Арав.мн

Монгол орны ховор амьтад - ХАВТГАЙ

Монгол орны ховор амьтад - ХАВТГАЙ

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг MAKE GREEN компани зэрлэг тэмээ буюу хавтгай гэх гайхалтай амьтныг танилцуулж байна.

Аймхай, тэнэгдүүхэн, ноомой зан төрхтэй хэдийч үнэрлэх, сонсох мэдрэмж маш сайн хөгжсөн бөгөөд аюулыг мэдэрсэн зэрлэг тэмээ тэр дороо зугтааж хэдэн  арав, заримдаа бүр зуу гаруй км зайд зогсолтгүйгээр холдон оддог гэнэ.


10

Биологийн ангилал

Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Саарьтан
Овог: Тэмээнийхэн
Төрөл: Тэмээ
Зүйл: Хавтгай тэмээ


09

Ховордлын статус

Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж байгаа”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.


08

Таних шинж

Биеийн галбир гэрийн хоёр бөхт тэмээтэй төстэй боловч бие гоолиг, бөх жижиг, шовгор, үргэлж босоо, хөл, хүзүү урт нарийн, тавхай ялимгүй бага, гонзгойдуу, магнай ялимгүй өргөн хавтгай, хошуу шөмбөгөр, уруул нимгэн.
Өрөвлөг, бөхний сагсаг, шил, өвдөгний зогдорын хялгас богино сийрэг, эм ноосны үс тачир, шингэн.
Зүс нь гэрийн тэмээнийхээс цайвар, элсэн шаргалаас хүрэн улаан.
Сүүл нарийн, цацаг үс улаавтар.
Өвдөг тойг өвчүүний саарь бараг мэдэгдэхгүй зэрэг олон ялгаатай.
Бие 340 см, сүүл 55 см, хүзүү 74 см урт, сэрвээ 210 см, хондлой 220 см, бөхний өндөр 35 см, жин 550 кг.


07

Тархац, байршил нутаг

Хавтгай тэмээ Төв, Дунд Азийн говь цөлд түгээмэл дэлгэр тархацтай байжээ. Хятадын Лоб нуураас умард, дорно зүгт Ачикийн хөндий, Аржин шан уул, түүний умард залгаа аараг толгодын дагуу тархдаг. Монгол дахь хавтгай тэмээний үндсэн тархац нутаг Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн 44.000 км2 нутгийн ихэнх хэсэгт буюу 30-35 км2 нутгийг бүрэн хамран байршдаг. Цөөн тохиолдлоор ихэвчлэн өвлийн улиралд цөөн тооны бодгалиуд Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын урьд говь, Өмнөговь аймгийн Гурвантэс, Нэмэгтийн хоолой, Ингэн хөөврийн хоолой, Сэрвэй сумын урд говиор тохиолдоно.


06

Амьдралын онцлог

Буурны ороо I-II сард орж, нэг буур 10-20 ингэ хураана. Ингэ хээлээ 410-425 хоног тээж, III сарын эхнээс IV сарын дунд хүртэлх үеэр ботголно. Орсон буур орооныхоо үед идээшлэхгүй, гэдсээ татна. Ингэ булаг, шандаас алс нөмөр нөөлөг газар ботголж, 15-20 хоногтой ботгоо байнга дагуулан 13 сар хөхүүлээд, V-VIII сард эх үрийн харьцаанаас сүргийн харьцаанд шилжинэ. 3-4 настайдаа бэлгэ боловсорч үржилд орно. Жил өнжиж төллөнө. Ногооны сөл тасарсан үед баянбүрд, булаг шандны ойр бэлчээрлэж байгаад, ногоо ургахаар алслана. 5-10 хоног өнжиж ус ууна. Зун харьцангуй сэрүүн салхитай өндөрлөг газар бараадна. V-VI сард гуужна. 


05

Тоо толгой, хомсдох шалтгаан

Хавтгай 1943 онд хамгийн цөөн 300, 1959-1960 онд 400-500, 1974 онд 900 орчим болжээ. 1975-1976 оны судалгаагаар, 400, 1980-1982 онд 500-800 толгой байв. 1982-1989 онд жил бүр нөөцийн үнэлгээ тогтоосноос үзэхэд 480-555 байв. 1993 оны байдлаар 320 болов. 2012 онд хийсэн тархац, биологийн нөөцийн үнэлгээгээр 800 гаруй толгой гэж үнэлэгдсэн. 1975 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулснаас хойш популяцийн тархац, тоо толгойн хэмжээ тогтворжсон.
Бэлчээр, задгай усыг хүн, мал эзэгнэснээс идээшсэн нутгаа орхин дайжна. Судалгаагаар нийт төлийн 70 орчим хувь нь саарал чононд бариулж хорогддогыг тогтоосон байдаг. Орсон буур бие биеэ барьдаг тохиолдол гардаг. Өөх, махыг ашиглах зорилгоор хулгайгаар агнадаг! Хавтгай тэмээ авто машинаас болж байршил нутгаасаа дүрвэн дайжиж байна.


04

Хамгаалсан байдал

Монголд 1930 оноос хавтгай агнахыг хуулиар хориглож, Амьтны тухай хуулийн нэн ховор амьтнаар хамааруулж, Монгол улсын улаан ном, Олон улсын улаан номд оруулжээ. Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцийн I хавсралтад бүртгэгдсэн. Тархац нутгийг 1975 оноос дархан цаазтай газар болгосон. Их говийн дархан цаазат газарт (Баянтооройд) хавтгай тэмээний гаршуулан үржүүлсэн сүргийг бий болгож удмын санг хамгаалах, өсгөн үржүүлэн эргүүлж байгальд тавих ажлыг хийж байна.


03

Цаашид хамгаалах арга хэмжээ

Байршил нутагт задгай ус бий болгох, шинээр уст цэгүүд гаргах, хуучин уст цэгүүдийг сэргээх, ган, зудын үед нэмэлт тэжээл тавьж өгөх, өвчин эмгэгээс сэргийлэх, гэрийн тэмээтэй нийлүүлэхгүй байх, чонын тоо толгойг зохицуулах. Хууль бусаар агнахад хүлээлгэх хариуцлага, хавтай тэмээний экологийн ач холбогдлыг  олон нийтэд сурталчилан таниулах. 


02

Ач холбогдол

Хавтгай тэмээ говийн экосистемийн хамгийн том тархац нутагтай хөхтөн бөгөөд идэш тэжээлийн хэлхээнд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Мөн тус бүс нутгийн “Шүхэр” зүйл амьтан. Шүхэр зүйл гэж тухайн орчны хамгийн өргөн тархацтай, ховор амьтан гэж ойлгож болно. Яг л бороонд шүхэр барьж зогссон хүний доор хуурай газар, ургамал үлдэхтэй адил. Иймээс хавтгай тэмээг хамгаалахад бусад жижиг хөхтөн амьтад давхар хамгаалагдаж байдаг.
Засгийн газрын 2005 оны 248-р тогтоолоор хавтгай тэмээний экологи эдийн засгийн үнэлгээг Эр хавтгай 3.700.000 төгрөг, эм хавтгай 4.810.000 төгрөг, төл 6.290.000 төгрөг гэж үнэлсэн байна.


01

Идэш тэжээл

Хавтгай тэмээ ихэвчлэн заг, улаан бударгана, шармод, сухай, баглуур зэрэг сөөг, сөөгөнцөр ургамлаар хооллоно. Өвөл цас дагаж өдөр, зун өглөө оройн сэрүүнд бэлчээрлэнэ. Хаврын хүчтэй шуурганаар эрэг, ганга, мод сөөг нөмөрдөн хонон өнжин хэвтэнэ.


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+8
iim saikhan medeelel bichij baigaa ni talarkhuushtai
+3
Гавлын ясны магнай хэсэг нь хавтгай болохоор Хавтгай гэж нэрлэсэн гэж сонссон үнэн үү таминэ ээ.
+5
ботго хөөрхөн юмаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start