Арав.мн

Шинжлэх ухааныг өөрчилсөн ламтан хийгээд вандуйн түүх

Шинжлэх ухааныг өөрчилсөн ламтан хийгээд вандуйн түүх

Вандуйнд дуртай хүн тийм ч олон биш. Харин гарал зүйн ухааны түүхийг бичилцсэн эл бяцхан ногооны өмнө шинжлэх ухаан аргагүй их өртэй юм. Австрийн буйдхан хийдэд олон арван жил судалгаа хийсэн, XIX зууны үеийн нэгэн санваартан өөрийн тарьж ургуулсан атга вандуйн шинж чанарыг судлан, ажиглаж тогтоосноо бүртгэж эхэлсэн нь шинжлэх ухаанд онцгой их хувь нэмэр оруулах их үйлсийнх нь эхийг тавьжээ. Ургамал, амьтны гарлыг судлах нь Грегор Иоханн Менделийн үндсэн зорилго байсан ч судалгааны ажил нь эрхгүй хүний генийн бүтэц тийш хандсан байна.  

Өдгөө Менделийг гарал зүйн ухааны эцэг гэдэг. Гэхдээ австри санваартны удамшил судлалын ажил шинжлэх ухааны ертөнцөд Чарльз Дарвиных шиг тухайн цагтаа цахиур хагалаагүй юм. Түүний хичээл зүтгэл, ололт, нээлтийг нэлээд хожуу буюу XX зууны эхэнд л мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрчээ. Бурхны шавь байсны хувьд Мендель анхнаасаа шинжлэх ухаанч байсангүй. Бага, дунд сургуульд багшилж, Венын их сургуульд сурч байсан тэрбээр хувраг хүний үүргээ бүхнээс илүү эрхэмлэдэг байв.  

1822 оны долдугаар сарын 20-нд эгэл жирийн герман фермерийн гэрт мэндэлсэн Мендель Оломоуцийн Философийн хүрээлэнд суралцсаныхаа дараа 1843 оноос тухайн цагт Австри-Унгарын эзэнт гүрний харьяанд байсан Брно хотын (одоогийн Чехийн нутаг) Аугустиний Гэгээн Томасын хийдэд шавилан суужээ. 1851 онд Венын их сургуулийг зорьсон тэрбээр хоёр жилийн дараа багшийн хувиар хийддээ эргэн ирсэн байна. Харин түүхнээ нэрийг нь мөнхөлсөн судалгааны ажлынхаа дараахан хийдийнхээ хамба болж, 1884 онд насан эцэслэх хүртлээ тэндээ амьдарчээ.  

Атгахан вандуйнаас үүдэлтэй судалгааны ажил нь 1856 онд хийдийн цэцэрлэгт эхэлсэн гэдэг. Их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хараат бусаар, олны анхаарлаас хол явагдсан ажиглалт, судалгаа нь анхандаа олон төрлийн, өнгө өнгийн вандуй дундаас цоо шинэ төрлийн вандуй гаргаж авах зорилготой байв. Менделийн үед аливаа амьд биет, хүн, малын гадаад байдал, ааш араншин эцэг эхийнхтэй нь төстэй гэх ерөнхий ойлголтоос өөр удамшлын талаар мэдлэгтэй хүн бараг байсангүй. Тэгэхээр генийн тухай төсөөлөл бүр ч байгаагүй гэсэн үг.  

Хийдийн арын цэцэрлэг дэх 34 төрлийн вандуйн хэмжээ, өнгө, амт, ишин дээр нь ургадаг цэцэг, навчийг судалсан Мендель төрөл тус бүрийн онцлог, өөрийн гаргаж авсан шинэ төрлийн вандуйн бусад төрлийн вандуйнаас өвлөж авсан шинж зэргийг сайтар харьцуулан судалжээ. 1856-1863 оны хооронд нийт 29 мянга гаруй кг вандуй ургуулж, судалсан тэрбээр үрээ “хайрласан” аль нэг төрлийнх нь шинж эрлийзжүүлсэн вандуйнд давамгайлдаг, нэг үгээр удамшлын сул дорой болон илүү хүчтэй нэгж байдгийг нээгээд зогсохгүй тэрхүү нэгжийн бүтцийг (хожим ген гэгдсэн) математикийн аргачлалаар тооцох томъёо гаргасан байна. Түүний судалгаа үндсэндээ дараах гурван нээлтэд хүрчээ. Үүнд, шинж чанар бүр бусад шинжээсээ хараат бусаар өвлөгдөх ба нэгж (ген)-ээс бүтнэ, онцлог шинж бүр хоёр нэгжтэй агаад үүсэл тус бүрээсээ нэг нэг нэгж өвлөнө, хоёр нэгжийн нэг нь буюу аль нэг үүслээсээ өвлөсөн шинж нь ажиглагдахгүй байж болно, тэрхүү “нуугдсан” чанар дараагийн үед идэвхжиж болно гэсэн санаанууд багтана.  

Менделийн эл чухаг ажлыг бараг 40 жилийн дараа буюу нас барснаас нь 16 жилийн дараа л шинжлэх ухааны ертөнцийнхөн таньж мэджээ. Шинжлэх ухааны аль нэг салбарт харьяалагдаж, албан ёсны хүрээлэн, аль нэг байгууллагын гишүүн байгаагүй тул судалгааны ажлаа олонд хүргэх боломж Мендельд байсангүй. Тэгээд ч хийдийн хамба болсноор шашин номын үйлд илүүтэй анхаарах болж, судалгааны ажлаасаа хөндийрсөн байна. Харин гарал зүй судлах хүн олширч, судалгааны ажлууд ар араасаа хөвөрч эхэлснээр австри санваартны судалгааны ажлын хэвлэмэл тайлан анх удаа олонд дэлгэгдэж, эрдэмтдийн анхаарлыг татжээ. Менделийн гар бичмэлүүд устаж үгүй болсон тул 1866 онд хэвлэгдсэн тэрхүү бүтээлд л түүний судалгааны дүн үлдсэн аж.  

Хүн эцэг эхийнхээ онцлогийг өвлөдөг гэх генийн онолыг Менделийн бүтээлээс илрүүлснээс хоёр жилийн дараа буюу 1902 онд энэ төрлийн анхны нарийвчилсан судалгаа хийгдсэн гэдэг. Гарал зүйн ухааны үндсийг тавьсан жирийн нэгэн ламтны бүтээлийг судлах ажил олон жил үргэлжилж ургамал, амьтан, хүний биологийн шинжийг анхлан тодорхойлж, томъёолсон гавьяаг нь 1909 онд л дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчээ.


8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд