Арав.мн

Монгол орны ховор амьтад - МАЗААЛАЙ

Монгол орны ховор амьтад - МАЗААЛАЙ

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг MAKE GREEN компани нэн ховор амьтан болох мазаалайг танилцуулж байна.


10

Биологийн ангилал

Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Баавгайнхан
Төрөл: Ursus
Зүйл: Хүрэн баавгай
Дэд зүйл: Мазаалай


09

Ховордлын статус

ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар:
Олон улсын хэмжээнд: “устаж байгаа”,
Бүс нутгийн хэмжээнд: “устаж байгаа” хэмээн үнэлэгдсэн.


08

Таних шинж

Ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг байжээ. Шар хулсны нурууны Хөшөөтийн булагт хавар амьдаар барьсан шармаахайн биеийн урт 167 см, сэрвээний өндөр 79 см, биеийн жин 138 кг байв. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хар хүрэн сор үстэй, цайвар шаргал ноолууртай. Хөлний өвдөгөөс доош хэсэг болон хүзүү их биеэсээ бараавтар. Хүзүү, далны шонтон хэсэгт цагаан цайвар толботой, зарим бодгальд ялангуяа эвш, залуу амьтдад ажиглагддаггүй. Зүс нас хүйснээс хамааран өөрчлөгдөж байдаг. Хумс цайвар өнгөтэй, шулуундуу, мохоо, бүдүүн богинохон. Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй.


07

Тархац, байршил нутаг

1930-аад онд Алтайн өвөр говийн баруунаа Аж богдын зүүн үзүүр, зүүнээ Тост, Нэмэгт уул, хойшоо Ээж хайрхан, Захуй, Зармангийн баянбүрд, Эдрэнгийн нуруу, өмнөө улсын хил хүртэлх нутагт тархаж байна. Зүүнээ Цагаан богд, баруунаа Баруун Тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархацынхаа тэн хагасаас бага нутагт Сэгс цагаан богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас Ингэс уулын хавиар байршина. Шар хулс, Цагаан тохой, Цагаан бургас, Өлзий бэлгих, Хөшөөт зэрэг булаг шандын ойролцоох хад бартаат намхан уулсаар гүйдэлтэй. Зүүнээ Тост уул, баруунаа Майхан булаг, Хар хайрхан, хойшоо Эдрэнгийн нуруу хүртэл тохиолдлоор үзэгдэнэ. Тархац нутагнь1960-аад оныхоос 5 дахин хумигдаж, 18 000 ам км нутагт байршиж байна.


06

Амьдралын онцлог

XI-III сард хадны агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур, нүх, хэвтэр засан ичээлнэ. Зун задгай усны ойролцоо нутаглана. Эвш жил өнжиж төллөнө. Зун отолно. Эвш хавар эрт II-III сард ичээндээ ихэвчлэн нэг, заримдаа ихэр аламцаг (алманцаг ч гэнэ) төрүүлнэ.
Ургамал голлон иднэ. Зун зээргэнэ, хармагийн жимс, хавар, намар бажууны үндэс, зэгс, зээргэнэ, махирс, сухай, хялгана, хөмүүл зэрэг ургамлаар хооллоно. Амьтны зүйлээс тураг амьтдын сэг, туулай, шишүүхэй, чичүүл зэрэг мэрэгчид, шувуу, гүрвэл, шавж зэргээр идэшлэнэ . Голдуу шөнө хоол тэжээлээ олно. Тэжээл ховортойд нэгнийгээ барьж иддэг. Мазаалайн идэш тэжээлд 33 зүйл ургамал, 18 зүйл амьтны гаралтай хоол тэжээл улирлын онцлогоос хамаарч харилцан адилгүй оролцож байна.



05

Тоо толгой, хомсдох шалтгаан

1960-аад онд 15-20 толгой, далаад оны дундуур 20 гаруй, 1980 оны эхээр 25-30, наяад оны сүүлчээр 50-60, 1990 оны эхээр 30 гаруй толгой байжээ. Автомат камер болон генотипийн судалгаагаар, 22-31 толгой байгааг тогтоогоод байгаа. Жил жилийн их хэлбэлзэлтэй, хэт хуурай, эрс тэс уур амьсгал, ус, тэжээлийн байнгын гачаалтай байдал үхэж хорогдох, тоо толгой, үржил төлжлийг нь хязгаарлах хүчин зүйл болдог байна. Аялагчид тохиолдлоор хөнөөх, нялх аламцаг барих зэргээр хороодог. Түүнчлэн хоргодож үүрлэх, ичээлэх орчны хулс, бутан шугуй ширэнгийг хадах, хүн, мал суурьших зэргээр хэвийн амьдралыг өөрчилж, үргээж дайжуулна. Ус, тэжээл хүрэлцээгүйгээс нутаг, тэжээлээ булаалдах, нэгнийгээ барих явдал байгаад байгаа. Алт зэрэг ашигт малтмалыг мазаалай баавгайн тархац нутгийн хүрээнд хууль бусаар хайх, олборлох зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Устах аюулд орсон амьтан.


04

Хамгаалсан байдал

  • Мазаалай баавгай агнахыг 1953 оноос хуулиар хориглож, улмаар Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, үндсэн байршил нутгийг Говийн их дархан цаазат газарт хамруулав. 
  • Монгол улсын улаан номд оруулсан. 
  • Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралтад бүртгэгдсэн. 
  • 2013 оноос БОНХЯ-наас санаачлан тусгай ажлын хэсэг байгуулж, экологи, биологийн, судалгааны ажлыг өргөжүүлэх, амьдрах орчныг хамгаалж, нөхөн сэргээх, биотехнологийн арга хэмжээг тогтмолжуулах зэрэг цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

03

Цаашид хэрхэн хамгаалах вэ?

  • Баянбүрд, булаг шандын бут сөөг, зэгс хулсан ширэнгийг цөлжилт, хуурайшилт, хүний зохисгүй нөлөөллөөс хамгаалж, нөхөн сэргээх
  • Ус хүрэлцээгүй нутагт задгай ус гаргах
  • Нэмэлт тэжээлийн цэгийг олшруулах
  • Тэжээлийн байнгын нөөцийг бий болгох
  • Хавар хээлтэй үед чанартай тэжээл өгөх
  • Урьд байсан зарим нутагт сэргээн нутагшуулах
  • Мазаалайн биологи, экологи, генетик онцлогийг судалж, хамгаалах оновчтой арга, төсөл боловсруулж хэрэгжүүлэх
  • Мазаалайн сангийн үйл ажиллагааг идэвхжүүлж
  • Төр, мэргэжлийн төрөлжсөн хүрээлэн, төрийн бус байгууллагын түншлэлийг сайжруулах
  • Удмын санг хадгалах.

02

Идэш тэжээл

Говийн хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамлаар хооллодог ажээ. Мөн говь цөлийн шавьж хорхой, гүрвэл зэрэг жижиг амьтаны сэг зэргийг түүж иднэ. Хармагийн жимс нь намар исэн архи шиг болдог ба түүнийг идсэн мазаалай ууртай догшин болдог.


01

АМЬТНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

ХОЁРДУГААР БҮЛЭГ. АМЬТАН ХАМГААЛАХ
7 дугаар зүйл. Нэн ховор, ховор амьтныг хамгаалах

7.1.Нэн ховор амьтанд Мазаалай баавгай /Ursus arctos gobiensis/, Хавтгай тэмээ /Camelus bactrianus ferus/, Тахь адуу /Equus ferus przewalskii/, Ойн буган цаа /Rangifer tarandus/, Цоохор ирвэс /Uncia uncial/, Баданга хүдэр /Moshus moshiferus/, Молцог  хандгай /Alces alces/, Татаар бөхөн /Saiga tatarica/, Голын халиу /Lutra lutra/, Азийн минж /Castor fiber/, Ойн унтаахай /Dryomos nitedula/, Зүүн гарын даахай /Stylodipus sungorus/, Борцгор хотон /Pelicanus crispus/, Хургач бор /Paradoxornis heudei/, Цагаан тогоруу /Grus leucogeranus/, Хар мөрний хилим /Acipenser schrenckii/, Шаргал үхэрдэй /Tinca tinca/, Цөөвөр чоно /Cuon alpinus/, Шивэр молцог хандгай /Alces alces pfizenmayeri/, Дорнын молцог хандгай /Alces alces cameloides/, Соргог бөхөн /Saiga tatarica/, Монгол бөхөн /Saiga borealis/, Алтайн чацуулин /Talpa altaica/, Гозоорой зурам /Citellus alaschanicus/, Сухайн чичүүл /Meriones tamariscinus/, Давжаа алагдаага /Allactaga elater/, Цагаантолгойт ямаансүүл /Oxyura leucocephala/, Могойч загалай /Circaetus gallicus/, Бор бүргэд /Aguilla clanga/, Усны нөмрөгбүргэд /Aguila clanga/, Реликт цахлай /Larus relictus/ зэрэг амьтан хамаарна.

7.2.Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.

 7.3.Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.

 7.4.Нэн ховор амьтны амьдрах нутагт хүнд үйлдвэр, цахилгаан станц, химийн үйлдвэр байгуулах, авто болон төмөр зам тавих, уул уурхайн олборлолт явуулах, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх асуудлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

7.5.Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр ховор амьтныг дараах тохиолдолд агнаж, барьж болно:

7.5.1.судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар;

7.5.2. Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн;

 7.5.3.тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор.

 7.6.Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална.

 8 дугаар зүйл.Амьтныг сэргээн нутагшуулах

 8.1.Мэргэжлийн байгууллага нь шинжлэх ухааны байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу амьтныг сэргээн нутагшуулах үйл ажиллагааг эрхэлж болно.

8.2.Мэргэжлийн байгууллага амьтан сэргээн нутагшуулах үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу явуулна.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Ойн булга гэчихээд мазаалай гэх
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд