Арав.мн

Африк, Европыг нэг тив болгох байсан “Атлантропа”

Африк, Европыг нэг тив болгох байсан “Атлантропа”

1920-иод оны европчууд ирээдүйгээс айж байлаа. Дэлхийн I дайнд сая сая хүнээ алдсан тэд өөрсдийнх нь бүтээсэн бүхэн нүднийх нь өмнө нуран унахыг харж байв.Аж үйлдвэрлэлийн хувьсгал чамгүй ашиг авчирсан ч зарим уламжлалт, үнэт зүйлсийг нь үгүй хийжээ. Европын баруунтаа хоёр Америк нэгдэн нийлж, хүчирхэг том гүрэн байгуулна, зүүнтээ азиуд хүчирхэгжиж, нэг л өдөр уулгалан довтолно гэсэн яриа ч газар аваад байв. Тухайн цагийн эрдэмтэн, судлаач, ирээдүйг зөгнөгч нэртэй хүмүүс хүртэл Европыг улс төр, эдийн засгийн хувьд ганцаардана, газар тариалан эрхлэх боломжтой газар нутаг нь хумигдан хумигдсаар яваандаа хоол хүнс хомсдоно гэж анхааруулж байлаа. Ийм гутранги үзэлтнүүд Германд хамгийн олон байв. Дэлхийн I дайныг төгсгөсөн түүхэн гэрээ болох Версалийн тунхагт багтсан зарим нэг зүйл заалтаас болж тус улсад өлсгөлөн, ядуурал, ажилгүйдэл туйлдаа хүрчээ. Чухам энэ үед Херман Зергел хэмээх нэгэн герман зохион бүтээгчид Европыг аврах онцгой санаа төрсөн байна. Тэр нь Газрын дундад тэнгисийн дээгүүр усан цахилгаан станцын аварга том далан барьж, Европ тивийг Африктай холбох төлөвлөгөө байлаа.


01

Төсөл

1932 оны үзэсгэлэнд тавигдсан төслийн зураг

Зергел 1885 оны дөрөвдүгээр сарын 2-нд Германы Регенсбург хотод мэндэлжээ. Хоёр зууны зааг дээр Мюнхен хотын их сургуульд уран барилгач болохоор суралцсан тэрээр 1914 онд дэлхийн I дайн эхлэх үед зохион бүтээгч, уран барилгачаас гадна сэтгүүлчээр ажиллаж байв. Тэрээр дайны эсрэг үзэлтэй тул дайнд оролцсонгүй. Харин дайн дажны хөлд нутаг орон нь аймшигтай ихээр сүйдсэнийг хараад зөвхөн өөрийнхөө төлөө бус, эх орныхоо төлөө ч бус, харин бүх Европын төлөө санаа зовж эхлэв. Америк, Азийн дунд хавчигдан газар нутаг, хоол хүнс, эрчим хүчний гачигдалд орох вий, ажилгүйдэл, ядуурал нь дахин нэг дайны шалтаг болох вий гэж болгоомжилж байсан Зергел технологийн хөгжил л европчуудыг аварна гэж итгэж байлаа. Түүнийхээр, эрчим хүч гэдэг бүхий л хүндрэл, бэрхшээлийг шийдэх ганц түлхүүр байв. Ялангуяа усан цахилгаан гэдэг хямд төсөр, хүртээмжтэйн дээр сэргээгдэх эрчим хүчид тооцогдох билээ.

Зергел энэ төлөвлөгөөгөө анх 1927 онд нийтэд танилцуулав. Харин хоёр жилийн дараа илүү дэлгэрүүлэн боловсруулж, “Атлантропа” төсөл нэрээр холбогдох албаныханд хүргэсэн байна. Төсөлд Гибралтарын хоолойн хамгийн нарийн хэсгээс 30 гаруй км урт далан татаж, Марокког Испанитай холбох, Босфорын хоолойн усыг Хар тэнгист шахаж, хоолой орчмын газрыг “хуурай” болгох тухай тусгажээ. Зергелийн тооцоолсноор аварга том далангуудаар урсах их ус Европ, Африкийн аль алинд эрчим хүч түгээж, Газрын дундад тэнгисийн түвшинг бараг 100 метрээр намсгаж, 2.3 сая ам км газар шинээр үүсгэх байв. Тэнгисийн гүнээс “урган” гарч ирэх хуурай газар мөн Сицилийг Италитай холбоно, чингэвэл Сициль, Тунисийн дунд аварга том гүүр бүхий дахин нэг суваг татаж европ, африкчууд харилцан чөлөөтэй зорчдог болно гэж Зергел төсөөлжээ. Түүний мөрөөдөл үүгээр дууссангүй. “Атлантропа”-гийн өөр нэг даланг тэрээр Африкийн гүнд, Чад нуурын дээгүүр барихаар зураг төслийг нь хүртэл гаргаад байв. Чад нуурын ай сав дахь гол мөрнүүдийн голдрилыг өөрчилж, Конго нутгийг усжуулбал “үржил шим”-гүй ой, нутгийн ядуус “устана”, тэгвэл Европын газар нутаг тэлнэ гэж “Атлантропа”-д дурдсан байна.

Зергел “суут” төслийнхөө талаар дөрвөн ном, хэдэн зуун нийтлэл бичиж, тоолж баршгүй олон лекц уншжээ. “Атлантропа”-гийн эцсийн зорилго нь бүх европчуудыг эв нэгдэлтэй, баян чинээлэг байлгахад оршиж байв. Өөрөөр хэлбэл, Африкийг колоничлоход чиглэж байсан гэхэд болно. Тэр үед барууны ертөнц африкчуудыг соёл иргэншилгүй, ерөөс хүн гэхэд хэцүү гэж үзэж байсан учир тус тивийг эзлэх нь тэднийг аврах ганц гарц хэмээн харж байлаа.

“Атлантропа” төсөл яваандаа олон дэмжигчтэй болжээ. Тэдний дунд архитектор, зохион бүтээгч, эрдэмтэн, улстөрчдөөс гадна Европын ирээдүйд санаа зовсон хөрөнгө чинээтэй язгууртнууд ч байв. Хэвлэл мэдээллийнхэн хүртэл Зергелийн санааг “Мянганы төсөл”, түүнийг “Манай цагийн баатар”, “Европыг аврагч” гэж бичиж байлаа. Дэмжигчдийнхээ хичээл зүтгэлээр Зергел “Атлантропа”-гийн хүрээлэн хүртэл байгуулжээ. Гэвч аварга далангуудаа барьж чадахгүй л байлаа. Завшаан гарахыг удаан хүлээсний эцэст тэрээр 1933 онд улсынхаа шинэ эрх баригчид болох нацистуудад хандсан байна. Төслийг удаан судалж “Сонирхолтой”, “Авууштай” гэх зэргээр сайшаасан ч тэд Зергелд татгалзсан хариу өгөв. Африк тив нацистуудын сонирхлыг татаагүйгээс гадна усан цахилгаан станц, хоёр тивийг холбох гүүр, шинэ хуурай газар зэрэг нь бүх европчуудад ашигтай байна гэдэг нь тэдэнд таалагдсангүй.

“Атлантропа”-гийн хүрээлэн дэлхийн II дайн болоод дайны дараах хүнд хэцүү жилүүдийг давж гарсан ч санхүүжилтгүйн улмаас хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больжээ. Харин Зергел насан туршдаа бүх европчуудыг нэгтгэх, Африкийг Европын нэг хэсэг болгох хүслээ орхиогүй бөгөөд зуурдаар нас барах хүртлээ “Атлантропа” төсөлдөө санхүүжилт эрсээр байж. Тэрээр 1952 оны Зул сарын өдөр Мюнхен хотын их сургуульд Европыг хэрхэн хүчирхэг болгох, усан цахилгаан станц хэр хүртээмжтэй талаар лекц уншихаар явах замдаа автомашинд дайруулан амиа алджээ. Түүний унаж явсан дугуй бараг бүрэн бүтэн үлдсэн бол дайрсан хүн нь олдоогүй гэдэг.

Африк, Европыг аварга том далангаар холбох нь бүтэшгүй мэт сонсогдож байвч боломжгүй зүйл бас биш байв. Гагцхүү тухайн үед дэлхийн хэмжээнд үйлдвэрлэж байсан бараг бүх ган төмөр, цемент зэргийг ашиглах байсан нь үнэ өртөг ихтэй, хамгийн гол нь Африкийг эзэгнэх эсэх нь ихээхэн маргаан дагуулжээ. Гэхдээ Атлантропа хэмээх шинэ нутаг үнэхээр Газрын дундад тэнгист бий болсон бол өнөөгийн Африк хавьгүй илүү үржил шимтэй газар байх байсныг зарим судлаач онцолдог.

“Атлантропа”-гийн хүрээлэн 1960 онд үүдээ барьжээ. Харин орчин цагийн Атлантис болох байсан Атлантропагийн нэр өдгөө зөгнөлт зохиолуудад л үлдсэн байна.



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд