Арав.мн

Бүтээлч тархины дутагдал ба авъяас билэг төрмөл болох нь

Бүтээлч тархины дутагдал ба авъяас билэг төрмөл болох нь

Эх сурвалж: "Уран зурагт элдэв түүх"

Ихэнх уран бүтээлчид ямар нэгэн сэтгэцийн эмгэгт өртөх нь элбэг байдаг. Хамгийн наад зах нь шизофрени, хоёр туйлт эмгэг, депресс, нойргүйдэл, хий юм харж сонсох, ямар нэгэн зүйлд донтох, олон нийтээс айх айдас гэх мэт.  Тэгвэл тэр бүх сэтгэцийн эмгэг чухам юунаас болдгийг урлагийн түүхэнд төдийлөн тайлбарлаад байдаггүй л дээ. Тэдний тархи жирийн хүнээс юу нь өөрөөр ажиллаад байдаг тухай. Тэд цаанаасаа л тийм онцгой төрдөг үү, эсвэл авъяас чадварыг суралцдаг уу? Бүтээлч хүмүүсийн тархи хэрхэн ажилладаг вэ?

Нэрт зураач Гойя хий юм хардаг байсан. Түүний "хар зургууд" чухам энэхүү шаналгаанаас үүдсэн бүтээл юм. Ван Гог хоёр туйлт эмгэгээсээ болж өөрийгөө гэмтээх шийтгэх хандлагатай байв. Эдвард Мүнк давчуу орон зай, олон хүн цугларсан газраас үхтлээ айдаг нэгэн байж. Америкийн феминист зураач, орчин үеийн урлагийг түүчээлэгчдийн нэг Жоржиа О'Кийффе олон жилийн турш сэтгэл гутралаар шаналжээ. Бетховен олон туйлт эмгэг болон архинд донтох өвчтэй нэгэн байсан юм. "Галзуу" уран бүтээлчид зөвхөн тэднээр дуусахгүй олон. Тэгвэл тэдний тархи ер нь яаж ажилладаг болоод ер бусын өндөр оюун ухаан бүтээлч сэтгэхүй болоод галзуурал сэтгэцийн өвчин хослох болоо вэ.

Сэтгэл зүйч Ребекка Чемберлайн хэсэг мэдрэлийн эмч нарын хамт нэгэн туршилт хийжээ. Тэд дүрслэх урлагаар сурдаг 21 оюутан болон өөр салбараар суралцдаг 23 оюутны тархины бүтэц, үйл ажиллагааг судалж үзсэн байна. Дүрслэх урлагаар суралцдаг оюутнуудын тархи үнэхээр бусдаасаа өөр байв. Тэдний зулайн доод хэсэгт байх хөдөлгөөн зохицуулах хэсэгт тархины цагаан бодис нөгөө 23 оюутнуудаасаа илүү байсан байна. Тархины цагаан бодис нь дамжуулагчийн үүрэгтэй ба тархийг нугас болон тархины бусад хэсэгтэй холбодог. Урд тархинаас хойшоо зулайн хэсэгт байх тархины уг хэсэг биеэр хүрэлцэж мэдрэх мэдрэхүй ба орон зайн мэдрэмжийг хянах үүрэгтэй ба гаднаас хүлээн авсан дүрсийг нийлүүлэх, бүтцийг өөрчлөх, дахин байгуулах, хийсвэрлэх зэрэг бүтээлч үйлд мөн холбоотой. Тэгэхээр тэд нүдэнд харагдсан дүрсийг буулган авч орон зайн шийдэлтэйгээр зөв зохистой гарын хөдөлгөөнөөр илэрхийлж чаддаг байна. Мөн бүтээлч ажил эрхэлдэг хүмүүсийн их тархины дагзны хэсгийн дор байх бага тархины хэсэгт цагаан, саарал бодис жирийн хүнээс илүү их байдаг нь тэднийг бүтээлчээр сэтгэх, түүнийгээ цаасан дээр буулгахад илүү амар болгодог. Харин тархины хоёр тал бөмбөлгийг холбогч эд (corpus collasum) нь жирийн хүмүүсээс илүү нарийн хүмүүс бий. Ингэснээр хоёр тархи тус тусдаа хөгжиж онцгой байдлаа хадгалан хөгжих боломжтой болсноор ийм хүмүүс ихэвчлэн оюуны бүтээлч салбар болох зураач, хөгжимчид, зохиолчид болдог. Тэгэхээр авъяас бол байгалиас заяасан онцгой бэлэг юм. Гараар зурж дүрсэлж болох чадварыг дадлага сургуулилтаар эзэмшиж болох ч онцгой төсөөлөн бодох чадвар, дотоод сэтгэлээс ундрах үгээр өгүүлшгүй мэдрэмжийг илэрхийлж өнгө будгаар буулгана гэдэг ховорхон заяах төрөлхийн авъяас. Төрөлх авъяас, ур чадвар хосолж бидэнд сонсох яруу тунгалаг ая эгшиг, нүдээр харж таашаах уран зураг зэрэг урлагаас хүртэх сэтгэлийн цэнгэлийг мэдрүүлдэг юм. Төрөлхийн авъяас шаардах салбарт цөөн хүн байдгийн учир энэ юмаа. Харин яагаад тэдний сэтгэцийн эрүүл мэнд жирийн хүмүүсээс сул байдаг юм бол.

Тархины эд эсүүдийн холбоосыг идэвхжүүлэгч болох ухамсарт тархинаас (Amygdala) ялгарах серотонин ялгаралт их байх хэрээр тухайн хүний тархинд бусдынхаас илүү их мэдээлэл эргэлдэж тэр хэрээрээ бүтээлч онцгой сэтгэхүйтэй байна. Гэвч серотонин их ялгарах тусам хоёр туйлт эмгэг (Borderline personality disorder) үүсгэх магадлал өсдөг. Түүнчлэн Socialphobia буюу олон нийтийн дунд байхаас айдаг айдас үүсэх шалтгаан болно.  Хоёр туйлт эмгэг хэрхэн үүсэх вэ? Ухамсарт тархийг мөн бүйлсэн тархи гэж нэрлэж болно. Бүйлсэн тархи нь их тархины хоёр хагас бөмбөлгийн доор орших ба гаднаас хүлээн авч буй мэдээллийг цахилгаанаас ч хурдан задлан шинжилж хариу үйлдэл үзүүлэх үүрэгтэй. Жишээ нь, хүүхэд чинь дэлгүүрт хүссэн зүйлээ авахын тулд уйлж аашилж шалан дээр хэвтчихлээ гэж бодъё. Энэ үед бүйлсэн тархи мэдээллийг түрүүнд хүлээн авч хүүхдэдээ бухимдаж уур хүрэх мэдрэмж төрнө. За яахав, сургаад өгнөө гэх мэт. Харин урд тархи (prefrontal cortex) энэ уур цухлын мэдрэмжийг дарж "хэрвээ хүүхдээ олон нийтийн дунд загнаж шийтгэвэл хүн бүхний анхаарлыг татахаас гадна өөрийгөө болон хүүхдээ таагүй байдалд оруулна" гэдэг дүгнэлтийг гарган та хүүхдэдээ арай хямд үнэтэй тоглоом санал болгох, халаасны мөнгөө цуглуулаад өөрөө авах, эсвэл дараа авахаар санал болгох гэх мэт зөв шийдвэр гаргадаг. Урд тархи нь зан аашийг зохицуулах, нийгэмд дасан зохицож шийдвэр гаргах, төлөвлөх, туршлага суух зэрэг үйлийг хариуцна. Ингэж бүйлсэн тархи, урд тархи хамтран биднийг нийгэмд "аятайхан" биеэ авч явахад тусалдаг юм. 

Гэтэл бүйлсэн тархи нь хэт идэвхтэй ажиллагаатай хэсэг хүмүүс бий. Урд тархины үйл ажиллагаа хэвийн байлаа гэхэд бүйлсэн тархи хэт идэвхтэй байвал тэр хүн биеэ зөв авч явж, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдахад тун хэцүү. Ухаалаг шийдвэр гаргахаас илүүтэй урьдчилан бодолгүй сэтгэлийн хөдөлгөөндөө захирагдан огцом үйлдэл хийх нь бий. Хэдийгээр бүйлсэн тархи идэвхтэй байж , серотонин ялгаруулалт ихсэхийн хэрээр бүтээлч оюунлаг байдал нэмэгдэх ч эргээд тэднийг сэтгэцийн хувьд маш тогтворгүй, өөрийгөө сүйтгэх хандлагатай хоёр туйлт эмгэгтэй болгодог. Хоёр туйлт эмгэгтэй байна гэдэг нь хар цагаан хоёр туйлын дунд амьдарна гэсэн үг. Ямар ч дундаж саарал мэдрэмж байхгүй нэг бол хэт их сэтгэл гутрал эсвэл хэт өндөр хүсэл тэмүүлэл, баяр хөөр. Сэтгэлийн энэ таагүй орчныг уран бүтээлдээ буулгах нь тэдэнд бага ч гэсэн тайвшралыг авчирдаг биз. Сэтгэлийн цөхрөл шаналлаа уран бүтээл туурвих хөдөлгүүр болгодог хүмүүс ч байна.  

Уран бүтээлчдэд тулгарах бас нэг асуудал бол айдас, сэтгэлзүйн зөрчилдөөн. Бүйлсэн тархи сэтгэл хөдлөлийг бий болгохоос гаднаас сэтгэл зүй (айдас түгшүүр) болоод бие махбодийн хувьд заналхийлсэн дохиог хүлээн авбал зан аашийг зохицуулах, нийгмийн хэм хэмжээнд дасан зохицож шийдвэр гаргах үүрэгтэй урд тархийг "унтрааж" орхидог гэмтэй. Жишээ нь уран бүтээлчдийн шүүмжлэлд хандах хандлага байна. Бид өсвөр насандаа ямар нэгэн хэмжээгээр өөрийн үнэ цэнэ , оршихуйүнэлэмжиндээ эргэлзэж сул дорой байх үе бүгдэд байдаг. Өсч томрон урд тархи нийгэмд дасан зохицож хөгжин зан ааш төлөвшихийн хэрээр бид тэрхүү аймхай өөртөө итгэлгүй өсвөр насыг ардаа орхиж асуудлыг хэрхэн шийдэхээ мэддэг болно. Гэвч ямар ч уран бүтээлч цоо шинэ, нийгэмд дасал болоогүй бүтээлийг гарган тавихдаа ямар нэгэн байдлаар доромжлол, шүүмжлэлийг хүртдэг. Энэ үед ухамсарт тархи сэтгэл зүйн хувьд аюул ирж байгаа гэж үзэн бүтээлч сэтгэхүйг хариуцдаг тархины хэсгүүдийг блоклож, урд тархины зохицуулах зөв шийдвэр гаргах үүргийг хаадаг. Яг энэ үедээ сэтгэл зүйн хувьд сул , нийгмээс ирэх дарамтыг хүлээн яаж хүлээн авахаа шийдэх чадваргүй хэсэг хугацаа болно. Эндээс депресс эхэлдэг. 

Үнэхээр өөрийгөө буруу зүйл хийчихэв үү гэж эргэлзэж зөрчилдөхөөс гадна, нийгмийн хэм хэмжээнд дасан зохицох үүрэгтэй урд тархи удааширснаар өөртөө итгэх итгэл буурч өнөөх л хэцүү өсвөр бага насны "нэгэн" сэдэрч эхэлдэг байна. Шүүмжлэлд уран бүтээлч бүхэн эмзэг ханддаг учир энэ. Гэвч үүнд ухамсарт тархи буруугүй юм. Хүн анх агуйгаас гарч өөрийгөө хамгаалах, хоол тэжээлээ олж идэх зэрэг хэрэгцээ шаардлагаар нийгмийг байгуулсан ч бас аливаа аюултай зүйлсийг таньж мэдэх нь тэдний бас нэг даваа байв. Урьд нь харж байгаагүй шинэ зүйлдээ гүйгээд очтол, аваад идчихтэл үхлийн аюултай бол яана. Ингээд ухамсарт тархи аливаа аюултай байж болох таньж мэдээгүй шинэ, өөр зүйлд хэт мэдрэмтгий болж хөгжсөн ба одоо бидний ухамсарт тархи мөн л тэр зарчмаараа шинэ хэвшмэл бус зүйл гарч ирэхэд зөв бурууг ялгахаас урьтаад "энэ бол шинэ, тиймээс аюултай байж болно" гэдэг зарчмаараа ажилласаар байгаа. Иймээс хүмүүс шинэ зүйлд эмзэг ханддаг. Шүүмжлэл бол ухамсарт тархины хувьд сэтгэл зүйд нөлөөлөх гэж байгаа "айдас аюул". Ингэхэд уран бүтээлч дотоод сэтгэлийн хувьд зөрчилдөн, мэдрэлийн ядаргаа гутралд орохоос асуудал эхлэнэ. Жишээ нь ухамсарт тархи "зүгээр ээ, шинэ өөр зүйл оролдоод үз" гэж зөвшөөрч байхад ухамсарт тархи анх хөгжсөн шигээ "үгүй" хэмээн зөрсөөр байдаг байх нь.

Тархины тодорхой хэсгүүдээс ялгардаг Дофамин даавар гэж байдаг. Энэ бол шагнал магтаалын даавар юм. Бид яагаад нүүр номдоо гоё зургаа тавиад эсвэл пост бичиж хүмүүсээс магтаал нууцхан хүлээж суудаг вэ. Чухам энэ дааврыг ялгаруулахын тулд шүү дээ. Хэн нэгнээс магтаал сонссон үед, бүр худал гэдгийг ухамсарт тархиндаа ойлгож байсан ч энэ даавар ялгардаг. Бид магтаал сонсох, шагнал хүртэх үед сайхан хоол идсэн мэт, сайхан секс хийсэнтэй адил хэмжээгээр энэхүү даавар ялгардаг юм. Бүтээлч тархитай хүмүүсийн дофамин ялгаруулалт хэд дахин их байх нь бий. Дофамин нь баяр жаргал, таашаалын даавар болохоос гадна хүсэл тэмүүлэл, бүтээлч байдлыг ихээр нэмэгдүүлдэг. Гэвч дофамин зохистой хэмжээнээс хэтрэхэд нойргүйдэл, донтолт, эрсдэлтэй алхам хийх зэргээс гадна шизофрени өвчин тусах өндөр эрсдэлтэй. Шизофрени өвчний үед хүн бодит байдал болон хийсвэрлэлээ ялгаж чадахгүйд хүрдэг. Учир нь харааны тархины дээд орчинд дофамин ихээр ялгарахад гаднаас хүлээн авсан дүрс мэдээллийг ухамсарт тархинд хүрч задлан шинжлэхээс өмнө мэдээллийг боловсруулж эхэлдэг байна. Ингэснээр бодит байдал хуурмаг үзэгдэл зөрчилдөж эхэлдэг. Шизофрени нь хий юмс харах, сонсох, биеэр мэдрэх (Hallucination) эмгэгийг үүсгэх нь бий. 

Эдвард Мүнк хий юмс харах сонсох, давчуу орон зайн айдас, олон хүнтэй газраас зугтах, нойргүйдэх зэрэг олон сэтгэцийн эмгэгээс болж түүний амьдралд амар амгалан байсан өдөр ховор байв. Гэрлэж байгаагүй, үр хүүхэдгүй байсан тэр уран зургуудаа хүүхдээ гэж нэрлэдэг байсан ба "айдас, сэтгэцийн эмгэг бол миний мөнхийн дагуул, тэд байхгүй бол би хэзээ ч уран бүтээл туурвиж чадахгүй" гэж хэлжээ. Асар том цэцгийн зургуудaараа алдартай Жоржиа О'Кийффе нөхөр нь түүнийг өөрөөсөө дөчин насаар эгч эмэгтэйтэй хуурснаас болж мэдрэлийн ядаргаанд орон, дээрээс нь архаг шизофрени, хоёр туйлт сэтгэцийн эмгэг хүндэрсэн оношоор багагүй хугацаанд эмчлүүлсэн юм. Бетховен удамшсан олон туйлт эмгэгтэй байв. Тэр сэтгэцийн эмгэг, тогтворгүй зан араншин, сэтгэлийн шаналгаагаа архиар дарах гэж оролдож байсан юм. Уран бүтээлийнхээ оргил үед Бетховен хэт их ажиллаж өөрийн эрүүл мэндийг гаргуунд нь хаяжээ. Бидний сайн мэддэгээр Ван Гог чихээ огтолж өөрийгөө шийтгэсэн. Хамгийн эрүүл харагдах Пикассо нарциссын хам шинжтэй, Густав Климт сэтгэл гутралаар шаналж байсан, Виллиам Блаке, Агата Кристи, Курт Кобайн, Жэксон Поллок, Ницще, Микаеланджело, Эдгар Аллен По... зэрэг оюунлаг бүтээлч хүмүүс бүгд сэтгэл гутралаар шаналж ихэнх нь амиа хорлохоор завдаж зарим нэг нь санасандаа хүрсэн юм.

Бид авъяас билэг дүүрэн уран бүтээлчдийг хамгийн азтай хувь заяатай хүмүүс гэж хардаг. Гэтэл эсрэгээрээ бид л ямар ч золиос гаргалгүйгээр гайхамшигт урлагийн бидэнд өгөх сэтгэлийн таашаалыг мэдэрдгээрээ азтай байх. Харин тэд сэтгэл зүрхээрээ шаналал, цөхрөл, уй гашуу, хорсол занал, баяр хөөр, жаргал цэнгэл гээд бүхнийг мэдэрч түүнийгээ бүтээл болгон бидэнд үлдээжээ.


01

Edward Munch "Night Wanderer" 1923-24


7.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Маш сайхан тайлбарлаж бичжээ. Дааврын зохицуулга болон нейротранс миттерүүдт эй ( серотонин, дофамин) холбоотой сэтгэл хөдлөл, танин мэдэхүй, ухамсарт үйлдлийн талаар энгийн хүмүүс маш бага бараг мэддэггүй учраас харилцааны зөрчил үүсгэдэг.
Уран бүтээлчдийн сэтгэл зүйн байдлыг тархи сулалын талаас маш тодорхой тайлаюбар өгсөнд баярлалаа. Bipolar disorder -ийг хоёр туйлт эмгэг гэж ойлгодог. Borderline disorder ийг арай өөрөөр нэрлэхгүй юу?
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start