Арав.мн

Хамгийн жижиг хаант улс

Хамгийн жижиг хаант улс

Та Бруней юм уу, Тонгагийн тухай өгүүлэх нь гэж бүү бодоорой. Эдгээр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, тусгаар орнуудаас хаант засаглалтай, хамгийн цөөхөн хүн ам, хамгийн жижиг газар нутагтай гэх ангилалд багтах ч онцгой жижгээрээ дараах улсын хаана нь ч хүрэхгүй. 


10

11 иргэнтэй улс

Бяцхан арлын улс болох Таволарын хаан загасчлаагүй юм уу, гэрийн гадаах цэцэрлэгийнхээ өвс ногоог тэгшлээгүй үедээ улсынхаа бүх ямааг хариулж, уул өөд бэлчээдэг. Түүний ямаан сүргийн тоо толгой 100 орчим. Харин хаант улсад нь аж төрдөг “харц ард”-ынх нь тоо саяхан албан ёсоор 11-д хүрчээ. Тэд бүгд Таволарад ирж очин байдаг загас агнуурын салбарынхан аж.

Италийн Сардин арлын өмнөд эрэг буюу жуулчдыг жил бүр хэдэн саяар нь татдаг Коста Смералда хэмээх алдартай газрын хажууханд байх Таволара нэрт өнчин арал нь номин ногоон тэнгисийн усыг шовгор оройгоороо цуулан гарч “ургасан” уул лугаа адил харагдана. Харин хүн амьдарч болох цайвар элсэрхэг хөрстэй зурвас газар нь агаараас аварга том амьтны хэл шиг үзэгддэг байна.


09

Загасчин хаан

Эндхийн хамгийн том гаталга онгоцыг Антонио Бертолеони хэмээх 84 настай загасчин жолооддог. Тонино нэрээр олонд танил болсон энэ эрхэм Таволарын цорын ганц зоогийн газрын эзэн бөгөөд уг арал-улсын хаан юм. Тэрээр ердөө тавхан ам.км газар нутагтай Таволарын хаант улсыг 23 дахь жилдээ захиран сууж байна. Богино өмд, улавчтай, ердийн жуулчин шиг харагдах Тонино хаан өөрийгөө дэлхийн хамгийн эгэл даруу язгууртан гэж хэлүүлэх дуртай. “Би зоогийн газраасаа үнэгүй хоол идэж л эрх ямбаа эдэлдэг дээ. Бусдаар бол надад иргэдээсээ ялгарах юм байхгүй” гэж тэрээр ярина.


08

“Хаадын арал Таволара”

Таволарын хаант улсын 180 жилийн ой 2016 онд тохиожээ. Энэ нь тус улс орчин цагийн Италиас 25 жилийн өмнө байгуулагдсан гэсэн үг юм. Газар дундын тэнгис дэх эзэнгүй арлыг эзэмшиж, өөрийн гэсэн бяцхан хаант улсыг байгуулна гэдэг ямар ч адал явдлын хорхойтны мөрөөдөл. Харин Таволарын түүх тун санамсаргүйгээр, аялагчдын хувьд баатарлаг гэхээргүй явдлаар эхэлжээ. Тонино хааны хуланц өвөг Жузеппе Бертолеони 1807 онд Таволара арал дээр суурьшсан анхны хүн болсон байна. “Хаадын арал Таволара” хэмээх номд бичсэнээр малчин, далайн дээрэмчний “эрлийз” тэрээр Италийн Генуя хотын уугуул бөгөөд эгч дүү хоёртой гэрлэсэн ёс бус хэргээр шалгагдаж байсан тул эхнэрүүдийнхээ хамт хууль хяналтынхнаас зугтаж яваад Таволара арлыг олжээ. 


07

Алтан шүдэт ямаа

Жузеппе Бертолеони болон түүний дагалдагчид төд удалгүй арал дээр өөрсдөөс нь өөр амьд амьтад бийг мэдсэн нь усны ургамал, үлд өвс идсээр алтан шар шүдтэй болсон нэгэн зүйлийн зэрлэг ямаа байлаа. Дэлхийн өөр хаа ч байхгүй, зөвхөн Таволарад байх алтан шүдэт ямааны тухай дуулсан Сардинын хаан Карло Альберто 1836 онд Таволарад очсон “гадаад”-ын анхны төрийн тэргүүн болжээ. Түүнийг угтаж тосон, үйлчилсэн хүн нь Жузеппе Бертолеонийн 24 настай хүү Паоло байлаа. Тонино хааны ярьснаар Карло Альбертог арал дээр газардсан даруйдаа “Би Сардинын хаан байна” хэмээн тунхаглахад Паоло Бертолеони буюу Тониногийн элэнц эцэг “Харин би Таволарын хаан байна” гэж хариу өчжээ. Сардинын хаан залуу хаантны гэрт гурван өдөр найрлаж, арлын зэрлэг ямааг хүссэнээрээ гөрөөлсний эцэст “Паоло, та үнэхээр Таволарын хаан юм” гэж хэлсэн гэдэг.


06

Бертолеонийн сүлд

Карло Альберто хаан энэ явдлаас хэдэн жилийн дараа Таволара арлыг Сардинын хаант улсын эзэмшил биш, бүх хэргээ дотооддоо шийдэх эрхтэй тусгаар улс болохыг нь батламжилсны дээр сурвалжит гэр бүлийнхээ тамга тэмдэг бүхий дээдсийн бичгийг Паоло хаанд илгээжээ. Паоло хаан дараахан нь Бертолеонийн гэр бүлийн сүлд тэмдгийг бүтээлгэж, гэрийнхээ ханан дээр зуруулсан байна. Тэрээр мөн удмын бичгээ хөтлөн үлдээж, гэр бүлийнхэндээ зориулж дээдсийн булш бунхан бариулжээ. Өөд болохдоо тэрээр өөрийн бариулсан бунханд, дээр нь титэм дүрсэлсэн булшны чулуун дор нойрсохыг гэрээсэлсэн аж.

Паоло хааныг нас барсны дараа Таволара арлын тухай мэдээ Газар дундын тэнгис орчмоос хальж, уг бяцхан хаант улс цөөн ч гэсэн улс төрийн холбоотонтой болсон байна. Италийг үндэслэн байгуулагчийн нэг Жузеппе Гарибальди Бертолеонийн гэр бүлийн итгэлт зөвлөх болсон бол тухайн цагийн Сардинын хаан II Витторио Эмануэль 1903 онд Таволарын 33 оршин суугчтай энхийн гэрээ байгуулсан түүхтэй. 


05

Хааны гэр бүлийн зураг

Их Британийн эзэнт гүрний их хатан Виктория хүртэл улс орнуудын төрийн тэргүүн нарын гэрэл зургийн цуглуулгадаа Таволарын хааны гэр бүлийн зургийг багтаахыг тэнгисийн хүчнийхэндээ даалгаж байсан хачирхалтай түүх бий. Тэрхүү зарлиг ёсоор англи офицеруудын авч хадгалсан Таволарын ихэс дээдсийн алтадмал жаазтай гэрэл зураг “Дэлхийн хамгийн жижигхэн хаант улс” гэсэн тодотголтойгоор олон жил Букингхэмийн ордны хананд өлгөөтэй байжээ. Өдгөө мөнөөх зургийн хуулбар нь Тонино хааны “Таволарын хаан” нэртэй зоогийн газрын их танхимын хананд Паоло хааны бүтээлгэсэн Таволарын хааны сүлд тэмдэгтэй хамт заларч байна.


04

Тонино хааны завь

126 жил туурга тусгаар байсны эцэст Таволарын хаант улс 1962 онд арал дээр нь НАТО-гийн цэргийн бааз байгуулагдахтай хамт олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөө больж, 40 дөхөөд байсан оршин суугчдынх нь олонх нүүн оджээ.

Гэхдээ Сан Марино улсын адил Таволара нь орчин цагийн Итали орны харьяанд өнөө ч бүрэн нэгдэн нийлээгүй агаад Ромд суугаа албаныхан Тонино хааныг газрын зураг дээр нэгэнт үгүй болсон бяцхан хаант улсын тав дахь хаан гэдгийг албан бусаар хүлээн зөвшөөрч, өөртөө засах эрхийг нь батламжилжээ. Таволарын хаан эдүгээ 11 ажилчин-иргэдээ алтан шүдэт 100-гаад зэрлэг ямааны хамт захирдаг. Мөн арлынх нь хамгийн өндөрлөг цэг болох 565 метр өндөр оргил дээр үүрлэх нэн ховор зүйлийн цөөн тооны шонхор шувууг харж хамгаална. Арал-улсыг нь зорин ирдэг жуулчдыг Тонино хаан сүүлийн 40-өөд жилийн турш өөрийн биеэр угтан авч, Сан Паоло боомтоос өөрийн завь, гаталга онгоцоор үйлчилж байна.


03

Гэр бүлийн бизнес

Хаант улсыг захирна гэдэг нэг талаар гэр бүлийн бизнес. Тонино хаан болон түүний зээ дүү Никола гаталга онгоцоо жолоодож, жуулчдыг тосож авдаг бол хааны хүү Жузеппе хунтайж, охин Лоредана гүнж нар нь эрэг дээрх зоогийн газрын ажлыг хариуцдаг. Харин тэдний хүүхдүүд өглөө бүр тэнгисээс нальхан хорхой, хавч, загас барьж, зоогийн газрынхаа шинэхэн хоол хүнсийг бэлтгэдэг. Энэ ажилд хаан өвөө нь мөн хааяа оролцоно. Аялал жуулчлалын нөлөөгөөр арлынхны хөрөнгө чинээ өсөж, орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгахад ихэд анхаарах болсноос Таволара Италийн тусгай хамгаалалттай газар нутаг дундаа тэнгис дэх хамгийн онцгой дархан цаазат газар нь болжээ. 


02

Дээдсийн бунхан

Тонино хаан жуулчдыг тосож, тэдэнд өөрийн биеэр үйлчлэхдээ дуртай ч ажлаа дуусгачихаад үдэш оройн цагаар ард иргэдийнхээ гэр байшин дундуур алхаж, сурвалжит гэр бүлийнхээ булш бунхныг эргэн, тэнгисийн хөвөөнөө загасчлах мөчийг бүхнээс илүү таашаадаг. Паоло хааныг 1886 онд тэнгэрт хальснаас хойш Таволарын дээдсийн бунханд хааны гэр бүлийнхнийг бүгдийг нь нутаглуулах болжээ. Хамгийн сүүлд Тонино хааны хатан Помпеаг хэдэн жилийн өмнө уг бунханд оршуулсан байна. 


01

Тусгаар тогтнохоос татгалзсан нь

Бертолеонийн гэр бүлийнхэн бүгд Италийн иргэд. Гэхдээ Тонино хаан Италийн сүүлчийн хааны хүү IV Витторио Эмануэль буюу өөрийгөө Савойн гүнд өргөмжилсөн эрхэмд хандаж, Таволарын хаант улсыг дахин тусгаар орон болохыг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн ч гэнэт бодлоо өөрчилжээ. Тонино хааны хэлэх нь Таволара шиг арал дээр амьдарч, бусдын л адил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн, амар тайван суугаа нь түүнд хангалттай гэнэ. Тэрээр “Орд харш байхад титэмний хэрэг юун” гэж хэлэх дуртай. Маргад эрдэнийн өнгөт арал-улс нь түүнд хаан сэнтийгээс ч үнэтэй юм.

BBC


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start