Арав.мн

Хайрс хэрхэн далавч болон хувирсан тухай 10 баримт

Хайрс хэрхэн далавч болон хувирсан тухай 10 баримт

Жигүүртэн шувуудын өд хэрхэн бий болсон тухай, эрт нэгэн цагт хайрс байсан байх магадтай тухай сонирхолтой 10 баримт дэлгэе.


10

Хамгийн элбэг гайхамшиг

Бидний дийлэнх нь байгалийн содон үзэгдлүүдийг биеэр мэдэрч чадахгүй. Аварга арваалжийн сагсан бөмбөгийнх шиг том нүдийг ойроос харж, сэлмэн хошуутын дун цагаан соёог барих боломж цөөн хүнд л олдоно. Харин гартаа мэдэрч, гэртээ хадгалж болох байгальд хамгийн элбэг ганц гайхамшиг нь шувууны өд юм. Өд сөд гэгч зүйл гэтэл тийм ч эрт балрын зүйл биш ажээ. Жигүүртнүүд дэлхийн өнцөг булан бүрт, бүр хамгийн алслагдмал, эзгүйрсэн нутагт ч бий. Ердийн шувууны ширхэг өдөнд хэдэн сая жилийн тэртээ дэлхийг эзэгнэж асан үлэг гүрвэлийн түүх шингээстэй гэж бодохоор хачирхалтай мэдрэмж хэнд ч төрнө.


09

Нарийн бүтэц

Харин шувууны өд яаж олон янзын хэлбэр дүрстэй, хараа булаам өнгө зүстэй болсон юм бол гэж бодсон удаа танд бий юү? Амьтан судлаачдын таамагладгаар ихэнх шувууны өд сөд далавчны агаар зүсэх үүрэгтэй зохицож хөнгөн, нарийн болсон бөгөөд шувууны уян хатан, жижиг биед тохирч үзүүр нь урт, зөөлөн болжээ. Шувууны өд хийгээд далавчнаас нь санаа авсан хүн төрөлхтний техник технологийн хамгийн чухал ололтын нэг нь онгоцны далавч билээ. Гэтэл өд сөд өөрөө төмөрлөгөөс бүтсэн нүсэр том хүлгийн аварга далавчнаас дутахааргүй нарийн бүтэц, ээдрээт түүхтэй юм. 


08

Хувьслын нэгэн түлхүүр өгөгдөл

Гуурснаас салаалсан зөөлөн “өргөс”-нүүд, тэр бүрээс салаалсан бяцхан “өргөс”, тэдгээрийн үзүүр гээд бичилхэн атлаа нарийн бүтэцтэй зөөлөн эдүүд ширхэг өдийг бүрдүүлнэ. Өд сөдний хамгийн гайхамшигтай шинж нь шувууг далавчаа дэлгэхэд бүгд салаалан өндийж, биеэ хумихад нь эвхэгдэн байрандаа орох юм. Шувууны өд сөдний бүтэц, онцлог болоод хоорондоо уялдаа холбоотой энэхүү нарийн механизмыг судалсан эрдэмтэд жигүүртний биеийг бүрхсэн "бичилхэн" үс ноосыг ертөнц дээрх амьд биетний үүсэл гарваль, ерөөс хувьсал өөрчлөлтийн түүхэн дэх түлхүүр өгөгдлийн нэг хэмээн тодорхойлжээ. 


07

Archaeopteryx

1861 онд буюу Чарльз Дарвиныг “Зүйлүүдийн үүсэл” хэмээх түүхэн бүтээлээ хэвлүүлэхээс хоёр жилийн өмнө Германы эрдэмтэд 150 сая жилийн өмнө амьдарч байсан гэх хэрээний дайтай эртний нэгэн шувууны чулуужсан ул мөрийг илрүүлсэн байна. Тэрхүү шувууг хожим Archaeopteryx хэмээх нэрээр шинжлэх ухаанд бүртгэжээ. Орчин цагийн шувууны олон шинжтэй ч Archaeopteryx нь жигүүртнүүд мөлхөгчтэй үүсэл гарваль нэг гэдгийг батлах олон шинжийг хадгалсан байлаа. Уг шувуу шүдтэй, хурц сарвуутай байсны дээр урт сүүл нь ясархаг байж. Archaeopteryx-ийн ул мөр олдсон нь хөлтэй халимны чулуужсан ясны адил зүйлүүдийн үүсэл судлалын түүхэн дэх тэмдэглэлт үйл явдал болжээ. Дарвин хүртэл “Энэ гайхамшигтай шувуу намайг алмайруулав” хэмээн тэмдэглэсэн байдаг. Гэхдээ палеонтологичдын хувьд Archaeopteryx-ийн өд илүү урт, илүү эртнийх байсан бол бүр ч алмайруулам явдал болох байлаа. Учир нь уг шувуунаас ч эртний үед хамаарах хэвлээр явагчид болон жигүүртэн шувуудын чулуужсан үлдэгдэл олдсон байж. 


06

Хэвлээр явагчдын зүг

Гагцхүү хэвлээр явагчийн хэв шинжийг хамгийн их хадгалж үлдсэнээрээ Archaeopteryx мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан байна. Тиймээс ч өдний үүсэл гарлыг судлагчид судалгааныхаа хүрээг орчин цагийн шувууны эдүгээ цагийн хамгийн ойрын төрөл болох хэвлээр явагчдын зүг хандуулжээ. Мөлхөгчдийн хайрс болон шувууны өд сөдний аль аль нь хавтгай. Тэгэхээр жигүүртний дээд өвөг болох хэвлээр явагчдын хайрс аажмаар дэлгэгдэн, орчны өөрчлөлтөд зохицон зөөлөрч, үзүүр нь салаалан өнөө цагийн шувуудын далавч болсон байх магадлалтай. Мөн бусдаасаа илүү урт, том хайрстай мөлхөгчид хожим шувуу болсон гэж үзэж болох юм. Энэхүү хувьсал мэдээж нисэхэд зориулагдсан. Ойд амьдардаг, модноос мод дамжин дүүлдэг, жижигхэн биетэй, эвэрлэг хайрсан арьстай, дөрвөн хөлтэй хэвлээр явагч жигүүртэн шувуудын дээд өвөг гэж бодохоор хачирхалтай юм. 


05

Анхны таамгийг дэвшүүлсэн нь Жон Остром

Энэ тухай эрдэмтэд харьцангуй хожим буюу 1970-аад оноос л олонталаас нь хэлэлцэж, судалж эхэлжээ. Йелийн их сургуулийн палеонтологич Жон Остром жигүүртний өд сөд хайрснаас үүссэн байж болох тухай онолыг анх дэвшүүлсэн эрдэмтэн бөгөөд теропод гэгддэг өндөр хүзүүт үлэг гүрвэлийн гавлын яс орчин цагийн шувууныхтай ижил төстэйг анх ажигласан байна. Тероподынхны овогт Тираннозавр, Велоцираптор зэрэг үлэмж биет махчин араатнууд мөн багтдаг. Тиймээс Остром орчин цагийн шувууд үлэг гүрвэлийн үр удам гэх саналыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр анхлан дэвшүүлжээ. 


04

Үгүйсгэгчид бас бий

Тероподын овгийн зарим хэвлээр явагч өнөө ч урд хоёр мөч нь богино, арын хоёр нь урт мөн биед нь томдсон урт сүүлтэй зэрэг онцлогтой. Энэ нь хэвлээр явагчдын дээд өвөг мөн модноос модонд дүүлдэг байсныг гэрчлэх бөгөөд мөлхөгч болон шувууны үүсэл гарваль нэг, жигүүртний өд сөд нэгэн цагт хайрс байсан гэх таамаглалыг улам батална. Гэхдээ шувууг үлэг гүрвэлээс үүсээгүй гэж үздэг судлаачид бас бий. Тэд шувуу, үлэг гүрвэлийг ердөө өвөг нэгтэй болохоос нэг нь нөгөөгөөсөө үүсээгүй гэж үздэг байна.


03

Хятадаас илэрсэн олдвор

Хятадын  палеонтологичид 1996 онд богино мөчтэй, 125 сая жилийн настай теропод овгийн Синозавроптерикс хэмээх бага үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл илрүүлсэн нь өд судлал дахь баримт сэлтийг баяжуулжээ. Гэхдээ Остромын дээрх онолыг үгүйсгэж орхисон юм. Учир нь Синозавроптерикс нь сүүлэндээ багахан өдтэй байсан бөгөөд нисдэггүй байсан нь өд зөвхөн нисэхэд зориулагдан бий болсон гэх таамгийг бодит байдлаас холдуулсан байна. Тиймээс ч өд сөдний хувьслыг дараалалд бүрэн оруулах боломжгүй юм.


02

Идэвхгүй эс

Гэтэл 1990-ээд оны сүүлээр Йелийн их сургуулийн Ричард Прам, Коннектикутын их сургуулийн Алан Браш нар хайрс өд сөд болон хувирсан, цаашлаад далавч болсон байж магад гэх хувьслын онолд нэгэн санаа нэмж, гайхмаар нээлт хийсэн нь амьтны үр хөврөл, хүний ураг зэргийг бүрхэн байдаг плакод хэмээх давхарга дахь нэгэн идэвхт эс шувуудад “унтраалттай” буюу идэвхгүй байдгийг тогтоосон явдал юм. Тэднийхээр энэ нь шувууд өдтэй байдгийн гол шалтгаан гэнэ. Прам, Браш нар 2009 онд өнөө цагийн ихэнх шувууны дээд өвөг болох тероподын овгийнхноос гадна үлэг гүрвэлийн өнөр бүлийн салбар аймаг Птицетазов буюу өвсөн тэжээлт үлэг гүрвэлийнхний овог мөн өд сөдтэй, үсэрхэг арьстай байсныг тогтоосон байна. Энэ нь үлэг гүрвэлийн бүх өвөг өдтэй байсныг илтгэнэ. 


01

“Хайрс л өд болсон”

Өд судлал дахь хамгийн сүүлийн дорвитой судалгаа гэгдсэн энэ нээлт дээрх олон маргааныг нэг тийш болгоогүй ч "Эртний багц өд орчин цагийн өд болсон" гэх улиг болсон таамагтай зэрэгцүүлэн "Хайрс л өд болон хувирсан" хэмээх таамаг дэвшүүлэхэд ихээхэн дэм болжээ. Өдгөө энэхүү хачирхалтай чиглэлээр ажиллаж буй залуу эрдэмтэд чухам эл таамгийг чигээ болгон өд сөдний үүсэл болоод жигүүртний хувьслыг судалж байна.


9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start