Арав.мн

Жүжигчдээ сольсон 10 кино

Жүжигчдээ сольсон 10 кино

Та бидний сэтгэлд хоногшсон дүрүүдийг өөр уран бүтээлчид бүтээсэн бол...


10

Бөгтөр уул

Найруулагч Ан Лигийн 2005 оны бүтээл болох "Brokeback Mountain" кинонд найруулагч Гус Ван Сант продюсерийн үүргийг гүйцэтгэсэн байдаг. Тэдэнд олны танил болсон, хүчирхэг жүжигчид гол дүрд нь хэрэгтэй байсан гэдэг. Тийм учраас тэд Брэд Питт, Леонардо ДиКаприо, Мэтт Дэмон, Райн Филлипе нарт ижил хүйстэн залуусын дүрийг санал болгосон ч тэд бүгд "ҮГҮЙ" гэж хариулсан гэнэ. Кинонд Жэйк Жиллэнхаал, Хет Лэджер нар амжилттай тоглож, кино ч ашиг орлого, алдар нэр, гавъяа шагналыг дагуулсан юм.


09

Титаник

Кино найруулагч Жэймс Камероны сор бүтээлүүдийн нэг, 1997 оны Оскарын наадамд 11 төрөлд ялагч болсон "Titanic" киноны Рөүсийн дүрийг анх Гвинет Пэлтроуд санал болгож байсан гэдэг. Гэвч эцэст нь Кэйт Уйнслэт тоглосон байдаг. "Titanic" кино ч толгой эргэм амжилт үзүүлж, Кэйтийн карьер өсч, Оскарт хүртэл нэр дэвшээд амжсан.


08

Дурласан Шекспир

1998 шилдэг бүтээл, Оскарын 7 төрөлд ялагч болсон "Shakespeare in Love" киноны гол дүр Виола Де Лессепсийн дүрийг анх Кэйт Уйнслетэд санал болгосон юм. Гэвч Кэйт тэр үед өөр кино төсөлд анхаарлаа хандуулаад завгүй байсан тул уг дүрээс татгалзсан байна. Кино ч амжилттай болж, Гвинет уг дүрээрээ Оскараас алтан хүнийг өөрийн болгосон байдаг.


07

Загалмайлсан эцэг

"Загалмайлсан эцэг" киноны  Майкл Корлеонегийн дүрийг анх Жак Никольсонд санал болгосон байдаг. Жакд энэхүү дүрийг санал болгосон ч тэрээр энэ дүрийг бүтээж чадна гэдэгтээ эргэлзсэн гэнэ. Түүнээс гадна тэрээр тухайн үед Индианы дүрд зөвхөн индианчууд, Итали хүний дүрд зөвхөн Итали хүн тоглох ёстой гэж боддог байсан гэнэ. Киноны амжилтаас энд дурдах нь илүүц биз. Юутай ч Жак өөрийг нь алдар хүндийн оргилд гаргах энэхүү дүрээс татгалзсандаа харамсаж явдаг нь гарцаагүй биз ээ.


06

Казино "Рояль"

2006 онд үзэгчдэд хүрсэн "Casino Royal" кинонд нууц ажилтан Жэймс Бонд 007-н дүрийг Даниэл Крэйгийн оронд Хью Жэкман бүтээхэд ойрхон байжээ. Австрали эр яг энэ үеэр "X-Men: The Last Stand" киноны  зураг авалттай байж таарсан тул энэхүү дүрийг бүтээж чадаагүй гэдэг. Хэрвээ тэрээр Бондын дүрийг бүтээсэн бол бид Хью Жэкман гэсэн Жэймс бонд болон Логантай байх байлаа.


05

La La Land

2017 оны Оскарын наадамд 14 төрөлд өрсөлдөж, 6-д нь ялагч болсон хөгжимт, драма төрлийн "La La Land" киноны эмэгтэй гол дүрд анх Эмма Стоуныг биш Эмма Уатсонг урьсан гэдэг. Гэвч Уатсон тухайн үед "Диснэй" компанийн дахин шинэчлэн бүтээж буй "Beauty and the Beast" кинонд тоглож байсан учраас энэхүү дүрээс татгалзсан байна. Эмма Стоун энэхүү дүрээрээ Оскарын эзэн болсон юм.


04

Сая долларын бүсгүй

Найруулагч, жүжигчин Клинт Ийствүүдийн шилдэг бүтээлүүдийн нэг 2004 оны "Million Dollar Baby" киноны гол дүр Мэгги Фицжералдын дүрийг Хилари Свонк бүтээж, академийн шагнал хүртсэн байдаг. Тэгвэл энэхүү дүрийг түүнд санал болгохоос өмнө жүжигчин Сандра Буллокт санал болгожээ. Гэвч Сандра Буллок "Miss Congeniality" киноны 2-р ангид тоглохоор тохиролцсон байсан учир тус дүрээс татгалзсан байдаг.


03

Форрест Гамп

Ирээдүйд юу тохиолдохыг хэн ч тааж мэдэхгүй. 1994 онд Жон Траволтад яг ийм зүйл тохиолдсон. Түүнд найруулагч Роберт Земекис "Forrest Gump" киноныхоо гол дүрийг санал болгов. Харин тэрээр Күэнтин Тарантиногийн "Pulp Fiction" киног илүүд үзэн тус кинонд Винсент Вегагийн дүрийг бүтээсэн байдаг. "Forrest Gump" кино тухайн жилдээ тэсрэлт болж, Тарантиногийн киноноос хэд дахин илүү амжилт үзүүлсэн юм. Хожим нь Жон Траволта "Forrest Gump" киноноос татгалзсан нь өөрийнх нь маш том алдаа болсон гэж ярьсан байна.


02

Оддын дайн

"Star Wars" киноны Хан Сологийн дүрд Харрисон Форд биш Аль Пачино тоглосон бол танд ямар санагдах вэ? Киноны продюсерууд ч түүнд энэхүү дүрийг санал болгосон гэдэг. Гэвч алдартан кино зохиолоо уншаад юу ч ойлгоогүй учир энэхүү дүрийг бүтээхээс татгалзсан түүхтэй. Мөн уг дүрд Жак Никольсон, Чэви Чэйс гэсэн жүжигчид тоглохоор шалгаруулалтанд орж байсан юм.


01

Хөөрхөн хүүхэн

1980-аад онд өсвөр насныханд зориулсан кино хүчээ авч байх үед жүжигчин Молли Рингвалдэд 3000 доллараар тоглох нэгэн киноны санал ирсэн нь хожмоо "Pretty Woman" кино болсон гэдэг. Молли энэ тухайд сүүлд өгсөн яриандаа "Би энэ зохиол, энэ киноноос татгалзсанаа санахгүй байна. Гэхдээ энэ кинонд Жулиа Робертс тоглосон нь ч нүдээ олсон хэрэг. Тэр энэ дүрийг гайхалтай амилуулж чадсан. Жүжигчин бүрт өөрт нь зориулагдсан дүр байдаг гэдэгт би итгэдэг" гэж ярьсан байна. Үнэхээр ч "Pretty Woman" кинонд Жулиа Робертсоос өөр хүн тоглоно гэхэд санаанд нэг л бууж өгдөггүй дээ.


8.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start