Арав.мн

Сонгодог хөгжмийн алдарт бүтээлүүдийн 10 сонирхолтой түүх

Сонгодог хөгжмийн алдарт бүтээлүүдийн 10 сонирхолтой түүх

Дэлхийн хамгийн алдартай симфони найрал хөгжмүүдийн ард ямар сонирхолтой түүхүүд байдаг талаар та бүхэнд сонирхуулж байна. 


10

Шубертийн “Төгсөөгүй” симфони

Франц Шубертийн хөгжим бол чөлөөтэй хөврөх гүн бодрол, сэтгэлийн их уянга, намуун тансаг дуулал юм. Тэрээр цөөн хэдэн жил туурвисан гэхэд 1000 гаруй зохиолын өв санг үлдээсэн ажээ. Хөгжмийн театрт зориулан 20 орчим бүтээл, 9 симфони, 9 удиртгал, төгөлдөр хуурын 22 сонат, аязуудын хэд хэдэн түүвэр, дуулаачийн янз бүрийн зохиол, үүнээс 600 гаруй дуу нь уянгын шилдэг бүтээлд тооцогддог. Жирийн хүмүүсийн амьдрал, сонирхол, сэтгэлийг сайн мэдэрч, түүнийгээ төгс илэрхийлдэг байсанд Ф. Шубертийн уянгын реализмын онцлог оршдог.

“Төгсөөгүй” симфонийг Ертөнцийн хөгжмийн хамгийн гайхамшигт туурвилын нэг гэж урлаг судлаачид аугаа Бетховений симфониудтай эн зэрэгцүүлж үнэлдэг билээ.

“Төгсөөгүй” симфони буюу түүний VIII симфони (заримдаа VII симфони гэх нь бий) үнэхээр л дуусаагүй, дутуу бүтээл юм. Энэ симфони нь дөрвөн хэсгээс бүрдэх ба Шуберт өөрөө эхний хоёрыг нь л бичсэн аж. Үүний дараа энэ бүтээлээ бүхэлд нь орхисон ч гурав дахь хэсгийн нооргийг гаргасан байдаг. Төгсөөгүй симфонийн төгсгөлийг хэд хэдэн хөгжмийн зохиолч нийлж бичиж дуусгасан юм. Тэд өмнөх хоёр хэсэгт тулгуурлан энэ ажлыг хийсэн гэдэг.


09

Дворжакийн “IX симфони”

Антон Леополд Дворжак бол Чехээс төрөн гарсан дэлхийн алдарт хөгжмийн зохиолч юм. Тэр хайр дурлалын сэдэвт хөгжмийн бүтээлээрээ, тэр дундаа "Шинэ дэлхий", "Славони бүжиг", "Америк хүн", "Хийл хөгжимд зориулсан концертийн В нот" зэрэг дуурь, симфони, найрал болон танхимын хөгжмийн бүтээлүүдээрээ алдартай.

Чех гаралтай алдарт хөгжмийн зохиолч Антонин Дворжакийн хамгийн алдартай бүтээл бол IX Симфони буюу олонд танигдсанаар “Шинэ ертөнц” билээ. Тэрээр уг бүтээлээ Америкт байх  хугацаандаа буюу 1893 онд бичсэн байдаг. Хэдийгээр Америкт туурвисан ч уг симфони дан ганц Америкийн тухай өгүүлдэггүй аж. Америкийн уугуул индианчууд болон хар арьстнуудын соёлын нөлөө байдаг ч түүний төрөлх Бохемийн аялгуу илүү түлхүү харагддаг юм. Леонард Бернштейний тайлбарласнаар Дворжакийн “IX Симфони” бол олон үндэсний бүтээл билээ.


08

Копландын “Эгэл хүнд зориулсан бүрээн дуун”

Дэлхийн II дайны үед Чинчиннатигийн оркестрын удирдаачаас ирсэн захиалгын дагуу АНУ-ын хөгжмийн зохиолч Аарон Копланд концерт эхлэхийн өмнөх бүрээн аялгууг зохиох болжээ. Дэлхийн I дайны үед Английн хөгжмийн зохиолчдын жишгийг даган эгэл цэргийг магтсан бүтээл хийхийг санал болгосон ч Копланд оронд нь Дөрвөн эрх чөлөөг магтах бүтээл хийхээр шийдсэн аж. Эдгээр дөрвөн эрх чөлөө бол айдсаас ангижрахуй, хүсэх, шашин шүтэх болон үзэл бодлоо илэрхийлэх юм. Ийнхүү тэрээр эгэл хүмүүнийг магтсан бүтээлийг хийсэн юм. “Эгэл хүнд зориулсан бүрээн дуун” Оркестрын тэргүүний зөвшөөрлөөр 1943 онд үзэгчдийн хүртээл болсон байна. Копланд уг бүтээлээ өөрийнхөө III Симфонийн дөрөв дэх хэсгийн эхлэл болгон ашигласан байдаг. Өдгөө энэ аялгуу рок концерт, Олимпийн наадам болон улс төрийн кампанит ажлуудын үеэр түгээмэл сонсогддог билээ.


07

Мендельсоны “Хуримын марш”

Герман хөгжмийн зохиол Феликс Мендельсоныг XIX зууны Моцарт гэж үнэлэх нь ч бий. Түүний авьяас ер бусын эрт тодорсон бөгөөд аялгуу тансаг сайхан аялгуу, гэрэл гэгээтэй тодорхой дуурьслын шинж чанараараа Моцарттай нэн ойр юм. Ийм ч болохоор нь түүнийг бас романтикуудын дунд төрсөн сонгодог зохиолч нэж нэрлэх нь бий. Амьдрал уран бүтээлийнхээ туршид Хендель, Бах, Моцарт, Бетховений бүтээсэн урлагийг биширдэг байв. Тэрээр үндэснийхээ ардын болон шинэ яруу найраг, дэлхийн утга зохиолын сэдэв, эрт цагаас ард түмний дунд дэлгэрсэн хөгжмийн хэлбэр зэргийг бүтээлдээ өргөн ашигладаг байлаа. Тэр, баатарлаг юм уу сэтгэхүйн гүн гүнзгий эрс тэс хөдөлгөөн зөрчилтэй зохиол бичдэггүй, харин тов тодорхой хэлбэр барилыг ашиглаж цэлмүүн сайхан уянга бүтээдэг байв.

Мендельсоны гайхамшигт аялгуунуудаас хамгийн алдартай нь 1842 онд Си мажор өнгөөр бичигдсэн “Хуримын марш”. Тэрээр уг бүтээлээ Шекспирийн алдарт “Зуны шөнийн зүүд” бүтээлд зориулан бичсэн хөгжим гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Өнөө цагт энэхүү хөгжимгүй хуримыг төсөөлөхийн аргагүй болоод байгаа билээ. 


06

Генделийн “Усны хөгжим” ба “Хааны галт наадам”

Георг Фредерих Гендель заяаны хөгжимчин болж төрсөн мэт санагддаг. Тэр Германд идэр насны хөвгүүн байхдаа хийл, бадралт баг бишгүүр аль алинаар нь чадамгай тоглодог байжээ. Германд анхныхаа дуурийн хөгжмийг бичсэний дараа дэлхийн дуурийн хөгжлийн төв болсон Италид очиж, итали арга барилаар хөгжмийн зохиолоо туурвихыг хичээсэн гэдэг. Тэнд тэр дуурийн болон тайзны хөгжим зохиоход чамгүй амжилт олсон аж.

Гендель Английн хаан Жорж II-ийг нөхдийнхөө хамт Темза мөрний дээгүүр аялахад нь эгшиглүүлэх гурван хөгжим зохиож өгсөн байдаг. Эдгээр бүтээлүүдээ 1717 онд танилцуулсан юм. Хаанд түүний хөгжим асар их таалагдаж, 50 хөгжимчнөө хэдэн цагийн турш олон дахин тоглуулан сонссон гэдэг. Үүнээс 30 жилийн дараа Гендель Эзэн хааны галын наадмын хөгжмийг бичсэн нь тухайн үеийн хаан Жорж II-ын захиалга байлаа. Уг наадам нь Испанийн дайны төгсгөлд зориулагдсан байсан юм. Хачирхалтай нь энэхүү “Галын наадам”-ын хөгжмийг хамгийн анх тоглож эхлэхэд тусгайлан зассан тайз нь шатсан гэдэг. 


05

Бетховений “III Cимфони”

Бүх цаг үеийн хамгийн суут хөгжмийн зохиолчдын нэг Людвиг Ван Бетховен бол хөгжмийн урлагийн сонгодог ба романтизмын үеийн шилжилтийн үеийн маш чухал, хамгийн нөлөө бүхий, олон нийтэд таашагдсан авьяастан байлаа. Бетховен нийтдээ 32 эгшиглэнт аялгуу (сонат), есөн симфони бичсэн юм. Дор бүрийдээ хэн нэгэн хүнд зориулагдсан эдгээр бүтээлд суут хөгжмийн зохиолчийн дотоод сэтгэл, зориг эрмэлзэл, зовнил, дуртгал нэвт шингэсэн байдаг.

Тэрээр Наполеоныг шүтэн биширдэг байсан ба түүнд зориулан тэмцэл, ялалтын билэгдэл болсон гуравдугаар симфонио бичиж байжээ. Гэтэл Наполеон өөрийгөө 1804 онд Эзэн хаанаар өргөмжлөхөд Бетховен уурлаж, Наполеоныг харгислагч хэмээн бухимдахдаа “Бонапартал” гэж бичсэн байсан зохиолынхоо нүүр хуудсаа урж хаясан гэдэг. Ийнхүү шинэ бүтээлээ “Eroica” буюу Итали хэлнээс орчуулбал, баатарлаг хэмээн нэрлэсэн байдаг. Бетховений энэ бүтээл бол урлагийн амьдралынх нь хамгийн оргил үе буюу урлаг судлаачдын нэрлэснээр хоёр дахь мөчлөгийх нь анхны бүтээл билээ.   


04

Моцартын “Гашуудлын дуулал”

Хэрэв та 1984 онд хийгдсэн “Амадеус” гэх киног үзсэн бол Моцартын өрсөлдөгч, эзэн хааны хөгжмийн зохиолч Салиери суут хөгжмийн зохиолчийн үхэлд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог байх. Салиери өрсөлдөгчийнхөө суу билгийг хичнээн мэддэг ч атаа хорсолдоо хөтлөгдөн Моцартыг дарамтанд оруулсаар, эцэст нь үхэх гээд хэвтэж байхад нь энэхүү “Гашуудлын дуулал” симфонийг бичүүлсэн гэж кинонд өгүүлдэг юм. Бодит байдал дээр ийм зүйл болж байсангүй. Салиеригийн далд явуулга бол үнэндээ уран сайхны хэтрүүлэг аж.

Залуу суут бүтээлч ердөө 35 насандаа таалал төгсөхийнхөө өмнө уг симфонийн зөвхөн эхний хэсгийг л дуусгасан гэдэг. Харин үлдсэн хэсгүүдийг өөр хөгжмийн зохиолчид бичиж дуусгасан ажээ. Моцарт үхэх хүртлээ энэ симфонийн хэр их хэсгийг нь бичсэн нь одоо хүртэл бүрэн тодорхой биш байдаг юм.

Ердөө 5 настай байхаасаа өөрийн бүтээлээ туурвиж эхэлсэн Моцарт амьдралынхаа хугацаанд 600 гаруй симфони, концерт, танхим, дуурийн болон найрал дуунууд (үйл явдалт хөгжим) бүтээжээ. Людвиг ван Бетховены эхэн үеийн уран бүтээлүүд Моцартын уран бүтээлээс сэдэв авсан байдаг. Түүний тухай нэрт хөгжмийн зохиолч Иозеф Хайдн хэлэхдээ "Ийм агуу авъяас билигтэн 100 жилд төрөхгүй буйзаа" гэжээ. Моцартын хөгжим Хайдных шиг сонгодог хэв маягаараа алдартай. Моцарт дөнгөж алдартай болж эхлээд байсан хөгжмийн зэмсэг болох төгөлдөр хуураар тоглох ая зохиосон анхны агуу зохиолч байсан юм. Тэр бараг бүх л төрлийн хөгжмийг бичсэн юм: симфони, дуурь, соло концертууд, сүмийн хөгжим, ялангуяа чавхдаст хөгжмийн дөрвөл ба төгөлдөр хуурын сонатууд. Моцартыг бага байхад симфони гэдэг нь богино, хөгжилтэй, зүгээр л зугаа гаргах зүйл байсан бол Моцарт симфонийг хагас цаг шахам үргэлжилдэг, нарийн ажиллагаатай аялгуу болгож чадсан юм. Ялангуяа түүний сүүлийн гурван симфони гайхалтай бүтээл болсон. Моцарт заримдаа жаахан хүүхэд шиг зан гаргадаг байсан ч тэрээр хүмүүсийн зан төрхийг сайн ойлгодог байжээ. Тиймээс түүний дууриудын туслах дүрүүд нь хүртэл анхаарал татахуйц байдаг юм. Моцартын дууриуд түүний хамгийн гайхалтай бүтээлүүд нь юм. Lorenzo Da Ponte: Don Giovanni, Le Nozze di Figaro, Cosi fan tutte гэх гурван оперануудын дүрүүдийн хамтран дуулах, заримдаа гоцлох, үйл явдал бүрийг дүрүүдийн өөр өөр байр суурьнаас үзүүлдэг зэрэг нь алдартай болгосон билээ. 


03

Бетховений “IX симфони”

Бетховен явцдаа дүлийрсэн гэдгийг бүх хүн мэддэг. Гэвч тэрээр хөгжмөө зохиосоор байсан юм. Түүний хамгийн алдартай бүтээл бол хүн төрөлхтний сүлд дуу гэгддэг IX симфони. Тэрээр уг бүтээлээ бичиж байхдаа төгөлдөр хууранд чихээ наан, нэг ч ноот сонсохгүйгээр бичсэн юм. Суу билэгт маэстрогийн бүх шилдэг зохиолуудын өвөрмөц санаа шийдэл, өгүүлэмж бүхий хэсгүүдийн нэгдэл гэж IX симфонийг урлаг судлаачид үздэг. Түүний сүүлчийн бүтээл байснаараа онцлог. Бетховен 12 жилийн турш олон нийтийн өмнө тоглолтоо удирдаагүй байсан ч IX симфонио удирдсан байдаг. Тэрээр оркестртойгоо яг таг нийцэж чадаагүй хэдий ч тоглолт маш амжилттай юм. Тоглолт дуусахад оркестрийн хөгжимчин босч Бетховенийг үзэгчид рүү харуулахад бүгд уухайлан танхим тэр чигтээ доргиж байсан юм. Үүнийг хараад тэрээр “Амиа хорлохоос татгалзсан минь зөв байжээ” гэсэн гэдэг.

Оргилуун бадрангуй, уриалан дуудсан, хүчирхэг хэрнээ тансаг аялгуу бүхий энэ бүтээлийг мөн л тив дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс аялж явна.


02

Стравинскийн “Ариун хавар”

Игорь Фёдорович Стравиинский Орос, хожим нь франц болон америкийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач байжээ. Түүнийг XX зууны хөгжмийн урлагийн нэг том төлөөлөгч гэж үздэг.

С.Дягилевийн захиалгаар бичигдсэн гурав дахь балет болох "Ариун хавар" бүтээлд эртний орос тариачдын хаврын улирлыг угтах ёс заншлын тухай өгүүлдэг.

"Ариун хавар" бүжгэн жүжиг нь хөгжмийн түүхэнд эргэлт хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн зохиол юм. И.Стравинский урьд өмнө байгаагүй найрал хөгжмийн том бүрэлдэхүүнд бичиж, хурц тод, хэмнэлийг нарийн төвөгтэй байдал, харсгаа дурсгалыг байнга хэрэглэснээр нэг талаас хатуу зэрлэгдүү, нөгөө талаас сэтгэл татахуйц сонирхолтой бүтээл болгосон юм.

Гэхдээ хөгжим сонирхдог, урлагийн түүхийн мэдлэгтэй хүмүүс энэ бүтээлийн ардах түүхийг сайн мэддэг. Стравинскийн энэ балет хавар цагийн ёс заншлыг харуулах ба 1900-ээд оны үзэгчдийн хувьд асар аймшигтай санагдсан гэдэг. Тэр бүү хэл анхны тоглолтын дараа үзэгчдийн дунд үймээн дэгдсэн аж. Үүн дээр нэмээд бүжиг дэглээч болон хөгжмийн зохиолч нар бие биенээ үздэггүй байсан гэнэ. Бүжгийн хэмнэл, хувцас, хөгжим нь хүмүүсийн чихэнд төдийлөн наалдаж өгөхгүй байсан ба нэг мэдэхэд дэмжигчид болон үзэн ядагчид хоорондоо зодолдож эхэлснээр хөгжим ч сонсогдохоо больжээ. Зарим хөгжимчид нь ч хүмүүст зодуулсан юм. 


01

Листийн “Удиртгал”

Унгарын хөгжмийн зохиолч Лист Ференц бол удирдаач, төдөлдөр хуурч, нийтлэлч хүн байлаа. Тэрээр XIX зууны эхэн үед ихэд алдаршиж, Шопин, Шуман, Бородин зэрэг аваргуудтай дотно нөхөрлөдөг байжээ. Шинэ Германы үзлийн гол төлөөлөгчдийн нэг байсан түүний амьдралд 1823 онд онцгой үйл явдал болсон гэдэг. Тэрээр хүсэж мөрөөдөж явсан суут хүнтэйгээ уулзсан нь Л.В.Бетховен байлаа. Бетховен Листийн хоёр дахь концертод ирж суусан юм. Листийн гар хурууны хөдөлгөөн, царай зүс, сэтгэлийн ер бусын хувирлаар ямар гоц авьяастан болохыг Бетховен ойлгоод тоглолт дуусмагц тайзан дээр гарч түүнийг тэврэн үнссэн гэдэг. Гэхдээ энэ яриа хэр үнэн гэдгийг мэдэхгүй юм.

Түүний “Удиртгал” гэх алдарт зохиол 1854 онд хамгийн анх тоглогдсон байдаг. Листийн 13 дахь симфони найраг болох энэ бүтээл чавхдаст хөгжим, бишгүүр, үлээвэр хөгжим болон бусад маш олон хөгжмийн зэмсэг бүхий том хэмжээний оркестерт зориулсан бүтээл юм. Энэ бүтээлийн хамгийн гайхам түүх бол бүр хожим буюу 1940-1945 оны хооронд Нацист Герман улс долоо хоног бүр явуулдаг дүрст суртал ухуулгынхаа албан ёсны “саундтрэк” болгон ашиглаж байсан явдал юм. Үзэгчид Листийн аялгууг сонсонгоо нацистууд хэрхэн Улаан армийг бөмбөгдөж байгааг харан суудаг байсныг төсөөлөөд үзээрэй.


9.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Симфонийг маш сайн мэдэж авлаа
+1
Салиариг л алсан гэж боддог байсан шд
Балиар гэмгүй байсан гэсэн үг үү?
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start