Арав.мн

Төрсөн өдрийн бэлэг (өгүүллэг)

Төрсөн өдрийн бэлэг (өгүүллэг)

Никола Стрийтн (Британийн антропологич, түүхч, зохиолч)

Настай хатагтайн төрсөн өдөр болжээ. Тэрээр өглөө эртлэн босож, шуудангаа хүлээж авахад биеэ бэлдлээ. Хоёрдугаар давхрын сууцнаасаа тэр шуудан зөөгчийг гудамж уруудан айсуйг хардаг бол доод давхарт суух жаалхүү хааяахан ирэх түүний захидлуудыг дээш  оруулж өгдөг байв.

Хатагтай энэ өдөр өөрт нь захидал ирнэ гэдэгт тун ч итгэлтэй байлаа. Охин Мира нь хэдийгээр алдаг оног захидал бичдэг ч ээжийнхээ төрсөн өдрийг мартсан байх учиргүй. Мира мэдээж хэрэг байнга л завгүй байдаг нэгэн. Нөхөр нь саяхан хотын даргаар томилогдсон бол Мира өөрөө ахмад настнуудын төлөөх ажил үйлсийнхээ хариуд одон тэмдгээр шагнагджээ.

Хөгшин хатагтай Мира охиноороо ихэд бахархавч түүний чин зүрхний хайртай охин нь Энид байлаа. Энид гэрлэж бараалаагүй агаад ижийтэйгээ хамт амьдрахдаа тун ч дуртай, энүүхэн булангийн цаадтайх бага сургуульд багшилдаг нэгэн байв. Харин нэг үдэш Энид “Би хатагтай Моррисоноос таныг хэд хоног хараад өгөөч гээд гуйчихлаа. Маргааш эмнэлэгт очиж, жижигхэн мэс ажилбар хийлгэх хэрэгтэй байна. Удахгүй харьж ирнэ ээ” гэж хэлжээ. Гэвч дараа өглөө нь тэр эмнэлэг яваад эргэж ирсэнгүй, мэс заслын ширээн дээр амьсгал хураажээ. Мира оршуулганд ирж, хатагтай Моррисоны ээжид нь туслах, зуух галлан өглөөний ундыг нь бэлтгэж өгөх юм бүхнийг нь зохицуулж өгөөд буцаж.

Энэ явдлаас хойших хоёр жилийн хугацаанд Мира ээж дээрээ гурван удаа ирсэн бол нөхөр нь бараагаа нэг ч харуулсангүй. Харин өнөөдөр ээж нь 80 нас хүрч байна. Хөгшин хатагтай хамгийн сайхан даашинзаа өмсчээ. Мира охин нь хүрээд ирж магад шүү дээ. Тэгээд ч 80 насны төрсөн өдөр гэдэг яалт ч үгүй онцгой зүйл билээ. Нэгэн арван жил урд жагслаа, эсвээс нэгэн арван жилийг давж гарлаа гэхийн аль нь ч буруудахааргүй юм.

Мира өөрийн биеэр ирэхгүй байлаа ч ээждээ бэлэг илгээж л таараа. Нас дээр гарсан ижий нь үүнд тун чиг итгэлтэй байв. Түүний хоёр хацар бүр өнгө орон туяарчээ. Тэр яг л жаахан хүүхэд шиг хөөрч, төрсөн өдрөө сэтгэл хангалуун өнгөрөөхдөө бие, сэтгэлээрээ бэлэн байлаа.

Хатагтай Моррисон ердөө өчигдөрхөн байр сууцанд нь их цэвэрлэгээ хийж, харин өнөөдөр өглөөний цайгаа уухад нь ил захидал, хилэн цэцгийн баглаа барьжээ. Доод давхарт нь суух хатагтай Грант мөн бялуу хийж өгөн, их үдийн цайнд урьсан байлаа. Жаалхүү Жонни ч бас боодолтой гаагаа хөгшин хатагтайд барьж, шуудан иртэл гадагш гарахгүй гэж түүнд амлажээ. “Та зөндөө олон бэлэгтэй болох байх аа. Би л лав зургаан нас хүрэхдээ олон гоё бэлэг авсан” гэж хүү ярина.

Хатагтайд ямар бэлэг таалагдах бол? Гэрийн шаахай, ноосон задгай цамц... Нээрээ ноосон цамц байвал гоё оо. Хөх өнгөтэй бол бүр ч сайхан. Нөхөр Жим нь түүнийг цэнхэр өнгийн хувцас өмсөхөд тун ч дуртай байдаг сан. Эсвэл ширээний чийдэн, ном, тэр дундаа гоё гоё зурагтай аяллын ном, эсвэл бүр тод гэгчийн хар тоотой ханын жижигхэн цаг байсан ч болно. Түүнийг баярлуулах юм өчнөөн бий дээ.

Хатагтай цонхны дэргэд зогсоод гадагш харлаа. Шуудан зөөгч үүдийг нь чиглэн дугуйтайгаа булан тойрч байгаа нь үзэгдэв. Хөгшний зүрх хурдан хурдан цохилоод явчихлаа. Жонни ч бас шуудан зөөгчийг харчихаад үүд рүү ухасхийв. Удалгүй шат өөд харайх хөлийн чимээ сонсогдож, Жонни хөгшин хатагтайн хаалгыг тогших нь тэр ээ.

- Эмээ, эмээ, танд шуудан ирж гэж хүү орилов. 

Хүү түүнд дөрвөн дугтуй авчирчээ. Гурав нь хуучин найзуудаас нь ирсэн ил захидал, харин нөгөө нь Мирагийн бичгийн хэвтэй битүүмжилсэн дугтуй байлаа. Хатагтай гэнэтхэн л урам хугарахын бэрхийг мэдрээд явчихав.

- Илгээмж алга уу, Жонни?

- Алга аа, эмээ.

Илгээмж нь шуудангаар явуулахад арай том байсан байх. Тэгээд л ирээгүй байж таарна. Охиных нь бэлэг удалгүй илгээмжийн хүргэлтээр ирэх биз ээ. Эсвэл бүр өөрөө бэлэг барьчихсан ирж яваа ч юм билүү. Тэр тэвчээртэй байхыг хичээлээ. Дараа нь төрсөн өдрийн эзэн маань охиныхоо захидлыг бараг л дуртай, дургүй задлав. Ил захидлын дотор нэг цаас нугалан хийжээ. Ил захидал дээрх “Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэсэн хэвлэмэл бичгийн дор охин нь “Энэ чекээр хүссэн юмаа аваарай. Мира, Харольд хоёроос” гэж гараараа таталган бичсэн байв. Ил захидлын завсраас мөнөөхөн чек эгээ л даль жигүүр нь гэмтсэн шувуу шиг шалан дээр салдасхийн уналаа. Хөөрхий хөгшин ч тэр дороо аяар бөхийн алга дарам цаасыг газраас авав. Түүний бэлэг, түүнд барьсан “гоё” бэлэг... Хөгшин хатагтай чичирсэн гараар өнөөх бэлгээ хэдэн хэсэг болгон урж хаяв аа.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start