Арав.мн

Дэлхийг “эмчлэх” аргууд

Дэлхийг “эмчлэх” аргууд

Шоргоолж их хачин амьтан. Үлэг гүрвэлтэй нас чацуу, 120-иод сая жилийн тэртээ үүссэн энэ шавьж маш хурдан өсөж үрждэг. Дэлхий дээр өдгөө 10-ын 15 зэрэгт буюу 10 квадриоллон (монголоор нэг их тунамал) шоргоолж бий. Биеийнхээ жингээс 100 дахин хүнд зүйл өргөх чадвартай шоргоолж агаар мандлаас нүүрстөрөгчийн хий шүүж ялгадаг онцгой чадвартай юм. Тэд сууц барихдаа газар доогуур хонгил ухаж, тэгэхдээ замд таарсан бүхнийг, бүр ашигт малтмалыг хүртэл нүхэлдэг. Харин кальцит буюу шохойн жонштой таарвал кальцийг нь ялгаж, нүүрстөрөгчийн хийн тусламжтайгаар шохойн чулуу болгон хувиргадаг байна.  

Энэ бол уур амьсгалын ямар ч мэргэжилтний анхаарлыг татах дүр зураг. Сүүлчийн Их мөстлөгийн дараа тохиосон гэнэтийн дулаарлаас бараг 10 дахин илүү хурдаар гариг дэлхий халж байгаа энэ үед эрдэмтэн, судлаачид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүхий л арга замыг эрэлхийлж байна. Энэ тэмцэлд шоргоолж ч нэгджээ.  

Үндсэндээ шоргоолжныхтой төстэй аргаар дулааралтай тэмцэхийг гео инженерчлэл хэмээж буй. Нэршлийг нь хэдхэн жилийн өмнө л тодорхой болгож, нийтээрээ мөрдөх болсон ч гео инженерчлэл нь 1970-аад оноос эхтэй юм. Цахилгаан станцуудаас ялгардаг нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд хэр хөнөөлтэйг тэр үеэс л эхлэн судалж байв. 1970-аад оны сүүлчээр олон улсын эрдэмтэд Газрын дундад тэнгис орчмын орнуудын цахилгаан станцуудаас ялгарах нүүрстөрөгчийн хийг Гибралтын хоолой хавьд, тэнгисийн түрлэг рүү “шахах” санаачилга гаргаж байлаа.  

Иймэрхүү төлөвлөгөөний нэг нь ч ажил хэрэг бололгүй, шинэ мянгантай золгожээ. Харин ийн алгуурлаж байх хооронд агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ Аж үйлдвэржилтийн хувьсгалаас хойших хамгийн өндөр түвшинд хүрч, дулаарлын хурд эрчээ авав. Мэдээж хэрэг, дэлхий нийт гар хумхин суугаагүй. 2013 оны арваннэгдүгээр сард гэхэд л АНУ, БНХАУ-ын албаныхан 2030 он гэхэд жилд ялгаруулдаг хүлэмжийн хийгээ одоогийнхоос 20-26 хувиар бууруулах тухай гэрээг үзэглэсэн. Ялангуяа Хятадын тал нүүрстөрөгчийн давхар ислийг шүүж, хуримтлуулж байгаад газрын гүнд “булна” гэсэн маш том ам гарсан билээ. Биелүүлж чадвал энэ нь гео инженерчлэлийн сонгодог бүтээн байгуулалт болох юм. Гэхдээ дулааралтай тэмцэхэд энэ бүхэн хангалтгүй. 26 хувь гэдэг ч бага тоо. Хоёр, гурван улсад бус, ганц нэг бүс нутагт ч бус, бүр дэлхий дахинд, улс бүрт хэрэгжүүлж болох арга ухаан хэрэгтэй билээ. Зөвхөн гео инженерчлэлийн аргаар л гариг дэлхийг, хүн төрөлхтнийг аварна гэж үздэг мэргэжилтнүүд дэлхийг “эмчлэх” дараах аргуудыг санал болгож байна.


05

Инженерчлэл энгийн зүйлээс эхэлнэ

Бидний хийх ёстой ажлыг ажилсаг шоргоолж гүйцэтгэж, нүүрстөрөгчийн хийг бага ч атугай хороодгийг АНУ-ын Аризонагийн их сургуулийн геоморофологич Рональд Дорн ердөө 2013 оны эхээр нээжээ. Уг нь шоргоолжны эл чадварыг эрдэмтэд 30 жилийн өмнө анх ажигласан ч яг яаж “ажилладаг”-ийг нь судлаагүй байж. Биологичид хүртэл шоргоолж ихтэй газар шохойн чулуу их байдгийг мэддэг байсан ч “үйлдвэрлэгчид” нь өнөөх бяцхан амьтад өөрсдөө болохыг анзаардаггүй байлаа.  

Харин шоргоолжны нууц ил болсноор бид тэднээс санаа авч болохоор болов. Дорн профессорын санал болгосноор хашаа хороог засаж янзлаагүй, үйлдвэрлэлийн аргаар боловсруулаагүй чулуугаар хийж, нүүрстөрөгчийн хийг шингээдэг шохойн чулуу болгох боломжтой юм.


04

Мод тарихын ач тус

Харин Английн Шеффилдийн их сургуулийн профессор Дэвид Эдуардс нарын судлаачдын үзэж буйгаар мод тарих нь гео инженерчлэлийн шалгарсан арга. Тэрбээр биологийн олон талт байдлаараа гайхагддаг ч байгалийн онгон дагшин төрхөө хамгийн хурдан алдаж байгаа бүс нутгийн нэгээр тодорсон Андын нуруунд олон жил судалгаа хийжээ. Андын нуруу байгалийн үзэсгэлэн бүрдсэн, олон янзын өнгө төрхтэй онцгой газар хэдий ч газар тариалан эрхлэхэд ёстой л тамын газар гэнэ. Үүлэрхэг, манан будан их буудаг, үргэлжийн чийглэг агаад эгц дээш өргөгдсөн уул, хад нь хөдөө аж ахуйн салбарынхны тэвчээрийг шалгадаг байна. Эдуардс нутгийн олон иргэнээс “Манай фермийг худалдаж аваач” гэдэг үг сонсчээ. Энэ нь түүнийг нутгийнхантай хамтран ойжуулах аян эхлүүлэхэд хүргэсэн байна. Фермээ орхиж, мод тарихаар зорьсон Андын иргэд өдгөө нүүрстөрөгчийн нэг тонн давхар ислийг үгүй хийх бүртээ хамгийн багадаа хоёр ам.доллар авдаг. Үр дүн нь хэдийн харагдаж эхэлсэн энэ ажил амьдрал ахуйд тус нэмэр болж, хамгийн гол нь Андын нурууг дулаарлын элдэв сөрөг нөлөөллөөс хамгаалах юм.  

Эдуардсын ажилтай танилцсан Рональд Дорн шоргоолжноос “хулгайлсан” мөнхүү санаагаа хэрэгжүүлэхийн тулд Андын шинэхэн ойд шохойн чулуу болж хувирах жонш болоод түүнийг урвалд оруулах шоргоолж нутаглуулахыг зорьж байна. Мод тарих нь гео инженерчлэлийн хамгийн энгийн, бараг л үндэс суурь болсон арга бол нүүрстөрөгчийн хий “сорогч” шоргоолжийг нүхлэх дуртай жонштой нь хамт ойд оруулснаар хорт хий устгагч мод бүр ч хүчтэй болох юм.


03

Хөвөгчдийн хүч

Далайд фитопланктон хэмээх бичил хөвөгчид бий. Өөрөөр микро замаг гэгддэг энэ өчүүхэн жижиг ургамал нүүрстөрөгчийн давхар ислээр хооллож, түүнийгээ хүчилтөрөгч болгон ялгаруулдаг. Фитопланктон ургаж гүйцмэгцээ далай тэнгисийн мандал дахь нүүрстөрөгчийн хийг биедээ шингээн, далайн гүнд уусна. Тэнд өнөөх хортой хий тусгаарлагдмал, харанхуй орчинд, хаашаа ч гарахааргүй хашигддаг байна. Үүнээс үзвэл фитопланктон эко системд маш онцгой үүрэгтэй. Эдгээр бичил биетэн хүний амьсгалдаг хүчилтөрөгчийн бараг тэн хагасыг “үйлдвэрлэдэг” гэж тооцох судлаачид ч бий. Харин тодорхойгүй шалтгаанаар далай дахь төмрийн агууламж жилээс жилд багасаж байгаа нь бичил замгийг идэвхгүй болгожээ.  

Сүүлийн 10-аад жилд далайн уснаа төмрийн бэлдмэл зориуд хийж, тэр нь хөвөгчдийг идэвхтэй болгох үгүйг ажигласан 12 туршилт хийгдсэн байна. Тэдний нэгийг ахалсан Германы Алфред Вегнерийн нэрэмжит Далай, туйл судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн Виктор Шметацекийн хэлснээр бичил хөвөгчдөд төмөр “өгөөш” өгч, нүүрстөрөгчийн хийг соруулж авах нь хог шороогоо том гэгчийн ширдэг дор нуухтай адил байж мэднэ. Учир  агаар мандлаа цэвэрлэх гэж далайд төмрийн бэлдмэл цутгах нь био мандалд хор хөнөөлтэй, эцсийн үр дүн нь тодорхой бус арга юм.


02

Тэнгэрт “үр” цацахуй

Харин Америкийн Шинжлэх ухааны үндэсний академийн мэргэжилтэн, уур амьсгал судлаач Кен Калдейрагийн үзэж буйгаар дулааралд нэрвэгдсэн дэлхийг “хөргөх” хамгийн боломжит арга бол галт уулын дэлбэрэлтээс үүддэг уур амьсгалын өөрчлөлтийг хиймлээр бий болгох гэнэ. Галт уул дэлбэрэхэд их хэмжээний тоос, тоосонцор агаарт үүсдэг. Түүний дунд агаар мандлын доод давхаргад олон жил хадгалагддаг сульфат нэлээд хэмжээгээр бий. Сульфат нь нарны хурц, хортой туяаг шингээж, агаар мандлыг “сэрүүцүүлдэг”. 1991 онд Филиппиний Пинатубо уул дэлбэрэхэд дэлхийн дундаж температур дараагийн гурван жилд нь хэвийн хэмжээнээсээ 0.5 градусаар бага байв. Энэ бол өмнө нь олонтаа ажиглагдаж байсан өөрчлөлт. 1815 онд Индонезид галт уул дэлбэрсний дараах жилийг түүхэнд “Зун болоогүй жил” хэмээн тэмдэглэсэн байх жишээтэй.  

Онгоц хөөргөж, тэнгэрт сульфат цацах нь дулаарлаас сэргийлэх хамгийн үнэ өртөг багатай, хийхэд хамгийн төвөггүй ажил гэж Калдейра онцолж байна. Түүний хэлснээр сульфат буюу хүхрийн хүчил нь дулаарлын эсрэг тэмцлийн гол “үр” гэнэ. Гэхдээ тэрбээр дэлхийг хайрлаж хамгаалах нь шоргоолж, фитопланктон юм уу, эсвэл галт уулаас пургидаг сульфатын бус, харин хүмүүс бидний үүрэг гэдгийг сануулахаа мартсангүй.


01

Гэрэл зурагчин Daesung Lee-гийн бүтээлээс


9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start