Арав.мн

Ертөнцийг аврагч “хар ажилчид”

Ертөнцийг аврагч “хар ажилчид”

Технологийн салбар дахь томоохон компаниудын байр цэвэр цэмцгэр, оффисийн хамгийн сүүлийн үеийн тавилга, дэгжин дотоод засалтай байдаг. Харин хамгийн чухал ажлыг нь нугалдаг, дэлхийн нөгөө талд байх “оффисууд” нь сургуулийн хуучин байр, нурж унах шахсан орон сууцны хонгилд байдгийг та мэдэх үү? Тийм газрын нэг нь Филиппиний нийслэл Манилагаас баруун өмнөд зүгт 20-иод км-ийн зайд орших Бакур хот дахь авто баазын хуучин байшинд байх ажээ. Элэгдсэн, нарийхан шатаар нь өгсөхөд тамхи татаж амсхийхээр гарч яваа ажилтнуудтай нь арайхийн зөрнө. Харин оффисийн гол танхимын үүдэнд харуул байх ба “шалгалт”-ыг нь давж, цааш орвол урт, модон ширээ тойрон суусан, орчноо мэдрэлгүй компьютерийн “гар”-аа нүдэх 10-аад хүн үзэгдэнэ.

Тэд оффисийн ердийн ажилтнууд биш гэдэг нь хамгийн захад суух залуугийн дэлгэц рүү өнгийхөд л мэдэгдэнэ. Дэлгэц дүүрэн цус нөж, хэлье гэвч үг эвлэхээргүй, гаж муухай бэлгийн ажил, арьсны өнгөөр ялгаварлагчдын зэрлэг балмад үйлдэл гээд хүн гээч адгуусаас гарч болох хамгийн адгийн бүхнийг харуулсан бичлэг, зураг зэргийг тэд зогсоо зайгүй устгах ажээ. Үзэшгүй муухай, төсөөлөшгүй муу болгоноос бид бүгдийг хамгаалдаг цахим сүлжээний “хар ажилчид”-ыг “Фэйсбүүк”, “Твиттер”-ээс эхлээд сошиал медиатай холбогдох бараг бүх компани хөлсөлж ажиллуулдаг байна. “MySpace”-ийг ид мандаж байхад Аюулгүй байдлын хэлтсийн даргаар нь ажиллаж байсан, одоо цахим “цэвэрлэгчид”-ийн шинэ үеийг бэлдэж байгаа Хеманшу Нигамын ярьснаар ийм устгал хийдэг 100 мянга гаруй нууц мэргэжилтэн дэлхийн хэмжээнд бий гэнэ. Энэ нь “Google”-ийн нийт ажилтнаас хоёр дахин, “Фэйсбүүк”-ийнхээс 14 дахин олон гэсэн үг. 

Их цэвэрлэгээний 70-аад хувь Филиппинд явагдана. АНУ-ын колони байсан тус улсын иргэд Америкийн түүх, соёл болоод америкчуудын, ер нь өрнө, дорнын аль алинаас хөгжлийнхөө үр жимсийг хүртсэний хувьд ямар ч үндэстний сэтгэхүйн онцлог, юунаас эмээж, ямар зүйлийг жигшин зэвүүцдэгийг нь анддаггүй сайн талтай гэнэ. Гэхдээ цахим сүлжээний хамаг л хог, шаарыг цэвэрлэдэг хэрнээ тэд мэдээллийн технологийн салбар дахь бусад ажилтантай харьцуулахад маш бага цалин авдаг. Саяхныг хүртэл сард дунджаар 500 ам.доллараар ажилладаг байсан тэднийг харин сүүлийн үед харж үзэх болжээ. Одоо зарим нь сард 3000 “ногоон” хүртэл авдаг. Энэ нь цаг үеийн байдалтай холбоотой. Олон улсыг хамарсан, Арабын хавар гэгдсэн эмх замбараагүй байдал, хэт үзэлтнүүдийн зэвсэгт тэмцэл гаарсан зэрэг нь үүнд хамгийн их нөлөөлсөн байна.

“Цэвэрлэгч” байх маш хэцүү. Америкийн нутаг дахь хамгийн том “цэвэрлэгээ”-ний газарт ажилладаг байсан Роб гэх нууц нэртэй мэргэжилтнээр жишээ татъя. Түүний ярьснаар ийм ажил хийдэг хэн ч эхний удаад дээд тал нь гурван сар л тэснэ, дараа нь ажилдаа даслаа ч хэдэн сар болоод л тэвчээр нь алдардаг байна. Тэр өөрөө бараг өдөр бүр “Би ер нь юу хийгээд байна аа” гэж боддог байжээ. Роб анх 2010 онд цахим сүлжээний зохицуулагч болсон байна. Коллежоо төгсөөд найз охиноо дагаж, Америкийн баруун эргийг бараадахдаа Калифорнид амьдарна, тэндхийн хамгийн том компанид ажиллана гэж мөрөөдөж байж. Гэтэл олигтой ажил олдолгүй олон сар болж, яваандаа цөхөрч эхэлсэн тул чухам юу хийх нь тодорхойгүй ч “YouTube”-д ажиллуулна гэсэн нэг найзынхаа саналыг зөвшөөрч орхижээ. Тэгээд ч цагт 20 ам.доллар өгнө, яваандаа “Google”-д ажиллах боломжтой гэсэн ажлаас татгалзаж чадаагүй байна.

Роб эхний хэдэн сард Сан Бруно хот дахь “YouTube”-ийн салбарт видео хянагч хийх ажилдаа дуртай байлаа. Хамт ажиллагсдынх нь олонх өөр шиг нь дөнгөж сургуулиа төгссөн залуус, дарга нь ч ааш зан сайтай, дээр нь өдрийн хоол үнэгүй байсан зэрэг нь түүнд таалагдаж байв. Тэрээр өдөрт найман цаг компьютерийн өмнө сууна. Цагт хамгийн ихдээ 10 видео үзэж, “YouTube”-д байрлуулж болох эсэхийг шийдэж, заримыг нь засаж, танана. Заримдаа чөлөөтэй үедээ хүссэн зүйлээ зохиогчийн эрхийн элдэв хориг, саадгүйгээр үзнэ. Гэтэл хэдэн сарын дараагаас байдал бишдэж эхэлжээ. Тушаал дэвшиж, хэлтсээ хариуцах болсноосоо хойш Роб гудамжны зэрлэг зодоон, гаж донтнуудын санаанд багтамгүй завхай явдал, авто замын аймшигтай ослоос эхлээд амьтан яргалах, амиа золиослогчид биеэ дэлбэлэх, хэт үзэлтнүүдийн цаазын ял гүйцэтгэх зэргийг харуулсан элдэв бичлэгтэй зууралдах болов. 2011 оны Арабын хавар түүнийг бүр ч сэтгэлээр унагаж орхижээ. Тэмцэгчид эрх баригчдынхаа үйлдэж буй хүчирхийллийг дэлхий нийтэд хүргэх гэж “YouTube”-д хандах нь нэмэгдэж. Роб архинд орж, жин нэмэв. Бас нойргүйдэж, зүрх нь өвддөг болов. Ийм ажил удаан хийвэл хэзээ ч “Google”-ийн зохицуулагч болж чадахгүй гэдэг нь ч тодорхой боллоо. Тэгээд гэрээнийхээ хугацааг дуусахаас хоёр сарын өмнө өөр ажил олж, “цэвэрлэгч”-ийн ажлаа орхисон байна. “YouTube”-ийг цэвэрлэсэн сүүлчийн өдрөө Роб ажлаа тараад аав, ээжийндээ очиж, бүтэн гурав хоног унтжээ. Цахим сүлжээний манаач хийсэн гурван жилдээ тэр маш муу санаатай болсон гэнэ. Одоо ямар ч хүнтэй уулзсан “Хард дискэндээ юу нуудаг бол”, “Интернэтээр тэнэхдээ юу хайдаг бол” гэж хамгийн түрүүн боддог болсноо Роб ярив.

Түүн шиг “санаа муутай” болсон өөр нэг зохицуулагч бол Мария. Энэ нь мөн л түүний жинхэнэ нэр биш. Түүний хэлснээр цахим “цэвэрлэгчид” бүгд гутранги үзэлтэй, аймхай, сэжигч болдог гэнэ. “Хүнээс гарч болох хамгийн бузар булай, харгис хэрцгий бүхнийг бид үзсэн. Би одоо хоёр хүүхдээ гэрийнхнээсээ өөр хэнд ч итгэж үлдээдэггүй. Хүүхэд харах хүн олдохгүй бол шууд л ажлаа тасалдаг” гэж Мария ярилаа. Хэдийгээр байж болох хамгийн муухай ажил ч гэсэн тэрээр өөр шигээ нууц ажилтнуудыг ертөнцийг аврагч хэмээн бодох дуртай. “Хүний сайн нь муугаасаа олон нь үнэн. Гэхдээ муу хүн санаснаас хамаагүй олон шүү. Элдэв муухай зураг, бичлэгээс гадна зохисгүй, аймшигтай зүйл бичиж тараадаг хүн ямар олон гэж санана” хэмээн тэр ярина. Түүний хэлдэг үнэн. Байнга сонсогддог цахим халдлага, энд тэндхийн аллага, хүчирхийллийн баримт сэлтээс Роб шиг, Мария шиг хүмүүс л биднийг хамгаалж байгаа.

Дараагийн удаа та фэйсбүүк хуудасныхаа feed-ийг шалгахдаа, мэдээллийн сайтуудын хажуу хавьд нь юм уу, доогуур нь урсах заруудыг харахдаа, эсвэл “YouTube”-д хэн нь үл мэдэгдэх нэгний байршуулсан бичлэгийг сэтгэл түгшилгүй үзэхдээ тэдэн шиг, дэлхийн хаа ч юм, хэнд ч үл анзаарагдах хуучин муу барилгуудын булан тохойд суугаа 100 мянган хүнд талархаарай.

WIRED

 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start