Арав.мн

Амьтны ертөнцийн 10 гайхалтай (ганц бие) ээж

Амьтны ертөнцийн 10 гайхалтай (ганц бие) ээж

Ээж байна гэдэг аль ч төрөл зүйлийн амьтанд жаргалтай ч, зовлонтой ч “ажил”. Тэр дундаа амьтны ертөнцийн ганц бие ээжүүдийг энэ ертөнцийн хамгийн үйлтэй амьтад гэлтэй. Үр төлөө ганцаараа өсгөдөг эх амьтан олон агаад тэднээс хамгийн эрэлхэг, хамгийн энэрэнгүй, бас хамгийн гайхаж бишрэм амьтдыг дор онцолж байна.


10

Чонон аалз

Аалз хэдий аюултай, аймшигтай амьтан боловч зарим зүйл нь үр төлдөө маш халамжтай. Аалзны олонх зүйл өндөгнүүдээ гарсан даруйд хаяж явдаг бол чонон хэмээгдэх аалзны эмэгчин нь өндөг бүрээ аминаасаа илүү хайрлана. Чонон аалз эхлээд хүр хорхойн шүлсээр нэгэн янзын уут хийж, түүндээ 100 хүртэлх тооны өндөгөө хийн хэвлийдээ тээн явдаг. Харин өндөгнүүдээ хагарсны дараа бяцхан зулзагуудаа нуруун дээрээ гарган бие даатал нь буюу дунджаар 10-аад хоног, заримдаа бүр хэдэн долоо хоногоор үүрч дүүрнэ. Бие нь ойролцоогоор 20-иос 30-аадхан мм урттай гэхээр тэр олон бяцхан амьтныг тээж явах нь амаргүй байдаг нь мэдээж. Гэсэн ч хорвоогийн ихэнх эх амьтны адилаар үрийнхээ төлөө тэвчээр заадаг нь энэ ээ.  


09

Гүзээлзгэнийн өнгөт хорт сумт мэлхий

Төв Америкаар нутагтай энэхүү хурц тод өнгөтэй мэлхий ямар ч амьтныг үхэлд хүргэж мэдэх хорыг арьсандаа агуулдаг. Гэхдээ эм нь мөнөөх хороо зөвхөн үр төлөө хамгаалахдаа л ашиглах бөгөөд эр нь өндөгөө гарснаас долоо хоногийн дараа нутаг орноо болон ижлээ орхин одож, арьсны хороо улам ихээр ялгаруулан бүр ч хараа булаам өнгөтэй болно. Харин үр зулзагуудаа хайрлаж, хамгаалах үүргийг эх мэлхий ганцаараа хүлээж үлддэг. Эм хорт сумт мэлхий зулзагуудаа нэг нэгээр нь зөөн ширэнгэн ойн хамгийн аюулгүй хэсэгт, өвс ургамал дунд, заримдаа ойр орчмынхоо хамгийн өндөр модны орой дээр нуун 50 хүртэлх хоног өдөр бүр тэднийгээ эргэж тойрно. Бяцхан хорт сумтууд бие даан идэш тэжээлээ олох чадвартай болж, хөл нь ургаж төлжсөний дараа л эхийнхээ дэргэдээс “өрх тусгаарладаг” бол эх нь үхэн үхтлээ тэднийхээ амьдардаг газар орныг алсаас харж хамгаалдаг. 


08

Орка

Өөрөөр алуурчин халим гэгддэг орка нь ухаалаг, хараа булаамаараа танигдсан далай тэнгисийн хамгийн том хөхтөн амьтны нэг юм. Оркаг зөвхөн эх нь өсгөх бөгөөд эцэг орка үр төлөө мэндэлмэгц холдон одно. Бүтэн 18 сар хээлээ тээдэг эх орка үр зулзагаа биеэ хамгаалах чадвартай болтол нь харж халамжилдаг. Зарим тохиолдолд бусад залуу ээж нартай сүрэглэн бяцхан зулзагуудаа өсгөхөд “хамтран ажиллах” нь бий. Орка мөн цаг бусаар эндсэн үр төлийнхөө араас эмгэнэн гашуудаж, нэгэн төрлийн ёслол үйлддэг нь батлагдсан цөөхөн амьтны нэг юм. Эх орка үхсэн зулзагаа нуруун дээрээ тавин олон хоног явах бөгөөд дээд тал нь бүтэн 17 хоног амьгүй үрээ авч явсан эх орка саяхан бүртгэгджээ. 


07

Орангутан

Хамгийн ухаалаг амьтдын нэг болох энэхүү оюун ухаант бич үр төлөө хамгийн удаан дэргэдээ байлгаж, өсгөж хүмүүжүүлдэгээрээ зөвхөн хүний дараа орно. Өөрөөр бол орангутан шиг үр зулзагаа олон жил халамжилдаг эх амьтан амьтны ертөнцөд өөр нэг ч үгүй юм. Эцэг орангутан моншоо өсгөхөд ер оролцохгүй. Бүх хөхтөн амьтны дотроос орангутаны монш л хамгийн удаан өсөж бойжих тул эхний хоёр жилдээ ээжээсээ бүрэн хараат байна. Эх орангутан үр төлөө хамгаалахын дээр идэх, уух, унтах, амрах, хол ойр явахыг нь хүртэл зохицуулна. Бүр найман нас хүртэл нь хөхүүлэх нь ч бий. Бяцхан оронгутан 10 нас хүрч байж л эхийнхээ дэргэдээс холдох бөгөөд эм оронгутан өөрөө эх болсон хойноо ч ээжээрээ туслуулдаг. Харин хөвгүүд нь ээжээсээ нэг холдсон бол эргэж ирэхгүй, эвцэлдэх болон үр төлөө үлдээх гэсэн ганц үүргээ биелүүлчихээд эцгийнхээ адил ижил сүргээ орхин явна. 


06

Заан

Эм орангутаны адил өөрөө эх болчихоод үр зулзагаа өсгөхөд ээжээсээ тусламж авдаг өөр нэг амьтан бол хуурай газрын хамгийн том амьтан заан юм. Зааны сүргийн тэргүүлэгч нь хэзээд “эмээ” заан байх бөгөөд ихэнх тохиолдолд тэр нь сүргийн доторх олон эм зааны ээж нь байдаг. Заан бол бүх хөхтөн амьтны дотор үр төлөө хамгийн удаан буюу бүтэн 22 сар тээдэг амьтан. Энэ нь эхийнхээ хэвлийд бойжих зааны тугалд уураг тархиа хөгжүүлэх хангалттай хугацаа. Гэвч төрсөн даруйдаа бие даах чадвартай бяцхан тугалыг эх нь тийм ч амар тавьж явуулахгүй. Урт хошуугаараа яаж ус уух, биеэ яаж хамгаалах, хэрэв эм тугал бол нас гүйцсэн хойноо идэр залуу эр заануудыг хэрхэх гэхчлэн юм бүхнийг зааж өгнө. Харин эр тугал бие гүйцмэгцээ эм заануудын сүргээс “хөөгдөх” бөгөөд тэднийг зөвхөн “эмээ” нь л эргэж тойрно. Амьтан судлаачдын саяхан тогтоосноор эмэг эхтэйгээ ойр дотно зааны тугалын нялх багадаа эндэх магадлал эмээгүй өссөн тугалынхаас хэд дахин бага байдаг байна. 



05

Цагаан баавгай

Цагаан баавгай бол хуурай газрын хамгийн том махчин амьтан. Гэхдээ догшин ширүүн энэ араатан үр төлөө халамжлах тал дээр ямар ч амьтнаас дутахгүй. Эвш буюу нас гүйцсэн эм баавгай дунджаар хоёр бамбарууш гаргах бөгөөд тэднийгээ хамгаалахын тулд энгэр ээвэр газар цас малтаж, үүр засна. Харин нэг ч кг хүрэхгүй жинтэй, сохор төрдөг бяцхан бамбаруушнууд хоёр нас хүртлээ эхийнхээ дэргэдээс холдолгүй, хахир хүйтэн орчинд хэрхэн амиа тээх арга ухаанд суралцдаг. Эх баавгай үр төлөө хөндлөнгийн бүх амьтнаас, бүр эцгээс нь хүртэл хамгаална. Идэш тэжээл хомс үед мөн олдсон бүхнээ бамбаруушдаа өгч, өөрөө хэд хоногоор өлөн зэлмэн явах нь бий. 


04

Имж

Имж уутат амьтан тул бусад хөхтөн амьтантай харьцуулахад дутуу бойжсон, нялх багадаа эндэх магадлал өндөр, зөвхөн эхийнхээ энгэрт л өсөж тэнхрэх зулзага төрүүлдэг. Эм имжийн нэгэн гайхалтай чадвар бол орчин нөхцөл таагүй үед биеийн дулаанаа зохицуулж, зулзагаа гаргах өдрөө өөрөө сонгох юм. Мөн хоёр умай, гурван үтрээтэй тул нэгэн зэрэг хүссэн тоогоороо хээлтэж чаддаг. Чухам ийм онцгой чадвартай учраас л эх имж хэвлийдээ хоёр зулзага тээхийн хажуугаар уутандаа нэгийг бойжуулж, дэргэдээ нөгөөг нь асрах жишээтэй. Ийм ээжийг мундаг гэхээс өөр юу гэх билээ. 


03

Америк гүмбараа

Матрын төрлийн хэвлээр явагчид ихэвчлэн хажиг, зожиг, догшин амьтад байдаг. Харин Америкийн гүмбараа матар аварга махчдынхаа дунд номхон дөлгөөн, эелдэг зөөлөнд тооцогдох бөгөөд үр төлдөө маш халамжтай. Эх гүмбараа эхлээд метр хэрийн гүнзгий, гурван метр орчим өргөн нүх ухаж, үүр бэлдэх агаад тэндээ ойролцоогоор 35-50 өндөг гаргана. Өндөгөө дарах хугацаандаа үүрэндээ хэнийг ч ойртуулахгүй. Америкийн гүмбараа мөн үүрнийхээ халуун дулааныг тохируулах онцгой чадвартай. Үүрний хэм хэдий их байна, өндөгнөөс нь эр зулзага гарах бол сэрүүн байхын хэрээр эм зулзага гарах магадлал нэмэгдэнэ. Харин бүх өндөгөө хагарсны дараа зулзага бүрээ нэг нэгээр нь бие дээрээ суулган хамгаалах бөгөөд идэш тэжээлд нь дөхүүлэхийн тулд аман дотроо зөөвөрлөх нь ч бий. Жил хүртэлх хугацаанд ийн “хөдөлмөрлөх” эх матар ой хүрсэн зулзагуудаа усанд тавьчихаад ахин шинээр үүр бэлдэж, дахиад л 50 хүртэлх тооны өндөг дарна. 


02

Cохор хорхой (сесилиан)

Энэхүү этгээд сонин, могой шиг амьтан угтаа могой, шавжнаас илүү мэлхий болон саламандер гүрвэлтэй ойрын төрөл юм. Газар, уснаа явагч хоёр нутагтан энэ хорхой газрын гүнд амьдрах бөгөөд үүндээ дасан зохицсоноор сохор болжээ. Сохор хорхойн зарим зүйл үр зулзагатайгаа тун жигтэй харилцаатай. Эх хорхой дөнгөж төрсөн зулзагуудаа бие дээрээ тавин, тэднээрээ өөрийгөө идүүлэх бөгөөд биеийнхээ бараг 15 хувийг үр төлдөө зориулж, тэднийгээ тэнхрүүлж бойжуулж авдаг. Энэ нь хэдий аймшигтай санагдах ч угтаа байгалийн жам ёсны үзэгдэл бөгөөд бүр сайн сайхан төгсгөлтэй. Эх хорхой идэгдэж, үгүй болсон биеийн хэсгээ дорхноо буцаан төлжүүлж, дахин ургуулах чадвартай, тиймдээ ч бяцхан хорхойнуудаа нас бие гүйцсэн хойно ч эсэн мэнд, эрүүл саруул байдаг байна. Харин эцэг хорхой бяцхан зулзагуудаа эхийнхээ бие дээр наалдаж эхэлмэгц гэр бүлээ орхиж явна. 


01

Аварга наймаалж

Номхон далайн хойд хэсгээр нутагладаг аварга наймаалж дэлхий дээрх хамгийн том наймаалж бөгөөд хамгийн томдоо 270-аад кг жин татаж, есөн метр хүртэл өсөж бойжно. Гэхдээ үлэмж том биетэй нь харьцуулахад тун богино насалж, дээд тал нь ердөө дөрвөн жил л амьдардаг. Үүнд нөхөн үржихүй нь голлох үүрэг гүйцэтгэх бөгөөд эр наймаалж эвцэлд орсныхоо дараа, харин эм наймаалж ээж болсныхоо дараа амьсгал хураана.  Хамгийн ихдээ 100-гаад мянган өндөг гаргах аварга эм наймаалж тэднийгээ бүгдийг нь авгалдай болтол харж хамгаалан, тэр бүх хугацаанд хамаг цаг зав, тамир тэнхээгээ зөвхөн өндөгнүүдээ халамжлахад л зарцуулдаг. Өөрөөр бол байрнаасаа ч хөдөлдөггүй, юу ч иддэггүй гэсэн үг. Харин энэ хүнд хүчир ажлын дараа буюу өндөгнүүдээ хагарсны дараа өөртөө идэш тэжээл олох тэнхэлгүй байх тул хэдэн мянган үр төлөө хамгаалсаар, хөдөлж чадахгүй байсаар, биеийн жингийнхээ тал хүртэлх хувийг алдсаар, бүр эцсийн мөч хүртлээ хэдэн мянган зулзага руугаа хүчилтөрөгчтэй ус найман тэмтрүүлээрээ түрсээр амьсгал хураадаг байна. 



8.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+7
хөөрхий наймаалж
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дашдэмбэрэл
01Дашдэмбэрэл Азжаргал
109,300 оноо
Г.
02Г. Орхоо
20,000 оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд