Арав.мн

Модернист хөдөлгөөний үндсэн 10 урсгал

Модернист хөдөлгөөний үндсэн 10 урсгал

Модернизм нь XIX зууны сүүлч, XX зууны эхэнд өрнийн ертөнцөд дэлгэрсэн соёлын их эргэлт, оюун санааны онцгой хувьсгал байлаа. Орчин цагийн аж үйлдвэржсэн нийгэм, их хотуудын хурдтай хөгжил, дэлхийн I дайны дараах эвдрэл сүйтгэл энэ бүх өөрчлөлт шинэчлэлд хөтөлжээ. Модернистууд Гэгээрлийн эриний хэт тодорхой байдлыг үгүйсгэж, шашин номын хөдөлбөргүй байр суурийг хүртэл ганхуулж, ерөөс уламжлалт хуучны юм бүхнийг өөрчлөхийг, огт өөр, цоо шинэ зүйл бүтээхийг зорьж байв. 


10

Пост-импрессионизм

Модернист шүхэр дор үүсэж бий болсон урлагийн олон салбар урсгалаас пост-импрессионизм нь хавьгүй түрүү үед буюу XIX зууны эхний хагаст хамаарна. Поль Сезанн, Жорж Сёра, Винсент ван Гог нарын бишрэхгүй байхын аргагүй, үл мартагдам бүтээл туурвилаар анхлан танигдаж алдаршсан энэ урсгал урьдач, эх хөдөлгөөн болох импрессионизмоос урлан бүтээгчийн харьцангуй чөлөөт, цэвэр ариун мэдрэмж, өнгө будгийг илүүд үздэгээрээ ялгардаг. Гэхдээ импрессионист хэлбэрт байх хурц тод өнгө, басхүү өнгөц будалт зэргийг онцлог хэв шинжээ болгосныг нь тэмдэглэх хэрэгтэй. Пост-импрессионистууд бусад ойролцоо урсгалын зураачдыг бодвол тун чөлөөт орон зайд бүтээж туурвиж асан нь ван Гог, Сёранарын ижил төсөөтэй хэр нь өөрсдийн онцлогтой зургуудаас харагддаг. 


09

Фовизм

Энэхүү авангард урсгал XX зууны эхэн үед дэлгэрсэн гол хөдөлгөөний нэг юм. Анри Матиссын анхлан таниулсан фовизм импрессионизмын нэгэн үр жимс бөгөөд зураачийн сэтгэлийн хөдлөлийг ямар нэг чимэггүйгээр илэрхийлдэг, үзэгчийн нүдэнд шууд тусах, “уншигдах” дүр дүрслэлийг чухалчилдаг зэрэг онцлогтой. Чухам энэхүү хурц илэрхийллээс нь болж цаг үеийнхээ нэртэй шүүмжлэгч байсан Луи Восель энэ урсгалын зураачдыг Fauves буюу Зэрлэг араатнууд хэмээн нэрийдсэн нь фовизм гэх нэршлийн эх болжээ. Матиссаас гадна Андре Дерен, Морис де Вламинк, Жорж Брак нарын фовист зураачид олонд танигдаж алдаршсанаас Брак хожим фовизмын “охин” урсгал кубизмын гол төлөөлөгчийн нэг болсон юм.


08

Кубизм

Модернист эриний хамгийн нөлөө бүхий урсгалын нэг кубизм нь өдгөө нэг л уран бүтээлчийн нэрээр нийтэд танигддаг нь Испанийн нэрт зураач Пабло Пикассо билээ. Гэхдээ дээр дурдсан Жорж Брак түүнээс дутахааргүй кубист байсан бөгөөд кубизмын оргил үед энэ хоёр зураачийн бүтээл туурвил өөр хоорондоо бараг ялгарахааргүй шахам ижил төстэй байв. Пикассогийн 1907 оны зураг “Авиньоны бүсгүйчүүд” (Les Demoiselles d'Avignon) энэ урсгалын анхны гол бүтээл гэгддэг ч Бракийн 1908 онд шоон хэлбэр ашиглан зурсан “Лестакийн байшингууд” (Maisons à l'Estaque) нь фовизмд нэр оноосон мөнөөх урлаг шүүмжлэгч Луи Воселийг энэхүү шинэ урсгалд кубизм хэмээх нэр хайрлахад хүргэжээ. Кубистуудын гол зорилго нь уламжлалаас татгалзах, байгалийг тойм төдий хуулбарлах, хавтгай дүрслэлээр шинэ цагийн эрс тэс уур амьсгалыг тунхаглах байлаа. Үүнийгээ тэд хурц ирмэг хүрээ бүхий дүр дүрслэл хийгээд хөгжмийн зэмсэг, ваар сав, жирийн лонх зэрэг өдөр тутмын энгийн эд зүйлсийг тодотгох, мөн хүний биеийн ерөнхий хэлбэрийг чухалчлан харуулах зэргээр гүйцэлдүүлсэн юм. Анхандаа зөвхөн уран зурагт хамаатай байсан кубизм хожмоо уран барилга, уран барималд хүртэл нөлөө тусгалаа үлдээжээ. 


07

Футуризм

Машин техникийг хүншүүлэх юм уу, хүнийг машин техниктэй адилтгадаг футуризм нь модернист эриний хамгийн дуулиантай, хэл ам дагуулсан урсгал билээ. Өнгөц харахад орчин цагийн эд хэрэглэлийг ашиглан шинэлэг зүйлс бүтээсэн мэт харагдавч энэ урсгалын цөм санаа нь дайн дажныг магтан дуулах хийгээд охид, эмэгтэйчүүдийг үл хүндэтгэх үзлээс эхтэй юм. Италийн яруу найрагч, урлагийн онолч Филиппо Маринеттийн 1909 онд нийтлүүлсэн шүүмждээ анхлан тунхагласан эл урсгал урлагийн ганц төрөлд баригдалгүй уран барилгач, зураач, зохиолчдын хэн хэнийх нь анхаарлыг татаж байв. Энэ чиглэлийн зургуудад гол төлөв автомашин, галт тэрэг, адгуус амьтан, шинэ үеийн бүжигчид, үймж бужигнасан хүмүүсийг дүрсэлсэн байх ба футурист зураачид орчин цагийн хурд, хүч, хөдөлгөөнийг мэдрүүлэхийн тулд кубизмын шулуун ирмэг хүрээ, фовизмын хурц тод өнгөнүүдийг ашиглаж байлаа. Харин энэ мэт шийдэл нь уран зохиолд тэмдэг нэрээс зориуд татгалзах, дайвар үг ашиглан этгээд сонин хэлц, хэллэг зохиох зэргээр илэрчээ. Анхандаа нийтийн анхаарлыг ихэд татаж байсан футуристууд гэвч дэлхийн I дайны хор хохирол түмэн олонд ил болсны дараа нэр хүнд, байр сууриа алдсан байна. 


06

Вортикизм

David Bomberg, The Mud Bath, 1914, Tate

Жинхэнэ англи маягийн модернист урсгал болох энэ хөдөлгөөн Лондонд төвтэй “Blast” нэрт сэтгүүлийн нийтлэлүүдээс үүдэлтэй. Футуризмын нэгэн адил машин техникийн эрин үеийг угтан бий болсон вортикизм нь эхэндээ эрин үеийнхээ зайлшгүй шаардлага мэт байсан авч мөн л I дайны үймээн самуунаар эрчээ алдан мартагджээ. Вортикизмын гол төлөөлөгчид нь нэртэй зураач Уиндем Льюис, цуутай найрагч Эзра Паунд нар юм. Энэхүү хөдөлгөөн харин Франц, Италид дэлгэрч Европ даяар түгсэн футуризмаас ялгаатай нь Лондоны урлагийн хүрээллээс ер халиагүй байдаг. Гэхдээ вортикистууд өөрсдийгөө бусад төстэй урсгалын уран бүтээлчдээс онхи ондоо, бичлэг хийгээд дүр дүрслэлийн аль алинд зөвхөн англи хийцийн хөлөг онгоцынх мэт “арга ясан” хэмээгдэх эрс тэс арга барилтай гэж үзэцгээж байв. Энэ нь Виктория хатны үеийн хатуу чанга дэг жаяг, ёс журамд баригдаж асан англичуудыг шинэ тутам дэлгэрэх урлагийн урсгал, чиглэлүүдтэй холбож буй мэт сэтгэгдлийг ч яв цав төрүүлж байлаа. Гэвч вортикизмын хоромхон зуурын сэргэлт дээр дурдсанаар футуризмын нэгэн адил машин техникийн хөгжлийг магтан дуулж асан дэлхийн I дайны зэрвэс үетэй хамт шувтарсан нь нэг талаар олон хүний ирээдүйд итгэх итгэл алдарсан, нөгөө талаар Годье-Бжеска, Т.Э.Хульм нарын вортикистууд дайнд амь үрэгдсэнтэй холбоотой юм. 



05

Конструктивизм

Zuev Workers' Club, 1927-1929

Кубизм, футуризм хоёр 1910-аад оны сүүлчээр зүүнтээ дэлгэрч, Орост танигдан түгэхэд аль алиных нь хэв маяг, чиг баримтлал Октябрийн хувьсгалын үзэл санаатай сүлэлдэн шинэ урсгал, хөдөлгөөн үүсгэсэн нь конструктивизм юм. Ийн нэрлэгдсэн учир нь орчин цагийн үйлдвэрүүдийн хуванцар, ган төмөр, шил зэрэг материалыг ашиглан дүрслэх урлагийн бүтээл туурвих хандлагаас нь болжээ. Конструктивизмын гол төлөөлөгч бол Парис хотод суралцаж ахуйдаа уг хөдөлгөөний гол бэлгэдэл болох, хожим Пикассогийн геометрийн дүрслэлд хүртэл нөлөөлсөн төмөр цамхагийн бүтээгч Владимир Татлин юм. Тэрбээр мөнхүү цамхагийг 1913 онд бүтээснээсээ хэдэн жилийн дараа эх орон руугаа буцаж Антон Певснер, Наум Габо нарын хамт 1920 онд футурист болон вортикистуудын адилаар “Реалист тунхаг” гэгчийг хэвлүүлэн, ирээдүй хойчийн урлагийн шинэ арга барил нь техник технологиос бүрэн хараат конструктивизм мөн хэмээн зарлажээ. Татлин нарын конструктивистууд уран зургийг, түүний дотор юмсыг байгаагаар нь юм уу, илүү гоо сайхнаар дүрсэлдэг сонгодог зургийг нэгэнт “үхсэн” урлаг хэмээн тодорхойлж байв. Тэдний хувьд шинэ цагийн урлаг зөвхөн биет бөгөөд хэрэгцээт зүйл бүтээхэд л чиглэх ёстой байлаа. Харин Зөвлөлтийн эрх баригчдын шинэ хөдөлгөөнийг эсэргүүцэх нь жилээс жилд нэмэгдсэнээс конструктивизмын олон ч төлөөлөгч эх Оросоосоо зугтаж Герман, Франц, Англи зэрэг орнуудад уран бүтээлээ туурвиж байв.


04

Супрематизм

Kazimir Malevich, Suprematist Composition- White on White, 1918

Оросоос гаралтай өөр нэг модернист хөдөлгөөн бол супрематизм юм. Конструктивизмын “ихрийн өрөөсөн” ч гэж үзэж болох энэ урсгал машин техникийг үнэлж сайшаахын сацуу шинэ үеийн абстракт урлагийг таашаах хандлагаараа бусад төстэй хөдөлгөөнөөс эрс ялгарч байлаа. Супрематизм нь мөн геометрийн цэвэр абстракт хэлбэрийг уран зурагт нэвтрүүлсэн анхны урсгал болно. Казимир Малевичийг энэ урсгалын үндэслэгч гэж үздэг бөгөөд нэр нь ч түүний нэгэн эш үгээс, “... урлагийн аль нэг урсгалаас төрөх ойлголт хийгээд мэдрэмжийн ариун дээд байдал буюу сумрематизм...” гэх тодорхойлолтоос үүсчээ. Түүний гол зорилго урлагийн чин үнэнийг “нүцгэлэх”, түүн дотор гол хэлбэр, үндсэн өнгө, дүрсүүдийг нь илчлэх байлаа. Эл санааг нь илэрхийлсэн гол бүтээл нь “Цагаан дээрх цагаан өнгө” (White on White) нэртэй зураг юм. Энэ мэт бүтээлийг нь шинжихэд супрематизмыг мөн абстракт урлагийн хамгийн оюунлаг, сүнслэг басхүү нууцлаг хэлбэр нь гэж ойлгож болно. Харамсалтай нь энэхүү модернист урсгал яг л конструктивизмын адил Зөвлөлт засгийн хардалт, хавчлагаас болж дэлгэрч чадалгүй хумигдаж, эдүгээ бараг мартагджээ. 


03

Де Стиль

Theo van Doesburg, Composition VII (the three graces) 1917

Англи хэлт орнуудад De Stijl хэмээх голланд нэрээрээ танигдсан энэ урсгалын гол зорилго нь угтаа нэрэн дотроо, өөрөөр бол зөвхөн энгийн хэлбэр, хэв маягаар урлагийн дээд хэмжүүрт дөхнө гэсэн санаанд агуулагдаж байв. Стайл буюу ердийн хэв маяг гэгдэх Де Стилийг Амстердамын уугуул Тео ван Досбург, Пит Мондриан, Якобус Иоханнес Питер Ауд нарын нидерланд зураачид үндэслэсэн бөгөөд ерөнхий хэлбэр нь Мондрианы теософи хэмээгдэх үзлээс эхтэй. Де Стилийг үүсэн бүрэлдэхэд Парисын кубизм мөн ихэд нөлөөлжээ. Дээрх голланд зураачдын хувьд Пикассо, Брак нарын зураачид кубизмыг шат ахиулалгүй, огт хөгжүүлэлгүй хаясан нь уучилшгүй алдаа байсан бөгөөд хэрэв тэдний шанг нь татсан шинэ үеийн дүрслэх урлагийн хөгжил хэрэв цааш өчүүхэн төдий л дэлгэрсэн бол Де Стиль буюу өөрсдийнх нь хэв маягт, хийсвэр урлагийн дээдэд хүрэх байлаа. Де Стилистүүд супрематистуудын адил тод шулуун зураас, огтлолцсон хэрчлээс, геометрийн гол хэлбэр дүрсүүд, үндсэн болон ердийн ууссан өнгөнүүдийг ашиглан бүтээлээ туурвиж байв. Хэдийгээр зураач, уран барималч, яруу найрагчид гээд бүх л салбарын уран бүтээлчид энэ урсгалд хөл алдсан ч Ауд нарын уран барилгачид л гол үзэл санааг нь шингээсэн бүтээл туурвилыг хойч үед үлдээсэн байдаг. 


02

Дада

Marcel Duchamp, Fountain, 1917

Энэ урсгалын үндсэн гол санаа нь гол төлөөлөгч яруу найрагч Хуго Баллийнх нь тодорхойлсноор “... урлагийг өөрийнх нь эцсийн цэг үл болгох, оронд нь эрин үеийнх нь нөлөө тусгал, шүүмж судлалын хэрэглэгдэхүүн...” болгох байв. Дадаизмын цаг үе харин дэлхийн I дайны дараах эвдрэл сүйтгэл, уй гашуу, үймээн бужигнаанаар дүүрэн байлаа. Тиймдээ ч Цюрих, Нью-Йорк, Берлин, Кёльн, Ханувер, Парис дахь дадаистууд уран бүтээлийн арга барил, хэв маягаараа бус, харин ерөнхий үзэл санаа, итгэл үнэмшлээрээ холбогдож байв. Дадаистууд мөн өөрсдийгөө дэлхий дахиныг их дайнд хүргэсэн хэт үзэлтнүүдийн эсрэг тэмцэж босох аврагчид хэмээн үзжээ. Тэд урлагийн хэвшмэл ойлголт, элит хандлагыг эвдэхийг зорьж байсан нь Марсель Дюшаны 1917 оны бүтээл ердийн нэгэн шаазан шээлтүүрийг ашигласан “Усан оргилуур”-аас илэрхий байдаг. Дадаистуудын нацистууд болон тэдний адил дарлагч, харгислагч анги давхаргынхантай тэмцэхийг урьтал болгож байсан нь харин бусад абсурдистууддаа шахагдах, үл зөвшөөрөгдөх шалтгаан болжээ. 


01

Сюрреализм

Сальвадор Далийн “Цаг хугацааны оршихуй” (1931) нэрт бүтээлээрээ анхлан зарлан тунхагласан модернист эриний хамгийн алдартай, нэн чухаг урсгал болох сюрреализм нь үзэгчийн харцыг шууд татах этгээд хачин дүрслэл, бараг л адгууслаг гэмээр өнгө төрхөөрөө дүрслэх урлагт эрс шинэчлэлийг авчирсан юм. Энэ урсгал хэдийгээр яруу найраг, үргэлжилсэн үг, уран баримал, кино, жүжиг гээд урлагийн бүх л салбарт нөлөө тусгалаа үлдээсэн ч он цагийн шалгуурыг давж, үлдэж хоцорсон бүтээлүүд нь голдуу уран зургууд байдаг. Сюрреализмд дадаистуудын абсурд үзэл, Зигмунд Фройд, Андре Бретон (1924 онд “Сюрреалист тунхаг” гэгчийг хэвлүүлсэн) нарын сэтгэцийн задлан шинжлэлийн бичвэрүүдийн нөлөө гүн бат шингэжээ. Бретоны тодорхойлсноор сюрреалистуудын гол зорилго нь “...ухамсарт үйлдлийг ухамсаргүйн үйлдэлтэй хослуулж, зүүд зөнгийн ёр билгийг өдөр тутмын бодит ахуйтай сүлснээр туйлын бодит буюу хийсвэр үнэнд хүрэх...” байлаа. Сальвадор Далигаас гадна Жан Арп, Макс Эрнст, Андре Массон нарын зураачид сюрреалист бүтээл туурвиж байв. Харин Бретон өөрийн боловсруулсан тунхагийн үнэнч дагалдагчдад эгээ л цэргийн эрх мэдэлтэн шиг хандаж байснаас олон ч уран бүтээлч сюрреализмаас холдож, бусад шинэ урсгалыг дагасан байна. Гэхдээ тэдний олонх нь сюрреалист хэв маягаасаа бүрэн чөлөөлөгдөөгүй байдаг. 



9.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-1
хэвшмэл ойлголтыг дахин хэвшүүлэх нь танай сайтын ЗОРИЛГО биш л баймаар. Хэт сүржин гарчигтай нийтлэлүүд нь уншигч олны суурь мэдлэгт буруу нөлөө үзүүлдэг. Жишээ нь Краважио суут байж болно, урлагийн түүхэнд ерөнхий утгаар хэн нь суут вэ ? хэмээн асуухаас нэг их ялгаагүй шүү дээ. Сайн ярьвал Краважио чинь Вермерийн хаана ч хүрэхгүй шүү дээ ч юм уу Кубистүүд Пикассог Кубизмын загалмайлсан эцэг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй нь Африкийн урлагийг судалдаг судлаачид дэлхийд төдий хэмжээгээр танилдаагүй байсантай холбоотой ч гэдэг юм уу олон олон учир шалтгааныг урлагийн түүх судалдаг шүү дээ.
-1
1. УУчлаарай гэхдээ урлагийн түүхийн тухай мэдээллийг жаахан судалгаатай онолын түвшнөөс бичиж бэлтгэж баймаар санагдлаа. Учир нь маш олон бүтээлчид урлагийн түүхнээ бүртгэгдээгүй байдаг нь тухайн цагийн урлаг судлаачдын тоо мэргэжлийн хүмүүсийн тоо энэ төрлийн мэргэжилтэн хүрэлцээгүй мөн хангалтгүй байсных болов уу. УРЛАГ хэмээх ДК.ийн номд монголын урлагийн түүхийн талаар ганц ч үгүүлбэр мэдээ сэлт байдаагүйтэй адил санагдаж байна. 2. дээрх мэдээнүүдээс жишээ татахад: КУБИЗМ, маш олон асар олон бичвэрт Кубизмын гол төлөөлөгч үндэслэгч бол Пикассо гэдгээр дийлэнх урлаг судлаачид тайлбарладаг. Гэтэл Пикассог Кубист зураач гэдгээр нь танилцуулсан ч Кубизмын үндэслэгч гэдэгтэй хувьдаа огт санал нэгддэггүй. Пикассогийн Кубист бүтээл бүтээх болсон шалтгааныг түүний бүтээлийн судалгааны явцаар тайлбарладаг. Энэ нь бүтээлчийг олон улсад судлаачид хэрхэн дүгнэх нь чухал мэт ч нөгөө талаас хувь хүний урлагийн судалгааны чиг баримжааг цаашид увайгүй үргэлжлүүлэх хэт баруунжсан хэвшмэл үзэл хэмээн Шүүмжлэгчид бид дүгнэж байна. 3. АРАВ сайт маш их цаг зав хүч хөдөлмөр зарж байж босч буй, үр нөлөөллийг нь юутай ч харьцуулашгүй боловч зарим талаар цэвэр судалгаа онол талаас хэдийн тайлбарласан танигдсан имформатив төлөвт байна гэж бид дүгнэж байна. Мэдээлэл өөрөө олны мэдлэгийг дэмжих үүрэгтэй байдаг ч нөгөө талаар мэргэжлийн хүмүүсийн судалгаатай харьцуулахад харьцангуй байдал, энэ ч утгаар урлаг соёл танин мэдэхүйд хөрөнгө оруулалт болох талтай ч догматик хэв шинжийг хөхиүлэн дэмжсэн байдалд хүргэдэг. Олон зүйл дээр санал нэгдэх алба үгүй л дээ, анхны жишээгээр Пикассо кубизмын загалмайлсан эцэг гэдэг ч юм уу, гэтэл жинхэнэ ард талд энэ бүхэн огт өөр ойлголт байдаг. Африкийн урлаг Пикассогийн кубист бүтээл төрөх үндсэн нөлөөлө болсон гээд ганц тодорхойлолт ядаж алга гэж үү дээ гэж эцэст нь хэлэх гэсэн юм. Баярлалаа.
уран зураг сонирхог болохоор надад бол үнэн наайс мэдээ байлаа миний бодлоор хамгийн даацтай урсгал бол кубизм гэж боддог зураачаас асар их мэдрэмж бодол шаарддаг. 10н жилдээ Пикассог дуурайж зурах гэж их хичээдэг байж билээ хаха тухайн үед яг ямар утгатай зураг зураад байгаагаа сайн ойлгоогүй байждээ одоо бодоход. манайд эдгээр урсгалууд дөнгөж 90ээд оноос л эхэлсэн байх. монголд 50, 60аад оноос л дөнгөж классик бүтээлүүд гарч ирж байсан. Гэтэл классик урсгал аль дивангарын үед 15, 16 зууны үед эхэлсэн урсгал юмдаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start