Арав.мн

Цэцэгсийн хатан хаан

Цэцэгсийн хатан хаан

Эх сурвалж: Уран зурагт элдэв түүх

Уран зургийн түүхэнд Фрида Калогоос ч өмнө хэдэн арван сод эмэгтэйчүүд байсан юм. Гэхдээ эмэгтэй алдартай зураач гэхээр юуны түрүүн Фрида Кало, Яоий Кусама л толгойд орж ирдэг шүү дээ. Харин эрэгтэй зураач гэвэл хэдэн арваараа л ороод ирнэ. Тэгвэл энэ удаа Фрида Калогоос ч алдартай байж болох байсан голландын алтан үеийн (dutch golden age) зураач Рейчил Ройшын тухай онцоллоо.


07

Бага нас

1688 он, "Roses, Convolvulus, Poppies, and Other Flowers in an Urn on a Stone Ledge"

Рейчил Ройш 1664 онд Гааг хотод Фредрик Ройш, Мариа Пост нарын гэрт төржээ. Тэд арван хоёр хүүхэдтэй баян чинээлэг, өндөр боловсролтой хүмүүс байв. Рейчилийг гурван настайд нь тэд гэр бүлээрээ Амстердам хот руу нүүж тэндээ суурьшсан байна. Мариа Постын аав Пиетр Пост хунтайж Фредрик Хендрикт уран барилгачин байжээ. Рейчилийн ээжийн талын олон эрчүүд зураач, уран барилгачин байсан бөгөөд тэр зурах авъяасаа ээжийн талаасаа өвлөсөн бололтой. Харин түүний аав олонд танигдсан ургамал, шавьж судлаач байж, түүний няхуур нямбай, ажилдаа чин сэтгэлээсээ дурладаг зан чанарыг охин Рейчил нь өвлөн авсан юм. Рейчил зураг зурж эхлэхээсээ өмнө өдөр бүр аавынхаа ажилд туслаж, хатаасан ургамал цэцэгсийг ангилан, нямбай хадгалдаг байв. Фредрик Ройш хэд хэдэн ургамлын зүйл ангийн тухай өөрийн гараар зурсан зурган тайлбартай номоо хэвлүүлжээ.


06

Шавь орсон нь

1695 он, "Still life of flowers with a nosegay of roses, marygolds, larkspur, a bumblebee and other insects"

1679 онд аав нь түүнийг дүү Аннагийнх нь хамт тухайн үеийн алдартай натюрморт зураач Виллиам Ван Аелстэд шавь оруулжээ. Ургамалд дуртай тууштай шургуу, нямбай охиноо тэр амжилтанд хүрнэ гэдэгт итгэж байлаа. Аелст тухайн үеийн зураачдаасаа бүтээлүүд нь илүү амьдлаг, байгалийн, хүрээд авмаар бодит байдлаараа ялгардаг байв. Тэр нь ч Рейчилд маш том нөлөө үзүүлсэн юм. Түүнээс хоёр дүү Анна Ройш эгчээсээ дутахгүй сайн зураач байсан ч хүнтэй гэрлэсэнээсээ хойш уран зургаас хөндийрчээ. Анна Ройшын зурсан зургуудаас дөнгөж арав нь л түүнийх гэж батлагдаад байгаа. Тэр зурган дээрээ гарын үсгээ зурдаггүй байв. Түүний зургууд арваар тогтохгүй олон бөгөөд ихэнх нь хувийн цуглуулганд эзэн нь тодорхойгүй хадгалагдаж байгаа болов уу. 


05

Гэр бүл

Рейчил Ройш нөхөр хүүхдийн хамт

1683 онд Аелст нас барж Рейчил бие даан уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Тэр үед 19 хүрээд байсан Рейчил өөрийн бүтээлдээ гарын үсгээ зурдаг болов. Тэр нөхөрт гарах хүртлээ зургаа зурсаар, гэрлэсэн хойноо бүр ч амжилттай болсон юм. 29 настайдаа тэр зураач, торон даавууны худалдаачин Журиан Поолтэй гэрлэв. Тэд бие биедээ маш их хайртай, тэдний гэрлэлт ч аз жаргалтай байсан юм. Тэд арван хүүхэдтэй болсон ба Рейчил хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар уран бүтээлээ ч тасралтгүй туурвисаар байв. Мэдээж тухайн үеийн заншлаар түүний нөхөр хүүхэд өсгөхөд нэг их гар бие оролцоогүй ч тэр эхнэртээ маш халамжтай сайн нөхөр байлаа. Эхнэр нь нөхрөөсөө давсан авъяас чадвартай байсан ч үүнд нэг их эмзэглээд байдаггүй байсан нь тэднийг улам ч эв найртай, аз жаргалтай гэр бүл болгосон юм. 1701 онд нөхрийн хамт Гааг хот руу нүүж зураачдын нийгэмлэгт элсэн 1708 онд хунтайж Йоханн Вилхемийн урилгаар тэд хоёул ордны зураачид болжээ. Энэ үеэс Рейчил олонд танигдаж эхэлсэн юм. 1716 онд хунтайж нас барах хүртэл Гааг хотод ажиллаж байгаад дараа нь Амстердам хот руу буцжээ. Рейчил зургаа аль ч үед тасралтгүй зурсаар байв.


04

Голландын алтан үе

1700 он, "Flowers on a stone slab"

1669 онд Рембрандт нас барсан ч тухайн үедээ түүнийг алтан үеийн хамгийн агуу зураач хэмээн нэрийдэж байв. 1675 онд Вермеер ядуу тарчиг байдалд нас барж тэдний араас шинэ залуу үе гарч ирж, ялангуяа эмэгтэйчүүд цэцэгсийн натюрморт зурагт нэлээдгүй хүч нэмжээ. Гэвч тэднийг эрчүүдтэй адил уран бүтээлчийн хэмжээнд авч үзэх нь бараг үгүй байв. Дундаж чинээлэг айлын охид эцэг эхийн шаардлагаар гэрлэж, ядуу айлын охид баян айлд үйлчлэгч хийж эмэгтэйчүүд хоёрдогч этгээд мэт үзэгддэг хэвээр байсаар байсан юм. Хэдийгээр "алтан үед" тодрон гарсан олон эмэгтэй зураач байсан ч тухайн үед тэднийг зөвхөн дээд давхаргын зав чөлөөтэй эмэгтэйчүүдийн дэмий сонирхол төдий үзэж байлаа. Үнэндээ ч баян гэр бүлээс гаралтай, баян эмэгтэйчүүд л уран зураг, шүлэг яруу найраг, шинжлэх ухаан гэх мэт бүтээлч оюунлаг салбарт ажиллах боломжтой байв. Харин ядуу айлын охидод тэр тухай бодох ч зав байдаггүй байсан нь харамсалтай. Цөөн хэдхэн эмэгтэйчүүд л нийгмийн хандлагыг үл тоон авъяас чадвараа эрчүүдтэй эн зэрэгцэн хөгжүүлжээ. Жудит Лейстер, Рейчил Ройш, Клара Пийтерс, Микалина Войтерс зэрэг эмэгтэйчүүд өөрсдийн онцлог бүхий уран бүтээл туурвиж байв. 


03

"Доод зиндааны" зураг

1704 он, "Still-Life with Bouquet of Flowers and Plums"

Тухайн үед уран зургийг дээд ба доод зэрэглэлийнх гэж хувааж хөрөг зураг болон шашны сэдэвтэй зургууд дээд зиндааны бүтээлд тооцогдож байв. Харин натюрморт зургийг доод зураг хэмээн үзжээ. Учир нь эмэгтэйчүүд уран зурагт хүч түрэн орж ирсэн нь яагаад ч юм таалагдсангүй. Эмэгтэй хүн уран бүтээлч шинж чанараа ил гаргаж нийгэмд бүрэн хүлээн зөвшөөрөгдөхөд багагүй хугацаа шаарддаг байв. Харин Рейчил Ройшын тууштай шургуу зан авъяас чадвар нь хосолж тэр олон дундаас тодорч чаджээ. Түүний зургууд уламжлалт тэгш хэмтэй цэцгийн зохиомж, ямар ч амьд шавьж амьтангүй натюрморт зургийн хэв маягаас тэс өөр байв. Рейчил зургийнхаа нарийн чимхлүүр деталь хэсэг бүрт маш их анхаарч, ямар ч жижиг зураас цэгийг дутуу орхилгүй маш нарийн зурдаг байжээ. Цэцэгсийн зарим нь хатаж хорчийж эхлээд, зарим нь шавьж хорхойд идэгдсэн байхад зарим нь шинэхнээрээ өнгө нэмж хатсан навч ваарны хажуугаар унасан байх зэрэг нь илүү бодитой болгов. Навчсийг цэцэгнээс дутуугүй анхаарч зурдаг байсан нь зургийг улам ч төгс болгоно. Тухайн үед өргөн ашигладаг байсан хар арын өнгөнөөс Рейчил заримдаа татгалзаж гоёмсог чулуун тавцан, хээ угалз бүхий чамин архитекитурын хэсэг, зарим тохиолдолд цонхоор амьд мод ашиглаж байв. 



02

Цэцэгсийн диваажин

1711 он, "Basket of Flowers"

Цаг хугацаа өнгөрөх тусам түүний бүтээлүүд эрэгтэй уран бүтээлчидтэй адил түвшинд үнэлэгдэж энгийн нэг эмэгтэй хүний зугаацал биш болж эмэгтэй зураачдыг хүлээж авах хандлага бага зэрэг зөөлөрлөө. Натюрморт зураг ч сүүл үеийн баракко урсгалын салшгүй нэг хэсэг болов. Үүнийг дагаад цэцгийн наймаа болон ургамал судлал улам өргөн хүрээг хамарч хөгжих болжээ. Хойд Европ цэцгийн халууралд (tulip mania) өртлөө. Ялангуяа Голландад төрөл бүрийн цэцэгс баян чинээлэг, дундаж давхаргын айлд бүрд байх зайлшгүй чимэглэл болов. Олон орны өмнө нь үзэгдээгүй гоёмсог цэцэгсийг импортолж баян цэцгийн наймаачид нэртэй зураачдыг урин ховор цэцэгсээ зуруулах нь тухайн үедээ олон зураачдын амьжиргааг өлхөн залгуулж байлаа. Цэцгийн наймаа Голландад асар их орлого эдийн засгийн өсөлтийг авчирч, ахуйн соёлд ч маш том нөлөө үзүүлжээ. Энэ үе бол үнэхээр "цэцэгсийн диваажин" байсан юм.


01

Суут зураач

Summer Flowers in a Vase

Рейчил Ройш арван таван настайгаасаа эхлээд 83 нас хүртлээ тасралтгүй дал гаруй жил зурсан юм. Тэр энэ хугацаанд 250 гаруй бүрэн дууссан, нарийн чамбай бүтсэн гайхалтай натюрморт зургуудыг бүтээсэн байлаа. Энэ нь жилд таваас зургаан зураг гэсэн үг. Тэр амьдралаа үнэхээр үр бүтээлтэй гайхалтай өнгөрөөсөн байгаа биз. Рейчил 1750 онд 86 настайдаа Амстердам хотод нас баржээ. Түүний нэр хэдийгээр бидэнд тийм танил биш ч тэр бол баракко урсгалын яах аргагүй нэгэн бэлэг тэмдэг байсан юм. Магадгүй түүх эмэгтэйчүүдийн нэрийг хааяа "мартах" тохиолдол бий л дээ. Түүний зурсан 250 гаруй зургаас 100-гаад нь янз бүрийн музей, хувийн цуглуулгад байдаг.
1999 онд түүний цэцэг, шувууны үүр бүхий натюрморт зураг хөдөөгийн нэгэн тосгонд хуучин хаалганы дор хаягдсаныг олжээ. Зурагны үнэ цэнийг мэдээгүй гэрийн эзэн хаалга солихдоо хамт амбаар луу шидчихсэн нь тэр байж л дээ. Азаар зургийг анзаарах хүн гарч, дуудлага худалдаагаар 500'000 ам доллараар зарагдсан байна. Ер нь хаа нэгтээ үнэ цэнээ нуусан бүтээлүүд шороо тоосонд дарагдаад эсвэл жирийн нэгэн айлын хананд өлгөгдөн он жилийг үдэх нь бий шүү дээ. Хэдэн зуун бүтээлүүд эзнээ хүлээгээд хэвтэж л байгаа байх.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Javhlan
01Javhlan Dashdorj
52,800 оноо
Rigunn
02Rigunn Rigunn
49,300 оноо
Bayarmaa
03Bayarmaa Lh
39,000 оноо
Davaa
04Davaa Munkh
27,900 оноо
Nyamdavaa
05Nyamdavaa Demberel
23,100 оноо
Mig
06Mig Mig
20,700 оноо
Г.Х
07Г.Х Билгүүн
2,900 оноо
Сайхна
08Сайхна Сайхна
2,500 оноо
Hatan
09Hatan Baatar
2,400 оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Waves
01Waves Silvermist
1 цаг 6 минут 50 секунд
Ganaa
02Ganaa GT
1 цаг 8 минут 57 секунд
Undrakh
03Undrakh Chimeddorj
1 цаг 9 минут 15 секунд
Сүхболд
04Сүхболд Х.
1 цаг 10 минут 44 секунд
Zandaa
05Zandaa Goosh
1 цаг 35 минут 59 секунд
Altantsooj
06Altantsooj Batsukh
1 цаг 54 минут 24 секунд
Mujaan
07Mujaan Mujaan
3 цаг 26 минут 52 секунд
Bayarkhangai
08Bayarkhangai Khishig-ochir
4 цаг 1 минут 7 секунд
Болор
09Болор Эрдэнэ
4 цаг 24 минут 32 секунд
Мягмарсүрэн
10Мягмарсүрэн Балдан
5 цаг 32 минут