Арав.мн

"Амьдрахуй" туужаас авах амьдралын тухай хүчирхэг 10 сургамж

Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг. Их мөрөнд хөл алдан үйж яваад унжгар удны нэгээхэн мөчрөөс атгаж аврагдах адил тийм л авралын мөчрийн эрэлд зохиолынх нь дүрүүд хатаж явдаг. Жаргалд ташуурах, зовлонд бүдрэхийн алинд ч зуураад үлдэх үнэт зүйлс хүний оршихуйд хэрэгтэй. Бид зовлонт амьдрал дундаас юу эрдэг вэ? гэсэн асуултаар уншигчаа алхам тутамд нь “шамдуулдаг” билээ. Тэрхүү этгээд ур маяг, өнгө аяс, дүр төрх тод туссан бүтээл нь “Амьдрахуй” тууж. Бид тун удахгүй та бүхэнд хүрэх, “Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж буй зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас амьдралд сургамж, хүч өгөх 10 эшлэлийг хүргэж байна. 

9 сарын 14, 15-нд Сүхбаатарын талбайд болох Улаанбаатар номын яармаг худалдаагаар “Тагтаа”- гийн бүх номнууд 20-30% хямдрах болно.


08

Амьдрахуй

"Манай Шюй овогтны өвөг дээдэс тахианы дэгдээхий тэжээж галуу болгоод, галуугаа хонь, хонио үхэр болтол тэжээж арчилдаг байлаа."

*********************************

"Торгон цамц минь цоорч, мөр минь холгож цус шүүрсэн нэг өдөр тийн өнгөрлөө. Би нулимс дуслуулсаар гэр өөдөө гэлдрэв. Ганцхан өдөр зоос зөөхөд л ингэж яс яйрах шахаж байхад энэ мөнгийг олох гэж хэчнээн хүн шар махтайгаа хатсаныг би таашгүй. Үүнийг л ухааруулах гэж аав минь хүрэл зоос зөөлгөснийг би сая ойлгов. Хэчнээн их зовж зүдэрч байж мөнгө олдгийг ухаарах тусам цааш ганц ч алхмааргүй санагдаж, сөхөрч унаад мэгшиж гарлаа."

*********************************

"Амьдрах л аз жаргал, ядуу зүдүү ч хамаагүй."

*********************************

"Хожим нь эгээ л Фу Гүй шиг хувцасладаг, түүний нэгэн адил нүүрнийх нь үрчлээ бүхэнд нарны туяа, тоос шороо нэвчсэн хүмүүстэй таарах болгондоо өөдөөс инээмсэглэх тэдний аманд хэдэн шүд үлдсэнийг хэрэг болгон хардаг болчхож билээ. Тэд үргэлж л нус нулимстайгаа холилдож явах ч шаналж зовсондоо бус, агшин хором бүрд жир бус явдалтай учирч, баяр хөөрөөр бялхдагаас тийн аягладаг улс."

*********************************

"Арга мухардсан амьдрал гэмээр ядуухан дурсамжаа хүүрнэх болбол хүмүүсийн ихэнх нь ердийн үйл явдал, бядуу үгсээр хулдаж, инээдээр дөмнөн аргацаадаг. Тэдний туулсан амьдралд яруу сайхан дурсамж даанч дутмаг. Голцуу дам яриагаар чигжсэн армаг тармаг дурсамжууд л бий. Өөрсөдтэй нь холбоогүй шахуу тэдгээр улиглалыг нь сонсох бүрдээ би тэднийг “Туулсан амьдралыг нь нохой залгисан харламарууд” гэж зүхдэг юм."

*********************************

"Хүмүүн бид нэгэн насны амьдралдаа өчнөөн зүйл үзэж туулсны эцэст боловсорч гүйцээд газар унасан лийр адил болж үлддэг ажээ."

*********************************

"Зүрх минь мөс адил хүйтэн болчхоод, үе үе дотроос хайрна. Хоёр сайхан үрээ алдсан хөгшин миний нүднээс нулимс ч гарахаа больж, Жиа Жэн хөлийн чимээ хүлээгээд сэрүүн хэвтэж байгаа байх даа гэсэн бодол ургана. Намайг гарахад Фэн Шиаг бие хөнгөрөнгүүт ирж хүүхдийнх нь хүйсийг дуулгана шүү хэмээн захиж билээ. Гэтэл охин минь үхчихлээ. Би харьж очоод ижийд нь юу гэх билээ."

*********************************

"Хүн амьдралдаа хүнд бэрх зовлон зүдгүүр туулах тусмаа үхлийн өмнө өөртөө хүндэтгэлтэй байдгийг Жиа Жэн тэр үед ойлгосон болов уу. Үе үехэн дуугаа хурааж байгаад л үргэлжлүүлж ярьдаг байлаа."

*********************************

"Зовохдоо зовоод, ядрахдаа ядраад амьдарч явахад зүрхэнд гэгээтэй. Кү Гэн байгаа болохоор хүч тэнхээ ч нэмэгдээд ирнэ. Өдөр өдрөөр өсөж том болохыг нь ажихуй ажил алба ч тэр чинээгээр хөнгөрнө. Орой болохуй хоёул босгон дээрээ суугаад наран авхай алтан шаргал туяагаараа тариан талбайг гийгүүлэхийг харж, ажлаа дуусгасан тосгоныхон ам амандаа шуугилдан ярилцахыг сонсдог сон."

*********************************

"Хүний амьдрал энгийндээ сайхан. Тэмц, хувь заяатайгаа хэзээд тэмц. Яг л над шиг. Туулах тусам бүтэлгүй, урагшгүй байсан ч хамаагүй, чи амьдрах л хэрэгтэй. Миний таньдаг хүмүүс нэг нэгээрээ цувран одсон ч би байж л байна."

*********************************

Үндэсний номын баяраар “Тагтаа”-гийн асарт худалдаалагдах зарим ном, хэрэгслүүдийг онцолж байна:


07

ОРХАН ПАМУК “ДУРСАМЖ БА ХОТ”


06

ФРАНСУАЗ САГАН “САЙН УУ, ГУНИГ МИНЬ” НОМЫН ШИНЭ ХЭВЛЭЛ


05

МИЛАН КУНДЕРА “ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ”


04

ЯРУУ НАЙРАГЧ, ОРЧУУЛАГЧ Б.БАЯСГАЛАНГИЙН ШИНЭ ТҮҮВЭР “ЭДГЭРЭЛ”



03

У.БЯМБАНЯМЫН ЭСЭЭНИЙ ЭМХЭТГЭЛ “ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ”


02

ДААВУУН ТОР, ЗОХИОЛЧДЫН ЗУРАГТАЙ ИЛ ЗАХИДАЛ, НОМЫН ХАВЧУУРГА


01

ОРЧУУЛАГЧ Г.ЛХАГВАДУЛАМЫН НОМУУД



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start