Арав.мн

Хөгцний тухай гайхалтай баримтууд

Хөгцний тухай гайхалтай баримтууд

200 сая жилийн тэртээ энэ дэлхий дээр буй болсон хөгцийг “чөтгөрийн талх” буюу “бурхны шүлс” хэмээх ажээ. Хаа сайгүй орших энэ биет хүмүүнийг төрөхөөс үхэх хүртэл нь дагана. Хүн төрөлхтөн ахуй амьдралд нь өдөр бүр таарах хөгцтэй аль эртээс тэмцсээр иржээ. Коран сударт “Орон гэр чинь хөгцрөх аваас даруйхан шатааж, тэр газраас үтэр түргэн холд” гэсэн байдаг. Ной завиндаа ус чийг болон хөгцрөхөөс хамгаалах бодис түрхсэн гэгддэг. Харин Эртний Хятадад байшин барих модоо давстай усанд норгож, хөгцөрч илжрэхээс нь хамгаалдаг байж. Македоны Александр гүүрний тулгуур модонд чидун жимсний тос нялгадаж хөгцрөхөөс сэргийлдэг ч байж. Хөгц хэсэгтээ үгүй болж болох ч үнэхээр амь бөхтэй.

2006 онд сансрын хөлгийн гадна гурван төрлийн хөгцийг жил хагасын турш байлгажээ. Гэтэл энэ гурван хөгц алга болсонгүй, өөрчлөгдөн хувьсаад, илүү ихээр үржиж олширсон байна.
Хөгцийг ШУ-нд мөөг гэх агаад мөөгнүүд нь мицель гэх судлуудаар тэжээгдэн өсдөг ажээ. Нэгэн судалгаагаар ойн мөөгний мицель нь газар доогуур хэдэн га газарт тархаж, нийтдээ 10 гаруй тонн жинтэй байх агаад 1500 жилийн настай байсан нь тогтоогдсон юм. Тэгэхээр энэ мөөг дэлхий дээрх хамгийн урт настай амьд организм болж таарах нь.

Шведийн эрдэмтэн Карл Линней 18-р зууны 30-аад онд байгалийн зүй тогтлыг тогтоохдоо мөөгийг “хаос” хэмээх ангилалд хамруулжээ. Хаос гэдэг нь грек хэлнээс орчуулбал орчлон ертөнц үүссэн анхдагч харанхуй гэсэн утгатай. Дэлхий дээрх анхны ургамлууд мицелийн ширхэглэгээс үүссэн нь ч хожмоо тогтоогдсон юм. 

2007 оны 12-р сарын сүүлээр Миланы Амбразианы номын санд хадгалагдах Леонардо Да Винчийн “Кодекс Атлантикус” хэмээх гар бичвэрүүд хөгцөрч эхэлсэн гэх мэдээ таржээ. Хөгц хүн төрөлхтний бүтээсэн буй бүхнийг идэж устгах чадалтай. Пуужингийн түлшинд ч илэрсэн байдаг. 

Хөгц, мөөгөнцөргүй цэвэр тасалгааны м3 тутамд ойролцоогоор 500 ширхэг мөөгөнцрийн биет буйг шинжилгээгээр тогтоожээ.
Үүнээс гадна өөр нэгэн түүх буй. Египтийн хааны хөндийд 16 жил малтлага хийсэн Говард Картерын судалгааг лорд Корнарвон санхүүжүүлж байлаа. Ингээд 1922 оны 11 сард Тутанхамон хааны битүүмжилсэн онгонг олов. Англи орноосоо охиноо дагуулан гарсан лорд эргэж ирсэнгүй. Лорд Египтэд ирснээсээ хоёр сарын дараа буюу 1923 оны 4-р сарын 5-нд нас баржээ. Сонин сэтгүүлүүд хааны хараал хэмээн шуугиан дэгдээсэн ч Тутанхамоны шарилд аспиргилус нигер гэх хортой хар мөөгөнцөр их хэмжээтэй үржсэн байсан нь хожмоо тогтоогдсон юм. Малтлаганд оролцсон олон ч хүн өвдөж насан эцэслэсэн билээ.


Энэ төрлийн мөөгөнцрийг мөөгөнцрийн эсрэг хүчтэй бодис бүхий битүүмжлэгдсэн орчинд хийж туршихад олноороо устсан ч хэсэгхэн мөөгөнцөр амьд үлджээ. Хүнийг хүхрийн хүчилтэй уусмалд байлгаснаас өөрцгүй энэ орчинд үлдэж чадсан хар хөгцийг барагтаа л бол устгах боломжгүй нь ингэж нотлогдов. 1935 онд Александр Чижевский нарны идэвхжил нь бичил биетүүдийг машид идэвхижүүлдэг болохыг илрүүлжээ. Хүн төрөлхтний түүхэнд тохиосон аймшигт тахал, дайн дажин, хувьсгал шинэчлэлүүд нарны идэвхжлийн үед тохиож байсныг ч батлаатхав.
Хөгцөрсөн гурилаар халдах эрготизм гэх өвчин Дундад зууны үед эх газраар нэг тарж, 1095 онд оргилдоо хүрсэн байдаг. Хүнд хэлбэрийн эрготизм нь идээт үрэвсэл, цаашлаад үхэлд хүргэдэг бол хөнгөн хэлбэртэй нь ухаан самуурах, бие сульдах, харгис хэрцгий ааш авиртай болох зэргээр илэрдэг аж. Чухам энэ л үед Загалмайтны догшин аян эхэлсэн түүхтэй. Ер нь Дундад зууны Европын ихэнх дайн дажин энэ мөөгөнцрийн хордлого дэгдсэн үетэй давхцдаг нь гайхширмаар.

Стресст орсон хүн картизол, сүүний хүчил ялгаруулна. Картизолын үхлийн гормон ч гэх нь бий.
Харин хайрлаж дурласан, жаргалтай, сэтгэл хангалуун хүн эндорфин хэмээх гормон ялгаруулдаг. Хүний дархлааны үндсэн бүтэц нь энгийн бүтэцтэй хоёр төрлийн мөөгөнцөр болохыг Америкийн эрдэмтэд саяхан тогтоожээ. Энэ хоёр мөөгөнцрийн харьцаа алдагдахад хүн өвчилнө. Аспиргилус гэх мөөгөнцрийн бүтэц алдагдахад сурьеэ, остеопороз, ясны өвчин тусч, ухаан санаа муудна. Харин мукор мөөгөнцөр гажихад цусны эргэлт зогсонгишихтой холбоотой өвчлөл буюу хорт хавдрын эс үүснэ. Уурлаж, айж, муу санаалж, сөрөг энерги хуримтлуулахад энэ хоёр төрлийн мөөгөнцрийн харьцаа алдагддаг ажээ.

Франц улс 1400 он. Залуу хоньчин Дю Ларзак Зомбаул уулын бэлд хонь ямаагаа бэлчээжээ. Холгүйхэн байх Рокфор тосгонд хайртай бүсгүй Аннет нь аж төрөн сууна. Тосгоны ойр орчинд шохойн чулуун агуй ихтэй. Халуунаас хоргодож, ундалж болохоор байж. Нэгэн өдөр гэрээсээ авч гарсан талх бяслагаа агуйд үлдээж, хэд хоногийн дараа ирсэнд бяслаг нь хөгцөрсөн байлаа. Өлссөн залуу бяслагаа тэсэлгүй идчихэв. Жирийн бяслаг тансаг сайхан амттай болсон байж, тэр цагаас хойш хөгцөрсөн бяслаг үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Ингэж Рокфор бяслаг үүссэн гэдэг. 

1411 онд 6-р Карл хаан Рокфор тогсоныхныг энэ төрлийн бяслаг үйлдвэрлэх давуу эрх олгожээ. Хэдийгээр 600 гаран жил өнгөрсөн ч энэ бяслагийг хийх арга технологи ер өөрчлөгдсөнгүй. 12 хэмийн дулаантай, 90%-ийн чийгшилтэй орчинд (шохойн чулуун агуйд) энэ бяслагийг хадгалж хөгцрүүлдэг. 

Усан үзмийг бүрхэх “бодрихис” гэх нэгэн төрлийн саарал хөгц сатерн гэх төрлийн онцгой дарс үйлдвэрлэхэд ихээхэн тустай гэнэ. Усгүй болсон усан үзмээр нэрсэн энэ төрлийн дарс нь маш үнэтэй, тансаг чихэрлэг амттай. Хамгийн үнэтэй дарсны нэг болох “Шато Икен”-ийг ингэж хөгцөрсөн усан үзмээр хийдэг ажээ.

Флеминг эмчийн угааж цэвэрлээгүй аяга тавган дунд байсан шинжилгээний шилэн дээр үүссэн пенициллум нотатум гэх хөгц антибиотикийн эринг эхлүүлсэн юм. Тухайн үед стафилококкийн эсрэг эм хайж байсан эмч нэгэн өдөр тэр шилэн дээрх нянгууд алга болсныг олж мэдэв. Үүнээс хойш 12 жилийн дараа л сая сая хүний амь амьдралыг аврах антибиотик үүснэ.

Чингээд цэвэршүүлээгүй пенициллинийг гаргаж авсан микробиологич Чейн, Флори нар 1941 оноос Америкт очиж судалгаагаа үргэлжлүүлснээр 1942 он гэхэд энэ тариаг үйлдвэрлэж эхэлсэн гэдэг. 


“Хүн төрөлхтний түүхийн турш үүн шиг олон хүний амь насыг аварсан эм нэгээхэн ч үгүй. Хоёрдугаар дайнд ялахад пенициллин 25 дивизээс ч илүү үүрэг гүйцэтгэсэн” гэж 1945 онд Флеминг, Чейн, Флори гуравт биологийн салбарын Нобелийн шагнал гардуулахад өгүүлжээ. Флеминг олон сая хүний амь насыг аварсан пенициллинээ зориуд патентжуулаагүй боловч Америкийн эм үйлдвэрийн компаниуд патентжуулсан байсанд ихэд дургүйцэж, энэ мэт ашиг тустай эд хэн нэгний өмч байх ёсгүй хэмээн үзэж байжээ.
ЗХУ 1941 оноос Флемингийн хөгцний загварыг авахыг хүссэн ч хариу авсангүй. Ингээд З.Ярмольевагаар ахлуулсан эрдэм шинжилгээний багийнхан пенициллум хөгцнөөс хрустазин хэмээх өөрийн эмийг гарган авчээ.
Чернобылийн сөнөсөн блок, сансрын станц ч он жилийн уртад хөгцөрсөн юм. 2007 оны 12-р сард Ангараг гараг дээр явагч дугуйнд микро организмууд илэрсэн нь тэнд амьдрал буй болохыг нотолсон гэгдэнэ. Хөгц хаа сайгүй амьдрах чадвартай ажээ.
Уяман өвчинг үүсгэх нян нэгэн төрлийн хөгцнөөс бүрдэх агаад эрт дээр үеэс ийм өвчтэй хүнийг бурхан өөрийн бус бусдын үйл лайг үүр хэмээн тамгалсан гэж үздэг байж. Хачирхалтай нь энэ өвчнөөр хүнээс өөр амьтан огт өвчилдөггүй гэнэ.
Угаас аливаа зүйлийн харьцаа алдагдаж, мөхлийн ирмэгт ирэхэд мөөгөнцөр үүсч дохиолдог болохыг эрдэмтэд тогтоожээ.


7.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


хөгц ч ёстой гоё юма
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start