Арав.мн

"Живаго эмч"-ийг нууцаар хэвлэсэн түүх

Борис Пастернакийн дуулиант роман “Живаго эмч” Зөвлөлт засгийг шүүмжилсний учир ЗХУ-д хориотой байв. Харин АНУ-ын Тагнуулын төв газар чухам ийм шалтгаанаар энэ зохиолыг оросуудад уншуулахыг хүсэж байлаа. Тиймдээ ч өнөө цагийн Холливудын киног санагдуулам адал явдал туулан байж уг номын орос хэлээрх анхны хэвлэлтийг гардан гүйцэтгэжээ. 


10

Бор ууттай “юм”

1958 оны есдүгээр сарын эхээр Нидерландын нууц ажилтан Йооп Ван дер Вилден Өрнө, Дорнын цусгүй тулаанд гал нэмэх нэгэн нууц “зэвсэг” гэртээ авчирсан нь тухайн үеийн хүнсний гэгдэх тос даасан бор цаасанд ороолттой, гаднаасаа бол онцын гойд юмгүй орос ном байв. “Гэхдээ тэр ном их сэжигтэй харагдсан. Юуны төлөө тагнуулчийн эхнэр билээ, маш нууц зэрэглэлийн чухал эд болоод л гэртээ авчирч дээ гэж бодож билээ” хэмээн түүний бэлэвсэн гэргий Рэйчел Ван дер Вилден дурсчээ. Хатагтай Вилден нөхөрт гарахаасаа өмнө Их Британийн Сөрөг тагнуулын алба буюу MI6-д ажиллаж байсан тул нөхрийнхөө авчирсан номыг эх нутагтаа адлагдсан орос зохиолчийн бүтээл байхыг таниад ихэд догдолсон гэнэ. “1958 оны есдүгээр сарын 6, бямба гариг” хэмээн нөхрийнх нь гараараа бичсэн тэмдэглэл бүхий тэрхүү бор цаасан гадартай ном өнөө ч түүнд хадгалагдан байна. 


09

Үзэл суртлын зэвсэг

Уг ном хориотой бүтээл эрхлэн гаргагчдад хандан Вилдений хэвлүүлсэн олон номын нэг юм. Америкчууд Голландтай хөрш зэргэлдээ Бельгид болох олон улсын үзэсгэлэн худалдааны үеэр “Живаго эмч”-ийг Зөвлөлтийн төлөөлөгчдөд тараахаар төлөвлөжээ. Пастернак алдар­тай найрагч төдийгүй бүтээл туурвил нь ихэд танигдсан орчуулагч тул бэлэг нь оросуудад таалагдана гэж америкчууд тооцоолж байлаа. Зөвлөлтийн төлөөлөгчдийн дунд зориг зүрхтэй хүн байвал хориотой зохиолыг бүр ч цааш нь түгээж магадгүй гэж тэд горьдож байв.  

“Живагогийн хэрэг: Кремль ба Тагнуулын төв газар, хориотой номын төлөөх тулаан” нэртэй номонд бичсэнээр энэ зохиол орчин цагийн дэлхийн уран зохиолын түүхэн дэх үзэл суртлын хамгийн хүчтэй зэвсгийн нэг юм. Нэгэн цагт маш нууцад тооцогдож байсан АНУ-ын Тагнуулын төв газрын баримт сэлт дээрх номд багтсан бөгөөд тэдний нэгэнд “Бид энэ зохиолыг Зөвлөлтийн иргэдэд уншуулж, улс орон нь нэг л биш байгааг ойлгуулах үүрэгтэй” гэсэн үгс дурайна. 


08

Зоримог өгүүлэмж

Борис Пастернак

Америкчуудын ийн хичээсний учир “Живаго эмч” романы зоримог өгүү­лэмжид оршиж байв. Зохио­лын гол дүр эмч, яруу най­рагч Юрий Живаго 1917 оны хувьсгалын дараах догшин шуур­гатай он жилүүдийг туулах ба өөрөө гэр бүлтэй байж нөхөртэй эмэгтэйд сэтгэл алдарна. Тэдний эмгэнэлт дурлалын түүх тухайн үеийн улс төр, нийгмийн олон чухаг үйл явдалтай сүлэлдэн, тэд цаг үеийнхээ золиос болно. “Ямар ч хүний хувийн амьдралыг хүндэтгэх хэрэгтэй. Тухайн хүний улс төрд хандах хандлага, улсдаа хувь нэмэр оруулах үгүй нь хувийн эрхийг нь зөрчих шалтгаан болж болохгүй гэсэн санааг Пастернак энэ зохиолдоо тусгажээ” хэмээн дээр дурдсан Тагнуулын төв газрын нууц баримт бичгүүдийн нэгэнд онцолсон байна. 


07

Пастернакийн хэрэг

Д’Анжелогийн тэмдэглэлийн дэвтэр. 1956 он

Пастернак зохиол бүтээлээ ЗХУ-д хэвлэгдэхгүй гэдгийг мэдэж байсан учир бичгийн машинаар цохсон романыхаа хэд хэдэн хуулбарыг 1956 онд гаднынханд өгчээ. Тэдний дунд Москвад сэтгүүлчээр ажиллаж байсан, Италийн Коммунист намын гишүүн Сержио Д’Анжело, Италийн өөр нэгэн коммунист үзэлтэн, хэвлэлийн газрын ажилтан Жанжакомо Фелтринелли нар байлаа. Д’Анжело “Пастернакийн хэрэг” номондоо 1956 оны тавдугаар сард Москвагийн захад орших “Переделкино” зусланд тухайн үед 66 настай байсан Пастернактай уулзсан тухайгаа “Пастернак хашааны дэргэд биднийг угтсан юм. Тэр нэлмэгэр даавуун өмд, хуучирсан хүрэмтэй, яг л тариачин шиг харагдаж байж билээ. Биднийг хармагцаа нүүр дүүрэн инээмсэглэж, хашааныхаа хаалгыг нээн, гар сунгасан. Гар нь их дулаахан байсныг, бас гарыг минь маш чанга атгасныг одоо ч тод санаж байна” гэжээ. Пастернак хоёр итали эртэй удтал хөөрөлдөж, тэднийг явах болоход зохиолынхоо эхийг өгөөд “Үүнийг минь л дэлхийгээр нэг тараагаадах” гэж гуйсан гэдэг. 


06

Италичууд өрссөн нь

Анхны хэвлэл

Долоо хоногийн дараа Д’Анжело Москвагаас Зүүн Берлин рүү нисэв. Пастернакийн зохиолыг нуусан жижигхэн тээшийг гаалийнхан яагаад ч юм шалгасангүй. Ингээд ЗХУ-ын хилийг “эсэн мэнд” давсан “Живаго эмч”-ийг Д’Анжело өөрөөс нь хэд хоногийн өмнө Италид ирээд байсан Фелтринеллид хүлээлгэж өгчээ. Цаадах нь Италийн Коммунист намынханд баригдаж, албаныхны дарамт шахалтад өртсөн ч холбоо сүлбээгээ ашиглан, удтал хөөцөлдсөний эцэст 1957 оны арваннэгдүгээр сард “Живаго эмч”-ийг италиар хэвлүүлж авав. Энэ мэдээ америкчуудын чихэнд яаж ийгээд хүрсэн нь тодорхой. Англичууд ч мөн итали, америкчуудаас хоцрохгүйг хичээн, Сөрөг тагнуулын албаараа дамжуулан “Живаго эмч”-ийг гартаа оруулахыг чармайв. Зартай орос зохиолчийн бүтээлд англичууд америкчуудаас түрүүлж хүрсэн бөгөөд ямар нь өнөө ч үл мэдэгдэх нэгэн тохиролцооны дүнд Италид хэвлэгдсэн “Живаго эмч”-ийг тэд АНУ-ын Тагнуулын төв газрынханд хүргүүлсэн гэдэг. 



05

Йооп Ван дер Вилденийн гавьяа

Йооп Ван дер Вилден

Америкчууд тэр дор нь Нидерландын Гаага хот дахь орос хэвлэл хариуцсан нэгэн хэвлэлийн компанид хандаж, “Живаго эмч”-ийг эх хэлээр нь хэвлүүлэхээр хөөцөлджээ. Гэтэл иймэрхүү хэргээр америкчуудтай холбогдохыг хүсээгүй голландууд “Эхийг нь бэлдэж болох ч өөр улсад хэвлүүлнэ” гэсэн болзол тавьсан байна. Энэ ажлыг гүйцэтгэсэн хүн нь Йооп Ван дер Вилден юм. Дэлхийн II дайнд Нидерланд орон германчуудад эзлэгдээд байх үеэс гаднынхантай холбоо тогтоож, хэвлэлийн газруудтай харилцаж байсан учир Нидерландын Тусгай албаныхан түүнийг сонгосон аж. Ингээд Вилден 1958 оны эхээр Италийг зорьж, “Живаго эмч”-ийг Милан хотын хэвлэлийн үйлдвэрт эх хэлээр нь хэвлэжээ. Номын хавтасны дотор талд эрхлэн хэвлүүлэгчийн нэр нь Фелтринелли байлаа. 


04

Америкчуудын “бэлэг”

Вилден хэдэн мянган “Живаго эмч”-ийг  Милан хотын захад америкчуудад хүлээлгэн өгчээ. Тэдгээрийн дийлэнхийг дээр дурдсан Брюсселийн үзэсгэлэн яармагийн үеэр нууцаар тараасан бөгөөд “Живагогийн түүх” номд бичсэнээр үзэсгэлэн худалдаа тарсны дараа хаа сайгүй номын цэнхэр хавтас хөглөрч байсан гэдэг. Үзэсгэлэнд оролцсон оросууд нуухад амар болгох гэж шинэхэн “Живаго эмч”-ийн хавтсыг урж хаясан нь тэр байлаа.   

Зохиол бүтээлийг нь хэвлэх нууц ажиллагаа амжилттай болсон тухай мэдээ Пастернакийн сонорт удалгүй хүрэв. Тэрбээр Парист байсан нэгэн найздаа бичсэн захидалдаа “Живаго “амь орсон” нь үнэн үү? Брюссельд очсон хүмүүс харсан гэж байна” хэмээн итгэж ядсан, баярласан сэтгэлээ илэрхийлсэн байна. “Живаго  эмч” үнэхээр ч “амь орсон”-оор барахгүй америкчуудын онцгой “бэлэг” болж ЗХУ-ын өнцөг булан бүрт, улсын төв номын сангийн хориотой номын тасагт хүртэл хүрчээ. 


03

10 сая ном

Гэхдээ энэ ажиллагаа хүн бүрт таалагдсангүй. Фелтринелли номын эхийг бэлтгэсэн Голландын хэвлэлийн компанийг өөрөөс нь зөвшөөрөл аваагүй хэмээн заргалдсан байна. Энэ нь хэргийн цаад эзэд болох америкчуудыг илчлэх хэмжээнд хүртэл сунжирсан тул АНУ-ын Тагнуулын төв газар дахин ийм асуудалд ороо­цолдохгүйн тулд огт байхгүй, франц нэр­тэй хуурамч компани үүсгэн өөрсдөө орос ном хэвлэх багашаархан үйлдвэртэй болжээ. Ингэж коммунист орнууд руу үзэл суртлын “пуужин харвах” америкчуудын кампанит ажил өргөжин тэлсэн түүхтэй. “Живаго эмч”-ийг “амьдруулсан”-ыхаа ачаар тэд Жорж Орвелл, Жеймс Жойс, Владимир Набоков, Эрнест Хемингуэй нарын олон “тэрс” зохиолыг оросоор хэвлэж, Зүүн Европын орнуудад түгээжээ. “Живагогийн түүх” номд багтсан Тагнуулын төв газрынхны нууц баримтад дурдсанаар Хүйтэн дайны үед АНУ-д хэвлэгдсэн орос хэлээрх 10 сая орчим ном коммунист орнуудад хүрсэн байна. 


02

1988 онд эх нутагтаа хэвлэгдэв

Переделкинод байх Пастернакийн шарил

“Живаго эмч” хэвлэгдсэн даруйдаа дуулиан дэгдээж, Пастернак 1958 оны аравдугаар сард Нобелийн шагналтан болсон ч ЗХУ-ын эрх баригчдын шахалтаар шагналаасаа татгалзсан юм. Түүнийг зохиол бүтээлээ хилийн чанадад, тэр тусмаа хөрөнгөтөн оронд хэвлүүлсэн хэмээн төр засгийнхан нүд үзүүрлэж байлаа. Гэвч түүнийг хоёр жилийн дараа буюу 1960 онд 70 настайдаа уушгины хорт хавдраар таалал төгсөхөд  хэдэн мянган хүн цуглаж, түүнд хүндэтгэл үзүүлжээ.  

“Живаго эмч” 1958 оноос хойш олон сая хувь зарагдаж, 1965 онд хожмоо дэлхийн киноны сан хөмрөгт үнэт шигтгээ болсон дэлгэцийн бүтээл болон олны сэтгэлийг дахин эзэмдсэн юм. Энэ зохиол Михаил Горбачёвын эхлүүлсэн өөрчлөлт, шинэчлэлийн ачаар 1988 онд сая нэг эх нутагтаа хэвлэгджээ. Үүнээс гурван жилийн дараа ЗХУ задарсан билээ.


01

Америкчуудын Зүүн Европ руу илгээсэн номууд

  • Борис Пастернакийн “Живаго эмч” 
  • Жеймс Жойсийн “Залуу зураачийн хөрөг” 
  • Жорж Орвеллийн “Амьтны ферм” 
  • Жорж Орвеллийн “1984” 
  • Өмнө нь коммунист байсан зургаан зохиолчийн “Бүтэлгүй бурхан” шилмэл эсээний түүвэр 
  • Владимир Набоковын “Пнин” 

ЗХУ-д хориотой байсан бүтээлүүд 

  • Жорж Орвеллийн “Амьтны ферм”
  • Михаил Булгаковын “Мастер, Мар­гарита хоёр”
  • Александр Солженицыний “Гулаг олтриг”
  • Евгений Замятиний “Бид”


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start