Арав.мн

I Элизабет (1558-1603)

I Элизабет (1558-1603)

...Мэригийн дүү Элизабет хэн бүхнийг зүрх алдуулсан мөнөөхөн аймшигт сэнтийд 1558 оны 11-р сард заларлаа. Түүнийг "Бурхны ивээлээр тодорсон Англи, Франц, Ирландын хатан, Итгэл үнэмшлийг сахин хамгаалагч, Англи, Ирландын сүмийн дээд удирдагч" хэмээн зарлан тунхаглав. Гэхдээ Францын хатан хаан хэмээх алдар нь үнэн хэрэгтээ илүүджээ. Францын нутаг дахь сүүлчийн нутаг дэвсгэр болох Калай хотоо англичууд Мэрийг өөд болохын өмнөхөн алдаад байлаа. Ингээд Англи улс арлын орон болов. Хатан хаан нь ч мөн арал адил бие даах хэрэгтэй боллоо. 

Элизабет хатан гэрлэхийг хүссэнгүй. Төрийн тэргүүн атлаа эрд гарна гэдэг нэг бол Филипп шиг харийн хүнийг Английн хаанд өргөмжилнө, үгүй бол эрх мэдэлд санаархагч хэн нэгэн бага ноёныг төрийн толгойд авчирна гэж тэрбээр санажээ. Хатантан улсынхаа хаан нь ч, хатан нь ч байхыг илүүд үзэв. Иймд өөрийгөө Ариун хатан хэмээж, түмэн олны дэмжлэг, хайр хүндлэлийг хүлээхийг зорилоо. 

Английн хаант тогтолцоо олон талаар гажуудаад байв. Харин Элизабет тэр бүх гажуудалтай нэн хачирхалтай аргаар тэмцэхийг боджээ. Тюдорын угсааныхан, ерөөс тухайн цагийн хаант засагтай орнууд хууль ёсны хунтайжаар үе удмаа үргэлжлүүлж, удирдагчийн байр сууриа хадгалж ирсэн. Гэтэл Элизабет гэрлэхгүй гэж шийдсэнээрээ төр улсынхаа ирээдүйг тодорхойгүй болгож орхив. Хааны титэм тэгэхээр хэнд шилжих хэрэг вэ?

Элизабет 25 насандаа хатан суусан. Ийм насанд эмэгтэй хүн айлын эхнэр болоод зогсохгүй хэд хэдэн хүүхэдтэй байх нь тогтсон ёс байлаа. Харин Элизабет бүр хатан болохоосоо өмнө буюу 14-хөн настайдаа эрд очихгүй гэж дотроо хатуу шийджээ. Үүнд гайхах зүйл үгүй юм. Хаан эцэг нь төрсөн эхийг нь цаазаар авч, бусад эхнэртээ ч аятай хандаагүй билээ. Эгч Мэри нь ч олны сэтгэлд нийцгүй хүнтэй гэрлэж, нэр нүүрээ барсныг тэрбээр мартаагүй байлаа. Элизабет Мэрийг хатан суусан хэдэн жил чухам энэ болгоомжлолынхоо ачаар л амьд үлджээ. Тэрбээр эр хүнтэй бүү хэл, ер гаднын хэнтэй ч холбоогүй байсан бөгөөд хазгай гишгэх төдийд л урвагч нэр зүүн, Лондоны цамхагт цаазлагдахаа мэдэж байв. Тиймээс юм бүхэнд дуугүй байж шашин номын ч, улс төрийн ч, сэтгэл санааны ч ямар нэг харилцаа холбоо тогтоохоос сэрэмжилж иржээ.  

Түүнийг төрийн тэргүүн болох цагт өмнөх удирдагчдынх нь хатуу ширүүн бодлогоос болж Английн засаг төр эзгүйрч, улсын сан хөмрөг хоосроод байв. Ширээт ламын есөн суудал эзэнгүй болж, гүн хэргэмтэй ганцхан ноён л амьд үлджээ. Залуу хатанд ойрын хамаатан садан ч цөөхөн байлаа. Бүр цусан холбоотой нэг ч эр хүн ойрын гэр бүлд нь үлдээгүй байв. Угсаа залгамжлах эрхтэй дараагийн хүн нь авга эгчийнх нь ач охин Шотландын хатан католик шашинт Мэри болжээ. 

Элизабетийн католик, протестант хоёрын алин болох нь ч нэгэн үе тодорхойгүй байв. Түүнийг үнэнч байдлын тангараг өргөх үед л ард түмэн нь хатныхаа шашны талаарх байр суурийг анх удаа сонсчээ. Элизабет хаан эцгийнхээ адил сүмийн дээд удирдагч байхаа илэрхийлж, албатууд нь өөрт нь үнэнч байсан цагт ямар шашин шүтэх нь өөрсдийнх нь эрх хэмээн тунхаглав. Гэтэл Мэригийн томилсон католик хуврагууд ийм хатны титэм залах ёслолыг адислахгүй хэмээсэнд ганц Карлайлын ширээт лам Элизабетийн талд орж, шинэ хатныг титэмлэх зан үйлийг гүйцэтгэжээ. Ард түмэн ч хатныхаа талд байлаа. Элизабетийг хааны титэмтэй анх удаа гарч ирэхэд түмэн олон уухай хадааж, "Сайн хатныг бурхан ивээг" хэмээн хашхиралджээ. Харин хариуд нь хатантан "Сайн түмнийг бурхан ивээг" гэж хэлсэн байдаг. 

Элизабет үг, үйлдэл бүрээ ихэд хянадаг байв. Ойр тойрных нь хүмүүс ч хатныхаа ариун, онгон хэмээгдсэн дүр төрх, нэр хүндийг сэвтээхгүй гэхдээ алхам бүрийг нь ажиглаж, сарын тэмдэг нь үзэгдэх үеийг хүртэл нарийн бүртгэж тэмдэглэдэг байлаа. Орны цагаан хэрэглэлийг нь гадаадын Элчин сайд нар хүртэл шалгана. Хатан хаан ч гадаад төрх байдалдаа анхаарч, эрхэмсэг дүр төрхөөрөө хаан төрийн сүр хүчийг илтгэх болов. Түүний эрхэмсэг дээдийн үлгэр болсон дүр байдал, урлаг соёл, уран зохиол, театр зэргийг хөхиүлэн дэмжих бодлого, засаг төрийг сайшаасан ухуулан сурталдах арга нь Английн түүхэнд давтагдсаар удсан зэвсэгт тэмцэл, төрийн эргэлтээс илүү хүч нөлөөтэй боллоо. Элизабет эрдэм чадалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн нь мөн мэргэн бодлого байв. Ухаалаг, алсын хараатай, түмэн олныхоо сэтгэлд хүрэх гэж мэрийдэг, сэтгэл санааг нь урвуулах эр хүнгүй ийм хатны нэр алдар дорхноо дуурсав. 

Хатантныг нэг л зүйл хамгийн ихээр зовоож байсан нь авга эгчийнх нь ач охин Шотландын хатан Мэри, зээ хүү лорд Дарнли хэмээгдэх Хенри Стюарт хоёрын хэн нэг нь улс орон руу нь халдаж, өөрийг нь католик удирдагчаар солих вий гэсэн айдас байлаа. Энэ хоёрын хэн хэн нь ийн зориглох бүрэн эрхтэй агаад католик номтнуудын боддогчлон Английн шинэ протестант засгийг хууль бус гэж үзвэл Элизабет ч өчүүхэн эргэлзээгүйгээр хааны угсаа залгамжлагч биш болно. Мэри хатан хаяалаасаа илүү аюултай байлаа. Тэрбээр хар багадаа Францын хатан болж, хаан нөхрөө өөд болсны дараа нутагтаа эргэн ирээд Шотландын хууль ёсны төрийн тэргүүн болжээ. Хил залгаа хаант улс нь Францын дэмжлэгийг хүртэнэ гэдэг шашин номын зөрчилгүй байсан ч Англид аюул учруулах нь тодорхой байв. Гэвч Мэри Элизабетаас огт өөр амьдрал туулсан билээ. Элизабет шиг айж түгшихийг үзээгүй, хүлээцтэй, болгоомжлонгуй байхыг мэдэхгүй тэрбээр Францын хааны өргөөнд эрх дураараа суусан. Харин Дарнли ноён сул дорой, хэргэм зэрэг нь ч гавихгүй, ааш авир муутай, ухвар мөчид нэгэн байв. 

Хоёр өрсөлдөгчөө сайтар таньж мэдсэн Элизабет дараах явдлыг сайтар төлөвлөсөн бололтой байдаг. Тэрбээр 19 настай лорд Дарнли Стюартыг 22 настай бэлэвсэн хатан Мэри рүү илгээхдээ "Түүнтэй гэрлэчихэв дээ" гэж анхааруулсан байна. Гэвч чухам ийм явдал болсон бөгөөд эрх мэдэлд дуртай, хартай ноёнтон Шотландад очмогцоо хатан эгч хаяалтайгаа эр, эм бололцжээ. Харин удсан ч үгүй эхнэрээ Риццио хэмээх итали зарцтайгаа учир ургуулж хэмээн сэрдсэндээ Мэри хатны өмнө нууц амрагийг нь өөр нэгнээр хөнөөлгөж орхив. Үүнээс болж эр нөхрөө үзэн ядах болсон Мэри жил хүрэхгүй хугацааны дараа Дарнли ноёныг хөнөөх хуйвалдаанд гардан оролцож, түүнийг тэсрэгч ашиглан хороолоо. Энэ бүх будилаанаас болж Мэри шотланд язгууртнуудын дэмжлэгийг алдаж, эцэст нь хаант улсаасаа зугтахаас аргагүй болжээ. Түүнд Англиас өөр очих газар байсангүй. Харин энэ нь аюултай сонголт байлаа. 

Элизабет Мэрийг Английн нутагт амьд сэрүүн байгаа цагт католик номтнууд яагаад ч гар хумхин суухгүйг сайн мэдэж байвч өөрөөс нь аврал эрсэн төрийн эрх баригч, ижил хэргэмтэй хатныг өчиггүй хороож бас зүрхлэхгүй байв. Английн хатан хаан Шотландын хатныг олон жил хорьсны эцэст түүнийг өөрийнх нь эсрэг хуйвалдаанд оролцсоныг мэдээд түшмэдийнхээ ятгалгаар цаазаар авах ялын тогтоолд шаналан байж гарын үсэг зуржээ. Ингээд Мэри хатан үгүй болсноор түүний болон Дарнли ноёны ганц хүү Жеймс Стюарт Элизабетийн цор ганц залгамжлагчаар тодров. Элизабет Шотландын хаан сэнтийд хэдийн залраад байсан Жеймс рүү ихэд хичээнгүйлсэн захидал бичиж, хатан эхийг нь хөнөөсөндөө өршөөл эрэхдээ өөр аргагүй байснаа учирласан байдаг. Тэрбээр бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ямар ч төрийн тэргүүнийг түлхэн унагана гэдэг тун ноцтой хэрэг болохыг ойлгож байлаа. 

Элизабет хаант засгийн байр суурийг насан туршдаа эрхэмлэсэн бөгөөд парламентад ч болгоомжлонгуй хандаж байв. Алба гувчуур хураах, татварын хэмжээг өсгөх тал дээр Английн хаад, хатад парламентаас зөвшөөрөл хүсэх ёстой гэсэн хөдөлшгүй хууль хатантны хувьд сайд, түшмэдийн эрх мэдлээ нэмэх гэсэн сүрдүүлэг төдий байлаа. Тиймээс татвар нэмэхийг парламентын гишүүдээсээ шаардаж зүрхэлдэггүй байв. Үүгээрээ тэрбээр ихэс дээдсийн хүч нөлөө, ихэмсэг байдлыг хадгалж үлдэхийг хичээжээ. Элизабет мөн улс орноо ердийн улс гэж нэрлэхээс зайлсхийв. Түүнийхээр улс гэсэн ерөнхий үг Нидерландын бүгд найрамдах улс шиг Английнхаас өөр тогтолцоотой их, бага янз бүрийн орныг санагдуулахаар байжээ. Тэрхүү бүгд найрамдах улс Испанийн хааныг эсэргүүцэн байгуулагдсан, Английн гол холбоотон байсан хэдий ч улс төрийн үзэл санаа нь хаант засагт нь сөргөөр нөлөөлөх вий гэхээс Элизабет ихэд болгоомжилж байлаа. Тэрбээр "Англи бол хаант улс" хэмээгээд "Хатан хүн төрийн эрхэнд гарлаа ч хаан төрийн бодлого өөрчлөгдөхгүй" гэж тунхагласан байна. Энэ тухайд түүний хэлсэн өөр нэг алдартай үг бий. "Би эм хүний үтэл дорой биетэй ч хаан хүний зүрх, дотортой" хэмээн тэрбээр хэлсэн билээ.

Элизабетийн хамгийн аугаа ялалт нь мэдээж хэрэг Испанийн тэнгисийн их хүчин Армадаг ялсан явдал юм. Тэр цагт дэлхийн хамгийн хүчирхэг удирдагч болоод байсан  II Филипп буюу нэгэн цагт Элизабетийн хүргэн ах байсан Испанийн хаан Английг буцаан католик шашинт орон болгохоор газар нутгийг нь эзэлж авахыг зорьжээ. Гэвч дайсныхаа хүчинд бут цохигдсон Испанийн хөлгүүд Английн эрэгт зангуугаа хаяж ч чадаагүй бөгөөд нутгийн зүг эргэсэн хэд нь хүчит шуургатай таарч, хиарсан байна. Испанийн эсрэг хүчээ нэгтгэн тулалдсан англи, нидерландчуудын хувьд энэ нь бурхны таалал байлаа. Гэвч Элизабет баатарлаг далайчдынхаа гарыг цайлгах хөрөнгө мөнгийг парламентаасаа аанай л хүсэж чадсангүй. Их хэмжээний мөнгөний асуудал парламентыг илүү эрх мэдэлтэй болгох тул хатан хаан болон итгэлт түшмэд нь баатар эрсээ хөлөг онгоцтой нь хамт зөнд нь хаяжээ. Хуурай газар дээр буух тушаал аваагүй цэргүүд нь өлбөрч эхэлсэн тухай мэдээ авчрагсдыг хатны өргөөнд ирэхэд найрлаж суусан сурвалжтанууд тэднийг үг дуугүй буцаасан байна.

Алтан үе гээчийг англи түмэнд мэдрүүлсэн анхдугаар Элизабет хатан 1603 онд тэнгэрт халив. Мэри хатны хүү, Шотландын хаан Жеймс хууль ёсоор түүний орыг залгалаа. Тэрбээр аугаа удирдагчийн суу алдраас гадна ирээдүй нь нэн бүрхэг тусгаарлагдмал хаант улс, нөхцөл байдал нь хүндэрсэн эдийн засгийг өвлөж авчээ...

“Английн хаад, хатад: Уильямаас II Элизабет” номоос


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


gg
+1
Маш сонирхолтой ном шүү
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Амартүвшин
01Амартүвшин Шархүү
4,300 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд