Арав.мн

Санамсаргүй тохиолдлоор од болсон алдартнууд

Санамсаргүй тохиолдлоор од болсон алдартнууд

Зарим хүн од болох гэж мөрөөдөж, бүхий л амьдралынхаа турш хөдөлмөрлөсөн ч чаддаггүй бол зарим хүн зүгээр л зөв газраа зөв цагт байснаар дэлхийн хэмжээний од болсон байдаг. "Сохор азаар" итгэмээргүй амжилтанд хүрсэн дараах алдартнуудтай танилцаарай.


15

Channing Tatum

Холливудын сайхан залуу Чаннинг Татум 18 нас хүрээд шоубизнесийн салбарт хүчээ сорихоор Майамиг зорьжээ. Тэндээ очоод тайчигч болов. Нэг өдөр түүнийг гудамжинд зүгээр л алхаж байхад нэгэн загварын агентлаг олжээ. Тус агентлагтай гэрээ байгуулсан тэрбээр Gap, American Eagle Outfitters, болон Abercrombie & Fitch зэрэг брэндүүдийн нүүр царай болсон аж. Гэхдээ алдарт дуучин Рики Мартины супер хит “She bangs” дууны клипэнд бүжиглэснийхээ ачаар Холливудын жинхэнэ од болох гараа нь тавигдсан байдаг юм. Бодит амьдрал дээр тайчигч байсан Татумын нэр хүнд өдрөөс өдөрт өссөөр Холливудын хамгийн үнэ цэнэтэй жүжигчдийн нэг болж, “The Magic Mike” гэх киноны гол дүрийн тайчигч залуугийн дүрээрээ дэлхийн сая сая бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдсэн авьяаслаг жүжигчин болсон билээ. 


14

Pamela Anderson

1990-ээд оны секс бэлгэ тэмдэг Памела Андерсон бол Канадад төрж өссөн нэгэн. Тэрбээр коллежоо төгсөөд фитнессийн зааварлагч багш болох мөрөөдлөө хөөн Ванкуверт нүүн иржээ. Памела нэг удаа BC Place Stadium-д хөлбөмбөгийн тэмцээн үзэхээр шийдэв. Ингэхдээ Labatt шар айрагны сурталчилгаатай футболка өмссөн байжээ. Гэтэл тоглолтын дундуур түүнийг цэнгэлдэх хүрээлэнгийн зураглаач олж хараад аварга том дэлгэцэн дээр харуулах нь тэр. Цэнгэлдэх хүрээлэн дүүрэн үзэгчдэд 21 настай сайхан бүсгүй асар их таалагдаж, алга ташиж, шуугисан байна. Үүнийг мэдсэн Labatt компани Памелаг нүүр царайгаа болгосон юм. Төд удалгүй алдарт Playboy сэтгүүлийн эзэн Хью Хеффнерээс санал тавьж, 1989 оны 10 дугаар сарын дугаарын нүүрэнд тавигдсанаар дэлхийн хэмжээний од болсон билээ. 


13

Rosario Dawson

Од болох хувь тавилантай хүн гэвэл Розарио Даусоныг л хэлэх байх. Ердөө 15 настай байсан Розариог байшингийнхаа үүдэнд сууж байхад нь ойр хавьд нь зураг авалт хийж байсан дэлгэцийн зураглаач Хармони Корине, зурагчин Ларри Кларк нар олсон аж. Түүнд Kids киноны Рүдигийн дүрд шалгуулах санал тавьсан ба өмнө нь жүжиглэх туршлагагүй байсан охин төвөггүйхэн тэнцсэн байдаг. Энэ цагаас хойш тэрбээр Men in Black, Sin City, Seven Pounds зэрэг Холливудын шилдэг кинонуудад тоглон маш амжилттай жүжигчин болсон юм. 


12

Charlize Theron

Нью Йорк хотод загвар өмсөгч байсан Шарлиз Терон ердөө 18 настай байхдаа нэг цүнх, багахан хэмжээний мөнгөтэй Холливудыг зорьсон юм. Загвар өмсөгч байхдаа олсон багахан цалингаасаа үлдсэн сүүлийнхээ чекийг банкинд солиулах гэж байгаад өөр мужийн чекийг солихоос татгалзсан банкны ажилтантай маргав. Маргааныг харж зогссон Жон Кросби ирж, Теронд туслажээ. Жон Кросби авьяастан олж илрүүлдэг агент байсан бөгөөд Шарлиз Теронд хамтран ажиллах санал тавьсан байдаг. Ингээд хэдхэн сарын дотор түүнийг жүжигчний сургалтуудад хамруулж, тун удалгүй анхныхаа кино болох “Children of the Corn III” киноны дүрийг бүтээсэн юм. 


11

Kate Moss

Англиас гаралтай Катерин Анн Моссгүйгээр загварын ертөнцийг төсөөлөхөд хэцүү. 1990-ээд оны дундуур “супермоделиудын эрин үе” дуусахтай зэрэгцэн Кэйт Мосс “героин бүсгүйчүүдийн эрин”-г эхлүүлсэн супер од, загварын ертөнцийн бэлгэ тэмдэг болсон юм.

Тэрбээр анх 1988 онд ердөө 14 настай байхдаа Нью Йорк хотын JFK Онгоцны буудал дээр байхдаа Storm Model Management агентлагийг үүсгэн байгуулагч Сара Дукасын нүдэнд өртсөн аж. Тухайн үед Моссын аав нь билет шалгагчтай муудалцаж байсан аж. Харин онгоц хөөрч, аюулгүйн бүсний гэрэл унтарсан даруй Сара Дукас яаран тэдэн дээр очсон байдаг. Ийнхүү загварын ертөнцөд нэгэн од тод гэрэлтсэн билээ. 


10

Harrison Ford

Муухан кинонуудад жижигхэн дүр бүтээгээд амжилт олоогүй Харрисон Фордын карьер урагшгүй байсан тул кино урлагаас түр завсарлахаар шийджээ. Ингээд тэрбээр мужаан болохоор шийдсэн байдаг. Нэг өдөр түүнийг ажлаа хийж байхад нь хаалга засах ажлын санал ирсэн аж. Фордоор хаалгаа засуулахаар дуудсан газар нь бүх цаг үеийн хамгийн шилдэг уран зөгнөлт кино болох “Оддын дайн” киноны дүрүүдийг сонгон шалгаруулалтыг хийж таарсан аж. Найруулагч Жорж Лукас кинондоо олонд танигдаагүй жүжигчдийг тоглуулахаар шийдсэн байсан нь ч аз болж, хаалга засахаар ирсэн мужааныг харсан даруйдаа шалгаруулалтанд оролцохыг урьсан байна. Ингээд Харрисон Форд Хан Сологийн дүрийг гарамгай бүтээснээр од болох гараагаа тавьж, бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болсон билээ. 


09

Jennifer Lawrence

Нью Йорк хотод ээжтэйгээ ирээд байсан 14 настай Женнифер Лоренсыг загварын агентлагын төлөөлөгч олж хараад, нэгэн сурталчилгаанд тоглох шалгаруулалт болох гэж байгаа тухай хэлжээ. Шалгаруулалтанд оролцсон Женнифер тэнд байсан бүх охидоос хол илүү байсан тухай сонссон ээж нь үүнд огт итгээгүй гэдэг. Гэхдээ л Женниферийн супер од болох хаалга хэдийнээ нээгдчихсэн байлаа. Тэр цагаас хойш түүний тоглосон кинонууд дэлхий даяар 5.5 тэрбум ам.долларын орлого олж, 2015 болон 2016 онд хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр шалгарсан. Тэр бүү хэл Time сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалт, Forbes сэтгүүлийн 100 шилдэг алдартны жагсаалтад орсон хамгийн алдартай жүжигчдийн нэг болсон юм. 


08

Johnny Depp

Жонни Депп рок од болох мөрөөдөлтэй нэгэн байлаа. Тэрбээр 20 настай байхдаа хамтлагтаа гитар тоглодог байжээ. Тухайн үед Жоннигийн эхнэр байсан мэйк-ап артист Лори Аллисон өөрийнхөө хуучин найз залуутайгаа танилцуулсан байдаг. Тэр найз залуу нь алдарт жүжигчин Николас Кэйж байв. Ингээд Кэйж түүнийг агенттай танилцуулснаар Жонни Депп жүжигчний гараагаа эхлүүлсэн юм. Цөөн тооны жижиг дүр бүтээсэн тэрбээр 1984 онд “Nightmare on Elm Street” кинонд тоглосноор Холливудад нэрээ дуурсгасан жүжигчин болсон билээ. 


07

Danny Trejo

Мексик гаралтай Дэнни Трежо багаасаа л хэрэг төвөгт орооцолдсон нэгэн байжээ. Хүйтэн царайтай болохоор үргэлж асуудалд унадаг байсан гэж Трежо өөрөө хэлдэг. Бүтэн 11 жилийн турш шоронд орж, гарч амьдарсан тэрбээр Сан Квентиний шоронд байхдаа боксоор хичээллэж, удалгүй шоронгийнхоо хөнгөн жингийн аварга болсон байдаг.

Ийм амьдралаас залхсан Трежо хар тамхинаас салах 12 алхамт хөтөлбөрт хамрагдав. Хар тамхийг нэг мөр ардаа хаясан Трежо өөрөө ч залууст хар тамхины эсрэг зөвлөгөө өгдөг болсон юм. Нэг өдөр түүний эмчилж байсан өсвөр насны залуу утасдан, тусламж авахаар “Runaway Train” (1985) киноны зураг авалтын талбайд дууджээ. Киног хийж байсан Эдвард Банкер өөрөө ч гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд Трежотой хамт ял эдэлж байсан нэгэн байв. Трежог тэр даруй таньсан Банкер найзынхаа боксын чадварыг нь сайн мэддэг тул киноны гол дүр Эрик Робертсын тулааны хэсэгт зориулан бэлдэх боксын дасгалжуулагчийн ажилд өдрийн 320 ам.долларын гэрээ байгуулсан байдаг. Энэ цагаас хойш Трежо Холливудын маш олон киноны эсрэг дүрд тоглосон супер од болсон юм. 


06

Ashton Kutcher

Айовагийн их сургуульд суралцаж байх хугацаандаа Аштон Кутчер мужаан, фермер зэрэг олон ажил хийдэг байжээ. Нэг орой түүнийг уушийн газар сууж байхад нь авьяастан олж илрүүлэгч агент ирж, моделийн тэмцээнд орох санал тавьсан байна. Аштон зөвшөөрч, тэр тэмцээнд ялалт байгуулав. Удалгүй Calvin Klein, Versace зэрэг дэлхийн брэндүүдийн нүүр царай болсон алдартай загвар өмсөгч болсон юм. Харин жүжигчний гараагаа “That ‘70s Show” киногоор эхэлж, удалгүй дэлхийд танигдсан жүжигчин болсон билээ.

Загвар өмсөгч, жүжигчний ажлаас гадна Кутчер маш чадварлаг бизнесмэн бөгөөд “A-Grade Investments” хөрөнгө оруулалтын компанийн эзэн юм.


05

Mel Gibson

Сидней хотын Үндэсний Драма урлагийн институтын тайзны бүтээлүүдэд тоглоод байсан Мел Гибсоноос нэг өдөр найз нь киноны дүр сонгон шалгаруулалтад хүргэж өгөхийг хүссэн байна. Өөрөө шалгуулах бодолгүй байсан Гибсон зөвшөөрчээ. Сонгон шалгаруулалтын өмнөх өдөр Гибсон бааранд зодоон хийж, хөх няц болсон царайтай хүн маргааш нь найзыгаа хүргэж өгөв. Гэтэл киноны найруулагч түүнийг анзаарч, дараагийн сонгон шалгаруулалтад ирэхийг хүсчээ. Энэ шалгаруулалт нь “Mad Max” киноны гол дүрийнх байсан ба Мелийн хөхөрсөн нүүр царай найруулагчийн яг хайж байсан зүйл нь болж таарсан байна. 


04

Marilyn Monroe

Дэлхийн хоёрдугаар дайны үед Мэрилин Монро сумны үйлдвэрт ажилладаг байжээ. 1944 оны нэг өдөр АНУ-ын Армийн Агаарын хүчний Хөдөлгөөнт кино зургийн ангийн гэрэл зурагчин Дэвид Коновер түүний ажиллаж байсан үйлдвэрт ирэв. Зурагчны даалгавар тун энгийн – Эмэгтэй ажилчдын сэтгэл зүйг дээшлүүлэхүйц зураг авах. Коновер үйлдвэрээр зураг авч байгаад Монро дээр ирээд хэд хэдэн зураг авсныхаа дараа түүнийг модель болох хэрэгтэй юм байна гэж хэлжээ. Ийнхүү Монро ажлаасаа гарч, Коноверт ажиллах болов. Удалгүй “Blue Book” агентлагтай гэрээ хийж, үсээ шараар будуулсан ба 1946 он гэхэд аль хэдийнээ 33 сэтгүүлийн нүүрэн дээр гарсан байлаа. Залуу бүсгүй “20th Century Fox” продакшнтай гэрээ байгуулж, Холливудын бэлгэ тэмдэг болсон юм.


03

Djimon Hounsou

Джимон Хоунсоу 13 настай байхдаа ахтайгаа Франц улсад Бенин улсаас дүрвэн ирсэн нэгэн. Гудамжинд амь зогоож байсан хүү ходоодондоо хоолтой байх гэж зовдог байв. Гэтэл нэг өдөр түүнийг нэгэн гэрэл зурагчин олж хараад, алдарт загвар зохион бүтээгч Тиерри Маглертай танилцуулсан байна. Дүрвэгч хүүгийн амжилтын гараа ийнхүү эхэлсэн байдаг. Тэрбээр загвар өмсөгчөөр ажиллаж байгаад жүжигчин болохоор 1990 онд АНУ-д иржээ. Тэр жилдээ “Without You I’m Nothing” кинонд тоглож, шаггүй амжилт олсон ба 1997 онд Стивен Спильбергийн “Amistad” кинонд дүр бүтээснээр дэлхийн од болсон юм.


02

Jennifer Lopez

Женнифер багаасаа бүжиглэх дуртай байсан ба энэ нь ээжид нь таалагддагүй байж. Ээжтэйгээ муудалцан гэрээсээ явсан Женнифер Лопез орон гэргүйчүүдийн эгнээнд орсон байна. Гэхдээ нэгэнт бүжигчин болохоор сэтгэл шулуудсан залуу бүсгүй бүжгийн студид хүртэл хоног төөрүүлж байв. Нэг өдөр тэрбээр “In Living Color” гэх телевизийн хошин нэвтрүүлэгт бүжигчний ажилд орсноор бүх зүйл нь өөрчлөгдсөн юм. Авьяаслаг, үзэсгэлэнтэй Женнифер зөвхөн бүжигчин биш, дуучин, жүжигчин болох нь удаах он жилүүдэд батлагдсаар шоу ертөнцийн хамгийн алдартай оддын нэг болсон билээ. 


01

Oprah Winfrey

Агуу Опрагийн амжилтын гараа орон нутгийн гоо бүсгүйн тэмцээнээс эхэлсэн байна. Тухайн үед 17 настай байсан Опрад радиогоос зохион байгуулж байсан гоо бүсгүйн тэмцээнд оролцох санал иржээ. “Мисс Галаас урьдчилан сэргийлэх” гэсэн нэртэй уг тэмцээнд дан улаан үст бүсгүйчүүдийн дунд цорын ганц хар арьст оролцогч нь Опра байлаа. Ялахгүй нь тодорхой гэж бодсон Опра шинэ даашинзтай болсон нь хангалттай гэж бодсон гэдэг. Тэмцээний үеэр түүнээс 1 сая ам.доллартай бол юу хийх вэ? гэж асуухад “Би бүх мөнгөө үрнэ. Юунд үрэх ээ мэдэхгүй байна. Гэхдээ л би бүгдийг нь үрнэ” гэж хариулж, цочирдуулав. Мөрөөдлийн ажлынх нь талаар асуухад тэр бусад оролцогчоос тэс ондоо буюу сэтгүүлч болмоор байгаа тухайгаа хэлж, мөн л шүүгчдийг алмайруулсан юм.

Ингээд тэмцээний дараа оролцогчдод гардуулж байсан бугуйн болон ханын цагаа авахаар радиогийн байранд очсон Опра өөрөө алмайрчээ. Учир нь тус радио Опрад ажил санал болгосон юм. 


9.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Oprah is queen!
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start