Chinbayar
89,400 оноо
Javhlan
02Javhlan Dashdorj
50,900 оноо
Davaa
03Davaa Munkh
33,400 оноо
Gerelchuluun
04Gerelchuluun Fazer
31,200 оноо
Jida
05Jida Jidak
29,400 оноо
Tomor
06Tomor Erdenebat
9,900 оноо
Эрхэм
07Эрхэм Баяр
4,900 оноо
Bilguun
08Bilguun Davaajav
1,400 оноо
Hongoroo
09Hongoroo Zulaa
1,200 оноо
Оюун
10Оюун Дэлгэр
400 оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут