Арав.мн

Скотсборогийн хөвгүүдийн эмгэнэлт түүх

Скотсборогийн хөвгүүдийн эмгэнэлт түүх

1931 оны гуравдугаар сарын 25-ны өглөө Мемфисээс Алабама мужийг чиглэн хурдалж явсан ачааны галт тэргэнд энэхүү эмгэнэлт түүх эхэлжээ. Эдийн засгийн их хямралын үеэр мужаас муж дамжин ажил хайж ачааны галт тэргэнд дайгдаж явсан цагаан арьст олон залуусын нэг нь 18 настай Хейвүд Петтерсон гэгч хар арьст хүүгийн гар дээр гишгэснээс хар, цагаан залуусын дунд зодоон дэгдсэн байна. Бүлэг хар залуус “гэмгүй” цагаан арьстнуудыг дээрэлхэн зодсон гэх яриа дараагийн зогсоол болох Алабамагийн Пейнт Рок хотынхны чихэнд хүрэв. Галт тэрэг зогсоход Пейнт Рокийн эрчүүд гарт тааралдсан буу шийдэм, чулуу модоо бариад танхайрсан хар арьстнуудыг хүлээж байлаа. Харин санаанд оромгүй явдал болж эрэгтэй хүний хувцастай цагаан арьст хоёр эмэгтэй гэнэтхэн хаанаас ч юм гарч ирээд олон хүний хувь заяаг орвонгоор нь эргүүлэх үг хэлжээ.


01

"Шударга" ёс

Өөрсдийгөө Виктория Прайс, Рюби Бейтс гэж танилцуулсан тэр хоёр бүсгүй галт тэргэнд байсан хар арьстнууд өөрсдийг нь хүчиндсэн гэж мэдэгдлээ. Тэнд цугласан хилэгнэсэн олон галт тэргэнд байсан есөн хар хүүг хүчээр гаргаад эгнүүлэн зогсоов. Тэдний ердөө дөрөв нь л бие биеэ таньдаг байсан бөгөөд хамгийн том нь 19 настай Чарли Вимс, хамгийн бага нь 13 настай Южин Уильямс байлаа. 17 настай Уилли Роберсон тэмбүү өвчтэй бараг алхаж ч чаддаггүй, харин Олин Монтгомери хараа муу учир нүдний шилний мөнгө олохоор ажил хайж явжээ. 19 настай Энди Врайт 13 настай дүү Рой-ийн хамт явж байв. 

Рой анх удаа гэрээсээ холдож үзсэн нь тэр байлаа. Жоржия мужийн алс хязгаарт арван эгч дүүгээ орхиод ажил хайж явсан 17 настай Клеренс Норрис шинэ ажилдаа очихоор хөөрч явав. Харин Ози Павел ганцаараа байв. Зодооны эзэн Хейвүд Петтерсоны хувьд бараг мэдээ орсон цагаасаа хар бор ажил хийж ачааны галт тэргээр тэнүүчилжээ. 

Өнөөх хоёр эмэгтэй ч ядуугийн эрхээр биеэ үнэлэн Их хямралд хамгийн ихээр нэрвэгдээд байсан Алабамагийн хөвөнгийн үйлдвэрүүдэд ажилладаг байж. Виктория Прайс 21 настай авч хоёр ч удаа эрд гарч, садар самуун болон хулгайн хэргээр хэд хэдэн удаа шоронгийн хаалга татсан хал үзсэн нэгэн байлаа. Харин 17 настай Рюби Бейтс Прайсыг үг дуугүй дагадаг хүлцэнгүй, ноомой охин байв. 

Пейнт Рокынхон хөвгүүдийг зэргэлдээх Скотсборо хотод хүргэжээ. 15 өдрийн дараа дан цагаан арьстнуудаас бүрдсэн шүүх хурал 13 настай Ройд бүх насаар нь хорих ял оноож, бусад найман хүүг өчиггүй хороох ялын тогтоолыг уншлаа. Анхны шүүх хурал болсон хотын нэрээр овоглогдсон Скотсборогийн хөвгүүдийн тухай мэдээ Америк төдийгүй дэлхий даяар тэр дороо тархав. 

Америкийн Коммунист намынхан Вашингтон, Нью-Йорк хотуудад эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж Орос, Испани, Германд сайн дурынхан шударга ёсны төлөө дуу хоолойгоо нэгтгэн Скотсборогийн хөвгүүдийг суллахыг шаардах болов. Хэдий улстөрийн явуулга байсан ч харгис хэрцгий хуяг цагдаа нарт тамлуулж үхэх өдрөө хүлээж суусан Скотсборогийн хөвгүүдэд зөвхөн Коммунист намынхан авралын гараа сунгасан байна. Тэд Нью-Йорк хотын өмгөөлөгч Самуэл Либовицийг хилс хэрэгт гүтгэгдсэн хөвгүүдийг авруулахаар илгээжээ. 

Тэрээр 78 хэргээс 77-д нь ялалт байгуулсан туршлагатай, гялалзсан амжилттай өмгөөлөгч байлаа. Түүнийг Алабамад ирэхэд шүүх хуралд байлцах ёстой гол хүмүүсийн нэг Рюби Бейтсийг алга болсон тухай яриа дэгдээд байв. Бейтсийг хаана байгааг мэдэх хүн байсангүй. Ээлжит ялалтаа байгуулахаар ирсэн Либовицийг Виктория Прайс тэргүүтэй өнгөт арьстнуудын эсрэг үзэлтнүүд угтаж авлаа. Төрөлх хот Нью-Йоркийнхоос нь огт өөр соёлтой, тэс ондоо үзэл бодолтой өмнөдийнхөн түүнд таатай сэтгэгдэл төрүүлсэнгүй. Анхандаа олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаад байсан Скотсборогийн хэргээр нэр хүндээ өсгөхийг хүсэж байсан Либовиц хилс хэргээр гүтгэгдсэн хөвгүүдийг шударга ёсны төлөө аврах ёстойгоо төд удалгүй ойлгожээ. 

Олон удаагийн шүүх хурлын дараа ор сураггүй байсан Бейтс Либовицийн гэрчээр гарч ирж Прайсын адил худал мэдүүлэг өгсөндөө уучлалт гуйн олныг цочроов. Прайс хар арьстнуудтай цуг ачааны галт тэргээр явснаа харуудыг үзэн яддаг Пейнт Рокийнхноос нууж, цагаан арьст эмэгтэйн нэр төрөө хамгаалах гэхдээ өнгөт арьст хөвгүүдийг хилс хэрэгт гүтгэх санаа гаргасан гэж Бейтс мэдэгдсэн байна. Харин яллагч тал Бейтсийг худалч хэмээгээд хөвгүүдийг цаазаар авах ялыг хэвээр үлдээжээ. Скотсборогийн хэргийн үнэн мөн ил болж сайн дурынхны тэмцэлд хожим Бейтс болон хөвгүүдийн ээж нар мөр зэрэгцэн тэмцэж байлаа. Либовиц олонтаа давж заалдсан ч ялалт байгуулж чадаагүй юм. Гэхдээ тэрээр олон удаагийн шүүх хурлын эцэст Скотсборогийн хөвгүүдийн амийг аварч дөнгөжээ. Гээд Алабамагийн шүүх засаглал хэдэн зуун жил амь бөхтэй оршсон арьс өнгөөр ялгаварлах үзлээсээ амар татгалзсангүй. 

Бүтэн 12 жилийн дараа л Скотсборогийн хөвгүүд эрийн цээнд хүрсэн хойноо эрх чөлөөгөө эдлэх боломжтой болжээ. 1943 оны арваннэгдүгээр сард 31 настай Чарли Вимсийг, хоёр сарын дараа Клеренс Норрис, Энди Врайт нарыг батлан даалтаар суллав. 

Тэмбүү өвчтэй Уилли Роберсон, хараа муутай Олин Монтгомери нарыг эрүүл мэндийн шалтгаанаар, хэрэг болох үед балчир байсан гэх шалтгаанаар Рой Врайт, Южин Уильямс нарыг удалгүй сулласан байна. Ози Павел ч 33 настайдаа 1946 онд эрх чөлөөтэй болов. Харин Хейвүд Петтерсоныг л онц ноцтой гэмт хэрэгтэн шиг төрхтэй, хүмүүжээгүй, шоронгийн дүрэм журам удаа дараа зөрчсөн хэмээн насаар нь хорих ялыг нь хүчинтэй хэвээр үлдээжээ. 

18 насандаа хийгээгүй хэргийнхээ төлөө шоронгийн хаалга татсан Петтерсон 1948 оны долдугаар сард Алабамагийн Атмор чанга дэглэмтэй хорихоос найман хоригдлын хамт оргосон байна. Тэрээр өөрийн хүнд хэцүү амьдралын тухай өгүүлсэн “Скотсборогийн хүү” номондоо “Би 36 насандаа л бүсгүй хүн, шар айраг хоёрын сайхныг мэдэрлээ” гэж бичсэн байдаг. 

Хэдий эрх чөлөөтэй болсон ч Скотсборогийн хөвгүүдийн амьдралын зам шулуун дардан байсангүй. Хейвүд Петтерсон номоо хэвлүүлсэн жилээ өөр лүү нь буу тулгасан эрийг хутгалж дахин шоронд оржээ. Тэрээр гурван жилийн дараа буюу 39 насандаа Мичиган мужийн чанга дэглэмтэй хориход хорт хавдраар өөд болсон байна. Харин Энди Врайт Нью-Йорк хотод хөрш айлынхаа 13 настай цагаан арьст охиныг хүчиндсэн хэрэгт хилс гүтгэгдэн цаазаар авах ял сонсов. Энэ удаа түүнд хэн ч тусалсангүй. Түүний дүү Рой 1959 онд эхнэрээ нууц амрагтай нь хөнөөчихөөд энгэртээ Библийн судар тэврэн амиа егүүтгэжээ. Бусад нь өмнөдийн ядуу мужуудад урьдын адил хар бор ажил хийж явсаар залуудаа өөд болцгоосон байна. Скотсборогийн хөвгүүдээс ганц Клеренс Норрис л өөрийн гэсэн амьдралаа төвхнүүлжээ. Тэрээр хоёр ч удаа гэрлэж, өөрийн гэсэн аж ахуйтай болсон байдаг. 

Норрис бараг арваад жил хөөцөлдсөний эцэст 1976 оны аравдугаар сард Алабама мужийн захиргаанаас албан ёсоор “Скотсборогийн хөвгүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгов” гэх хуудсыг өөрийг нь цагаатгасан бичгийн хамт гардан авсан байна. Тэрээр өршөөлийн бичгийг хараад “Бусад хөвгүүд маань үүнийг харсан ч болоосой” хэмээн нүдэндээ нулимстай хэлж байлаа.

Энэхүү эмгэнэлт түүхийг өгүүлсэн "Скотсборо: Америкийн эмгэнэлт явдал" нэртэй баримтат кино 2001 онд бүтээгдэж, Оскарт нэр дэвшжээ. Харин өршөөгдөлгүй үлдээд байсан Вимс, Врайт, Петтерсон нарыг Алабама мужийн Өршөөл, батлан даалтын хорооноос 2013 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр л сая нэг албан ёсоор цагаатгасан байна.



9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+3
гунигтай юмаа
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
109,300 оноо
Г.
02Г. Орхоо
20,000 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд