Арав.мн

Улс орон: ГАЙАНА

Улс орон: ГАЙАНА

Өмнөд Америкийн орнуудаас англи хэлийг албан ёсны хэлээ болгосон  цорын ганц улсын тухай сонирхолтой 10 баримт. 


10

Хамтын нөхөрлөлийн гишүүн

1966 онд Их Британиас тусгаар тогтносон. Хамтын нөхөрлөлийн гишүүн. Хамтын нөхөрлөлийн орнуудаас Өмнөд Америкийн эх газарт оршдог цорын ганц улс.

Албан ёсных нь хэл испани биш Өмнөд Америкийн таван бүс нутаг, гуравхан улсын нэг.

Албан ёсны хэл нь англи. Иргэдийнх нь олонх англиар ярьдаг Өмнөд Америкийн цорын ганц улс. Португал, испани, хинди зэрэг бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн найман хэлтэй. 


09

Гол мөрний нутаг

Нидерландчууд өнөөгийн тус улсын нутагт суурьшсан анхны европчууд байлаа. XVII зуунд албан ёсоор Нидерландын эзэмшил болсон Гайана 1815 онд Британийн мэдэлд шилжжээ.

Хуучин нэр нь Британийн Гайана. Гайана нь нутгийн уугуул иргэдийн тайно хэлээр түргэн урсгалт гол мөрний нутаг гэсэн утгатай.

Газар нутгийнхаа хэмжээгээр Өмнөд Америкийн гурав дахь жижиг улс. 405 мянга гаруй га газар нь төрийн хамгаалалтад байдаг нь газар нутгийнх нь хэмжээтэй харьцуулахад дэлхийд тэргүүлдэг үзүүлэлт. 


08

Цэцэрлэгт хот

Хамгийн том хот бөгөөд нийслэл нь 200 мянган оршин суугчтай Жоржтаун. Их Британийн хаан III Жоржийн нэрээр нэрлэгдсэн, ногоон байгууламж сайтай тус хотыг Карибын цэцэрлэгт хүрээлэн гэдэг.

Уг хот мөн Виктория хатан хааны үеийн барилга байгууламжуудаараа алдартай. 


07

Байгалийн үзэсгэлэн

Газар нутгийнх нь 70-аад хувийг ой ширэнгэ эзэлнэ. Модны 1000, ургамлын 8000 гаруй төрөл зүйлтэйгээс тэн хагас нь дэлхийн өөр хаа ч байхгүй.

Сээр нуруутны 1500, шувууны 1600 гаруй төрөлтэй нь газар нутгийнх нь хэмжээтэй харьцуулахад дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт. Ан амьтдынх нь 70 гаруй хувь тогтвортой өсөж үржиж буй нь мөн дэлхийд гайхагддаг. 


06

ЮНЕСКО-д нэгдсэн Карибын анхны улс

1977 онд дэлхий дахины байгалийн болон соёлын өвийн тухай ЮНЕСКО-гийн тунхагт нэгдсэн Карибын анхны улс болсон. Гэхдээ тус улс одоогоор Дэлхийн өвд бүртгэлтэй нэг ч газар, соёлын өвгүй байна. 


05

Зургаан үндэстний орон

Хүн ам нь 770 мянга. Олонх нь 1834 онд Британийн Гайанад боолчлолыг халахаас өмнө ажиллаж байсан цагаач ажилчид болон боолуудын үр удам.

Энэтхэг гаралтай иргэд хүн амынх нь 43.5 хувийг эзэлдэг бол африк гаралтай гайаначууд 30, нутгийн уугуул индианчууд 16 хувийг тус тус эзэлнэ. Үлдсэн хэсэг нь португал, британи, хятад, арабууд. Иймээс тус улсыг Зургаан үндэстний орон гэнэ.

Гайанагийн нутаг дэвсгэр хэдийгээр мөнх ногоон ч хөрс шороо нь үржил шимгүй тул иргэдийнх нь олонх томоохон гол мөрдөө бараадан, нутгийн зүүн хэсэгтээ төвлөрөн эрэг дагуу аж төрдөг.


04

Олон шашны нутаг

Гайаначуудын 57 хувь нь загалмайтны, 23 хувь нь хиндү, 7.5 хувь нь исламын шашин шүтдэг. Үлдсэн хувь нь иүд, бахай болон африк, индианчуудын уламжлалт шашин шүтлэгийг дагана. 


03

Хатуу хууль

Иргэдийнх нь олонх гүн сүсэг бишрэлтэй учир ижил хүйстэнтэйгээ нөхцөх явдлыг хуулиар хориглодог бөгөөд Гайана нь ийм хуультай Өмнөд Америкийн цорын ганц улс юм.


02

Түүхийн хар толбо

Орчин цагийн түүхэн дэх хамгийн олон хүн нэгэн дор амиа егүүтгэсэн хэрэг Гайанагийн Жонстаун сууринд болжээ. Америкийн шашны нэгэн нууц бүлгэмийн тэргүүн Жим Жонсын өөрийнхөө нэрээр нэрийдсэн уг хотод 1978 оны арваннэгдүгээр сарын 18-ны өглөө Жонс болон түүнийг дагагчид 918 хүн цианид ууж амиа хорлосон нь Гайанаг олон улсад “таниулсан” аймшигтай явдал байлаа. 


01

Гайхамшигт хүрхрээ

Дэлхийн хүрхрээний мэдээллийн нэгдсэн сангийн (Worldwide Waterfall Database) жагсаалтын хоёрт тус улсын Кайетурын хүрхрээ (Kaieteur Falls) бичигддэг. Уг хүрхрээ нь 225 метрийн өндрөөс буудаг бөгөөд урсацынхаа хэмжээгээр дэлхийн хамгийн том “ганц биет” хүрхрээд тооцогдоно. Өөрөөр бол Игуасу, Ниагарын зэрэг хүрхрээ шиг олон жижиг хэсгээс бүрдээгүй, их усны асар том ганц урсгал гэсэн үг. 


9.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start