Арав.мн

Их замын ангал

Их замын ангал

Дэлхийн хамгийн урт авто замын дундах бяцхан “тасархай”-н тухай 10 баримт.


10

Халуун орны Гималай

Аляскаас Аргентиний зах хязгаар хүрэх, 48 мянган км урт Пан-Америкийн хурдны зам бол моторт хүлэг зорчиход зориулагдсан, дэлхийн хамгийн урт засмал зам юм. Гэхдээ энэ замын дунд хэсэгхэн тасархай газар бий. Автомашин явах нь бүү хэл явган хүн ч туулж гарахад хэцүү тэрхүү хэсэгхэн ой, намгархаг газрыг Дарьений зурвас (Darién Gap) гэнэ. Олон зуун жилийн турш үе үеийн аялагч, адал явдал хайгчдын хувьд хамгийн хүнд даваа гэгдэж ирсэн уг зурвасыг халуун орны Гималай ч гэх нь бий. Үнэхээр ч Дарьений зурвасыг туулж гарна гэдэг дэлхийн ноён оргил өөд мацахаас ч дутахааргүй хүнд бэрх аялал ажээ. 


09

Америк дахь испаничуудын анхны суурин

Америкийн эх газрын үүдийг европчуудад нээж өгсөн испаничууд 1510 онд чухам энэ бөглүү нутгийн орчимд анхны суурингаа байгуулж байсан түүхтэй. Харин 14 жилийн дараа нутгийнхан орон байрыг нь галдан шатааж, эзлэн түрэмгийлэгчдийг хөнөөжээ. Түүнээс хойш Дарьен нутгийн өнгө төрх бараг огт өөрчлөгдсөнгүй. Энд жуулчид авчирдаг хуруу дарам цөөхөн компанийн нэг “Jungle Treks”-ийн эзэн, Панамын уугуул Рик Моралесийн хэлснээр Америкийн эх газрын бараг бүх улсыг холбосон их замын дунд оршдогийн хувьд Дарьений зурвас хамгийн сайн хөгжсөн бүс нутаг байх ёстой атал энэ нутаг хэр баргийн хүн зүрхэлж очдоггүй, нууцлаг газар орон хэвээр байна.


08

106 км

Энэ газар Панам улсын хойд эргээс өмнөд хил хүртэл буюу Атлантын далайгаас Номхон далайн эрэг хүртэл сунаж тогтжээ. Нийт урт нь 160 орчим км ч өтгөн ой ширэнгэтэй, зассан замгүй хэсэг нь 106 км үргэлжилнэ. Эргэн тойрон далайгаар хүрээлэгдсэн учир уг газрыг тойрч гарах боломжгүй юм. 


07

Шотландчуудын ээлж

Испанийн эзлэн түрэмгийлэгчдийг нутаг буцсан хойно шотландчууд энд азаа сорьжээ. 1698 онд Дарьений зурвасын эрэг дээр худалдааны боомт байгуулсан тэд харамсалтай нь халдварт өвчин болон испаничуудын халдлага, дайралтаас болж хэдхэн жилийн дотор олон зуугаараа амь үрэгдсэн байна. Энэ явдал шотландчуудад асар их гарз дагуулж, арваадхан жилийн дараа тусгаар тогтнолоо алдан, Их Британийн эзэнт гүрэнд нэгдэхэд нь их, бага хэмжээгээр нөлөөлсөн гэдэг. 


06

300 жил “нойрссон” нь

Тэр цагаас хойш Дарьений зурвас руу харийнхан зүглэлгүй бараг 300 жил улирчээ. Тус нутгийг бүр хожим буюу 1960 онд л анх автомашинаар амжилттай туулсан байдаг. Тэрхүү экспедицийн багт Панамын нэрт антропологич Рейна Торрез де Арауз болон түүний нөхөр, газрын зураг бүтээгч Амадо Арауз нар багтжээ. Тэдний “Лэнд Ровер” машин цагт ердөө 200 метр урагшилж байсан гэдэг. Их ширэнгийн аварга том моднуудыг тойрч навч, мөчрийг нь нүцгэн гараараа зулгаан, бутлаг ургамал, балчиг намаг дундуур машинаа чирч, хэдэн зуун гол горхи, цөөрөм гаталснаа тэд одоо ч дурсан ярих дуртай. Тэдний аялал, судалгааны ачаар Дарьений зурвасыг Панамын үндэсний байгалийн цогцолборт газар болгон, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн байна. 



05

Блашфорд-Снеллийн аялал

Дарьен нутгийн гүнд автомашины дуу анх сонсогдсон тэр аяллаас 12 жилийн дараа Их Британийн нэрт аялагч, хурандаа Жон Блашфорд-Снелл 60 хүнтэй баг бүрдүүлэн, эх газрын Америкийн хамгийн умард цэгээс хамгийн өмнөд цэг буюу Хоорны хошуунд хүрэх, хамгийн гол нь Дарьений зурвасаар дайрах анхны томоохон аяллыг хийжээ. Тэрбээр энэ тухайгаа хожим “Дарьений зурвасыг туулна гэдэг амьдралын минь хамгийн хүнд сорилт байлаа” гэж дурссан нь бий. Блашфорд-Снеллийн баг хэд хэдэн “Рэнж Ровер”-тэй замд гарсан аж. Харин Дарьений зурваст ороод эхний борооноор л зутарч, бүх машин нь шаварт суужээ. Арын тэнхлэгийг нь авахаас нааш машинууд хөдлөхөөргүй болж. Ингээд бүтэн сар мухардсаны эцэст шинэ сэлбэгүүд шүхрээр газардсан байна. Засаж тордохыг нь тордож, засал авахгүй хэдийг нь олсоор татан, онгоцоор авч явснаар Блашфорд-Снеллийн аялал хэсэг саатсан ч түүний нөхөд Дарьений зурвасыг ямартаа ч туулаад гарчээ.


04

Тусгай зөвшөөрөл

Дарьений зурваст суурьшиж дөнгөсөн бараг ганц хүмүүс болох куна индианчуудын амар тайван, нам гүмхэн амьдралыг энэ мэт гэмгүй аялагчдаас гадна мансууруулах бодисын зэвсэгт наймаачид, Колумбын хэт зүүний үзэлтнүүд бусниулах болсноос Панамын эрх баригчид саяхнаас ийш нэвтрэх тусгай зөвшөөрөл олгох болж. Зөвхөн тус бүс нутгийг хамгаалдаг “Сенафронт” хэмээх цагдаагийн тусгай хүчин хүртэл байгуулагдсан байна. Тус хүчнийхэн улсынхаа нутаг дэвсгэр дэх, Пан-Америкийн хурдны замын шалган нэвтрүүлэх бүх цэгийг мөн давхар хянадаг. 


03

Ширэнгийн Бермудын гурвалжин

Хойд зүгээс ирэх аялагчдын замыг хааж, их замын дундах “ангал”-ын эхлэл болдог Панамын Явиза хотын захад эцэс төгсгөлгүй мэт хөвөрч байсан Пан-Америкийн хурдны зам тасрах ч амьдрал зогсохгүй. Дарьен нутгийн гүнд түргэн урсгалт гол мөрөн ой ширэнгийн дундах хурдны замын үүрэг гүйцэтгэх ба жижиг моторт завь, индиан маягийн нүхэлж хийсэн сал эндхийн ганц унаа нь юм. Харин Пан-Америкийн хурдны замаар үргэлжлүүлэн зорчино гэвэл их ширэнгээс гарч ирэхэд Колумбын Турбо хот таныг угтана. Дээр дурдсан хар тамхины наймаачид, зэвсэгт босогчдоос болж Дарьений зурвас зөвхөн байгалийн тогтоцоор тогтохгүй аюулгүй байдлын хувьд ч гүн, харанхуй ангал болжээ. Нутгийн иргэдийн Ширэнгийн Бермудын гурвалжин хэмээдэг энэ газарт олон зуун хүн ор сураггүй болсон бол Том Харт Дайк, Пол Виндер нарын эрдэмтэн, судлаачид барьцаалагдаж байж. Гэсэн ч биологийн олон талт байдлаа хадгалан үлдсэн дэлхийн сүүлчийн гол газрын нэг Дарьенийг зорих зориг зүрхтэй судлаачдын хөл тасрахгүй байна. 


02

Нутгийн иргэд

Энд судалгаа явуулсан сүүлчийн томоохон экспедицийг Канадын МакГиллийн их сургуулийн доктор Рюдигер Грах 2013 онд ахалжээ. Тэрбээр идэш тэжээл олж, хоорондоо харилцахдаа биеэсээ цахилгаан ялгаруулдаг гэх нэн ховор загасыг судлахаар найман туслахын хамт эндхийн Пена Бижагюль нэрт тосгонд хэсэг саатсан байна. Куна индианчуудын уламжлалт урц, овоохойноос бүрдэх уг жижигхэн суурин байгаль судлаачдын хувьд бараг л диваажин байж. Харин дараа жил нь түүнд зорьж очих нэг ч тосгон олдсонгүй. Учир нь 2014 оны гуравдугаар сард зэвсэглэсэн наймаачид Пена Бижагюль руу дайрч, Панамын цагдаа нар болоод зэвсэгт этгээдүүдийн дунд буудалцаан болсноос нутгийн иргэд дайжин оджээ. Түүнээс хойш, бүр одоог хүртэл тосгоны иргэд хаачсан нь тодорхойгүй, бараа сураггүй болсон байна. Тэдний зарим нь, ялангуяа залуус хар тамхины наймаачидтай нийлсэн байж магадгүй гэж албаныхан эмээж буй гэнэ. Куначууд Панамын өөр нэгэн уугуул угсаатан болох эмбера индианчууд шиг ширэнгэ дотор нүүдэллэн амьдарч байж болох. Тус улсын албаныхны тооцоогоор Дарьений зурваст байнга оршин суудаг 1800 орчим хүн бий.


01

Байгалийн хаалт

Дэлхийн хамгийн хаалттай газрын нэг болох тус бүс нутагт зам тавьж, Пан-Америкийн хурдны замыг гүйцээх талаар байсхийгээд л яригддаг. Хамгийн сүүлд одоогоос арван жилийн өмнө Колумбын Ерөнхийлөгч асан Альваро Урибе зүүний үзэлт зэвсэгт босогчдыг ширэнгээс тууж гаргахын тулд энэ талаар нэлээд өргөн хүрээнд ярьж, ажил хэрэг болгох гэж зүтгэжээ. Гэвч АНУ, Панамын эрх баригчид болон нутгийн индианчууд, мөн байгаль хамгаалагчид Дарьений зурвасаар зам тавихыг эсэргүүцсээр байна. Мэргэжилтнүүдийн үздэгээр мал амьтны гоц халдварт өвчин болох Латин Америкийн хөл, гар, амны өвчин тэргүүт халуун орны олон өвчин эмгэг Хойд Америкт цар тахлын хэмжээнд хүртэл дэгддэггүйн гол шалтгаан нь Дарьений зурвас юм. Тэгээд ч их ой ширэнгийг сүйдлэх нь хэчнээн амьтан, ургамлыг мөхөл рүү нь хөтлөхийг хэн ч тооцоолж чадахгүй билээ. Тиймээс тус бүс нутаг руу эрдэмтэн, судлаач биш л бол гадаадын иргэдийг зорчуулахгүй байх тухай хууль хүртэл батлахаар Панамын эрх баригчид хэлэлцэж байна.Тэдний онцолдгоор Дарьений зурвас нь хоёр Америкийг холбохоос гадна бие биеийг нь ангид тусгаар байлгадаг байгалийн чухал хаалт юм.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Emch
01Emch Li Yafei
109,400 оноо
Мөнгөншагай
02Мөнгөншагай Ганбаатарын
38,800 оноо
Ariunbold
03Ariunbold Ganbold
20,200 оноо
Gerelt-Od
04Gerelt-Od Ariunbold
10,800 оноо
Tab
05Tab Erdenebat
10,700 оноо
Ganzorig
06Ganzorig Purevhuu
4,200 оноо
Batbaatar
07Batbaatar Mongol
1,100 оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Шинэ үгийн сүлжээ нээгдэхэд
Үгийн сүлжээний ялагчид
Ган-Эрдэнэ
01Ган-Эрдэнэ Сугаржавын
29 минут 25 секунд
Sunbileg
02Sunbileg Ariuntuul
33 минут 2 секунд
Ladida
03Ladida Pearl
35 минут 1 секунд
Buren
04Buren Jargal
35 минут 16 секунд
Н.
05Н. Сэмжидмаа
43 минут 6 секунд
Batmunkh
06Batmunkh Buyandelger
1 цаг 6 минут 25 секунд
Алтансүх
07Алтансүх Б.
1 цаг 21 минут 23 секунд
Genden
08Genden Dolgorsuren
1 цаг 29 минут 34 секунд
Mandakh
09Mandakh Mandakh
1 цаг 36 минут 4 секунд
Sukhbold
10Sukhbold Batjargal
2 цаг 7 минут 17 секунд