Арав.мн

Хүн төрөлхтнийг устгах дөхсөн 10 гамшиг

Хүн төрөлхтнийг устгах дөхсөн 10 гамшиг

Дэлхий сөнөхтэй холбоотой кино бүтээлүүд дэлгэцнээ гарахад хүмүүс шимтэн үзсээр ирсэн. Бодит байдал дээр ч хүмүүс маш олон байгалийн гамшиг, аюул заналыг даван туулсан байдаг юм. Аливаа мөхөл, байгалийн гамшигт үзэгдэл хэдийгээр амьтан, ургамлын тоог асар ихээр бууруулдаг ч хамгийн чадварлаг, бүтээлч, хүчтэй нь үүнийг даван туулж чаддаг. Байгалийн шалгарлаар амьд үлдсэн хүмүүс өнөөдрийг хүртэл улам хөгжсөөр, дэлхийд ноёрхож байгаа билээ. Ингээд хүн төрөлхтнийг газрын хөрснөөс үгүй хийх дөхсөн 10 үзэгдлийг сонирхуулъя.


10

Хар тахал

“Хар тахал” магадгүй хүн төрөлхтөнд заналхийлсан хамгийн алдартай тахлуудын нэг байх. Дундад зууны үед Европт энэ тахлаас болж сая сая хүн үхсэн байдаг. Гэхдээ энэ тахал ганцхан удаа болоод өнгөрсөн үү гэвэл үгүй юм. Учир нь хар тахлыг үүсгэсэн вирусын халдвар хүн төрөлхтний түүхэнд хэд хэдэн удаа дэгдэж, дэлхийн хүн амын тоог маш ихээр бууруулж байсан гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй.

Булчирхайн тахлыг үүсгэгч “yersinia pestis” гэх энэ вирус хамгийн анх 541 онд илэрсэн байдаг. Юстинианы тахал нэрээр тэмдэглэгдэн үлдсэн уг тахал нь Византын эзэнт гүрнийг дайрч жил гаруй хугацааны турш өдөр бүр 5000 хүний аминд хүрч байсан аж. Тахлаас болж нийт 50 сая хүн үхсэн байдаг нь тухайн үеийн дэлхийн нийт хүн амын 25% нь байв.

Үүний дараа 1346 онд уг тахал дахин “Хар үхэл” нэрээр гарч иржээ. Өвчлөгсдийн бие дээр том том хавдар гарч ирэн, цусаар бөөлжин өндөр хэмээр халуурсаар нас бардаг байв. Хар үхлээс болж 75-200 сая орчим хүн үхсэн байна. Хаа сайгүй хүн үхэж байхад нарийн тоо бүртгэж суух хүн олдоогүй л болов уу. Энэ тахлаас болж Европын нийт хүн амын 60% нь үгүй болсон ба тахлын өмнөх тоондоо хүртэл 250 жилийг зарцуулсан байдаг.

Тахлын гурав дахь дэгдэлт 1855 онд БНХАУ-д гарсан байна. Тахлаас болж 10 сая хүн үхэв. Хэдийгээр хүн төрөлхтөн энэ бүгдийг даван туулж, амьд үлдэж чадсан ч тахлын вирус одоо хүртэл байдаг гэнэ. 


09

Мөстлөгийн үе

Өнөө үед бага зэрэг хүйтрэв үү, үгүй юу  хүмүүс ханиад, томуу хүрдэг болж. Тэгэхээр хүн төрөлхтөн мөстлөгийн үеийг амжилттай даван туулсан явдал нь маш гайхалтай хэрэг. Мөстлөгийн таван үе байдаг бөгөөд тэдгээрийн хамгийн сүүлийнх нь 30 мянган жил үргэлжилсэн байна.

Хүн төрөлхтөн мөстлөгийн үеийг хэрхэн давж гарсныг саяхан олж мэдсэн билээ. Судалгаанд дурдсанаар 37 мянган жилийн настай хүний чулуужсан яс олсон нь мөстлөгийн үед хүмүүс байсаар ирсний баталгаа аж. Дэлхий цас мөсөнд хучигдаж, ургамал хөлдөж эхлэх үед амьдрал маш хэцүү болов. Хомо сапиенс буюу бидний өвөг эцгээс бусад бүх хүний төрлүүд (тухайлбал, неандерталь) үгүй болжээ. Зарим эрдэмтдийн үзэж буйгаар хэдэн зуугаар тоологдох цөөн хүн өнөө цагийн Өмнөд Африкийн Кэйп Таун хотын ойролцоо орших харьцангуй дулаан цэгийг олж чадсаныхаа ачаар амьд үлдсэн байна. Өөрөөр хэлбэл эдгээр азтай хэдэн зуун хүнээс бусад бүх хүн төрөлтнүүд мөсөн галавыг туулж чадаагүй гэсэн үг. 


08

2012 оны нарны гялбаа

1859 онд дэлхийд асар хүчтэй нарны шуурга дэгдэж байжээ. Энэ нь аз болж Австрали тив дээр туссан байдаг. Ричард Каррингтон ба Ричард Хожсон гэх хоёр одон орон судлаач эрдэмтэд уг шуургыг ажигласан аж. Гэхдээ нарны шуургын нөлөө дэлхийн хүн амд бараг мэдрэгдээгүй байна.

Яг ийм шуурга өнөө цагт дахин дэгдвэл түүх өөрөөр бичигдэх юм. Учир нь нарны гялбаа нь цахилгаан үүсгүүрт нөлөөлж, хүн төрөлхтөн цахилгаангүйгээр амьдрах шаардлагатай болох байжээ. Шөнө гэрэлгүй болж, интернэт, мэдээлэл, харилцаа холбоо эргээд захиа хэлбэрт шилжинэ. Хамгийн аймшигтай нь энэ явдал 2012 онд бараг тохиолдох дөхсөн аж. Наран дээр болсон дэлбэрэлтээс үүссэн шуурга дэлхийг золтой л оноогүй байна. НАСА-гийн тооцоолсноор хэрэв нарны шуурга ЕРДӨӨ ЗУРГААН МИНУТЫН ӨМНӨ л болсон бол хүн төрөлхтөн одоо хүртэл гамшгаас сэргэж чадаагүй байх байжээ. 


07

Тунгусын солир

Огторгуй ертөнц биднийг үгүй хийх олон аргатай байдгийн нэг нь солир юм. Солироос болж үлэг гүрвэлүүд үгүй болж, музейн чимэг төдий л болсон гэдгийг бид бүгд мэднэ.

1908 онд асар том солир дэлхий дээр буюу Сибирийн Тунгускад унасан байдаг. Хэн ч байхгүй шахам газар унасан нь сохор аз байв. Учир нь уг солир унахдаа атомын бөмбөгөөс даруй 1000 дахин хүчтэй байсан бөгөөд 80 сая гаруй модыг үндсээр нь сугалсан аж. Хэдэн зуун километрийн цаана байсан хүмүүст солироос үүссэн чимээ сонсогдож, ойр орчмын тосгонуудын цонх нь хагарч байсан гэдэг. Атомын бөмбөг Хирошима, Нагасаки хотуудыг ямар байдалд хүргэснийг бид мэдэх ч түүнээс 1000 дахин илүү хүч дэлхийн хамгийн том хотуудыг ч үгүй хийх чадалтай байх нь тодорхой юм.

Солир ердөө жаахан л хазайсан бол Москва хот дээр унах байсан ба ингэсэн бол дэлхийн түүх орвонгоороо өөрчлөгдөх байсан билээ.


06

Хүн амын огцом цөөрөл

Одоогоос сая жилийн тэртээ хүн төрөлхтөн дэлхийгээс ор мөргүй алга болох дөхсөн байдаг. "Хамгийн аймаар" нь юунаас болсоныг нь одоо хүртэл мэдэхгүй байгаа явдал юм. Шинэ чулуун зэвсгийн үеийг судалдаг эрдэмтэд дэлхийн хүн ам яагаад ч юм огцом буурсныг тогтоожээ. Дэлхий дээрх хүн амын тоо 18 мянга орчим болж цөөрсөн аж. Өөрөөр хэлбэл устах аюулд орсон амьтан болж бүртгэгдэхэд хангалттай тоо гэсэн үг. Үүний шалтгааныг тайлбарлах олон таамаг байдгаас хамгийн өндөр магадлалтай нь дараах хоёр хүчин зүйл юм.

  1. Маш хүчтэй газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтээс болж хүмүүс үхсэн
  2. Хүн төрөлхтөн хэт нэг газраа төвлөрснөөсөө болж хоол тэжээлийн хомсдолд орж үхсэн

Ямартай ч хүн төрөлхтний тоо толгойг 18 мянга орчим хүргэсэн асар том үйл явдал үүссэн бөгөөд энэ эрчээрээ олон арван мянган жилийг туулсан нь тодорхой байгаа юм. Хэрэв дахиад нэг иймэрхүү явдал болсон бол дэлхий дээр хүн гэх амьтан огт байхгүй болох байжээ.



05

Шаансигийн газар хөдлөлт

Нэг өглөө сэртэл БНХАУ-ын нийт хүн амын 60% нь үхсэн байвал яах вэ? Энэ үйл явдал ердөө нэгхэн зүйлээс болсон байвал бүр эвгүй. Магадгүй дэлхий сөнөх нь гэж сандрах байх. Яг л ийм үйл явдал 1556 онд Хятадын хойд хэсэгт байрлах Шаанси мужид болсон байна. Рихтерийн шаталбараар 7.9 баллын хүчтэй буюу 2010 онд Гайтиг сүйрүүлсэн газар хөдлөлтөөс 10 дахин хүчтэй газар хөдлөлт болсон байдаг. Газар хөдлөлтийн үр дүнд 830 мянган хүн буюу тухайн үеийн төв хятадын нийт хүн амын 60% нь амиа алджээ. Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг тооцох аргагүй ба Хятадын эдийн засгийг бүхэлд нь сүйрүүлэх дөхжээ. Дэлхийн эдийн засагт үзүүлдэг нөлөөллийг нь авч үзвэл ийм нөхцөл байдал дахин нүүрлэсэн тохиолдолд дэлхийн эдийн засаг сөхрөн унах нь дамжиггүй.

Газар хөдлөлтөөс болж хамгийн их хүний амийг авч одсон гамшигийн 1-т нь энэ үйл явдал ордог юм.


04

Аугаа мөхөл

Хүн төрөлхтөн асар том солир, мөсөн галав, газар хөдлөлт, өвчин тахал гээд олон зүйлийг амжилттай даван туулсаар байсныг та уншсан байх. Гэвч хүн гэдэг амьтан бий болохоосоо өмнө устан үгүй болох аюулд орж байсан аж. 250 сая жилийн тэртээ хүн гэдэг амьтан хархтай ижил хэмжээтэй хачин амьтан байх үед дэлхий дээр асар том устгал явагдсан байдаг. Эрдэмтэд энэ үйл явдлын шалтгааныг олон янзаар тайлбарладаг ч дийлэнх нь Пангея гэх тив бий болсонтой холбон үздэг байна. Уг тив дэлхийн далай тэнгисийн урсгалыг боогдуулж, цэвэр усны нөөцийг хордуулахад хүргэсэн аж. Хортой уснаас болж далай, усны нийт амьтдын 96% нь устан үгүй болов. Цэвэр усгүйгээс болж газар дээрх амьтдын 90% нь үхсэн байна. Гэвч энэ бол олон таамгуудын ердөө нэг нь юм.

Гариг дэлхийн хураангүй түүх-ээс илүү дэлгэрэнгүйг уншаарай.


03

Испани томуу

Дундад зууны Европт хар тахал ямар их гай гамшиг дагуулсныг уншсан байх. Тухайн үеийн эрүүл мэндийн шинжлэх ухаан хануур хорхой, шулмын хорлолоос зайлсхийх ёстой гэхээс хэтэрдэггүй байв. Гэтэл шинжлэх ухаан харьцангуй сайн хөгжсөн XX зуунд Испани томуу газар авчээ. Уг томуу 1918 онд гарч, дэлхий даяар маш хурдацтай тархан 50-100 сая хүний амийг авч одсон юм. Уг өвчин нь “өндөр дархлаатай байх давуу тал”-ыг “үхлийг аюултай сул тал” болгон, хүний бие махбодыг багахан хэмжээний өвчин үүсгэгч рүү хүртэл тоолж баршгүй их цагаан эс боловсруулан илгээдэг болгож байв. Хэт ихээр явах цагаан эс бөөгнөрөн уушги, амьсгалын замыг боогдуулснаар хүмүүс өөрийнхөө шингэнд живэн үхэж байжээ. Үүнийг зүйрлэвэл нүүрэн дээрх батгаа арилгахын тулд винтов буугаар буудах шаардлагатай гэх дохиог биед чинь өгч, дархлалын системийг чинь хуурч байна гэсэн үг юм.

1918 оны 1-р сараас 1920 оны 12-р сарын хооронд үргэлжилсэн энэ гамшиг дэлхийн нийт хүн амын 3-5 хувийг авч оджээ.


02

Дэлхийн хоёрдугаар дайн

Дэлхийн хоёрдугаар дайн асар их хохирол учруулсан гэдгийг хэлэх нь илүүц биз. Зөвхөн дайны үеэр л гэхэд 25 сая цэрэг, 50 сая энгийн иргэн амиа алдсан байдаг. Үүн дээр үй олноор нь хоморголон сөнөөсөн холокостын хохирогчдыг нэмвэл 85 сая хүн болно. Гэхдээ дайны хохирол үүнээс ч аймшигтай байсан юм. Нацист Германы удирдагч Адольф Гитлерийн даалгавраар эрдэмтэд цөмийн зэвсэг бүтээхээр ажиллаж байсан бөгөөд 1939 оноос хойш Герман эрдэмтэд амжилттайгаар атом задлахад улам ойртож байлаа. Цөмийн зэвсэг бараг дууссан байсан ба Гитлер Лондон, Нью Йорк хотуудыг бөмбөгдөх төлөвлөгөөгөө ч боловсруулаад амжсан байсан гэдэг. Аз болж Нацист Герман энэ зорилгоо биелүүлж чадаагүйн гол шалтгаан нь өөрсдийнх нь мунхаг үйлдэл байжээ. Хамгийн чадвартай еврей эрдэмтдийг алж, хөөсөн нацистууд туршилтыг нь дэмжих чадалтай эрдэмтдээр дутсан гэдэг. 


01

Тобагийн супер галт уул

Супер галт уул гэхэд л энэ дэлбэрэлтийн хүч ямар байсан нь ойлгомжтой байгаа биз? Энэ жагсаалтад байгаа бүх гамшгаас хүн төрөлхтнийг бүр мөсөн сөнөөхөд хамгийн ойрхон очсон нь Тобагийн супер галт уулын дэлбэрэлт юм. МЭӨ 70 мянган жилийн тэртээ хүмүүс дөнгөж жад ашиглаж сурч байхад Индонезийн Сумартра аралд Тоба галт уул дэлбэрсэн байна. Зүгээр нэг дэлбэрсэнгүй, жинхэнэ утгаараа ДЭЛБЭРСЭН аж. Гал уулын дэлбэрэлтийн индекс гэх нэртэй байгууллагын эрдэмтэд энэ дэлбэрэлтийн хүчийг асар том байсан гэж үздэг. Галт уулын дэлбэрэлт 2800 километрт байх бүх зүйлийг үгүй хийж, чулууг агаар мандал руу цацан хаясан байна.

2800 километрийн чулууны тоос агаарт дэгдсэн ба бүхэл бүтэн ЗУРГААН ЖИЛ-ийн турш дэлхий маань нарны туяаг нэвтрүүлээгүй байна. Энэ нь 1000 жил үргэлжилсэн хүйтнийг авчирсан юм! Нарны гэрэлгүйгээс болж ургамлууд үгүй болж, үүнийг дагаад амьтад өлсөж үхэж байлаа. Дэлхий дээрх хүн амын тоо 3000 хүртэл буурснаас үржлийн насны нас биед хүрсэн хүний тоо ердөө 80 орчим болсон гэдэг. Энэ 80 хүн “ажлаа” муу хийсэн бол бид өнөөдөр байхгүй байх байжээ.



9.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Дамдин-Ядам
01Дамдин-Ядам Янжиндулам
128,800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд