Арав.мн

Математикч морь Ухаант Ханс

Математикч морь Ухаант Ханс

Германы нэгэн дунд сургуулийн математикийн багш Вильгелм фон Остен 1880-аад оны сүүлээр Берлин хот дахь гэртээ шинжлэх ухааны олон арван туршилт хийж эхэлжээ. 

Математикийн ухаанаас гадна тэрээр хүний уураг тархины хөгжил хийгээд амьтдын толгойн хэмжээ ааш зан, сэтгэн бодох чадварт нь хэрхэн нөлөөлдгийг судалдаг байж. Харин энэ бүх судалгаа, шинжилгээний ажлаас илүү амьтдыг ухаалаг болгох туршилт нь Остенийг алдаршуулжээ. Тэрээр хүний хэт хөгжил амьтдын сэтгэн бодох чадварыг доройтуулсан гэдэгт бат итгэлтэй байлаа. Тиймээс ч энэхүү онолоо батлахын тулд муур, морь, баавгай зэрэг олон амьтныг тооны аргаар хүн шиг ухаалаг болгохоор зориг шулууджээ. 

Түүний хар мууранд нэг ч сайн тал байсангүй, харин баавгай ухаант амьтан гэхэд дэндүү догшин байв. Остений гахай, шувуу, хулгана, муураас бүрдсэн арав гаруй амьтдаас ердөө Ханс нэрт араб үүлдрийн морь л жинхэнэ ид шидийг харуулжээ. Хожмоо “Ухаант” хэмээн алдаршсан Ханс эзнийхээ самбар дээр бичсэн тоог урд туурайгаараа газар тогшин сонсгодог онцгой авьяастай байв. Эхний хичээлээсээ хэдхэн сарын дараа гэхэд л арав хүртэлх тоог төвөггүй таних болсон Ханст Остен арифметик, геометрийн энгийн бодлогыг бодох аргачлал зааж эхлэв. Ханс зөв хариултыг буруугаас нь ялгахын хажуугаар үржүүлэхийн хүрдийг ч цээжээр мэдэх болжээ.  

Остен 1891 оны хавраас Ухаант Хансаа дагуулан Германыг тойрон аялах болов. Тэдний очсон газар бүрт хэдэн мянган хүн цуглах болж, тоо бодож чаддаг өвөрмөц морины тухай яриа Герман төдийгүй Европ даяар тархав. Yзүүлбэрийн үеэр Остенийг “Хэрэв сарын эхний өдөр лхагва гариг бол дараагийн даваа гариг нь хэдэн байх вэ?” гэж асуухад Ханс зургаан удаа газар тогшино. Мөн “Хэдийг дөрвөөр үржүүлэхэд 16 гарах вэ?” гэхэд дөрвөнтөө товшдог зэрэг олон гайхалтай үзүүлбэр нь олныг алмайруулж орхидог байв. Ханс тооноос гадна үсэг таньдаг болох нь удалгүй батлагджээ. Гойд тайван, номхон дөлгөөн Ханс огт залхуурч төвөгшөөхгүйгээр цагаан толгойн үсгийг дарааллынх нь дагуу товшиж “үсэглэж” сурчээ. Нэг үгээр “А” гэхэд нэг товшиж, “C” гэхэд гурав товшдог байж. Энэ мэтээр самбар дээр бичсэн ямар ч нэрийг тэр алдаа мадаггүй товшиж ёстой л амьд морзийн үүрэг гүйцэтгэх болов. Хэдийгээр хааяа нэг алдах тохиолдол байсан ч түүний нийт хариултын 89 хувь нь эргэлзээгүй зөв байсан гэдэг.

“Нью-Йорк Таймс” сэтгүүлийн нүүрэн дээр Хансын зураг хэвлэгдэж ухаалаг морь Америкт алдаршиж эхлэх үед буюу 1904 онд Германы боловсролын яамнаас “Хансын хороо” гэгчийг байгуулж Остеноос хайртай морийг нь судлах зөвшөөрөл хүсчээ. Тус хороонд хоёр амьтан судлаач, нэг сэтгэл зүйч, циркийн хоёр ажилтан, нэг морь сургагч, дунд сургуулийн арав гаруй багш нар багтсан байна. Тэдний дүгнэлт Хансын үзүүлбэрийг ердөө л заль гэж таамаглаж байсан хүмүүсийг гайхшируулж орхив. Амьтан судлаачид Хансыг зальддаггүйг тогтоосон бөгөөд багш нар түүнийг 14 настай онц сурлагатантай зүйрлэсэн байна. Эцсийн дүнд Ухаалаг Ханс яах аргагүй байгалийн гоц үзэгдэл болох нь маргаангүй үнэн болжээ.  

Математикч морины онцгой авьяасыг дахин судлах ажлыг “Хансын хороо” дараа жил нь сэтгэл судлаач, эмч Оскар Пфунгистад даатгасан байна. Пфунгист олон зуун асуулт бэлдэн Хансыг үнэхээр суут ухаантай эсэхийг тогтоохын тулд асар том саравчинд түүнтэй бараг л хамт амьдарч эхлэв. Түүний дүгнэснээр Ханс эзнийхээ асуултад л илүү оновчтой хариулдаг бөгөөд тайван үедээ сэтгэн бодох чадвар нь илүү сайн байсан аж. Харин ухаалаг морийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахын аргагүй онцгой авьяастан гэсэн “Хансын хороо”-ны дүгнэлтээс огт ялгаагүй дүгнэлт гаргахын даваан дээр Хансын нэгэн сул талыг Пфунгист нээжээ. Тэр нь асуулт тавьсан хүн нь хариултаа мэдэхгүй тохиолдолд Ханс ч мөн барьц алдаж, буруу хариулт өгөх тохиолдлууд байж. 

Гэхдээ энэ нь түүний сэтгэн бодох чадварыг үгүйсгэсэн дүгнэлт бус, харин ч бас нэгэн онцгой авьяасыг нь нээсэн байна. Зөв хариултыг мэддэг хүний асуултад төвөггүй хариулдаг Ханс тэгэхээр бусдын бодлыг давхар уншдаг болж таарав. Пфунгист түүнийг асуулт тавьсан хүнийхээ нүүрний хувирал, амьсгаа, харц зэргийг ажиглаж хэдэн удаа товшихоо мэддэг гэж үзжээ. Мөн Ханс буруу хариулснаа мэдэрдэг бөгөөд олон дахин алдаж хариулаад уцаарладгийг ч тэрээр тогтоосон гэдэг. Пфунгист эдгээр дүгнэлтээрээ Хансыг оюун ухааны онцгой чадвартай бус, харин хүний хөдөлгөөн, нүүрний хувирлыг адгуусан зөнгөөрөө мэдэрдэг энгийн морь болгон харуулахыг хичээсэн ч Остен болон түүний араб морийг бишрэгчдийн тоо буурсангүй. Олон арван эрдэмтэн, судлаач Пфунгисттай санал нийлсний дараа ч Ухаант Ханс барууны ертөнцөд шагшигдсан хэвээр байлаа. 

Эзэнтэйгээ хамт хөгширсөн Ухаант Ханс чухам хэдэн он хүртэл амьдарсан нь өнөө хэр тодорхойгүй бөгөөд Остен Пфунгистийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөлгүй байсаар ухаант морио сураг алдрахаас хэдэн жилийн өмнө буюу 1909 онд өөд болжээ. Харин Хансын сураг 1916 оноос тасарсан байна. Өдгөө Хансын нэр биеийн хөдөлгөөнөөр бусдын бодлыг уншдаг үйлдлийг заасан “Ухаант Хансын нөлөө” гэх шинжлэх ухааны нэр томъёо төдийхөн болж түүхийн хуудаснаа үлджээ.


9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Гайхалтай
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд