Арав.мн

Үхэгсэд нь унтдаггүй нутаг

Үхэгсэд нь унтдаггүй нутаг

Палермо хотын нисэх онгоцны буудлыг Фалцонэ-Борселлино гэдэг. Телевизийн шоуны нэр шиг сонсогдох ч энэ нэр үнэндээ Сицилийн эртний уламжлалт зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг зоригтойгоор тэмцсэн хоёр шүүгчийн нэрний нийлбэр юм. Тэд хоёул мафийнхны гарт амиа алджээ. 

Италийг, тэр дундаа Сицилийг дэлхийд таниулсан мафийн ертөнцийн тухай нутгийн иргэд гаднынхантай ярилцах дургүй. Мафитай холбоотой бүхнийг сицилчүүд гэр бүлийн нууц, хувийн эмгэнэл гэж үздэг.


05

Нууцлаг газар

Сицил үнэхээр ч онцгой нууцлаг газар юм. Энэхүү автономит бүс нутгийн нийслэл Палермо хотын хар, саарал гудамжууд, 1943 онд холбоотнуудын бөмбөгдөлтөөс үлдсэн хуучны барилга байгууламж дээрх ул мөр, хойд Африкийн дүрвэгсдийн амьдардаг хөлсний навтгар байрнуудаас бүрдэх содон дүр зураг нь үүнийг илтгэнэ. Сицил нутаг иргэд шигээ үзэсгэлэнтэй, өвөрмөц, сэтгэл татам, мөн “эршүүд”.

Сицил 1950-иад он хүртэл Европын хамгийн хөгжил буурай бүс нутгийн нэг байв. Сицилчүүд олон зууны турш аллага, урвалт, авлига, шударга бус шийтгэл, өш хонзон сүлэлдсэн амьдралаас сайн сайхан руу тэмүүлж иржээ. Гэвч “Цус цус л дууддаг” гэсэн эртний бичигдээгүй хууль ганц Сицилд л жинхэнэ утгаараа үйлчилдэг.


04

Капучин хийд

Палермо хотын Капучин хийд гаднаасаа тун чамбай загвар хийц бүхий хүйтэн хөндий барилга юм. Тус хийд мафийнхны 1992 онд Борселлино шүүгчтэй “тооцоо бодсон” газрын харалдаах оршуулгын газрын хажууханд оршино. Сүмийн үүдэнд гэлэн нар тасалбар, ил захидал, танилцуулга худалдах агаад дотогш орж, шатаар уруудмагц Гашуудлын хатагтай хэмээх модон хөшөө бий. Харин хөшөөний хажууханд үхэгсдийн хүлээлгийн өрөө буюу хонгилд нэвтрэх хаалга үзэгдэнэ. Тэрхүү өндөр гулдан таазтай, аварга том, урт нарийн танхим ихэнхдээ жихүүн, чийгтэй байх бөгөөд хуучин хувцасны тоос, эхүүн, нэгширсэн үнэр хамар сэтлэх шахна. Танхимын том цонхнуудаас гадна таатай үнэр ялгаруулагч чийдэн, дэнлүүнүүд шуудхан нүдэнд тусах ажээ. 

Харин хананаас өлгөөтэй, сандал дээр зогсоо, эсвэл авсан дээрээ суугаад амарч буй мэт 2000 орчим шарил л энэ танхимыг туйлын онцгой болгох аж. Энд амьд ахуйнхаа хувцастай буй энэ цогцоснуудаас өөр хэн ч байхгүй. Үхэгсэдтэй холбож өгсний хөлсөнд жуулчид багахан хэмжээний мөнгө төлнө. Шашин, соёлын чухам алинтай холбоотой нь тодорхойгүй ч Капучин хийд жуулчдыг сая саяар нь татдаг байна. 

Таалал бологсдыг хадгалж, занданшуулах Европын өв, соёл зөвхөн Сицилд л бий. Үхэгсдийг хачирхалтайгаар “амьдруулах” нь Италийн бусад нутагт ажиглагддаг ч талийгаач, амьд үлдэгсэд хоорондын онцгой харилцаатай гэгддэг Сицилд л бүр соёл, уламжлал болон үлджээ. Энэ нутгийн занданшуулсан шарил хадгалдаг газруудаас хамгийн алдартай нь энэхүү Капучин хийд юм.


03

Үзмэрүүд

Сицилд чухам хэчнээн занданшуулсан шарил бийг тооцоолох аргагүй. Мөн хэчнээн нь дээрх хонгилоос хөрсөн дор шилжсэнийг, чухам ямар шалтгаанаар талийгаачдыг ийн хадгалдгийг, эдгээрийг яагаад үзмэр болгосныг таахад бэрх. 

Хүмүүс үхэгсдийн танхимд чухам юу мэдэрдэг нь сонин. Ялангуяа талийгаачдын биеийг тэр дор нь далдалж нуудаг эртний уламжлалт барууны ертөнцийнхөн. Эдгээр цогцсыг ямар ч амьд хүн тэсвэрлэхийн аргагүйгээр гайхширсан, эмээсэн нүдээр удаан гэгч нь ширтэж болно. Капучин хийдийн амь тавьсан “оршин суугчид”-ын зарим нь аврал эрэн аймшигтайгаар хашхирч буй мэт авч нам гүм байдал нь л хэн хүнд айдас төрүүлдэг. Хатангиршсан хацар, эрүү, хонхойсон нүд, ясан гар, урт хар хумс, унжсан толгой нь олон хүний амьдралыг үзэх үзлийг өөрчилдөг нь мэдээж. 

Танхимын хаана ч эртний уур амьсгал мэдрэгдэх нь хуучин цагийн эмч, хуульч, цэргийн хувцастай цогцоснуудтай холбоотой. Эхний танхимын цаахна эмэгтэйчүүдийн хонгил байх ба эндээс эртний олон загвар, хэв маягийг харж болно. Хонгилын нэг буланд ариунаараа тэнгэрт хальсан охид, бүсгүйчүүдэд зориулсан бунхан бий. Мөнхийн ариуны бэлгэ тэмдэг болсон уг бунхны цаана хүүхдүүдийн багахан бунхан байдаг. Үдэшлэгийн гэмээр хувцастай хүүхдүүдийн цогцос эгээ л хүүхэлдэй шиг харагдана. Ертөнцийг таньж ч амжилгүй өөд болсон хүүхдүүдийн булан Капучин хийдийн хамгийн сэтгэл шимшрэм, уй гуниг төрүүлдэг хэсэг юм.  

Хийдийн хамгийн эртний буюу анхны занданшуулсан шарил нь үхэгсдийн танхимд 1599 оноос хойш буй Сильвестро да Губбио хэмээх ламтны цогцос аж. Цогцоснуудын дийлэнх нь XIX зууны үеийнх бөгөөд олонх нь сүмтэй ямар нэгэн сэжмээр холбоотой байсан лам хуврагуудынх юм. Анхандаа өглөгч олон, ихэс ноёд болон олны танил хүмүүсийн биеийг мөнхөлдөг байсан аргаар яваандаа санваартнуудыг хийдэд нь нойрсуулах болжээ. Харин чухам ямар шалтгаанаар өөд болоочдыг ийн хадгалж эхэлсэн нь тодорхойгүй. Магадгүй хийдийн нууцлагдмал сэрүүн хонгилд цогцос ялзарч муудалгүй хатаж, тухайн хүний амьд ахуйн дүр төрхийг хадгалан үлдсэнийг анзаарсан хэн нэгэн талийгаачдыг шашны ариун газарт байлгаж эхэлсэн байж мэдэх юм. 

Цогцос хадгалах арга удалгүй нарийн дэг жаяг, ёс горимтой болжээ. Амьсгал хураагаад удаагүй нэгний цогцсыг хийдийн тусгай тасалгаанд авчирч, хэсэг байлгасны дараа шингэнийг нь нууц аргаар гарган авдаг байж. Харин 8-12 сарын дараа цогцсыг цагаан цуугаар угааж, хамгийн сайхнаар нь хувцаслаад авсанд нь буцаах юм уу хананд өлгөдөг байв. Хатсанаас нь хэдэн жилийн дараа цогцсыг муутгалгүй хадгалах үүрэг бурхан хийгээд цаг хугацаанаас илүү эрдэмтэд, хийдийнхний мэдэлд шилжинэ.


02

Бяцхан Розалия

Өвөг дээдсийнхээ цогцсыг хадгалж хамгаалах ёс дэлхийн цөөнгүй хэсэгт бий. Гэхдээ ийн үзмэр болгосон нь үгүй. Олон соёлын өлгий болсон Сицилд мянга мянган хүн шинэ үзэл санаа, амьдралын өөр өөр хэв маяг, шашин шүтлэгийг авчирсан. Тэдгээр нь унаган нутаг, уугуул гарваль нь танигдахааргүй болтлоо холилдон уусчээ. Занданшуулсан шарилыг дэлгэж тавих ёс загалмайтны шашны сэргэн мандалтаас өмнөх үеийн бөө мөргөлийн сүсэг бишрэлтэй холбоотой гэж зарим судлаач үздэг.

Хийдийнхний хадгалах гэж оролдсон цогцос бүр сайтар хатаагүй нь мэдээж. Ялзарч муудсан цогцоснуудаас “шалгарч” бидний үед хүрсэн нь амьд ахуйдаа биеийн эсэргүүцэл сайтай байсан, залуудаа нас нөгчсөн, эсвэл сайн үйл бүтээгчдийн цогцос гэдэгт нутгийнхан төдийгүй судлаачид итгэх болжээ. Тиймээс Капучин хийдийн нууцлаг хонгилыг сайн үйлстнүүдэд зориулсан бунхан гэлтэй. Эсвэл үхэл зайлшгүй гэдгийг сануулахыг зорьсон гэгээрсэн санваартнуудын бүтээл ч байж мэднэ. 

Хийдийн хамгийн алдартай цогцос авсандаа бөх гэгч нь нойрсох бяцхан Розалия Ломбардо охиных юм. Бор даавуунд хучаастай хөөрхий охины буржгар бор үс, шаргал тууз нь амьд нэгнийх шиг харагддаг. Нүдээ аньсан, амгалан төрхтэй охины хөмсөг, сормуус нь ч гэсэн амьд хүнийх шиг. Эргэн тойронд нь гавлын яс, эхүүн үнэрт танхимын уур амьсгал байгаагүй бол Розалия охин үдэшлэгийн дараа дугхийж буй бяцхан гүнжээс ялгагдахгүй. Палермо хотынхон Розалия охиныг бяцхан сахиусан тэнгэрээ гэдэг. Сицилийн таксины жолооч нар гадаадынхнаас “Розалияг үзсэн үү” гэж асуух нь элбэг.

1920 онд уушгины үрэвслээр нас барсан охиныхоо биеийг мөнхөлж хадгалахыг гашуудаж, цөхөрсөн эцэг нь Капучин хийдийн хувраг Альфредо Салафиягаас хүсчээ. Харин мөнөөх Салафияг хийдийн лам нарын цогцос занданшуулах нууц жор бүхий аргыг мэддэг байсан сүүлчийн хүн гэж түүхчид үздэг. Дэлхийн I дайны дараахан түүнийг АНУ-ын оршуулгын албаныханд нууц жороо худалдсан гэх яриа бий. Юутай ч тэрээр нууцаа аван тэнгэрт хальжээ.


01

Судалгаа

Сицилийн Савоца тосгон бол дов толгодын энгэр дэх ажин түжин суурин юм. Энд 40 гаруй жилийн өмнө Фрэнцис Форд Коппола алдарт “Загалмайлсан эцэг” киноныхоо хоёрдугаар ангийн нэлээд хэсгийн зургийг авчээ. Майкл Корлеоны сицил бүсгүйтэй хуримладаг уушийн газар өнөө ч энд бий. Гэхдээ сицилчүүдийн олонх нь нутгийг нь кино хальснаа мөнхөлсөн дээрх алдарт бүтээлийг үзээгүй гэж мөрийцөхөд ч алдахгүй. 

Савоцагийн толгодын орой дээр готик хүрээлэн гэхээсээ залуусын нийтийн байр шиг харагдах сүм байдаг. Энэтхэгийн Жаркандаас ирсэн хоёр гэлэнмаагаас өөр хүнгүй энэхүү жижигхэн сүмд Сицилийн занданшуулсан шарилуудыг судалдаг гурван гол эрдэмтэн хэдэн жилийн өмнөөс судалгааны ажлаа хийх болжээ. АНУ-ын Миннесотагийн уугуул, дэлхийн занданшуулсан шарил судлалын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг, 80 настай Артур Ауфдерхаид, Италийн хойд хэсэгт орших Занданшуулсан шарил, мөстлөгийн хүрээлэнгийн тэргүүн, Германы иргэн Альберт Зинк, залуу сицил эр Дарио Пиомбино-Маскали нар Капучинаас гадна Сицилийн хэд хэдэн сүм хийд дэх занданшуулсан шарилуудыг судалдаг байна. Тэд цогцсыг сайтар хадгалах итали аргыг судлахаас гадна олон зууны өмнөх хүмүүсийн үхлийн шалтгааныг тодруулах, тэдний аминд хүрсэн халдварт өвчнүүдийн өнөөгийн тархалт зэргийг судлах зорилготой. Судлаачдын тогтоосноор өөд болоочдын олонх нь сүрьеэ, хумхаа, булчин задрах тахал зэрэг өвчнөөр хорвоог орхижээ. 

Сүмийн судалгааны өрөөнд эвгүй үнэр бодсоноос хавьгүй бага байх нь өөд болоочдын биед байгалийн гаралтай цэцэг, ургамал, үнэртэн хийсэнтэй холбоотой аж. Энэ нь уг хачирхалтай үйлийг гүйцэтгэдэг байсан лам хуврагууд цогцсыг муутгахгүй байх бүхий л аргыг мэддэг байсныг гэрчилнэ. Гэвч Сицилийн занданшуулсан шарилуудыг хувцаслаж, ариутгасан лам нар хойч үеийнхэнд чухам юу үлдээхийг зорьсныг хэн ч, хэзээ ч мэдэх аргагүй биз ээ. Сүм хийдийн “нойрсдоггүй иргэд” ойрын хэдэн жилдээ л Сицилийн тайлагдашгүй нууцын нэг хэвээр байх нь ч маргаангүй юм.



8.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+2
судлах хэрэгтэй юм л даа хэн ч гэсэн амьдралаас уйдаагүй
+1
Goy shuu
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
109,300 оноо
Г.
02Г. Орхоо
20,000 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд